Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 36

 

 

 

 

  2021        12           27                                  2022/ШЦТ/36

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч Б.А түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Б Адт холбогдох эрүүгийн 2105 01839 1350 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парадокс” автобусны буудлын орчимд хохирогч Б.Б-ийн эзэмшлийн 900.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне Экс” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн.

2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт бакны салбарт ажилладаг Д.Т ажил дээрээ байхад нь түүний эзэмшлийн 980.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне Экс Макс" гар утсыг фэйбүүк орох хэрэгтэй байна түр өгч байгаач гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн залилж авсан.

2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны 1 тоотод гэртэй 5айсан хохирогч О.М-ийн фейсбүүк хаяг руу Б.Б-ийн "Bataa Batkhuyag" гэх фейсбүүк хаягнаас “ах даа хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч минийх болдоггүй дүү маргааш ах нь өгье” гэж зурвас илгээн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 100.000 төгрөгийг Хаан банкны 5003783743 дугаартай дансаар шилжүүлэн залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Т-н мэдүүлэг /хх-56-57/, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /хх-20-21/, хохирогч О.Мгийн мэдүүлэг /хх-88-89/, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг/хх- 59/, хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар "Айфоне экс" загварын гар утсыг 900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-26-28/, хохирогч О.М-ийн хаан банкны 5034290375 тоот дансны хуулга /хх-97/, иргэн Б.Бат-Эрдэнээс гаргаж өгсөн холбогдох ломбардын бичиг, гэрэл зураг /хх-60-64/, хөрөнгийн үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /хх-26-28/, хөрөнгийн үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний /хх-73-74/, яллагдагч Б.Аын Хас банкны 500378343 тоот дансны хуулга /хх-41-47/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парадокс” автобусны буудлын орчимд хохирогч Б.Б-ийн эзэмшлийн 900.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне Экс” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн,

2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт бакны салбарт ажилладаг Д.Т ажил дээрээ байхад нь түүний эзэмшлийн 980.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне Экс Макс" гар утсыг фэйбүүк орох хэрэгтэй байна түр өгч байгаач гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон цтгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн залилж авсан,

2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны 1 тоотод гэртээ байсан хохирогч О.М-ийн фейсбүүк хаяг руу Б.Б-ийн "Bataa Batkhuyag" гэх фейсбүүк хаягнаас “ахдаа хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч минийх болдоггүй дүү, маргааш ах нь өгье” гэж зурвас илгээн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 100.000 төгрөгийг Хаан банкны 5003783743 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Т-н “Голомт банканд ажил дээрээ байхад 2014 онд анх Есүсийн цуглаанд Налайх дүүрэгт явдаг байхдаа танилцаад одоо хүртэл харилцаатай байдаг А гэх Налайхын залуу ажил дээр ирээд ажлаа хийж байхад орж ирээд Мэнд мэдээд байж байхад би утсаар чинь фейсбүүк орох хэрэгтэй байна түр өгч байгаа ч хэлэхээр нь би өөрийн барьдаг “ай фоне экс эс макс” маркийн гар утсаа Анхаа өгчхөөд ажил ихтэй байсан учир хэсэг хугацааны дараа утсаа авахаар хүлээлгийн танхимд ирэхэд А байхгүй байхаар нь гадагшаа гарч үзээд байхгүй болохоор нь өөрийн 88049809 дугаар руугаа ажил газрын хүний утсыг гуйж залгахад А нь би ойрхон СU-д хүнтэй уулзаж байна одоо яваад очлоо гэж хэлээд утсыг маань таслаад алга болсон. Би тухайн өдрөө өөрийн сим картаа сэргээж аваад утасныхаа "my find phone" руу нэвтэрч байршлыг тогтоох гэж үзсэн боловч "ID" кодоо мартсан учир чадаагүй. А-н ойрын үеэлүүдийг таньдаг учраас А-г тодруулж асуухад гэртээ ирж хонохгүй 20 гаран хоног байна бид нар өөрсдөө холбоо барьж чадахгүй байна гэж хэлсэн. А-н гэр Налайх дүүрэгт байдаг ба өвөө эмээ нартайгаа хамт амьдардаг гэж байсан. Би А-г миний утсыг гуйж авах үед миний утсыг аваад алга болно гэж санаагүй учир утсаа өгөөд үлдээгээд фейсбүүк оруулсан боловч миний гар утсыг авч одоо хүртэл өгөхгүй байгаа учир гомдолтой байна. А нь урьд манай ажил дээр ирээд утасгүй байгаа учир утсаа өгчих фейсбүүк орох хэрэгтэй байна гэхээр өгөөд ашиглуулдаг байсан ба хэрэглэчхээд утсыг маань буцаагаад өгчихдөг байсан учир итгээд өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагаас залгаад миний гар утсыг ломбардад А гэх хүн тавьсан байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” /хх-56-57/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллааагнд хохирогч Б.Б-ийн  ”2021 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө нэрийг нь сайн мэдэхгүй бааранд ганцаараа орж 4 шил 0.5л пиво уучхаад баарнаас гараад гэртээ харихаар хорооллын эцэс рүү алхаж явахад Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах парадоксын автобусны буудлын хойд талд байрлах “adidas” дэлгүүрийн шатан дээр сууж байхад миний гар утсыг үл таних хүн гарч ирээд аваад зугтаахаар нь араас нь гүйгээд алдчихсан тухайн залууг хаашаа орсныг бол мэдээгүй."/хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.М-ийн “2021 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 байрны 1 тоот гэртээ унтах гээд байж байхад урьд нь Өгөөж чихэр боов ххк-д хамт ажиллаж байсан Батхуяг нь Bata Bathuyag нэртэй ийн чатаар миний өөрийн Zауа Zауа нэртэй фэйсбүүк чат руу "В-Вnи duu Z-байна. В-ahdaa hun ruu mungu shiljuuleed ogooch miniih boldoggui e duu mar ah ni ogi Z-хэд вэ B-гүйлгээний утга B-хамаагүй” гэж хэлэхээр нь өөрийн хаан банкны 5034290375 дансанд байсан 100.000 төгрөгийг 5003783743 данс А гэх хүний дансанд шилжүүлж өгөөд унтаж амраад өглөө сэрэхэд Батхуягаас чат ирсэн байхаар уншихад Би урьд шөнө гар утсаа хулгайд алдаад миний утсаар фейсбүүкээр маань орж ойрын хүмүүсээс мөнгө гуйсан чатууд бичсэн байна гэхээр нь би өө ямар балай юм бэ би харин гайхаж байгаад 100.000 төгрөг шилжүүлсэн. Та дансны дугаар нэр нь байгаа юм чинь цагдаад хандаарай гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагаас чамайг дуудаж мэдүүлэг байцаалт авч магадгүй очоод мэдүүлэг өгчихөөрөө хэрэгтэн нь олдох эсэхийг сайн мэдэхгүй байна гэж Батхуяг хэлсэн.” /хх-88-89/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн “Миний бие нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 17 цаг 50 минутад ажил дээрээ байх үед гаднаас Б А  гэх 20 орчим насны эрэгтэй үйлчлүүлэгч орж ирээд “Айфоне икс эс макс” саарал өнгийн /гадуураа хар кейстэй/ утсыг барьцаанд тавихаар хэлсэн юм. Давхар өөр нэг гар утастай байсан бөгөөд утасны кодуудыг хүнээс асуугаад байх шиг байсан. Улмаар тухайн хүний тамгатай лавлагааг харж, мэдээллийг шивсэн юм. Мөнгөө дансаар эсвэл бэлнээр авсан эсэхийг нь сайн санахгүй байна. Ингээд үүнээс 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагаас ирж уулзаад дээрх утасны жинхэнэ эзэмшигч гэх хүнтэй ирээд уг утасны зээл болон хүүг бүрэн төлж барагдуулаад утсаа аваад явсан юм. Тухайн утсыг гэмт хэргийн улмаас алдагдсан утас болохыг хэлж байсан учраас жинхэнэ эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн юм.” /хх-59/ гэх мэдүүлэг,

 

Хөрөнгийн үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар "Айфоне экс" загварын гар утсыг 900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-26-28/,

 

Хөрөнгийн үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар "Айфоне икс эс макс" загварын гар утсыг 1.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хх-73-74/,

 

Иргэн Б.Бат-Эрдэнээс гаргаж өгсөн холбогдох ломбардын бичиг, гэрэл зураг. /хх-60-64/,

Хохирогч О.М-ийн хаан банкны 5034290375 тоот дансны хуулга /хх-97/,

 

 Шүүгдэгч Б.А-н Хас банкны 500378343 тоот дансны хуулга /хх- 41-47/ зэрэг болно.

 

Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрэмдэх гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Б.А-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Б, Д.Т, О.М нарт хохирлоо бүрэн барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.А-н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж засран хүмүүжээгүй хувийн байдал, хохирлоо бүрэн нөхөн төлсөн зэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт 8 /найман/ сарын хугацаагаар зорчих эрхийг хасах ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ сарын хугацаагаар зорчих эрхийг хасах ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Аыг нийт 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сараар тооцож, мөн үүнээс түүний цагдан хоригдсон 30 хоногийг хасаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А-н холбогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 09 дүгээр сарын 13-17-ны өдрийн хооронд үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэж зааснаар Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н овогтой Б А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн,

          -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 8 /найман/ сар зорчих эрхийг хязгаарлах ял,

            - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ сар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, дээрх хугацаанд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй, гэрээсээ ажилдаа очих, буцах маршрутаас гажихгүй байх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллага, албан тушаалтанд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, үүнээс түүний цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шүүгдэгчийн эдлэвэл зохих зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 1 /нэг/ жил 3 /дөрвөн/ сараар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Б.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                          

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА