Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0981/З |
Дугаар | 221/МА2016/0655 |
Огноо | 2016-10-13 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2016/0655
2016 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2016/0655 | Улаанбаатар хот |
“Л” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 549 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, ”Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 549 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.6, 7.7, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Н.Д-н нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060655, Ү-2204061886, Ү-2204060653, Ү-2204060652, Ү-2204060651, Ү-2204060716, Ү-2204060720, Ү-2204060722, Ү-2204060719, Ү-2204060747, Ү-2204060746, Ш.Хасбатын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060750, Ү-2204060751, Ү-2204060752, Ү-2204060748, Д.Билэгсайханы нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204060759, Ү-2204060757, Ү-2204060754, Ү-2204060756, Б.Батнарангийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204061885, Ү-2204060760 дугаарт тус бүрэлдэхүүн бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл болон гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг ... хууль бус бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзаж буй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч компанийн нэр дээр олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нэхэмжлэгч ”Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ гуравдагч этгээд Н.Д-н шүүхэд гаргасан хүсэлтийг үл харгалзан хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 34.2 нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.3 Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэж заасны дагуу Н.Д-н хүсэлтийг харгалзан түүний өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн ыҮ-2204060651, Ү-2204060652, Ү-2204060653, Ү-2204060655, Ү-2204060716, Ү-2204060719, Ү-2204060720, Ү-2204060722, Ү-2204060746, Ү-2204060747, Ү-2204061886 дугаарын бүртгэл, гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэхгүйгээр бүртгэлд өөрчлөлт оруулахаар хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Түүнчлэн гуравдагч этгээд Б ББСБ ХХК, Ч ХХК, Х ХХК, Б ББСБ-ын барьцаанд байгаа иргэн Ш.Х-н өмчлөлд Ү-2204060750, Ү-2204060751, Ү-2204060752, Ү-2204060748, Д.Б-н өмчлөлд Ү-2204060754, Ү-2204060756, Ү-2204060757, Ү-2204060759, Б.Б”н өмчлөлд Ү-2204060760, Ү-2204061885 дугаарын бүртгэлүүдэд бүртгэгдсэн барьцааны гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгчийн өмчлөлд өмчлөх эрхээ шилжүүлэхийг хүссэн Н.Д-н хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 549 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ “...нэхэмжлэгч компанийн өмчлөлийн 21 ширхэг амины орон сууцнуудыг гэмт хэргийн замаар энэ хэргийн гуравдагч этгээдүүд олж авсан хууль бус өмчлөл гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон, эдгээр иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, өөрсдөө мэдүүлэг гаргаагүй, захиалгын гэрээ байгуулаагүй болох нь тогтоогддог...” хэмээн дурдаж, хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр дээр уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэхийг даалгахаар шүүхэд ханджээ.
Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ногоон зоорь /13180/ хаягт байрлалтай хувийн сууц болон гаражийн зориулалттай нийт 21 үл хөдлөх эд хөрөнгөөс иргэн Н.Д-н нэр дээр 11, иргэн Д.Б-н нэр дээр 4, иргэн Ш.Х-н нэр дээр 4, иргэн Б.Б-н нэр дээр 2 үл хөдлөх эд хөрөнгийг тус тус улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус бүр дээр нь олгожээ.
Гуравдагч этгээд болох Н.Д, Б.Б, Б.Б, Ш.Х нар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрсдийн нэр дээр бүртгүүлэн гэрчилгээ авахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрыг эзэмшиж байгаа этгээдийн зөвшөөрөл, бүртгүүлэхийг хүссэн эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт, бусад шаардлагатай баримтуудыг мэдүүлгийн хамт хавсаргаж бүртгэлийн газарт мэдүүлэх ёстой бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх нэр бүхий иргэдийн бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн өмчлөх эрхтэйг нотлосон гэх “Л” ХХК-ийн хэвлэмэл хуудас, албан бичиг, мөн тус компанийн захирал Л-н гарын үсэг хуурамч болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1407 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Мөн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар прокурорын тогтоолоор Н.Д нь Ш.Х-тай бүлэглэн нэхэмжлэгч “Л” ХХК-ийн хуурамч гэрээ, тамга тэмдэг ашиглан Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ногоон зоорь /13180/ хаягт байрлалтай 21 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн нэр дээр бүртгүүлэн, гэрчилгээ гаргуулан авсан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байх бөгөөд тэдгээр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр өршөөлд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол бүртгэлийн байгууллага мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар заасан бөгөөд хариуцагч хуульд заасан татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх бүртгэл хуурамч баримт бичигт үндэслэгдэн бүртгэгдсэн болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-с шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн “улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд зөвшөөрсөн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэж заасны дагуу Н.Д-н хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.5 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдалд ерөнхий бүртгэгч эрх хэмжээний хүрээнд бүртгэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой бөгөөд хариуцагчаас бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлээгүй тул шүүх мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 549 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ