Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг, ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл С овогт П.Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоот хашаанд байрлах “3...” улсын дугаартай Foton маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Б.Э-д 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2-3 шил архи уучихсан, өөрийгөө удирдах чадвар муу байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шөнө Замын-Үүд сумын 3 дугаар баг, ... тоотод хашаанд байсан Фотон маркийн машинаас 2 аккумлятор хулгайлж авсан. Хулгай хийх явцад нэг нь гэмтсэн юм билээ. Уг нь хулгай хийх шаардлага байгаагүй, согтуу байсан даа авчихсан байсан. Хохирогчид нэгийг нь хүлээлгэн өгсөн. Нэгнийх нь үнэ болох 300,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг төлсөн, 200,000 төгрөгийг 04 дүгээр сарын 01-ний дотор өгнө гэж хэлсэн байгаа. Прокурорын саналыг зөвшөөрч байгаа, хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэхийг ойлгосон ” гэсэн мэдүүлэг

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-7/

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр буюу өнөөдөр өөрийн хөлсний жолооч Т-с утсаар сонссон. Т нь миний ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцдаг. Тэгээд Т, Замын-Үүд сумын 3 дугаар баг, ... тоотод гэрийнхээ гадаа тавьсан байхад нь шөнө Г гэх этгээд миний тээврийн хэрэгслээс 2 ширхэг акумулятор хулгайлж, тэр оройноо цагдаад баригдсан талаар мэдсэн. Би 2019 оны 05 дугаар сард БНХАУ-аас чиргүүлтэй нь хамт 40 орчим сая төгрөгөөр  худалдан авсан. Миний тээврийн хэрэгсэл БНХАУ-д 2009 онд үйлдвэрлэгдсэн улаан өнгийн толгойтой Фотон маркийн зүтгүүр  буюу чирэгч  тээврийн хэрэгсэл юм.  Тээврийн хэрэгслийн гэрчилгээ албан ёсоор миний нэр дээр  байдаг. 2021 оны 09 дүгээр сард БНХАУ-ын Эрээн хотоос нэг ширхэгийг нь 1000 юань  буюу  тухайн  үеийн ханшаар  450 орчим  мянган төгрөгөөр худалдан авсан. Монголын зах зээлд уг аккумлятор 600-800 мянган  төгрөг буюу их үнэтэй байдаг болохоор урдаас авсан юм. Хулгайн үйлдлийг газар дээр нь илрүүлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гэм буруутай этгээдийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би нөхөр хүүхдийн хамт Замын-Үүд сумын 3 дугаар баг ... тоотод амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 26-аас 27-ны өдрийг шилжих шөнө 01 цагийн орчимд гэрийн гадаа нохой хуцаад чимээ гараад байхаар нь гараад хартал манай нөхөр урьд өдөр нь гэрийн гадаа авчирсан ... улсын дугаартай том тэрэгний аккумлятор байхгүй болсон байхаар нь цагдаад дуудлага өгчихөөд, гэртээ ороод хөрш айлын М ахад мөн болсон зүйлийн талаар утсаар ярьсан. Удалгүй 10 гаруй минутын дараа гадаа мөн чимээ гараад нохой хуцаад байхаар нь дахин гарахад улбар шар өнгийн нормын куртиктай хүн ... машины хажуугаас зүүн тийш зугтаасан. Энэ үед цагдаагийн машинтай цагдаа нар араас нь очоод тэр хүнийг бариад гэрийн гадаа ирэхэд, хулгай хийсэн хүн ус зөөдөг Г гээд хүн байсан. Г гэдэг хүн машиныг нэг аккумляторыг гудамжны үзүүрт зөөж аваачаад дахин дараагийн аккумляторыг авах гэж оролдсон байсан. Учир эхний аккумлятор хулгайд алдаад цагдаа дуудахад, нөгөө аккумляторын сав хаалттай байсныг цагдаа ирэх хооронд савны тагны боолтыг тайлаад онгойлгочихсон байсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрийн эхнэр М-с сонссон. ... эхнэр маань надад хандан чиний унаж ирсэн ... улсын дугаартай том тэрэгний аккумляторыг ус зөөдөг Г ах хулгай хийгээд цагдаад баригдаад явсан гэж хэлсэн. Уг машин Э гэдэг хүний нэр дээр байдаг. Би Э-н ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцаад хөлсөөр жолооч хийдэг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2021 оны 01 сарын 28-ны өдрийн “Аккумлятор 2ш нь 700,000 төгрөгийн үнэтэй” гэсэн ТXY-621/2874 тоот дүгнэлт / ХХ-ийн 34-36/

Шүүгдэгч П.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн ял шалгах хуудас /хх-ийн 52-53/

Шүүгдэгч П.Г-н Прокурорын газарт гаргасан “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 70/

Хохирогч Б.Э-н шүүхэд өгсөн тайлбартаа “ Миний бие Б.Э нь П.Г-д холбогдох хэрэгт хохирогч юм. Миний машины 2 ширхэг аккумлятораа буцаан авсан боловч 1 ширхэг аккумлятор нь хагарсан байсан, үүний үнэ болох 300,000 төгрөгнөөс Г нь надад 100,000 төгрөгийг 2022 оны 04 сарын 01-ний дотор төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна. Би шүүх хуралдаанд орлцохгүй, гомдол саналгүй байхгүй гэсэн хүсэлт /хх-ийн 89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Г нь архи ууж согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ... тоот хашаанд байсан хохирогч Б.Э-н эзэмшлийн “...” улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккумляторыг хулгайлан авч, цагдаагийн байгууллагад саатуулагдсан, хохирогчид 700,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч П.Г-н шөнийн цагаар, бусдад мэдэгдэхгүйгээр, бусдын эзэмшлийн өмч хөрөнгөнөөс нууцаар авч байгаа байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар” гэсэн шинжийг хангасан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, С.М, Б.Т, Ө.У нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 02 сарын 28-ны өдрийн “2 ширхэг аккумлятор 700,000 төгрөгийн үнэтэй” гэсэн 621/2874 тоот дүгнэлт, хохирогч Б.Э-н шүүхэд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Б.Э-д 1 ширхэг аккумляторыг хүлээлгэн өгч, нэг аккумляторын үнэ болох 300,000 төгрөгнөөс 100,000 төгрөгийг өгч үлдэгдэл 200,000 төгрөгийг 2022 оны 04 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохирсон, энэ талаараа хохирогч шүүхэд тайлбар ирүүлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгчээс 200,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахагүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт П.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овогт П.Г-г хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч П.Г-с 200,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-д олгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч П.Г-г 6 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтанд  хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчвөл  прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.Ц