Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 12

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Б.Мягмарсүрэн,

шүүгдэгч О.Төгсжаргал өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Адууч овогт Очирпүрэвийн Төгсжаргалд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010670 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Адууч овогт Очирпүрэвийн Төгсжаргал, 1985 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Бөртэ гүнж” ХХК-нд зохион байгуулагч ажилтай, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9-251 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 972 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ЛЙ85040377 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч О.Төгсжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тарвилан” хотхоны авто зам дээр “ухарч зам тавьж өгсөнгүй” гэснээс болж хоорондын зүй бус харьцааны улмаас иргэн Б.Мягмарсүрэнтэй маргалдан улмаар гар руу нь өшиглөж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Төгсжаргалд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй” гэв,

Хохирогч Б.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би эгчийнхээ машинд сууж явсан. Эгч байрныхаа замаар явж байхад шүүгдэгч машинтай өөдөөс нь гарч ирээд зам тавьж өгөхгүй байснаас болж маргаан үүссэн. Тухайн үед шүүгдэгч эгчийг хэл амаар доромжлоод их муухай харьцаж байснаа эгчийг элэгдэж цохьсон. Би эгчийгээ өмөөрч шүүгдэгчтэй барилцаж авахад шүүгдэгч өөрийн дүү гэх залуугийн хамтаар намайг зодсон. Шүүгдэгч миний гар руу өшиглөж, гар хугалсан. Тухайн үед миний өмсөж явсан хурган дотортой шинэ дээл цус болсон. Хэрэг гарснаас хойш шүүгдэгч надаас нэг ч уучлалт гуйгаагүй. Би шүүгдэгчээс дээлийнхээ төлбөрийг нэхэмжлэх хүсэлтэй байна” гэв,

 

Хохирогч Б.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчимд эгч Даваасүрэн, түүний нөхөр Жаргалбаатар, манай ээж Отгонжаргал бид хэд хүргэн ах Жаргалбаатарын 4578 УБС дугаартай, Тоёото Пилтер маркийн машинтай гэр рүү нь орох гээд байрныхаа хажуу талын замаар өгсөөд эргэх гэтэл өөдөөс гранд марк 2 маркийн машин хурдтай давхиад тулж ирээд зогссон, Жаргалбаатар ухар гээд гэрлээрээ дохиод, эгч цонхоо онгойлгоод “ухраад өгчих” гэж хэлсэн чинь ухрахгүй зогсоод байсан, манай эгч Даваасүрэн буугаад ухар гээд машины жолоочтой нь уулзаад байж байсан. Энэ үед би Жаргалбаатар ахыг ухарчих гэж хэлсэн чинь ар талд 2 машин ирчихсэн, ямарч ухрах боломжгүй байсан, гэтэл нөгөө гранд марк-2 машины жолооч нь хаалгаа онгойлгоод баруун гараараа салаавч өгөөд зайл гичий минь гэж манай эгчийг хэл амаар доромжилсон, нөгөө жолооч залуу машинаасаа бууж ирээд манай эгчийг энгэрээс нь сэгсэрсэн чинь бөөгийн эрх толь нь гараад ирсэн. Би очоод “чи ухраад өгчихөөчээ хөгшөөн” гэсэн чинь “битгий солиор, зайл” гээд над руу салаавч өгөөд хэрэлдээд зогсоод байсан, “...жолоочийн хажууд сууж явсан залуу зөв зүгээр сууж байснаа машинаас буугаад “яагаад байгаа гичийнүүд вэ, зайл л даа” гээд манай эгч Даваасүрэнг гараараа элэгдсэн. Тэгхээр нь би тэр залуугийн энгэрээс бариад машин руу түлхэж шахаад “яаж байгаа юм бэ” гэсэн чинь тэр залуу миний нүүрэн тус газар руу хэд хэдэн удаа цохиод миний хамраас цус гаргаад араас нөгөө жолооч өшиглөөд миний баруун гарыг хугалчихсан. “... учирсан гэмтлийг гранд марк-2 машины жолооч залуу өшиглөөд хугалсан...” гэсэн мэдүүлэг. /хх-11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2297 тоот дүгнэлт:

1. Мягмарсүрэнгийн биед баруун гарын 3 дугаар хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэсэн мэдүүлэг. /хх-21/,

Гэрч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...байр руугаа орох гээд өгсөхөд өөдөөс машин ирээд тулаад зогссон, тэр машиныг ухрах байх гээд хэсэг хүлээгээд зогссон, гэтэл тэр машин сигналдаад байхаар нь нөхөртөө “за за ухарчихгүй юу да” гэсэн чинь хойноос нь машин ирээд зогссон байсан, тэгээд хүлээгээд зогсож байхад сигналдаад байхаар нь “...буугаад жолоочид нь хандаж “ард чинь зөндөө зай байна, ухарчих гэж хэлсэн чинь “зайл гичий минь” гэсэн. “...би адилхан харилцан маргалдаад жолооч залуу машинаасаа буугаад миний дээлийн энгэрээс бариад сэгсэрсэн чинь миний энгэрт байсан бөөгийн эрх, толь унахаар нь хүзүүндээ аваад зүүсэн чинь “чи бөө юмуу, түүгээрээ намайг айлгах гээ юу” гэж хэлсэн, би ч гэсэн тэр залуутай маргалдсан, тэгтэл машинаас манай дүү Мягмарсүрэн бууж ирсэн, нөгөө машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан залуу бууж ирээд “чи ер нь ямар ядаргаатай хүүхэн бэ” гээд намайг гараараа элэгдсэн, манай дүү намайг өмөөрөөд нөгөө залууг заамдаж авсан чинь ар талаас жолооч залуу манай дүүг дараад манай дүүгийн хамраас нь цус гарсан, тэгээд жолооч залуу манай дүүгийн гарыг машинтайгаа хавсарч өшиглөнгүүт ээж араас ирээд тэр жолооч залууг татаад авсан. “... манай дүү гар өвдөөд байна гээд гараа бариад гадаа суугаад байсан...” гэсэн мэдүүлэг. /хх19-20/,

Хохирогч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-11/, шинжээчийн №2297 дугаартай дүгнэлт /хх-27/, гэрч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх19-20/, хохирогчийн Б.Мягмарсүрэнгийн хүсэлт /хх-82/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.Төгсжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тарвилан” хотхоны авто зам дээр “ухарч зам тавьж өгсөнгүй” гэснээс болж хоорондын зүй бус харьцааны улмаас иргэн Б.Мягмарсүрэнтэй маргалдан улмаар гар руу нь өшиглөж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч О.Төгсжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Төгсжаргалыг бусдын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Б.Мягмарсүрэн нь шүүгдэгч О.Төгсжаргалд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Төгсжаргал нь урьд нэг удаа шүүхээр ял шийтгүүлж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу ялтай байдлыг өршөөлийн хуульд хамруулж түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч О.Төгсжаргалд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогч гомдол саналгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болон анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж шүүхээс албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Адууч овогт Очирпүрэвийн Төгсжаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар О.Төгсжаргалыг 400 /дөрвөн зуу/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар О.Төгсжаргал нь албадан ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл баривчлах ялаар сольж болохыг сануулсугай.

           4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Төгсжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай

 

            5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Төгсжаргалд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР