Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуудсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харьяат, ... оны .. сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 4 дүгээр баг, ... тоотод оршин суух, хэрэгт холбогдохдоо П ХХК-д ажилладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А овогт Б.Ц,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, ... оны ... сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй,  яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 4 дүгээр баг, ... тоотод оршин суух, хэрэгт холбогдохдоо ... ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт А.З нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 23 айлын гадна талд хувийн таарамжгүй байдлын улмаас иргэн П.Т-г зодож, эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол  санаатай учруулсан

Шүүгдэгч А.З нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 23 айлын гадна талд хувийн таарамжгүй байдлын улмаас иргэн У.Б-г зодож, эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр Б-тай хамт архи уусан. Ингээд тэднийхээс гарч яваад хүмүүсийн хажуугаар  гарах гэхэд танимхайрсан. Тэгээд Б-г өмөөрсөн байх,  барьж явсан архиараа цохьсон. Би зарим зүйлийг санахгүй байна. Т биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа, би эмчилгээний зардал гээд 1,000,000 төгрөг төлсөн. Прокурорын санал болгосон ялыг зөвшөөрсөн” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч А.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2021 оны 10 сарын 29 миний төрсөн өдөр байсан юм. Манайд Т бид нар архи уусан. Тэгээд Т бие засах гээд гараад явахаар нь араас нь гарсан, чимээ шуугиан болоод байсан. Тэгсэн Т-н толгойг харахад хагарчихсан байсан. Тэгээд би Б-г тонгорч унагаагаад хэд, хэд цохьсон. Гэмтэл учруулсанаа зөвшөөрч байна, Б-д эмчилгээний зардал өгөөгүй, Б-д өгнө гэж ярьсан байгаа,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг ойлгосон. Прокурорын ялыг зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг

Хохирогч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлын ээлжгүй, амарч байсан өдөр байсан юм. Тэгээд гадуур ойр зуурхан гэр орны ажил хийж байгаад манай эхнэр Г.Б нь Өртөөнд ажилладаг бөгөөд орой 19 цагийн үед ээлжтэй гээд ажилдаа явсан байсан. Би 20 цаг 00 минут хүртэл гадуур явж байгаад байрны гадаа ирсэн чинь Ц ахтай тааралдсан. Ц ах ойрд уулзаагүй гээд 1 шил архи уухаар болоод Ц ах байрны ойролцоо зогсоол дээр байсан машин дотроосоо татваргүй барааны 0,75 литрийн “...” нэртэй архи аваад бид 2 манай гэрт ороод архи уугаад манайд 3 цаг орчим сууж байгаад нөгөө архи бараг дуусах гэж байсан. Тэгээд дахин нэг шил архи авч ирж ууя гээд манайхаас 23 цагийн үед бид хоёр хамт гарцгаасан. Тэгээд бид хоёр манай байрны гадаа гараад 24 айлын орон сууцны хойд талын шороон замын дэргэд ирсэн чинь жижиг цагаан байшинтай дэлгүүрийн гадаа хэсэг залуучууд тамхи татаад зогсож байснаа бид хоёрыг дуудсан. Тэгснээ нэг жижигхэн биетэй залуу миний уруул руу мөргөсөн. Тэгэхлээр нь би түүнийг тэврээд авсан чинь энд, тэндээс цохиж нүдээд байсан. Тэгээд би газар унасан чинь Ц ах миний араас тэврээд босгосон. Тэгээд би газар гишгэх гэсэн чинь зүүн талын хөл шагай хэсгээрээ мөн өвдөг хэсгээр гэмтсэн байсан тэгэхлээр нь би “ахаа гишгэж чадахгүй байна аа” гэсэн чинь буцаагаад доошоо суулгасан. Тэгтэл удалгүй цагдаагийн алба хаагчид ирсэн.”  гэх мэдүүлэг /хх-ийн 7/

“... Би урьд өгсөн мэдүүлэгтээ болсон хэргийн талаар тодорхой мэдүүлсэн учир дахин мэдүүлмээргүй байна. Энэ хэргийн маргааш нь миний биед хэн гэдэг хүн гэмтэл учруулсан талаар мэдсэн. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хүнийг А.З гэх хүн миний толгойн хэсэгт мөргөж доороо хийж дээрээс зодсон. А.З-д хуулийн дагуу арга хэмжээ авахуулна. Харин нэхэмжлэх зүйл байхгүй, би гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Хохирогч П.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг, ... тоотод байх найз Б-н гэрт Е, З, Б нарын хамт 3 ширхэг 2,5 литрийн пиво хувааж уугаад 1 шил Ж архи задлаад талаас дээгүүр үлдээгээд би 23 цагийн үед бие засахаар гарсан. Гадаа бие засчхаад таньдаг ахтайгаа таарч жаахан юм ярьж байгаад салсан. Би буцаад Б-н гэрт орох гээд Б-н гэрийн хажууд байдаг ТҮЦ-ний баруун талаар явж байтал өөдөөс Ц, Б гээд 2 залуу бас согтуу байдалтай ирсэн. Би энэ хоёр залууг огт танихгүй, дараа нь нэр усыг нь мэддэг болсон. Ц нь баруун гартаа ууж байсан бололтой Ч архи барьчихсан байсан ба Б нь юу яриад байгаа нь мэдэгдэхгүй миний өөдөөс үглээд байсан. Би хэлж байгаа зүйлийг нь ойлгоогүй, тэгээд би юу яриад байгаа юм бэ гэтэл миний хажуугаас Ц нь барьж байсан архиараа саваад миний духны хэсэгт цохисон. Яг архины шил нүдэнд хальт харагдаад л толгой дундуур цохичихсон. Би ухаан балартаад нүүрээ дараад доошоо суусан. Тэгээд л ухаан алдчихсан байсан. Нэг сэрсэн чинь цагдаагийн машинд суучихсан байсан. Би архины шилээр толгой руугаа цохиулснаас хойш хэсэг хугацаанд тэнд юу болсныг мэдэхгүй байгаа. Сэрээд ухаан орохдоо цагдаагийн машинд байгаагаа мэдсэн. Хажууд Б-г нэг цагдаа оруулж ирж суулгаж байсан ба тэгээд л цагдаа руу авч яваад дараа нь эмнэлэгт үзүүлсэн. Маргааш нь Е, З, Б 3-тай уулзаад юу болов оо гэсэн чинь гадаа дуу шуу болоод явчихаар нь гараад очсон, намайг ухаан алдчихсан ба Б намайг холдуулсан, намайг өмөөрөөд Б-н нүүрэнд мөргөж, З тонгорч унагасан гэж ярьж байна лээ. Би юу ч мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/ “… Би шүүх хуралд суухгүй. Миний хувьд гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Дорноговь аймгийн Замын-Үүд сум 4-р баг, Төмөр замын ... тоотод байх манай гэрт манай найз нар болох Е, З, Т нар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн орой 19 цаг өнгөрч байхад ирсэн. Тэр өдөр З-н төрсөн өдөр байсан тул найз нар маань манайд цугларсан. Ингээд бид дөрөв З-н төрсөн өдрийг тэмдэглэх маягтай 3 ширхэг 2,5 литрийн пиво, уучхаад 1 шил 0,75 литрийн архийг задалсан. Би архины сөн түшиж байсан ба архи талдаа орж байхад 23 цагийн орчимд Т нь бие засахаар гэрээсээ ганцаараа гарсан. Нэг их удаагүй Е бид 2 бие засахаар гарсан. Гадаа гарахад манай гэрийн хажууд байдаг жижиг цагаан түцний баруун талд Т доошоо хараад суучихсан толгойгоо барьсан байсан. Хажууд нь Ц архитай шил барьчихсан, Б нь зүгээр зогсож байсан. Ц, Б нарыг би танихгүй, нэрийг нь ч мэддэггүй байсан ба цагдаа нар ирээд бид нарыг авч явсны дараа нэрийг нь мэддэг болсон. Ц-г бол урьд харж байсан. Татваргүй барааны дэлгүүрт ажилладаг ах байна лээ.”  гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Гэрч Б.Е мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 23 цагийн орчимд Т нь бие засахаар гэрээсээ ганцаараа гарсан. Нэг их удаагүй Е бид 2 бие засахаар гарсан. Гадаа гарахад Т толгойгоо барьчихсан доошоо суучихсан байсан ба хажууд нь Ц Ч-н шил баруун гартаа барьчихсан, хажууд нь Б нь зогсож байсан. Энэ хоёр залуу согтуу байсан ба бид нар огт танихгүй. Нэрийг нь дараа нь мэдэж авсан. Т-н толгойноос цус гарчихсан байсан. Намайг дөхөөд очтол Ц нь гартаа барьсан бараг дүүрэн шахуу архитай шилээрээ намайг цохих гээд далайхаар нь Б-г холдуулсан. Би Б-г хүрээд ир, 2-уулаа ярилцъя, чи найзыгаа аваад яв, би найзыгаа аваад явъя, залуу хүмүүс байж муудалцаад яах вэ гэж хэлсэн. Б нь өөдөөс инээгээд чи яасан гоё юм ярьдаг юм бэ гэсэн, хажуугаас нь Ц чи манай найзтай халз зодолдчих гээд байсан. Яах юм бэ гэсэн чинь үгүй ээ чи манай найзтай халзарчих аа гээд нэлээн олон удаа хэлсэн. З араас хүрээд ирсэн чинь Б нь З-г зуураад цамцаар нь боогоод эхэлсэн ба З Б-г тонгорч унагаагаад доороо хийж зодсон.”  гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

Хохирогч Ч.Б-н 2021 оны 10 сарын 29-ний өдрийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 37-38/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 02-ны өдрийн “1. У.Б-н биед үүдэн 4 шүдний эмтрэлт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, склерт цус хуралт, уруулын зүүн талд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн талд язарсан шарх, хүзүүний зүүн талаар зулгаралт, зүүн хөлийн шагай хэсгээр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. У.Б-н биед учирсан гэмтлүүдээс зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, склерт цус хуралт, уруулын зүүн талд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн талд язарсан шарх гэмтлүүд нь дан дангаараа болоод нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах ба үүдэн 4 шүдний эмтрэлт, хүзүүний зүүн талаар зулгаралт, зүүн хөлийн шагай хэсгээр цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 04/256 тоот дүгнэлт /хх-ийн 39-40/

Хохирогч П.Т-г 2021 оны 10 сарын 30-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44-45/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 02-ны өдрийн “1. П.Т-н биед духны хэсэгт зулгаралт, язарсан шарх, хуйхны зүүн чамархайн хэсэгт зулгаралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. П.Т-н биед учирсан гэмтлүүдээс духны хэсэгт зулгаралт, язарсан шарх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах ба хуйхны зүүн чамархайн хэсэгт зулгаралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 04/257 тоот дүгнэлт /хх-ийн 46-47/

Шүүгдэгч Б.Ц-н ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60/

Шүүгдэгч Б.Ц нь урьд ял шийтгүллж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 62-63/

Шүүгдэгч А.З-н ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84/

Шүүгдэгч А.З нь урьд ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 90-91/

Хохирогч У.Б-н Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан “ У.Б миний бие нь А.З-д ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гэм буруугийн шүүх хуралд суухгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 103/

Хохирогч П.Т Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан “П.Т миний  нь Б.Ц-д ямар нэгэн  санал гомдол байхгүй. Ц нь 1,000,000 төгрөг өгч миний биеийг бүрэн эмчлүүлж хохиролыг минь бүрэн барагдуулсан тул санал гомдол байхгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 104/

Шүүгдэгч Б.Ц-н Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан “Миний бие өөрт шалгагдаж байгаа хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авна уу” гэсэн хүсэлт /хх-ийн 105/

Шүүгдэгч А.З-н Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан “Миний бие өөрт шалгагдаж  байгаа хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул миний хүсэлтийг хүлээж авна уу” гэсэн хүсэлт /хх-ийн 106/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь  2021 оны 10 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчимд архи ууж, согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 23 айлын гадна талд  П.Т-тэй таарамжгүй байдал үүсгэн, улмаар хохирогч  П.Т-г өөрийн барьж явсан архины шилээр толгойд нь цохиж, дух  хэсэгт нь зулгаралт, язарсан шарх зэрэг гэмтлийг учруулсан,

шүүгдэгч А.З нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчимд архи ууж, согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 23 айлын гадна талд хохирогч П.Т дух хэсэг хагарсан байхыг хараад  түүний өөдөөс ирж явсан хохирогч У.Б-г тонгорч унаган цохиж, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, склерт цус хуралт, уруулын зүүн талд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн талд язарсан шарх зэрэг гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Г нь хохирогч П.Т-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар 2021 оны 11 сарын 02-ны өдөр 04/257 тоот дүгнэлт,

хохирогч У.Б-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар 2021 оны 11 сарын 02-ны өдөр 04/256 тоот дүгнэлтийг тус тус гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Ц, А.З нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч П.Т, У.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч У.Б, Б.Е нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2021 оны 11 сарын 02-ны өдөр 04/256, 04/257 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүдэгч нарын үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тэдний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Хохирогч П.Т, У.Б нар нь гомдол саналгүй болохоо цагдаагийн байгууллагад мэдүүлсэн, түүнчлэн шүүгдэгч Б.Ц нь хохирогч П.Т-д эрүүл мэндэд учирсан хохиролд 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч У.Б нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин шүүгдэгч нарт мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц, А.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б.Ц, Х овогт А.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А овогт Б.Ц, Х овогт А.З нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус, тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ц, А.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Ц, А.З нар нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц, А.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 А.Ц