Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... нарт холбогдох,

 

871,313,078.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагч “*******” ХХК–ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Зээлдэгч О., Ш. нар манай банктай 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 635,000,000.00 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй барилгын санхүүжилтийн зориулалтаар, мөн тоот зээлийн гэрээ байгуулж, 50,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн юм.

 

Гэвч зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн тул талууд харилцан тохиролцож өмнө олгосон 685,000,000.00 төгрөг дээр нэмж 50,000,000.00 төгрөгийн зээл олгож, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шинээр зээлийн гэрээ байгуулж, нийт 750,000,000.00 төгрөгийг 84 сарын хугацаатай болгон өөрчилсөн.

 

Талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч О., Ш. нарын болон барьцаалуулагч “*******” ХХК–ийн өмчлөл, эзэмшлийн дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн. Үүнд:

 

  1. ,,,, тоот барилгын зоорийн тоот улсын бүртгэлийн дугаартай 192 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
  2. ,,,, тоот барилгын 1 дүгээр давхрын Ү-2204049182 тоот улсын бүртгэлийн дугаартай 192 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
  3. ,,,, тоот барилгын 2 дугаар давхрын Ү-2204075899 тоот улсын бүртгэлийн дугаартай 192 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
  4. ,,,, тоот барилгын 3-5 давхарын Ү-2204075898 тоот улсын бүртгэлийн дугаартай 576 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
  5. ,,,, тоот хаягт байрлах Ү-2204058784 тоот улсын бүртгэлийн дугаартай 960 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
  6. ,,,, тоот тоот хаягт байрлах Г-2204019022 тоот улсын бүртгэлийн дугаартай 515 м.кв талбайтай газар,
  7. ,, улсын бүртгэлийн дугаартай 759 м.кв талбайтай газар,
  8. ,,,, тоот хаягт байрлах Г-2204021850 тоот улсын бүртгэлийн дугаартай 448 м.кв талбайтай газар.

 

Гэтэл зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг төлөхгүй байгаа ба үндсэн зээл 735,000,000.00 төгрөг, хүү 103,745,946.00 төгрөг, үүн дээр 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нэмэгдсэн 32,567,132.00 төгрөг, нийт 871,313,078.00 төгрөг болсон.

 

Хэдийгээр бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусах болоогүй боловч зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлах хүсэлттэй байна.

 

Иймд, хариуцагч О., Ш. нараас 871,313,078.00 төгрөгийг гаргуулж, хариуцагчид шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч О., Ш. болон барьцаалуулагч “*******” ХХК–иас тус шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Бид нэхэмжлэгч “Хас банк” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 735,000,000.00 төгрөгийг аваагүй бөгөөд нийт нэхэмжилсэн 871,313,078.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгчээс өмнө олгосон 635,000,000.00 төгрөг болон 50,000,000.00 төгрөгийг буцаан төлсөн тул 735,000,000.00 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй.

 

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас хариуцагч О., Ш. болон “*******“ ХХК-нд холбогдуулан 838,745,946.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

                 

Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагчдаас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 32,567,132.00 төгрөгийг нэмж, нийт 871,313,078.00 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсчээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр болон 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олгогдсон итгэмжлэлээр төлөөлж буй итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., С. нар 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч О., Ш. нарт холбогдуулан 871,313,078.00 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчид болон барьцаалуулагч “*******“ ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байна. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК болон хариуцагч Ш., О. нар 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 635,000,000.00 төгрөгийг барилгын санхүүжилтийн зориулалтаар жилийн 19.2 хувийн хүүтэй 60 /жар/ сарын хугацаатай, түүнчлэн тоот дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж, 50,000,000.00 төгрөгийг 24 /хорин дөрөв/ сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй зээлэхээр тохирчээ /х.х-ийн 34-38, 56-59/.

 

Хариуцагчдын шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ш. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тоот дансны дугаартай зээлд 671,569,640.00 төгрөг, мөн тоот дансны дугаартай зээлд 50,750,986.93 төгрөгийг тус тус төлж, зээлийг хаасан байна /х.х-ийн 105, 106-р хуудас/.

 

Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК болон хариуцагч Ш., О. нар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 735,000,000.00 төгрөгийг үндсэн хөрөнгийн зориулалтаар жилийн 19.2 хувийн хүүтэй 84 /наян дөрөв/ сарын хугацаатай зээлж, зохигчид үүргийн гүйцэтгэлийг хангахаар дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалжээ /х.х-ийн 15-19, 21-32-р хуудас/. Үүнд:

 

  1. Ш.гийн өмчлөлийн ,,,, тоот хаягт байшилтай 960 м.кв талбайтай Ү-2204058784 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
  2. “*******“ ХХК-ийн өмчлөлийн ,,,, дүгээр барилгын зоорийн давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай,
  3. “*******“ ХХК-ийн өмчлөлийн ,,,, дүгээр барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204049182 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
  4. “*******“ ХХК-ийн өмчлөлийн ,,,, дүгээр барилгын 2 давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204075899 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
  5. “*******“ ХХК-ийн өмчлөлийн ,,,, дүгээр барилгын 3-5 давхар тоот хаягт байршилтай 576 м.кв талбайтай Ү-2204075898 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
  6. Ш.гийн эзэмшлийн ,, дугаартай 759 м.кв талбайтай газар,
  7. О.ын эзэмшлийн ,,тай 448 м.кв талбайтай газар,
  8. Ш.гийн эзэмшлийн ,, дугаартай 515 м.кв талбайтай газар.

 

Монгол Улсын Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх.................” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

 Хэдийгээр хариуцагчид шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний зүйл болсон 735,000,000.00 төгрөгийг хүлээн аваагүй хэмээн нэхэмжлэлийг үл хүлээн зөвшөөрч, татгалзаж буй боловч энэхүү татгалзлаа баримтаар нотлохгүй байна.

 

Учир нь, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дээр дурьдсан буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн дансны дугаарыг тоот болгон өөрчилсөн ба тус дансны хуулгаар зээлдүүлэгч тал нийт 735,000,000.00 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгчид олгожээ /х.х-ийн 14, 82, 107-р хуудас/.

 

Мөн тус тоот дансны хуулгаар хариуцагч буюу зээлдэгч нар өнгөрсөн хугацаанд зээлийн хүүнд нийт 71,693,944.68 төгрөг төлсөн ба уг төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан зээлийг ашигласан хугацааны хүүгийн төлөлт биш гэдгээ нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчид ямар үндэслэл, шалтгаанаар ийнхүү тоот зээлийн дансанд 71,693,944.68 төгрөг төлсөн, тус зээлийн гэрээнээс өөр төрлийн харилцаа байсан тухай тодорхой баримт бүхий тайлбар гаргаагүй /х.х-ийн 83, 140, 141-р хуудас/.

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч тал 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  зээлийн гэрээг үндэслэн зээлдэгчийн нэр дээр зээлийн данс нээж, зээл олгосон байна.

 

Иймд, нэхэмжлэгч “Хас банк” ХХК болон хариуцагч Ш., О. нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

  

Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар зээлийг ашиглах хугацаа 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл буюу 84 /наян дөрөв/ сар, түүнчлэн үүргийг хэсэгчлэн буюу зээл, зээлийг хүүг төлөх тусгай хугацааг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4, 1.8-д сар бүрийн 08-ны өдөр байхаар тус тус тохирсон байна. Тодруулбал, зохигчид зээлийг ашиглах хугацааг 84 /наян дөрөв/ сар, үндсэн зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх хугацааг сар бүрийн 08-ны өдөр байхаар тохирч, хэрэв зээлдэгчид зээлийг дээр дурьдсан тусгай хугацаанд зохих ёсоор төлсөн тохиолдолд ерөнхий хугацаанд үүрэг дуусгавар болох ажээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиараас үзвэл хариуцагч буюу зээлдэгч Ш., О. нар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүнд нийт 214,966,356.17 төгрөг төлөх, үүнээс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 202,980,821.92 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 18, 19-р хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, зээлдэгчид эхний 18 удаагийн төлөлтөөр гагцхүү ашигласан хугацааны хүүг төлж, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс үндсэн зээлийг хэсэгчлэн төлж эхлэх бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох тоот дугаартай зээлийн дансны хуулга, зээлийн  тооцооллоор зээлдэгчид нийт 71,693,944.68 төгрөгийн хүү төлжээ /х.х-ийн 140, 141-р хуудас/.

 

Гэвч зээлдэгч нар Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” буюу 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 202,980,821.92 төгрөгийн хүү төлөх ёстой байтал тус үүргээ зөрчиж, зээлийн хүүг гэрээнд зааснаар зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас хариуцагч О., Ш. нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийг түүний хүүгийн хамт гаргуулахыг хүсчээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “..............................    . Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар зээлдэгч тал зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй тохиолдолд нөгөө тал буюу зээлдүүлэгч тал гэрээг цуцлах эрхтэй байна. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагчид зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй, үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрчээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, түүний зориулалт болон зээлийг буцаан төлөх эргэн төлөлтийн хуваариас үзвэл энэхүү гэрээ урт хугацаатай байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж буюу цуцалж болох бөгөөд гагцхүү 221.3-д заасны дагуу гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

 

Зээлдэгч буюу хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгчээс энэхүү зөрчлийг үндэслэн цаашид гэрээний харилцааг үргэлжлүүлэхээс татгалзаж буй шалтгаан нь хугацаа хэтрүүлсэн зөрчлөөс болсон байхаас гадна үүрэг гүйцэтгэгч тал үүргийг зохих ёсоор гүйцэтгэхгүй, зээлийг аваагүй, төлөх үндэслэл байхгүй хэмээн тайлбарлаж, татгалзаж буй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар гэрээг цуцлах эрхтэй учраас шүүхээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан үндсэн зээл 735,000,000.00 төгрөг, зээлийн хүү 136,313,078.00 төгрөг, нийт 871,313,078.00 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч О., Ш. нар 735,000,000.00 төгрөгийн зээлийг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 537 хоногийн хугацаанд ашиглаж, тухайн хугацааны зээлийн хүүг бүрэн төлөөгүй байна.

 

Тодруулбал, хэдийгээр талууд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар зээлийг олгосон өдрөөс эхлэн хүү тооцох ба зээлийн дансны хуулгаар гэрээний зүйл болсон 735,000,000.00 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгосон байх тул энэхүү өдрөөс эхлэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр хүртэл буюу 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүг тооцох нь тэдгээрийн гэрээнд нийцэж байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Талуудын зээлийн гэрээ ёсоор хариуцагч нар 735,000,000.00 төгрөгт сар бүр 11,760,000.00 төгрөг, өдрийн 386,630.00 төгрөг, нийт 537 хоногийн ашигласан хугацааны хүүнд 207,620,310.00 төлөх үүрэг хүлээснээс 71,693,944.68 төгрөгийг төлсөн байна /735,000,000x1.6%=11,760,000x12:365=386,630x537=207,620,310-71,693,944.68=135,926,366.00 төгрөг/.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн  242.2-д “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, зээлдэгч О., Ш. нар энэхүү зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “Хас банк” ХХК-ийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба нэхэмжлэгч тал зээлийг хариуцагч нараас бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй юм.

 

Иймд, хариуцагч О., Ш. нараас үндсэн зээл 735,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 135,926,366.00 төгрөг, нийт 870,926,366.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 386,703.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д тус тус зааснаар зохигчид төрийн эрх бүхий байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлж, баталгаажуулсан ба нэхэмжлэгч тал шүүхийн журмаар маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад түүнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хангасан тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан гэж зохицуулсан бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийг хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.     

        

Шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчдаас үндсэн зээл 735,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 135,926,366.00 төгрөг, нийт 870,926,366.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 386,703.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч О., Ш. нараас үндсэн зээл 735,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 135,926,366.00 төгрөг, нийт 870,926,366.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 386,703.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь заалтыг баримтлан хариуцагч О., Ш. нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ,,,, тоот хаягт байшилтай 960 м.кв талбайтай Ү-2204058784 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ,,,, дүгээр барилгын зоорийн давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ,,,, дүгээр барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204049182 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ,,,, дүгээр барилгын 2 давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204075899 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ,,,, дүгээр барилгын 3-5 давхар тоот хаягт байршилтай 576 м.кв талбайтай Ү-2204075898 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ,, дугаартай 759 м.кв талбайтай газар, ,,тай 448 м.кв талбайтай газар, ,, дугаартай 515 м.кв талбайтай газрыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,351,680.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 4,512,582.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР