Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 23

 

 

 

    2021        12          27                                 2022/ШЦТ/23

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Батболд,

Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Жгийн Ад холбогдох эрүүгийн 2106 00000 2664 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ж.А нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аризона төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Сараа” нэртэй салонд хохирогч Ч.Отэй өөрийнхөө үсийг буруу заслаа хэмээн маргалдаж, түүний нүүр, цээж хэсэгт удаа дараа цохиж, “цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл, улмаар хохирогч түүний үргэлжлэн цохих гэж довтолсон үйлдлээс өөрийгөө хамгаалах зорилгоор зугтаан цайны өрөөнд орж хаалгыг нь хаахад, уг хаалганы цонхыг гараараа цохин хагалсны улмаас, “баруун нүдний эвэрлэгт шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт” гэмтлийг тус тус учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                     

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.О мэдүүлэг /хх-11-12, 15/, гэрч З.Чинзоригийн мэдүүлэг /хх-18/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11588 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22-23/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ж.А нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аризона төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Сараа” нэртэй салонд хохирогч Ч.О-той өөрийнхөө үсийг буруу заслаа хэмээн маргалдаж, түүний нүүр, цээж хэсэгт удаа дараа цохиж, “цээжний зөөлөн эдийн няцрал” гэмтэл, улмаар хохирогч түүний үргэлжлэн цохих гэж довтолсон үйлдлээс өөрийгөө хамгаалах зорилгоор зугтаан цайны өрөөнд орж хаалгыг нь хаахад, уг хаалганы цонхыг гараараа цохин хагалсны улмаас, “баруун нүдний эвэрлэгт шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт” гэмтлийг тус тус учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.О “Би Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэлмэн төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Сара" нэртэй салонд үсчин хийдэг. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед үл таних эрэгтэй хүн толгойгоо угаалгаад үсээ засуулахаар суусан. Тэгээд би 3 талаас нь машинаар аваад байж байхад, тэр эрэгтэй шууд уурлаад, “чи ингэж засдаг юм уу” гэхээр нь “өө, уучлаарай, яаж засуулах байсан юм бэ” гэхэд “ тарпиз засуулах ёстой байсан юм, гичий минь “ гээд хараагаад, уурлаад, хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би маш их айгаад “уучлаарай, та яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гэхэд “чи мал юм уу” гэд уурласан. Тэр хүний эхнэр нь цуг байсан, эхнэр нь чиний буруу ш дээ гэж хэлсэн. Тэгээд тэр эрэгтэй миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохиод авсан, тэгэхээр нь би гараараа хамгаалсан чинь цээж хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд тэрорэгтэй эхнэрийнхээ хажуугаар уурлаад намайг цохих гээд дайрсан, тэгэхэд маникюр эмэгтэй голоор орж ирсэн. Би тэгээд цайны өрөө рүү айгаад зугтаагаад ороод хаалгаа хаатал шилийг нь гараараа цохиод, шил нь хагарч баруун нүдрүү орж, нүднээс цус гараад, би нойлын өрөө орж цусаа угаахад, манай хажуу талын хаалганы оёдолчин эмэгтэй орж ирээд миний нүднээс урт нарийхан шил гаргаж авсан. Тэгээд цагдаа, түргэн дуудаад би нүдний эмнэлэг орж үзүүлсэн. Тэгэхэд нүдний цөцгий нь хагарахад 1 мм ойртсон байна гэж хэлсэн. Тэр залуу надад яаж засуулах талаараа хэлээгүй, би “3 талаас нь зузаан улаар явах уу” гэж асуухад “тийм” гэж хэлсэн. Миний баруун нүд доод тал руугаа чинэрч өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ.” /хх-11-12/ гэх мэдүүлэг

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.О дахин өгсөн “Би Сөүл эмнэлэгт үзүүлсэн 50.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, нийт 58.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэв тухайн хохирлын мөнгийг гаргаж өгвөл надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Чинзоригийн “Би Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Аризона төвийн 2 давхарт Сараа салоныг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 14 цаг 19 минутын үед манай салоны гоо сайханч Оки залгаад “О эгч ажил дээрээ хүнтэй муудалцаад, нүд рүүгээ цохиулаад, нүдэнд нь шил орчихлоо” гээд хэлсэн чинь хажуугаар нь танихгүй эмэгтэй хүн утсыг нь аваад “танай салон чинь ямар аймаар юм бэ, танай энэ ажилчин чинь намайг доромжпоод, манай нөхөр өмөөрөөд хэрэлдсэн, танай салоныг хаалгана” гэж утсаар хэлэхээр нь “эгч ээ, тайван байж бай, юу болсон юм бэ” гэсэн чинь утас нь салчихсан. ...Тэгэхээр нь би хяналтын камерын бичлэгээ гар утсан дээрээ шүүж үзсэн чинь манай салоны үсчин О нь цэнхэр цамцтай хүний үсийг засаж байгаад хоорондоо маргалдаад үсээ засуулж байсан цэнхэр цамцтай хүн манай салоны үсчин О-г 2 удаа толгой руу нь цохиж байгаа хяналтын камерын бичлэг харагдаж байна. Мөн тухайн цэнхэр цамцтай эрэгтэй хүн манай салоны цайны өрөөний вакум цонхыг гараараа хагалсан байх тул энэ хүнээс вакум цонхны мөнгийг гаргуулж авмаар байна. Би өөрийн вакум цонхны шилийг 70.000 төгрөгөөр үнэлж байна.” /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11588 дугаартай шинжээчийн “1. Ч.О биед баруун нүдний эвэрлэгт шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх баруун нүдний эвэрлэгт шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-22-23/ гэх дүгнэлт,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн 80101514 дугаартай “Дуудлагын лавлагааны хуудас” /хх-7/,

 

Хохирогчид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх-28/ зэрэг болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Ж.А дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн болон бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн үндэслэл бүхий саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.А нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Ж.А-д холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ж.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Ж.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

             6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                          

             8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА