Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Б.Д

Хохирогчийн өмгөөлөгч Н.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т

Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  11.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй,  яс үндэс халх, боловсролгүй, ... мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг, ... тоотод оршин суух, хуваариа авто засварын газар ажиллуулах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн,

-Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж байсан Ц овогт Ц.Ц-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр болох Э.М-г толгойн хэсэг рүү баруун талын гараараа удаа цохисон, мөн үргэлжилсэн үйлдлээр шөнийн 01 цагийн орчимд Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоот хашааны гадна талд ... улсын дугаартай Тоёота Алион маркийн тээврийн хэрэгсэл дотор архи аягалж байсан аягаараа хохирогч Э.М-н зүүн талын хацар хэсэг рүү шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

өн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.М-г 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 удаа, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1 удаа, 2021 оны 01 сарын 29-ний өдөр 1 удаа, 2021 оны 10 сарын 28-ны өдөр 1 удаа, 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 1 удаа буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр үед эхнэр, хүүхдүүд маань Сайншанд сум руу яваад ирсэн байсан юм. Тэгээд дахиад явна гэхээр нь өвлийн идэш идэх болж байна, одоохон авахгүй бол малын тоо болчихно, мөнгө төгрөггүй байна, тийшээ явж байхаар идшиндээ явъя гэхэд тэгье гэсэн юм. Гэтэл намайг мессеж уншиж, бичиж чадахгүйг далимдуулаад эгчтэйгээ мессеж бичиж байгаад явсан байсан. Ингээд л Сайншандаас ирэхээр нь явлаа гээд маргаан үүсгэсэн, би архи уусан. О-н гадаа архи ууж байгаад архи ууж байсан аягаа шидсэн. Гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Ер нь бол манай гэр бүлийн хэрүүл нэг зүйлээс болдог, тэр юу вэ гэхээр  манай хүн ахтайгаа хувийн холбоотой байгаад байдаг, өөрөө төрсөн ах гэдэг боловч хүмүүс өргөмөл л гэдэг юм. Хүний хань болохоор гадагшаа хүнд хэлж байгаагүй, одоо л ярьж байна. Би эхнэрээ ажил хийлгэхгүй гэж байгаагүй, залуу хүн байж цэвэрлэгч, үйлчлэгч битгий хий, ядаж худалдагчийн ажил хий гэж байсан. 2017 оны 12 сарын 18-нд Г буудлын шинэ жил болсон, тэнд очиж хэрүүл маргаан үүсгэсэн, түүнээс биш зодоогүй. 2020 оны 08 сарын 21,  2021 оны 01 сарын 29-ний үйлдэлд арга хэмжээ авагдсан байхаа, сайн санахгүй байна. 2021 оны 10 сарын 28-ных дээр байцаагч 100,000 төгрөгөөр торголоо гэж байсан. Цаашдаа үр хүүхдээ бодоод хамт амьдаръя гэж зөндөө гуйсан, миний буруу байх байдаг. Манай эхнэр дэлгүүрээс өөртөө авсан өмдийг ахдаа зарчихсан байсан, зурагт, бөгж гээд зүйлүүдээ хямд зардаг, түүнээс нь болоод л хэрүүл маргаан үүсдэг. Миний хувьд хуваариа хөдөлмөр эрхэлж олсон орлогоо бүгдийг гэртээ зарцуулдаг. Хөнгөн шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Манай 2 эгч ирээд Хар уул явах уу гэхээр нь Ц-с асуусан чинь 2 хүүхдээ хараад гэртээ байж байя, чи яваад ир гэсэн. Ингээд би явсан. Маргааш орой нь гэртээ ирэхэд  нөхөр зөрж гарч яваад архи уучихаад ирсэн. Тэгээд мессеж бичиж, уншиж чадахгүйг далимдуулж явлаа гээд намайг 2 удаа цохисон, тэгээд О руу яриад хоёулаа ганц юм ууя гэсэн. Ингээд бид гурвыг дагуулаад О-н гадаа очсон. Тэнд машин дотор архи ууж байснаа “ чи төрсөн ахтайгаа явалддаг” гээд над руу аяга шидэхээр нь би эгч рүүгээ цагдаа дууд гэж мессеж бичсэн. 2021 оны 12 сард би Г буудалд үйлчлэгчийн ажил хийж байхдаа шинэ жилийн арга хэмжээнд орсон юм. Ц ирээд хэрүүл маргаан үүсгэсэн. Дараа нь 2020 оны 08 сарын 21, 2021 оны 01 сарын 29-нд  зодсон, арга хэмжээ авагдсан. 2021 оны 10 сарын 28-нд цагдаад өгсөн. Байцаагч арга хэмжээ авсан талаар хэлээгүй. Манай нөхөр намайг ажил хийлгэхгүй, хий хоосон харддаг. Миний төрсөн ахыг Э.Г гэдэг, эхнэртэйгээ хотод амьдардаг, ахтай маань хүртэл харддаг. Амьдралын эхний жилүүдэд гайгүй л байсан. Одоо бол хамт амьдрахад хэцүү байна. Би сүүлийн явдлаас хойш Сайншанд сум руу албан ёсоор шилжсэн, одоо ээжтэйгээ хамт амьдарч байна. Гэрлэлтээ цуцлуулна гэж бодож байна. Сүүлд нөхөртөө зодуулчихаад эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан баримт байхгүй байна. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна“ гэсэн мэдүүлэг

Гэмт хэргийн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07/

 Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн орчимд манай төрсөн дүү Э.М миний гар утас руу залгаад манай нөхөр Ц.Ц намайг цохиж, зодоод байна та ... тоот хашааны гаднаас ирээд авах уу? цагдаагийн байгууллагад энэ талаар дуудлага өгчих гэж ярьсан. Тэгээд би гэрээс гарахаас өмнө энэ талаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.  Манай төрсөн дүү ... 2011 онд нөхөр Ц.Ц гэх хүнтэй танилцаад гэр бүл болж байсан. 2012 онд том охин нь мэндэлсэн. 2019 бага охин нь мэндэлсэн. Одоо нөхөр, 2 хүүхдийн хамт Замын-Үүд сум 3 дугаар баг ... тоотод амьдардаг… нөхөр Ц.Ц нь ямар ажил хөдөлмөр эрхэлдэг талаар мэдэхгүй байна. Манай дүү дуу цөөтэй, ямар нэг муухай зан харилцаа байхгүй хүн. Би бас том болоод өвөө, эмээ дээрээ өсөж том болсон болохоор дүүгийн зарим амьдрал болон зан харилцааны талаар сайн мэдэхгүй байна. Миний хувьд Э.М бид хоёр өөр өөрийн хувийн амьдралтай тул гэр бүлийн харилцааны талаар бас сайн мэдэхгүй. Ямар ч байсан сүүлийн үед манай дүү Э.М-г нөхөр Ц.Ц нь хардаад, хэл амаар доромжлоод, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа талаар сонсож байсан болохоор бас сайн мэдэхгүй байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “  2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байхад 23 цагийн орчим Ц.Ц миний гар утас руу залгаад ганц шил архи хамт уух уу гэж асуухаар нь за гэж ярьсан. Тэгээд удалгүй манай гэрийн гадаа машинтай хүн ирээд машины дуут дохио дуугарахаар нь гарч ирэхэд Ц машинтайгаа ирсэн байсан. Би Ц-н машины жолоочийн эсрэг талын урд суудал дээр нь орж суухад, Ц, эхнэр Э.М, хоёр хүүхдийн хамт арын суудал дээр сууж байсан. Тэгээд Ц “...” нэртэй архи гаргаж ирээд надад аягалж өгөөд бид хоёр уугаад юм яриад сууж байхад Ц эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд байсан. Ц архи аягалж байсан ногоон өнгийн аягаа эхнэр рүүгээ шидэх шиг болсон. Тэгээд би арын гэрлийг асаасан чинь М-н нүүрнээс нь цус гарч байсан. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн…”  гэх мэдүүлэг /хх-ийн 26/

Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай найз буюу дүү Ц.Ц нь Дорноговь аймгийн Сайншанд суманд айлын 3 дахь хүүхэд болж мэндэлсэн. Бага насны амьдралын талаар сайн мэдэхгүй. Миний бие 2010 онд Замын-Үүд суманд том тэрэгний ачаа барааг зөөж, вагонд ачиж байхдаа Ц.Ц-тай танилцаж байсан. Ц.Ц нь надаас 11 насаар дүү залуу бид хоёр хамт вагонд ачаа ачдаг байсан. ... Ц.Ц нь эхнэр Э.М, хоёр охины хамт Замын-Үүд сум 3 дугаар баг ... тоотод амьдардаг. Миний хувьд Э.М-н хувийн амьдралын талаар ярьж сайн мэдэхгүй…Амьдралын хувьд дунд зэрэг, өөрөө машин тэрэг янзалж засаад мөнгө төгрөг олдог. Мөн хил нээлттэй байх үед Замын-Үүд сумаас Эрээн хот хооронд ачаа бараа, хүн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан. Хааяа нэг Ц.Ц-тай хамт авто засварын газар нь ажиллаж байхад гэрийн бүлийн харилцаа хандлага хэвийн, эхнэр нь хоол цай хийж өгөөд гэр бүлийн харилцаа сайн байдаг. Намайг авто засварын газар ажиллаж байх хугацаанд ямар нэг гэр бүлийн хэрүүл маргаан гарч байгаагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Аюулын зэргийн үнэлгээ “ өндөр” гэсэн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 33-34/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2021 оны 11 сарын 22-ны өдрийн “1. Э.М-н биед зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт язарсан шарх, баруун  бугалганд цус хуралт, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн  үйлчлэлээр  үүснэ.

3.Э.М-н  биед учирсан гэмтлүүдийн зүүн нүдний  эргэн тойронд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт язарсан шарх гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, баруун бугалганд цус хуралт, баруун гуянд цус хуралт гэмтлүүд дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/271 тоот дүгнэлт /хх-ийн 36-37/

Шүүгдэгч Ц.Ц нь урьд ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 53/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ажлын албаны “ тус багийн иргэн Ц.Ц нь ... тоотод ам бүл 4 оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн 706 дугаартай албан тоот /хх-ийн 56/

... регистрийн дугаартай Ц овогт Ц.Ц, ... регистрийн дугаартай Ш овогт Э.М нарын ... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 61/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн “...2020 оны 08 сарын 25-ны өдөр хохирогч Э.М-г зодсон үйлдэлд нь 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан “ гэсэн ... дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 84-87/,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн “ 2021 оны 01 сарын 29-ний өдөр хохирогч Э.М-г зодсон үйлдэлд 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан” гэсэн ... дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 88-91/

Хохирогч Э.М-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан “ ... Миний бие Ц.Ц-тай суугаад 10 жил болж байна. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд 7 жил гаран болж байна. Би сэтгэл санааны дарамтанд орж одоогийн байдлаар толгой судас нарийсаж  юм хунараа мартаж  барьсан тавьсанаа сайн мэдэхгүй байгаа. Биеийн байдалд дунд зэрэг байгаа учир сэтгэл санааны хохирлын нөхөн олговор 3-4 саяыг нэхэмжилж байгаа тул дээр нь энэ хүн өдөр болгон  гар хүрдэг зоддог удаа дараа болж байгаа тул хялбаршуулж шийдүүлэхгүй тул ном журмаар  нь хуулийн дагуу  шийдэж өгнө үү. Мөн 2021 оны 12 сарын 23-нд 16 цагийн орчим манай эгчийнд Ц орж ирж намайг толгой руу 3-4 удаа цохиж хутга тулгаад хэл амаар дарамталж байгаад явсан тул хурдан шуурхай шийдэж өгнө үү. Би бол гомдолтой байгаа тул явдаг газарт нь явуулж өгнө үү, гомдолтой байна” гэсэн хүсэлт /хх-ийн 97/

Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 11 сарын 11-ний өдрийн “2021 оны 10 сарын 28-ны өдрийн “ Ц.Ц-н Э.М-г зодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцохыг ахлах мөрдөгч Ж.Д-д даалгасан” агуулга бүхий  Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 5/175 дугаартай тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр болох Э.М-г толгойн хэсэг рүү баруун талын гараараа удаа цохисон мөн үргэлжилсэн үйлдлээр шөнийн 01 цагийн орчимд Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоот хашааны гадна талд ... улсын дугаартай Тоёота Алилион маркийн тээврийн хэрэгсэл дотор архи ууж байсан аягаараа зүүн талын хацар хэсэг рүү шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн,

өн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.М-г 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 удаа, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1 удаа, 2021 оны 01 сарын 29-ний өдөр 1 удаа, 2021 оны 10 сарын 28-ны өдөр 1 удаа, 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 1 удаа буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх нь прокуророос  шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд шүүгдэгч Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон ” гэмт хэргийн гол шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг хүчирхийллийн шинжтэй үйлдлийг “ байнга “ хийсэн байхыг ойлгох бөгөөд “байнга“ гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав ба түүнээс дээш удаа давтагдсан байх хууль хэрэглээний ойлголт юм.

Шүүгдэгч Ц.Ц-н хувьд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 удаа, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1 удаа, 2021 оны 01 сарын 29-ны өдөр 1 удаа, 2021 оны 10 сарын 28-ны өдөр 1 удаа, 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гэх зэргээр нийт 5 удаагийн үйлдлээр эхнэр Э.М-н эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн байх боловч түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг дүгнэхийн өмнө Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 7 дахь хэсэгт заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг шалгах зайлшгүй шаардлагатай юм.

Шүүгдэгчийн үйлдсэн зөрчлийн хэргүүдийн хугацааг тооцоход 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үйлдлээс 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хүртэл 44 сарын хугацаа,

-2021 оны 01 сарын 29-ний өдрийн үйлдэл хүртэл 5 сарын хугацаа,

-2021 оны 10 сарын 28-ны өдрийн үйлдэл хүртэл 9 сарын хугацаа тус, тус өнгөрсөн байгаа нь Зөрчлийн тухай хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацааны шалгуурыг хангахгүй байх тул “байнга“ гэх шинжид хамаарахгүй байна.

Түүнчлэн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан нь хэрэгт тодорхойгүй байх боловч хохирогчийн өмгөөлөгч Н.Б-с хэрэгт өгсөн “Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах” тухай 5/175 дугаартай тогтоолын хуулбар, хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн тогтоогдож байна. Шүүгдэгч нь дээрх цаг хугацаанаас хойш 2021 оны 11 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хүртэл 20 хоногийн дараа дахин  хохирогч Э.М-н эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргасан нь Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор байх боловч энэ нь “ байнга “ гэх шинжийг агуулаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг  “байнга “ зодох гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн өмгөөлөгч Э.Т нь “ өмнөх гаргасан үйлдлүүддээ зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн байхад дахин эрүүгийн хэрэгт яллаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчим нь тухайн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэний дараа дахин ял оногдуулахыг хориглосон агуулгыг илэрхийлэх юм. Шүүгдэгч Ц.Ц-н үйлдлийн хувьд Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны шалгуур хангагдсан бол зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн эсэхээс үл хамаарч Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинж хангагдах юм.

Иймд шүүгдэгч Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Ц.Ц нь 2021 оны 11 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоот хашааны гадна талд ... улсын дугаартай Тоёота Алион маркийн тээврийн хэрэгсэл дотор архи ууж байсан аягаа хохирогч Э.М-н зүүн талын хацар руу шидэж, биед нь зүүн нүдний  эргэн тойронд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт язарсан шарх гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Э.М-н биед учирсан гэмтлийг Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г нь  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах талаар дүгнэлт гаргасан байх бөгөөд энэхүү дүгнэлттэй оролцогчид танилцсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан “ гэж үзэж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Э.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Э.С, Д.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/271 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудсанд авагдсан  2021 оны 11 сарын 21-ны шөнө 01 цаг 45 минутанд үйлдсэн  Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд “ өндөр” гэж авагдсан байгаа нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн нь нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д  “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах,... бие махбодид халдсан үйлдэл хийсэн байхыг ойлгохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.Ц, хохирогч Э.М нар нь ... оны ... сарын ...-ны өдөр гэр бүл болсон нь ... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар /хх-ийн 61/ хэрэгт тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасанд хамаарах юм.

Иймд шүүгдэгч Ц.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм. Хохирогчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад “ ... Биеийн байдалд дунд зэрэг байгаа учир сэтгэл санааны хохирлын нөхөн олговор 3-4 саяыг нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтийг гаргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт эм тариа авсан баримт байхгүй байна, одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн урд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зөрчлийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн хувийн байдал, хохирогчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “  эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн  гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга  ёсны зарчмыг баримтлан 6 сарын хугацаагаар оршин суух газар болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязргаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Ц.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц овогт Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Ц.Ц-г 6 /зургаа/ сарын хугацаагаар оршин суух газар болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязргаарлах ялаар шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Ц-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.Ц