| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2022/0025/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2022-03-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч Н.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл 4, эмээ, ээж, дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, ... тоотод оршин суух, ... ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д овогт Н.Ө-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ө нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Япон сэлбэг нэртэй хуурамч фэйсбүүк хаяг цахим хэрэгсэл ашиглан иргэн Т.Д-д дугуй зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 500,000 төгрөгийг Х банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан юм. Түүнийгээ зарах гээд япон сэлбэг гэсэн фэйсбүүк хуудас нээсэн. Тэгээд нэг хүн дугуй авна гэхээр нь утсаар нь холбогдож байгаад 500,000 төгрөгийг шилжүүлж авсан. Энэ мөнгөөрөө тоглоом тоглосон. Мөнгө шилжүүлсэн данс мөрийтэй тоглом дээр байдаг данс. Тэгээд хохирогч залгаад байхаар нь утсаа салгасан. Буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Д-д 500,000 төгрөгийг нь төлсөн” гэсэн мэдүүлэг
Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Замын-Үүд суманд их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүссэн байсан учир би өөрийн Turner E Herbert гэх фэйсбүүкээр машины дугуй зарна гэсэн зарыг хайсан чинь Япон сэлбэг гэсэн хаяг байхаар нь Эстима маркийн автомашины 4 ширхэг дугай байна уу гэж чат бичсэн чинь “Орж ирсэн дугуй байна” гэхээр нь зургийг үзсэн чинь гайгүй дугуйнууд байхаар нь 4-ийг авмаар байна хэд болох уу? гэж асуусан. Тэгсэн 4 дугуйг нийлүүлээд 180,000 төгрөгөөр авахгүй юу гэхээр нь авна гэж хэлээд орхисон. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө ... дугаараас Япон сэлбэг дэлгүүрээс ярьж байна, та дугуйгаа захиалах уу? бид нар өнөөдөр Замын-Үүд рүү тээшинд сэлбэг өгөх гээд байна, цуг явуулчих уу? гэхээр нь нөхөр бид хоёр ярилцаад дахин УАЗ-469 маркийн 4-н ширхэг өвлийн дугуй захихаар болж нийт 500,000 төгрөгийг ... дугаарын Г гэх хүний дансанд шилжүүлсэн. Ингээд би орой ажил дээрээ ирээд фэйсбүүкээ харсан чинь нөгөө Япон сэлбэг нэртэй хэрэглэгч намайг блок хийсэн байсан. Ингээд би залилуулсанаа мэдсэн. Нөхөр бид хоёр мөнгөө явуулахаас өмнө Япон сэлбэг ярьж байна гээд ... гэсэн эрэгтэй хүн залгаад нисэхэд байдаг гэж хэлж байсан. Бас А гэх хүний ... дугаартай дансыг бас надад өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/, “... Би тухайн үед дээрх фэйсбүүк хаягаар чат бичиж 8 ширхэг дугуй авахаар тохиролцож 500,000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан. Би Х банкны ... тоот дугаартай данс эзэмшдэг. Би хохирлын мөнгө болох 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан хохирлын мөнгөө бүрэн барагдуулж авсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/
Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Х банкны ... дугаарын дансыг хүүхэд байхаасаа ашиглаж байна. Өөр ямар нэгэн данс ашигладаггүй. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай зүс таних А гэх эмэгтэй надад хэлэхдээ нэг танихгүй хүн Х банкны данс 500,000 төгрөгөөр худалдаж авмаар байна чи зарах уу гэхээр нь би тухайн үед эхнэр төрөх болчихсон учир мөнгө олохоор нэг танихгүй хүнд дансаа зарсан. Тэр өдрөөс хойш би энэ дансыг ашиглаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д гэх хүнээс мөнгө шилжүүлсэн талаар би мэдэхгүй байна. Миний Х банкны ... дугаарын дансыг покерын данс болгон ашигласан байсан. Одоо энэ данс хаагдсан байгаа ” гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-21/
Шүүгдэгч Н.Ө-н “эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэсэн хуудас / хх-ийн 35/
Шүүгдэгч Н.Ө-н ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38/
Б.Г-н Х банкны ... тоот данс руу 2021 оны 11 сарын 08-ны өдөр ... тоот данснаас “8 дугуй, замын үүд” гэсэн гүйлгээний утга бүхий 500,000 төгрөг шилжүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 63/
Хохирогч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Т.Д миний бие хохирлын мөнгө болох 500,000 төгрөгийг өөрийн дансаараа барагдуулж авсан, гомдолгүй” гэсэн тодорхойлолт /хх-ийнг 100/
Шүүгдэгч Н.Ө-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “Миний бие Н.Ө нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу” гэсэн хүсэлт /хх-ийн 101/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ө нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Япон сэлбэг” нэртэй хуурамч фэйсбүүк хаяг цахим хэрэгсэл ашиглан иргэн Т.Д-д “дугуй зарна” гэж худал хэлж, 2021 оны 11 сарын 08-ны өдөр Б.Г гэгчийн Х банкны ... тоот данс руу 500,000 төгрөгийг хохирогч Т.Д-с шилжүүлэн авсан, түүнчлэн хохирогч Д-г “япон сэлбэг” гэх фэйсбүүк өөртэйгөө харьцах боломжгүй нөхцлийг үүсгэсэн, гар утсаа холбогдох боломжгүй болгосон үйл баримт болжээ.
Дээрх үйл баримт, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон хохирогч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Б.Г-н Х банкны ... тоот данс руу 2021 оны 11 сарын 08-ны өдөр ... тоот данснаас “ 8 дугуй, замын үүд ” гэсэн гүйлгээний утга бүхий 500,000 төгрөг шилжүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 63/, хохирогч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Т.Д миний бие хохирлын мөнгө болох 500,000 төгрөгийг өөрийн дансаараа барагдуулж авсан, гомдолгүй” гэсэн тодорхойлолт /хх-ийнг 100/ зэргээр шүүгдэгч Н.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хуурамч цахим хаяг ашигласан, дугуй зарна гэж худлаа хэлсэн, хохирогчийг өөртэйгөө цахим хаягаар харьцах боломжгүй болгосон, утсаа холбогдохгүй болгосон зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас үзэхэд тэрээр өмчлөгчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар өмч, хөрөнгийг нь авсан, авсан эд зүйлээ буцаан өгөхгүй байх зорилгыг агуулсан шууд санаатай, идэвхитэй үйлдлийг хийсэн, энэ нь залилах гэмт хэргийн гол шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу тогтоогдсон, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Т.Д-д 500,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хх-ийн 100 дугаар хуудсанд авагдсан хохирогч Т.Д-н тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Ө нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт Н.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Н.Ө-г хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Н.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Ө-г 6 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц