Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э

Шүүгдэгч Б.Б, Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн 1-р хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б.Б, Ч овогт Т.Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ...-р сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилладаг,  ам бүл 1, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, Д овогт Б.Б

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны оны ...-р сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, ...  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн ... тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй урьд нь ял шийтгэлгүй, ... овогт Т.Б

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Б.Б нь Т.Б-тэй хамтран 2021 оны 11-р сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт ... ДГС улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Монгол Улсын Засгын газрын 2012 оны 07-р сарын 01-р тогтоолын хавсралтад орсон “ховор амьтан” болох 4 ширхэг эр бодгаль Хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн,

Шүүгдэгч Т.Б нь Б.Б-тай хамтран 2021 оны 11-р сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Монгол Улсын Засгын газрын 2012 оны 07-р сарын 01-р тогтоолын хавсралтад орсон “ховор амьтан” болох 4 ширхэг эр бодгаль Хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 сарын 29-ний өдөр айлаас идэшний мал авах гэж явсан. Малаа авчихаад буцаад явж байхдаа ийм зүйл хийсэн. Зээрийг хөөж байгаад буудсан. Тэгээд сум руу орж явахад гарам нь дээр цагдаа таараад шалгагдсан. Эд мөрийн баримтаар  хураагдсан буу, машин миний эзэмшлийнх. Агнасан зээр бүгд эр байсан. Гэдсийг нь гаргахад эр гэдгийг мэдсэн. 4 ширхэг зээрийн үнэлгээ нийт 6,800,000 төгрөг болж байгаа үүнийг 2 дахин нэмэгдүүлж төлнө гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Би үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэжээ.

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хөдөө айл руу идэшний мах авах гээд явж байх замдаа ийм зүйл хийсэн. Тухайн үед Б-н машинтай 5-уулаа явж байсан. Зээрийг хөөж байгаад буудсан. Буудсан зээрээ тээвэрлээд явж байгаад гарам нь дээр цагдаа зогсоогоод шалгагдсан гэв. Т.Б машин бариад өгчих гэхээр нь би машиныг нь бариад Б жолоочийн хажуу талын суудалд суугаад зээр буудсан. Агнасан зээр дөрвүүлээ эр байсан. Гэдсийг нь гаргаж байхад эр зээрнүүд байсан. Эм нь эвэргүй байдаг, 4 зээр дөрвүүлээ эвэртэй байсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Зээрний төлбөрийг төлнө” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч нар нь хар сүүлт гэх амьтан агнасан байдаг. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс Засгийн газрын 2011 оны 23-р тогтоолын 1-р хавсралтын дагуу нэхэмжлэх хүсэлттэй байгаа. Хар сүүлт гэх амьтны эр нь 1,700,000 төгрөгийн үнэлгээтэй, эм нь 2,000,000 төгрөгийн байдаг. 4 ширхэг эр зээрийн 6,800,000 төгрөгийг амьтны тухай хуулийн дагуу 2 дахин үржүүлээд 13,600,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би өөрийн хийсэн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч байна,  тухайн өдөр айлаас идэшний адуу авахаас очоод адуу байхгүй болохоор нь буцаад сумын төв орох замд хэдэн зээр таарсан тэгэхээр нь машины арын багажаас өөрийнхөө шувууны бууг авч 5 удаа буудаж 4 зээр буудсан. Тухайн үед би машинаа Б ахаар бариулаад би өөрөө буудсан. Миний машины ард явсан Ө, Б, А ах нар нь энэ хэрэгт ямар ч хамаагүй, угаасаа тэр 3 машинаас буугаагүй. Харин Б ахаар машин бариулсандаа харамсаж байна” гэжээ. /хх-ийн 114-115/

Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...буцаад хөдөөнөөс сумын төв орж явах замд замын хажууд хэдэн зээр таарсан тэгтэл Б ахаа та машин барьж бай миний машины ард шувууны буу байгаа гэж хэлээд машинаа зогсоосон тэгэхээр нь би хэрэггүй юм биш үү гэж хэлсэн чинь ахаа ядаж бэлчээрээс жаахан холдуулмаар байна, онуул тэр биз онохгүй бол тэр биз гээд машины араас буугаа аваад та машин барьж бай гэхээр нь би машиныг нь барьж явсан. Б нийт 5 удаа буудсан, тэгтэл 4 зээр буудсан байсан” гэжээ. /хх-ийн 136-137/

Гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ: “...Бид нар гэрт нь оролгүйгээр гэрийн гаднаас Г, А нар Эрдэнэ сум руу явна гэсэн тул машиндаа суулгаад буцаад Эрдэнэ сум руу хөдөлсөн. Замд явж байхад машины гэрэлд хар сүүлт, цагаан зээр зэрэг амьтад харагдаад өнгөрсөн. Б миний машины тээшинд буу байгаа ганц нэг амьтан унагаая гэж хэлээд зогссон. Зогсоод Б тээшнээс буугаа аваад жолоогоо Б-д шилжүүлээд тухайн гэрэлд үзэгдсэн амьтдын араас яваад 5 удаа буудсан. Буудаж дуусаад харахад 4 тооны амьтанг Б буудаж унагаасан байсан. Тухайн амьтдыг Б-н машины тээшинд хийгээд Б өөрөө тээврийн хэрэгсэл жолоодож бид нар Эрдэнэ сум руу хөдөлсөн. Тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүс дунд ан агнах тусгай зөвшөөрөл, эрхтэй хэн нэгэн хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/

Гэрч Э.Ө мөрдөн  шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ: “...арын суудал дээр нойр хүрээд хэсэг зуур зүүрмэглэсэн байдалтай байсан тэгтэл гэнэт машин зогсоохоор нь сэртэл Б машиныхаа араас буу аваадахъя сая замын  хажууд зээр байна гэж хэлсэн тэгтэл  Б цонхоо онгойлгож тэр зээр лүү таван удаа буудсан тэгтэл 4 ширхэг хар сүүлт зээр буудсан байсан. Би машинаас буугаагүй. Тэгтэл Б уг 4 ширхэг амьтныг машиныхаа ард багажинд хийж хэсэг зуур давхиж байгаад зогсож гэдэс дотрыг нь гаргаж хаяад цаашаа сумын төв  явсан замд би нойр хүрээд унтсан байсан тэгтэл машин зогсохоор нь сэрээд хартал гарам дээр цагдаа нар зогсоож шалгаж байсан тэгтэл Б-н буудсан 4 ширхэг амьтдыг хураан авч сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгч байсан” гэжээ. /хх-ийн 34-35/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ: “...Би машинд утсаа оролдоод урдах замаа хараагүй явж байсан чинь гэнэт машин зогсохоор нь гайхаад юу болов гэсэн чинь Б энд хэдэн тарган сайхан зээр таарлаа гэж хэлээд машинаа зогсоогоод Б-р машинаа бариулаад өөрөө багажнаас буу  гарган ирж Б уг 4 ширхэг амьтныг 5 удаа  буудсан тэгээд алсан амьтнаа машины багажинд хийгээд хэсэг зуур явж байгаад зогсож гэдэс дотрыг нь гаргаж хаяад цаашаа сумын төв явсан тэгтэл гарам дээр цагдаа нар зогсоож шалгаж буудсан 4 ширхэг амьтныг хураан авч сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн” гэжээ. /хх-ийн 38-39/

Гэрч Т.Ч мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэхдээ: “...би хууль бус ан хийсэн талаар мэдээгүй байж байгаад маргааш нь мэдсэн. Тэгсэн чинь хөдөөнөөс хууль бус ан хийсэн гэж хүнээс сонсоод дүүгээсээ асуусан чинь тиймээ би хөдөө мал хийх гэж яваад замд хэдэн зээр таарахаар нь буудсан гэхээр нь чи ямар өлсөж үхэх гэж байгаа биш юугаа хийж амьтан алдаг юм бэ гээд баахан зэмлэсэн. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Б-н өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм” гэжээ. /хх-ийн 46-47/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9/

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-13/

Монгол улсын засгийн газрын 2012 оны 07 дугаартай тогтоолын 1-р хавсралт ”ховор амьтны жагсаалт”  /хх-ийн 48-52/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 55-58/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2021 оны 12 сарын 06-ны өдрийн “... улсын дугаартай Лексус 470 машин 13,000,000 төгрөгийн үнэтэй“ гэсэн тайлан /хх-ийн 61-64/

2021 оны 12-р сарын 08-ны өдрийн 4 ширхэг зээрний талаар гаргасан шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-69/

Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн 345 дугаартай акт /хх-ийн 70/

2021 оны 12-р сарын 15-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 142 дугаартай шинжээчийн “шинжилгээнд ирүүлсэн гол төмөр, замгийн ... дугаартай галт зэвсгээр буудлага үйлдэгдсэн байна” гэх дүгнэлт. /хх-ийн 81/

2021 оны 12-р сарын 14-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 дугаартай шинжээчийн

 -шинжилгээнд ирүүлсэн гол төмөр ... дугаартай, замаг ... дугаартай буу нь 1955 онд хуучнаар ЗХУ-д ан агнуурын зориулалтаар үйлдвэрлэгдсэн, 16*70 мм-ийн калибртай ИЖ-17 загварын дробинка буу байна. Уг буу нь галт зэвсэг мөн.

-шинжилгээнд ирүүлсэн буугаар буудлага үйлдэх боломжтой.

-галт зэвсгээр үйлдэгдсэн эзэнгүй хэргүүдийн хонгионы мөрүүдтэй  харьцуулан шинжлэхэд тохирохгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 88-91/

2021 оны 12-р сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл” /хх-ийн 97-99/

2021 оны 12-р сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 100-101/

2021 оны 12-р сарын 15-ны өдрийн “Эд зүйл хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл /хх-ийн 103-104/

2021 оны 12-р сарын 15-ны өдрийн “Эд зүйл хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл /хх-ийн 106-107/

... улсын дугаартай, UZJ1000124734 арлын дугаар бүхий lexus 470 тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хх-ийн 122, 127/

Шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120,147/

Шүүгдэгч Б.Б-н байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 124/ Шүүгдэгч Т.Б-н байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 123/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

 Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б,Т.Б нар нь хамтран 2021 оны 11-р сарын 29-ний өдрийн шөнө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замд таарсан олон тооны зээр хараад шүүгдэгч Б.Б нь машинаасаа буугаа авч тээврийн хэрэгслээ шүүгдэгч Т.Б-р жолоодуулж, өөрөө жолоочийн хажуу талын суудалд сууж, Монгол Улсын Засгын газрын 2012 оны 07-р сарын 01-р тогтоолын хавсралтад орсон “ховор амьтан” болох 4 ширхэг эр бодгаль хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнажээ.

Шүүгдэгч нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Шүүгдэгч Б.Б,Т.Б нарын ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч З.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Зогсоод  Б тээшнээс буугаа аваад жолоогоо Б-д шилжүүлээд тухайн гэрэлд үзэгдсэн амьтдын араас яваад 5 удаа буудсан. Буудаж дуусаад харахад 4 тооны амьтанг Б буудаж унагаасан байсан. Тухайн амьтдыг Б-н машины тээшинд хийгээд Б өөрөө тээврийн хэрэгсэл жолоодож бид нар Эрдэнэ сум руу хөдөлсөн. Тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүс дунд ан агнах тусгай зөвшөөрөл, эрхтэй хэн нэгэн хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/, гэрч Э.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б машиныхаа араас буу аваадахъя сая замын  хажууд зээр байна гэж хэлсэн тэгтэл  Б цонхоо онгойлгож тэр зээр лүү таван удаа буудсан тэгтэл 4 ширхэг хар сүүлт зээр буудсан байсан. Би машинаас буугаагүй. Тэгтэл Б уг 4 ширхэг амьтныг машиныхаа ард багажинд хийж хэсэг зуур давхиж байгаад зогсож гэдэс дотрыг нь гаргаж хаяад цаашаа сумын төв  явсан” гэх мэдүүлэг  34-35/, гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б энд хэдэн тарган сайхан зээр таарлаа гэж хэлээд машинаа зогсоогоод Б-р машинаа бариулаад өөрөө багажнаас буу гарган ирж Б уг 4 ширхэг амьтныг 5 удаа  буудсан тэгээд алсан амьтнаа машины багажинд хийгээд хэсэг зуур явж байгаад зогсож гэдэс дотрыг нь гаргаж хаяад цаашаа сумын төв явсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 38-39/, гэрч Т.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тэгсэн чинь хөдөөнөөс хууль бус ан хийсэн гэж хүнээс сонсоод дүүгээсээ асуусан чинь тиймээ би хөдөө мал хийх гэж яваад замд хэдэн зээр таарахаар нь буудсан гэхээр нь чи ямар өлсөж үхэх гэж байгаа биш юугаа хийж амьтан алдаг юм бэ гээд баахан зэмлэсэн. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Б-н өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8/,  мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-13/, Монгол улсын засгийн газрын 2012 оны 07 дугаартай тогтоолын 1-р хавсралт ”ховор амьтны жагсаалт” /хх-ийн 48-54/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 55-58/, хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2021 оны 12 сарын 06-ны өдрийн “... улсын дугаартай Лексус 470 машин 13,000,000 төгрөгийн үнэтэй“ гэсэн тайлан /хх-ийн 61-64/, 2021 оны 12-р сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-69/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн 345 дугаартай акт /хх-ийн 70/, 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81/, 2021 оны 12-р сарын 14-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88-91/,2021 оны 12-р сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 100-101/, 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 103-104/, 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 106-107/, 9494 ДГС улсын дугаартай, UZJ1000124734 арлын дугаар бүхий lexus 470 тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хх-ийн 122, 127/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Б, Т.Б нарын ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус заажээ.

Энэ гэмт хэргийг шүүгдэгч Б.Б, Т.Б нар нь хамтран үйлдсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн гүйцэтгэгчээр, шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн хамжигчаар тус тус оролцсон болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч нарын дээрх үйлдэлд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан ирүүлсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарыг гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан байна. Иймд шүүгдэгч Б.Б-г гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг, шүүгдэгч Т.Б-г хамжигчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус журамлах нь зүйтэй байна.

Мөн улсын яллагч яллах дүгнэлтэндээ шүүгдэгч нарыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон бөгөөд тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй байх тул шүүгдэгч нарыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Т.Б нар нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нар нь хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирлын хувьд: Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б, Т.Б нараас 4 эр бодгаль хар сүүлтийн үнэлгээ 6,800,000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж, 13,600,000 төгрөгийг хувь тэнцүүлэн  шүүгдэгч тус бүрээс гаргуулж улсын орлого болгохоор нэхэмжилсэн тул шүүгдэгч нарыг төлбөртэй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Б.Б, Т.Б нарыг хамтран Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Монгол Улсын Засгын газрын 2012 оны 07-р сарын 01-р тогтоолын хавсралтад орсон “ховор амьтан” болох 4 ширхэг эр бодгаль Хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б, Т.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  4 ширхэг эр бодгаль “Хар сүүлт” амьтныг хураан авснаас 2 ширхэг “Хар сүүлт” амьтныг Шинжлэх ухааны академи Биологийн хүрээлэнд шинжилгээнд хүргүүлсэн бөгөөд одоогоор шүүхэд ирээгүй байгаа бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хадгалагдаж байгаа үлдэх 2 ширхэг эр бодгаль “Хар сүүлт” амьтныг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Т.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 13,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ... улсын дугаартай, ... арлын дугаар бүхий lexus 470 тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Б-н өмчлөлийнх мөн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул хурааж улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг болох гол төмөр нь ... дугаартай, замаг ... дугаартай, 16*70 мм-ийн калибртай ИЖ-17 загварын дробинка бууг  хурааж улсын орлого болгохоор цагдаагийн байгууллагад шилжүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Шүүгдэгч Б.Б, Т.Б нарын агнасан гэх хар сүүлтий 4 бодгаль нь Шинжлэх ухаан академийн биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр бодгаль эр амьтных гэсэн дүгнэлт гарсан бөгөөд Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 эр бодгаль хар сүүлтийг 1,700,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2-д “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Б.Б, Т.Б нараас хар сүүлтий 4 эр бодгалийн үнэ нийт 6,800,000 төгрөгийг хоёр дахин өсгөж тогтоосонтой тэнцэх хэмжээ буюу 13,600,000 төгрөгийг хувь тэнцүүлэн  шүүгдэгч тус бүрээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Т.Б нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, хохирол төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй зэрэг байдал нь торгуулийн ял оногдуулах боломжгүй болно.

Шүүгдэгч Б.Б, Т.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль, экологид учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, үйлдэгдсэн хэргийн шинж чанар, шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь  зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан, шүүгдэгч Ч овогт Т.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Б.Б, Ч овогт Т.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.2-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Т.Б нарт галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.  

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Т.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Б.Б, Т.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-д зааснаар  шүүгдэгч Б.Б, Т.Б нараас байгаль экологид учруулсан гэм хорын төлбөрт эдийн засгийн үнэлгээгээр учруулсан хохирол 4 ширхэг хар сүүлтийн үнэ 13,600,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 6,800,000  төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай, ... арлын дугаар бүхий lexus 470 маркийн машиныг хурааж улсын орлого болгож, гол төмөр нь ... дугаартай, замаг .. дугаартай, 16*70 мм-ийн калибртай ИЖ-17 загварын дробинка бууг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд хадгалагдаж байгаа 2 ширхэг эр бодгаль  хар сүүлтийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 8.8-т зааснаар Дорноговь амйгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12-р сарын 10-ны өдрийн 1/30 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                                     Д.Ц