Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00818

 

Н.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2018/01292 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 223/МА2019/00003 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Төв аймаг, Батсүмбэр сумын цэцэрлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Намайг анх 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Батжаргалын В/02 тоот тушаалаар Ирээдүй цэцэрлэгийн тогоочоор түр гэсэн тушаал гаргаж ажилд авсан. 

... 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Батжаргал Б/18 тоот тушаал гаргаж Одхон цэцэрлэгийн тогооч С.Энхцэцэг жирэмсний амралт авсан хугацаанд намайг мөн л түр тушаал гаргаж Одхон цэцэрлэгийн тогоочоор томилсон. Би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 9-н cap ажиллаж байхад үндсэн ажилчин С.Энхцэцэг ирж ажилдаа орж би гаргасан. Энэ үед миний хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон тушаал гараагүй учир би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан. 

... 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Батжаргал Б/42 тоот тушаал гаргаж ахлах тогооч Алтанцэцэгийн ажлын байр хадгалагдах хугацаанд түүний оронд төвийн цэцэрлэгийн ахлах тогоочоор С.Одмааг, туслах тогоочоор Одмаагийн оронд намайг мөн л түр томилсон. Гэтэл намайг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Батжаргалын Б/58 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн туслах тогоочийн ажлаас чөлөөлсөн. 

...ахлах тогоочийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан. ...Энэ сонгон шалгаруулалтанд Одмаа ороогүй учир энэ ахлах тогоочийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн гэх Цэцэгжаргал нь ахлах тогооч хийж, би өөрийн ажлын байрандаа үлдэх байтал эсрэгээрээ миний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаагүй байхад намайг халж Цэцэгжаргалыг миний оронд туслах тогоочоор авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож намайг төвийн буюу Бүжинхэн цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын бичилт тасарсан тул байгууллагаас нийгмийн даатгалын 2018 оны 11 дүгээр сарын шимтгэлийг төлж, бичилтийг нөхөн хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд Н.Н-ийг аль болох ажлаар хангаж ажиллаж ирсэн. Тухайн ажлын байрууд нь түр учраас түр тушаалаар ажиллуулдаг байсан нь үнэн. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тушаалыг сонгон шалгаруулалтыг үндэслэн гаргасан бөгөөд сонгон шалгаруулалтыг дуустал хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээ дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Сонгон шалгаруулалтыг ахлах тогоочийн орон тоонд явуулсан бөгөөд сул орон тоонд зайлшгүй сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай гэж Тамгын газраас шаардсан, бүх бичиг баримтыг хуулийн ажилтнаас зөвлөгөө авч, хянуулж явуулсан. Одмаа нь өмнө нь олон жил ажилласан учраас ахлах тогооч болгосон. Цэцэгжаргал, Наранцэцэг нар өрсөлдөж, сонгон шалгаруулалтад тэнцсэн учраас Цэцэгжаргалыг туслах тогоочийн орон тоонд тавьсан тул хууль зөрчсөн зүйл байхгүй гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2018/01292 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Гал овогт Нардоржийн Наранцэцэг /РД:НБ80091200/-ийг Төв аймгийн Батсүмбэр сумын Бүжинхэн цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Н.Н-ийн нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 11 дүгээр сарын шимтгэлийг төлсөн тухай бичилтийг хийж, баталгаажуулахыг Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэг /эрхлэгч Х.Батжаргал/-т даалгаж, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 223/МА2019/00003 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2018/01292 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэг /эрхлэгч Х.Батжаргал/-т гэснийг Төв аймгийн Батсүмбэр сумын төвийн цэцэрлэгийн санхүүд гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Нэхэмжлэгчийг чөлөөлсөнтэй холбоотой нэхэмжлэл гаргаж хэрэгт үйл баримт авагдсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж сонгон шалгаруулалт болон тэдгээр ажлын байранд өрсөлдсөн этгээдүүдийн талаар маргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй үйл баримт бөгөөд үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх хүлээн авч маргааны үйл баримт болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн шийдвэрлэсэн байна.

... Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч нь ямар ажлын байран дээр ямар албан тушаал хашдаг байсан талаар мөн хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл, хөдөлмөрийн гэрээний хугацаа зэргийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголгүй ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд түр хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад үндсэн ажилтан уг албан тушаалд томилогдсоноор нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байхад ажил олгогчоос шийдвэр гаргах ёстой, хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зарим хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, оролцогчийг нотлох баримт тайлбар гаргаж өгөх эрхийг хязгаарласан нөхцөл байдал байх бөгөөд хэргийн бодит байдал тогтоогдоогүй гэж үзэж байна.

Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт утга найруулгын засвар оруулсан нь зөв болжээ.

Нэхэмжлэгч Н.Н- нь ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулж, Бүжинхэн цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгт холбогдуулан гаргасан байна.

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгийн төлөөлөгч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлтэй, сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн цуцалсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Н.Н- нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б\58 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Ажил олгогч нь тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасныг баримталсан боловч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй шалтгаан, үндэслэлийг заагаагүйгээс гадна Н.Н-ийг ямар ажил, албан тушаалаас чөлөөлж байгааг бүрэн тусгаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол гэрээ дуусгавар болдог байна. Гагцхүү тухайн хөдөлмөрийн гэрээ хугацаатай, эсхүл хугацаагүй байсан, хугацаагүй байгуулах ёстой гэрээг хугацаатай байгуулсан эсэх, ажилтны ажлын байр байнгын орон тооных мөн эсэх зэрэг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны бүхий л нөхцөлүүдийг харгалзан хөдөлмөрийн гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгосон ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийг тогтооно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо байнгын байсан, энэ орон тоо суларсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ахлах тогоочийн орон тоо сулрахад туслах тогоочийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан, туслах тогоочийн сул, байнгын орон тоонд ажилтан авч ажиллуулахдаа үндэслэлгүйгээр  түр хугацаагаар гэж хөдөлмөрийн хугацаагүй байгуулагдах гэрээг хугацаатай байгуулсан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 35, 36 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Н-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг Төв аймгийн Батсүмбэр сумын Бүжинхэн цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзлээ. 

Анхан шатны шүүхийн шийдвэрт утга найруулгын өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 223/МА2019/00003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН