Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 930

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1206 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Х.Эт холбогдох 1806 0150 40375 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Х-ын Э, 1993 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ......... тоотод оршин суух, /РД:......./;

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Х.Э нь 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 27 дугаар гудамжны 1597 тоотод иргэн Б.Атай маргалдан, улмаар түүний гуян тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Х.Эт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд дүйцүүлэн тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Эт оногдуулсан 2 жил 7 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Х.Эын цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Х.Э нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Х.Эын төрсөн эцэг П.Х-од хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн мөртлөө шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаараа уг торгох ялыг хорих ял болгон хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг шүүх хэрэглэж, хуулиар олгоогүй эрхийг эдэлж, хуульд тогтоосон төрөл, зүйлээс өөр хорих ял оногдуулсан нь ойлгомжгүй бөгөөд хууль ёсны зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна. Энэ нь шинэ Эрүүгийн хуульд торгох ялыг хорих ял болгон шууд хүндрүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд зөвхөн торгох ялыг шүүгдэгч шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол хорих ял болгон оногдуулах зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг анхаарч үзнэ үү.

2. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, урьд хянан харгалзсан ялыг торгох ялаар шийтгүүлсэн этгээдэд хэрэглэхдээ шууд хорих ял болгон хүндрүүлэх зохицуулалт 2002 болон 2015 оны хуулиудад олгогдоогүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдал, дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчимтай буюу хуулиар тогтоосон зарчмыг ноцтой зөрчсөн.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан ялыг тус хуулийн ерөнхий ангийн 57, 58 дугаар зүйлээр нэмж нэгтгэх нь эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчимтай нийцэж байна.

4. Нэг жилийн тэнсэж, хянан харгалзсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг шүүх эрүүгийн хариуцлагын зарчимтай нийцүүлэх ёстой байтал 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулан эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх хуулийн зарчимтай нийцээгүй.

Иймд шийтгэх тогтоолын 1, 2, 5, 6, 8 дахь заалтыг хэвээр үлдээж, бусад заалтыг хүчингүй болгож, уг торгох ялыг цагдан хоригдсон хугацаатай дүйцүүлэн хасаж өгнө үү.

5. Өмнөх хулгайн үйлдэлдээ 800.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирол төлбөргүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаас 1 жил 6 сарыг хасаж, шинэ хуульд нийцүүлэн шийдэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүх Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй.

Харин дээрх торгох ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн, хорих ялд дүйцүүлэн 2 жил 7 cap 6 хоногийн хорих ял болгон тогтоосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Уг шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт заасан 2 жил 7 cap 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж заасныг хасаж, зөвтгөж өгнө үү.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн санкц нь торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл байхад шүүх Х.Эт оногдуулсан торгох ялыг, өмнө нь үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан хорих ял дээр бүгдийг нэмж нэгтгэн, хорих ял болгон хүндрүүлж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Харин 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн еренхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3-т “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа, 800.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан, учруулсан хохирлоо нөхөн төлсөн/ тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.

Дээрх хуулийн заалтуудаас харвал Х.Эт өмнөх хулгайлах үйлдэлд нь 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх боломжтой, гэм буруугийн хэлбэрт тохирохоор, түүнд ашигтайгаар байна гэж үзэхээр байна.

Иймд шийтгэх тогтоолоор Х.Эт нийт оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаас 1 жил 6 сарын хугацааг хасаж тооцон, 1 жилийн хугацаагаар ялыг эдлүүлэхээр хөнгөрүүлэн өөрчилж, 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тусад нь эдлүүлхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. …” гэв.

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон учраас энэ хуралд ярих шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 27 дугаар гудамжны 1597 тоотод хойд эцэг Б.Агийн гэрт түүнтэй маргалдан, улмаар түүний гуян тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Агийн “... Х.Э найз охинтойгоо маргалдаад байхаар нь “миний хүү болио” гэж хэлтэл ирээд зүүн гуянд нэг удаа хутгалсан. ...” /хх 5-8/,

 

гэрч Р.Одгэрэлийн “... Х.Э ширээн дээр байсан хутга аваад Б.Аг орноос нь босож ирэхээр нь зууралдаж маргалдаж байсан. ... Х.Э Б.Агийн бүдүүн гуя руу гадна талаас нь 1 удаа бүлчихсэн. ...” /хх 9-10/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Агийн зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 2550 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 14-16/,

 

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4/,шүүгдэгч Х.Эын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаагаар хорих ялд тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно:” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” гэж, 2.4-т “хорих ялын нэг хоногийг” гэж тус тус заасан бөгөөд хорих, торгох ялыг энэ зүйлд заасан зохицуулалтын хүрээнд нэмж нэгтгэх боломжтой.

 

Харин шүүх шийтгэх тогтоолын 4 дэх заалтдаа “2 жил 7 сар 6 хоног” гэж алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүх засах боломжтой тул зөвтгөж, өөрчлөлт орууллаа.

 

Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нар “... өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 1 жил 6 сарыг хасаж, торгуулийн ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Х.Эын 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэж, хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна.” гэж заасан бөгөөд Х.Эын өмнөх үйлдсэн гэмт хэргийг хууль буцаан хэрэглэх зохицуулалтын хүрээнд түүнд ашигтай байдлаар шийдвэрлэсэн ба ялыг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах үндэслэлгүй байна.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж, “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус хуульчилжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3-т “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж заасан.

 

2002 оны болон 2015 оны эрүүгийн хуульд, тэнсэгдсэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол нэмж нэгтгэхээр заасан бөгөөд зарчмын зөрүүтэй байдал байхгүй байна.

 

Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1206 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Эт оногдуулсан 2 жил 7 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Эт оногдуулсан 2 жил 7 сар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

        

 

        

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                                М.АЛДАР

 

                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ