Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/шш2020/0152

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.С

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Т.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Г.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г овогтой Сминий бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын Говь-Алтай аймгийн Цээл сумын улсын бүртгэгчээр 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс томилогдон 8 дах жилдээ ажиллаж байгаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 тоот тушаалаар ажлаас гэнэт үндэслэлгүй халагдсан.

          Намайг ажлаас халах эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд тушаал дээр ямар нэгэн шалтгаан бичигдээгүй байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...эрхтэй” гэсэн эрхийг зөрчиж байна.

          Энэ талаар урьдчилан шийдвэрлүүлэхээр Хууль зүй дотоод яамны дэргэдэх салбар зөвлөл болон Төрийн албаны төв зөвлөлд хандахад 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08 тоот тогтоол болон 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 867 дугаартай албан бичгээр хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандаж байна.

          Иймд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Снь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 20 дугаар тогтоолоор сум, дүүрэг, хороонд ажиллаж байсан бүртгэлийн ажилтныг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Цээл сумын улсын бүртгэгчээр ажиллаж эхэлсэн.

          Г.Снь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөөгүйгээр төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байсныг Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл тогтоож 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 73 тоот албан бичгээр мэдэгдсэн.

          Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучнаар/ Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Мэдэгдэх хуудас 3-аар “Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг өгч, тэнцсэн тухай холбогдох баримтыг ирүүлэхийг Г.С-т мэдэгдсэн боловч дурдсан хугацаанд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, нотлох баримт ирүүлээгүй байна.

          Монгол Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 31 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай 175 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулсан.

          Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг хийж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай” Б/88 дугаар тушаалаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан төрийн захиргааны албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн.

          2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт заасны дагуу Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхөхөөр хуульчилсан тул төрийн албаны мэргэшлийн шалгалтгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй Г.С-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 дугаар тушаалаар Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалаас чөлөөлсөн болно.

          Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Г.С-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/155 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн учир иргэн Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч Г.Снь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 20 дугаар тогтоолоор сум, дүүрэг, хороонд ажиллаж байсан бүртгэлийн ажилтныг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Цээл сумын улсын бүртгэгчээр ажиллаж байжээ.

          Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 31 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай 175 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулсан байна.

          Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэцийг баталсны дагуу зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн “Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай” Б/88 дугаар тушаалаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан төрийн захиргааны албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн байна.

          Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ...Говь-Алтай аймгийн Цээл сумын улсын бүртгэгчээр 2011 оны 12 сарын 26-ны өдрөөс хойш 8 жил ажиллаж байсан Г.С-ийгямар ч үндэслэлгүйгээр халсан. Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...эрхтэй” гэснийг зөрчсөн гэж,

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “ хариуцагчийн гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 дугаар Г.С-ийгажлаас чөлөөлсөн тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, Үндсэн хуулийн 1.2-д хууль дээдлэх зарчим алдагдсан....” гэж,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...бид Үндсэн хуульд заасан эрхийг нь эдлүүлсэн бөгөөд Г.Снь Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Цээл сумын улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх явцад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн албаны тухай шинэчилсэн хууль үйлчилж эхэлсэн. ...Хуульд заасан шаардлага хангаагүй, төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй иргэн төрийн захиргааны захиргааны жинхэнэ албан тушаал эрхлэхийг хуулиар хориглосон учраас Г.С-ийгажлаас чөлөөлсөн..” гэж тус тус маргажээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс гаргасан Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...эрхтэй”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, Үндсэн хуулийн 1.2-д хууль дээдлэх зарчим алдагдсан....” гэж заасныг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.

          Учир нь Г. С-ийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1000 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Цээл сумын улсын бүртгэгчээр томилж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний Б/89 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/90 дүгээр тушаалаар дахин томилж, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/48 дугаар тушаалаар ажилд нь дахин томилж, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/89 дүгээр тушаалаар дахин ажилд нь томилж байсан үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд хариуцагчаас Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ....”, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн  2.1-д  Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан  бүрэлдэхүүн хэсэгтэй байна,  2.1.1-д Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу улсын хэмжээнд  нэгдсэн журмаар зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц” гэж тус тус заасны дагуу дээрх улсын бүртгэгчээр ажиллаж байх хугацаанд төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалтыг өгөх, тэнцсэн тухай холбогдох баримтыг ирүүлэхийг Г.С-т удаа дараа мэдэгдэж байжээ.

          Гэтэл нэхэмжлэгч Г.Сдээрх хариуцагчаас тогтоосон хугацаанд төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгч тэнцсэн тухай баримтыг ирүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №3 Мэдэгдэх хуудас, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь Салбар зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны 73 дугаар албан бичиг, Г.С-аас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтэст бичгээр ирүүлсэн “...ажлын байр зарлагдаж байгаагүй, өөр ажлын байранд орж шалгалт өгөх гэхээр ажиллаж байгаа ажлын байрандаа шалгалт өгөх эрхтэй гэж Говь-Алтай аймгийн Төрийн албаны зөвлөлөөс бүртгэхээс 2-3 удаа татгалзаж байсан...” гэх тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

          Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 дугаар тушаалаар Г.С-ийгЗасгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхнө”, 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д “улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн дарга, улсын бүртгэгч, улсын байцаагчийг томилж, чөлөөлөх” гэж тус тус заасныг үндэслэн Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна.

          Өөрөөр хэлбэл Шинэчилсэн Төрийн албаны тухай /2017/ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна, мөн зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”,  43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасан байх бөгөөд дээрх хууль болон Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журамд заасан шаардлагыг хангаагүй иргэнийг хариуцагч байгууллага улсын бүртгэгчээр томилон ажилуулж байсныг нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрхийг эдлүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.

          Иймд Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д заасан “....хууль дээдлэх зарчим” болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх зарчим” алдагдаагүй байна гэж шүүх дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3, 43 дугаар зүйлийн 43.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д  заасныг тус тус баримтлан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий Г.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             О.ОЮУНГЭРЭЛ