Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 31

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга О.Болормаа,

улсын яллагч Н.Оюунцэцэг,

хохирогч Б.Батсуурь,

шүүгдэгч Ч.Даваажав, Г.Бямбасайхан, С.Баянмөнх, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигин овогт Гэрэлмаагийн Бямбасайхан, Манкин овогт Чомбонгийн Даваажав, Дэндэв овогт Сэрдамбын Баянмөнх нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010542 дугаартай хэргийг 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигин овогт Гэрэлмаагийн Бямбасайхан, 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, эхнэрийн 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Холбоо толгойн 37-934 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, НЭ89100739 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Манкин овогт Чомбонгийн Даваажав, 1991 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монелийн 50-22 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ИХ91061612 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Дэндэв овогт Сэрдамбын Баянмөнх, 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 49-23 тоотод оршин суух, 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 тоот магадлалаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилээр хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, УШ91082338 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Г.Бямбасайхан нь Ч.Даваажав, С.Баянмөнх нартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн 49-23 тоот хашаанд байрлах гражид иргэн Б.Батсуурийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ч.Даваажав нь Г.Бямбасайхан, С.Баянмөнх нартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн 49-23 тоот хашаанд байрлах гражид иргэн Б.Батсуурийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг,

Шүүгдэгч С.Баянмөнх  нь Г.Бямбасайхан, Ч.Даваажав нартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн 49-23 тоот хашаанд байрлах гражид иргэн Б.Батсуурийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Бямбасайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө орой 23 цагийн үед С.Баянмөнхийн гражид машинаа янзалж эхэлсэн. Тэндээ 1 архи, 1 пиво уучихаад үүрээр 4 цагийн үед дахиад архинд гарсан. Тэгж явахдаа Б.Батсуурь ахтай 16 дугаар хорооллын караокены өмнө таарсан. С.Баянмөнх уулзаад цуг явъя гэж хэлсэн. Тэнд архи байхгүй байна гээд “Цайз”-ын буудлаас архи, пиво авчихаад хойшоо очиж уусан. Ууж байхад гражны шал руу Б.Батсуурь шээсэн. Тэгэхээр нь наана чинь шээж болохгүй гэж хэлтэл машин руу шээсэн. Тэгээд уурлаад эхлээд би цохьсон. Дараа нь Даваа бас цохьсон, Баянаа орж ирээд бас цохьсон. Тэгээд өглөө ч болсон. Надаас ахыгаа явуулчих гэж гуйсан. Тэгэхээр нь цагдаад битгий хэлээрэй гэж гуйхад тийм юм байхгүй гэж хэлээд салаад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ч.Даваажав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид гурав гражид машин янзалж байгаад доошоо явсан. 16-ын тэнд Б.Батсуурь ахтай таараад надад хонох газар байхгүй. Би Чойроос ирсэн гэж хэлсэн. Найзуудтайгаа ирсэн чинь найзууд хаячихаад явсан байна гэхээр нь бид гурав найзынхаа гражид машин янзалж байгаа гэж хэлсэн. Тэгсэн Б.Батсуурь ах нь очоод өглөө болгоё, тэгээд явъя гэхээр нь бид гурав дагуулаад явсан. Тэгээд хойно очоод ийм асуудал болсон. Гражид шээхээр нь бид гурав гар хүрчихсэн. Бид гурав хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.Баянмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Батсуурь ахтай 16-ын хойд талын “Цаг” буудлын тэнд таарсан. Би эхлээд пиво авах гээд орсон. Б.Батсуурь ах архи авах гээд орсон. Тэгээд би хаана архи зарж байгаа газрыг нь мэднэ гээд танилцсан. Ах нь Чойроос ирсэн очих газар байхгүй, гэхээр нь эр хүмүүс байна ямар ах хүүг хаялтай биш дээ гээд хойшоо граж дээр очсон. Тэгээд би гэр рүү орчоод гараад ирсэн чинь энэ хоёр Б.Батсуурь ахтай маргалдаад ганц хоёр цохьсон байхаар нь яасан гэж асуутал гражид шээгээд, замаск татсан машин луу шээсэн байна гэхээр нь яагаад гражид шээж, манай найзын машин руу шээдийн гээд бид 3 гар хүрчихсэн юм. Гар хүрсэндээ харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Батсуурь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Цайз 16-ын тэнд хүнтэй уулзах гэж явсан юм. Уулзах хүн маань ирээгүй байсан, энэ гурван дүү уулзаад архи авч уух гэсэн юм. Зарахгүй байна таньд таниж мэддэг газар байна уу гэхээр нь би нэг газар зааж өгсөн. Надад арван хэдэн мянган төгрөг задгай байсан. Халаасанд байсан 500,000 төгрөгөөр сэлбэг авах гэж байсан. Тэгээд нэгтэй нь цуг орж “Хараа” нэртэй архи, 2 пиво авсан. Тэгээд шууд хойшоо эдний граж руу явсан. Гражид нь очоод нөгөө юмаа ууж байгаад юу болсон юм мэдэхгүй намайг шээлээ гэж хэлээд нэг нь шууд цохиж аваад ээлжлээд зодсон. Тэнд нь тос гоожоод сонин болсон газар байсан. Үүрээр 04 цагаас хойш бүхэл бүтэн 3 цаг намайг зодсон. Арай ч дээ хүн биз дээ, ямар мал нохой байгаа биш. Тэрэнд би харамсаж байна. Аав нь хэлж байна 1,500,000 төгрөг өгнө гээд гэрээ хийсэн байгаа. 7 дугаар сард төлж барагдуулна гэсэн тул би нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

Хохирогч Б.Батсуурь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 12-144 тоотод байх гэрээсээ гараад доошоо уруудаад Цайз захын уулзварын дэлгүүр рүү орох гэж явж байтал Цайзын уулзварын доод талд портертой 3 залуу байсан. Наймаг тэр 3 залуу дуудаад “Ах архи зардаг газар байна уу” гэхээр нь “одоо дэлгүүр хаачихсан болохоор архи зардаг газар олдохгүй байхаа” гэж хэлсэн чинь “та энэ хавийнх юм чинь мэдэж байгаа байлгүй дээ” гээд гуйгаад байхаар нь дэлгүүр зааж өгөх гээд машинд нь суугаад цуг 16 дугаар хороолол руу явсан. Тэр 3 залуу гурвуулаа согтуу байсан. “...16 дугаар хорооллын зочид буудлаас /нэрийг нь мэдэхгүй байна/ 1 шил 0.75 литрийн архи авсан. Тэгээд тэндээс хөдлөөд хойшоо Монелийн эцэс рүү гэр рүү нь явсан. Хашааныхаа хаалгыг онгойлгоод хашаа руугаа машинаа оруулж тавиад граж руу нь орсон. Гражид нь засаж байгаа жижиг тэрэг байсан. Би тэр гуравтай ярьж хөөрч байгаад архинаас нь хоёр удаа татаад “ах нь одоо харилаа” гэж хэлсэн чинь тэр гурав “та байж бай л даа юун сүртэй юм бэ” гэхээр нь “ах нь харихгүй бол болохгүй маргааш ажилтай” гэсэн чинь жоохон байж байгаад тэр гурвын нэг нь намайг цохиод авсан. Тэгээд л ээлжлээд нэг нэгээрээ намайг хаа тааралдсан газарт цохиж, эхлээд куртикний захаар намайг боож унагаагаад нэг сэрэхэд би доошоо хараад хэвтэж байсан. Нүүрний хажуу тал шанаа руу нэг нь өшиглөөд нуруун дээрээс дэвсээд хажуу талаас хөл, гар руу өшиглөсөн. Миний хамар, хөмсөгнөөс цус гараад гражийн шал, засаж байгаа машины арын гупер нь цус болчихсон чинь “чи наадах цусаа цэвэрлэ” гээд куртикийг татаад цус арчуулсан. Би тэр гурваас “ах нь одоо ингээд явчихья” гээд гуйхад “байж бай” гээд явуулахгүй байсан. Гаднаас портерийн жолоочийн эхнэр орж ирэхээр нь “ахыгаа хэлээд явуулаад өгөөч” гэсэн чинь ойшоохгүй гараад явчихсан. Тэгээд жоохон байж байгаад дахиад ээлжлээд зодоод портерийн жолооч, өндөр залуу 2 нь гараад явчихсан. Үлдсэн намхан залуугаас нь “ахыгаа явуулчих” гээд гуйсан чинь "цагдаад хэлэхүй биздээ, цагдаад хэлбэл хохь чинь шүү” гэхээр нь “хэлэхгүй” гэж гуйж байгаад хашаанаас гараад явах гэж байтал нөгөө хоёр залуу нь “Наад муу пиздагаа байлгаж бай алаад хаячихья, алаад хаячихад наад мууг чинь хэн хайдаг юм юм бэ” гэсэн. “...би зугатаагаад шонгийн модны ард нуугдаж байгаад гэрийг нь мэдэж авсан. Шинжээчийн дүгнэлтэнд дурдсан гэмтлийг тэр 3 залуу намайг ээлжилж зодоод учруулсан. “...Би граж доторх засаж байсан цагаан машины ард зогсож байхад “граж дотор шээлээ” гээд машины эзэн залуу нь эхлээд миний нүүр рүү гараараа цохьсон. Тэгээд нөгөө хоёр залуу нь ирээд тэр гурав залуу ээлжлээд намайг зодсон.Миний бүх л газар руу цохьсон. “...Би эмчилгээний зардалд 857.796 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг. /хх15-19/,

Гэрч Б.Алтанчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Сар, өдрийг сайн санахгүй байна, тэр өдөр манай гражид Даваа, Бямбаа хоёр машин янзалж байсан. Тэгээд шөнө унтаж байтал 03 цагийн үед Баянмөнхийг Даваа, Бямбаа хоёр дуудаад Баянмөнх гарсан. Тэрнээс хойш би унтсан байсан. Үүрээр 05 цаг өнгөрч байхад сэрчихээд Баянмөнхийг орж ирээгүй болохоор нь цонхоор дуудсан чинь хоорондоо хүнтэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гараад граж руу орсон чинь тэр гурав нэг танихгүй хүнтэй дөрвүүлээ байсан. “Юу болоод байгаа юм бэ” гэсэн чинь “энэ хүн машин руу шээгээд, граж дотор шээчихлээ” гэж хэлсэн. Тэр хүний хамраас нь цус гарсан байсан. Та нар одоо болиод, наад хүнээ явуулаач гэж хэлээд уурлаад Баянмөнхийг дагуулаад гэрлүүгээ орсон. Намайг ороход “энэ гуравт хэлээд ахыгаа явуулаад өгөөч гэж хэлэхээр нь би “одоо болиод наад хүнээ явуулаач” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх21-22/,

Гэрч Г.Ганчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэр орой хамт машиныг нь янзлуулах гэж ирээд Бямбасайхан, Даваажав, Баянмөнх гурав машин янзлахаар Баянмөнхийн граж руу орсон. Би Даваажавын гэрт нь байсан. Даваажавын эхнэртэй нь юм ярьж байгаад унтсан...” гэсэн мэдүүлэг. /хх-23/,

Гэрч Д.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Сар, өдрийг сайн санахгүй байна. Манайх Баянмөнхийн хашааны хажуу талын хашаанд байдаг юм. Тэр өдөр Даваажав Баянмөнхийнх рүү ажлаа хийнэ гээд орсон. Бямбаагийн машиныг янзална гэж байсан. Бямбаагийн эхнэр нь манайд үлдсэн. Нэлээн байж байгаад би шөнө 01 цаг болох гэж байхад граж руу нь ороход тэр ажлаа хийж байсан. Би гэртээ ороод унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-25/,

Гэрч Д.Дамбажав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 8 цагийн үед байхаа хамаатны Батсуурь гэдэг залуу “танай эцсийн энд 3 залууд зодуулчихлаа” гээд орж ирсэн. Батсуурийн нүүр ам нь хавдчихсан, хувцас хунар нь шороо, цус болсон орж ирсэн. Тэр хүмүүсийг би танина гэж ярж байсан. Нэг цаг гарангийн дараа би гарах ажилтай болоод Батсуурийг гэрийнх нь ойролцоо буулгаж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-26/,

Гэрч Ц.Уранзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө нөхөр Батсуурийн хамт Улаанхуарангийн эцсийн 24 дүгээр байранд байдаг манай эгчийнд бууз хийчихээд шөнө 2 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Би урьд өдөр нь нойр дутуу байсан болохоор гэртээ ороод хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Өглөө 9 цаг өнгөрч байхад сэрэхэд Батсуурь байхгүй байсан. Утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд байж байтал 10 цагийн үед “хүнд зодуулчихлаа” гэж орж ирсэн. Тэгэхээр нь би “чи хэзээ гараад явчихсан юм бэ, яасан юм” гэсэн чинь “машины сэлбэг өгнө гэсэн гэсэн хүнтэй уулзах гээд гарсан юм, тэгтэл доор гурван залуутай таараад “ойрхон архи зардаг газар мэдэх үү” гэхээр нь баарнаас очиж архи авч өгсөн. Тэгээд цуг яваад, хойшоо гэр рүү нь очоод цуг ууцгаасан. Замдаа буух гэсэн “чинь цуг явъя ахаа” гээд дагуулж авсан, тэгээд гражид нь орж уусан, гражид нь тос гоожсон байсан чинь “шээлээ” гээд зодсон, ухаан алдаад нэг сэрэхэд жижиг цагаан машины ард хэвтэж байсан, нэг нь цохиод жоохон байж байгаад ээлжилж цохиод алаад хойш нь хаячихад хэн мэддэг юм гээд зодоод байсан. Нэг залуугаас нь явуулчих гээд гуйхад нөгөө хоёр нь явуулахгүй байсан. нэгнийх нь эхнэр орж ирээд “болиоч, хүн аллаа ш дээ” гэж хэлсэн, явуулахгүй байсан. Хоёр нь байхгүй үед нөгөө залуугаас нь ах нь цагдаад мэдэгдэхгүй гээд гуйж байгаад гарсан, хашаанаас гараад явж байхад нөгөө хоёр нь хаана байна, яагаад явуулж байгаа юм гэхээр нь шонгийн модны ард нуугдсан, тэндээс Дамбынд очоод гэрийнхээ ойролцоо буугаад ирсэн” гэж надад хэлсэн. Манай нөхрийн хувцас хунар нь нил цус болчихсон, өмдний өвдөг нь чирсэн бололтой шороо болчихсон байсан. Хувцас хунарыг нь тэр өдөртөө угаачихсан. Нүүр нь битүү хаван, хөмсөг нь язарчихсан, толгойг нь угаахад нэл шороо цус гарч байсан. “...манай нөхөр архи уугаагүй байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №1893 дугаартай актын дүгнэлтэнд:

  1. Б.Батсуурийн биед тархи доргилт, хөмсөгний няцарсан шарх, зовхи, хүзүүний цус хуралт, салстын цус харвалт, эрүүний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-32/,

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийг байцаасан тэмдэглэл: “...Хохирогч Б.Батсуурийн биед учирсан тархи доргилт, хөмсөгний няцарсан шарх, зовхи, хүзүүний цус хуралт, салстын цус харвалт, эрүүний арьсны зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна...” гэсэн мэдүүлэг. /хх-38/,

     Хохирогч Б.Батсуурийн мэдүүлэг /хх-15-19/, гэрч Б.Уранчимэгийн мэдүүлэг /хх-20/, гэрч Б.Алтанчимэгийн мэдүүлэг /хх-21/, гэрч Г.Ганчимэгийн мэдүүлэг /хх-23/, гэрч Д.Дамбажавын мэдүүлэг /хх-26/, гэрч Ц.Уранзаяагийн мэдүүлэг /хх27-28/, шинжээчийн дүгнэлт /хх-38/, яллагдагч Ч.Даваажавын мэдүүлэг /хх/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх72-74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Бямбасайхан нь Ч.Даваажав, С.Баянмөнх нартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн 49-23 тоот хашаанд байрлах гражид иргэн Б.Батсуурийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь,

Шүүгдэгч Ч.Даваажав нь Г.Бямбасайхан, С.Баянмөнх нартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн 49-23 тоот хашаанд байрлах гражид иргэн Б.Батсуурийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь,

Шүүгдэгч С.Баянмөнх  нь Г.Бямбасайхан, Ч.Даваажав нартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелийн 49-23 тоот хашаанд байрлах гражид иргэн Б.Батсуурийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгч тус бүрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Даваажав, Г.Бямбасайхан, С.Баянмөнх нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Даваажав, Г.Бямбасайхан, С.Баянмөнх нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэж догшин авирлаж үл ялих зүйлээр шалтаглан хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Даваажав, Г.Бямбасайхан, С.Баянмөнх нар нь хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн ба хохирогч Б.Батсуурь нь шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Баянмөнх нь урьд нэг удаа хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч хуульд заасан ялтай байх хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Даваажав, Г.Бямбасайхан, С.Баянмөнх нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал боловч хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, нийгмийн хор аюулын шинж чанараас хамааруулан хорих ялыг тэнсэн хянан харгалзах хугацааг ялгамжтай шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Гэрэлмаагийн Бямбасайхан, Манкин овогт Чомбонгийн Даваажав, Дэндэв овогт Сэрдамбын Баянмөнх нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэж догшин авирлаж үл ялих зүйлээр шалтаглан хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Г.Бямбасайхан, Ч.Даваажав, С.Баянмөнх нарыг тус бүр 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Бямбасайхан, Ч.Даваажав, С.Баянмөнх нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Бямбасайхан, Ч.Даваажав, С.Баянмөнх нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Бямбасайхан, Ч.Даваажав нарт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар, С.Баянмөнхөд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай. 

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бямбасайхан, Ч.Даваажав, С.Баянмөнх нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР