| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2022/0019/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2022-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Л.С,
Шүүгдэгч Р.Б,
Хохирогч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Р.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал зуучлалын менежмент мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо 120 мянгат ... тоотод оршин суух, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн ажилчдын байранд түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Р.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 22:30 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн байранд иргэн Э.Б-тэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Р.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний бие “Б” ХХК-нд 2021 оны 06 дугаар сараас хойш ахлах ажилтан албан тушаал дээр ажиллаж байна. Манай “Б” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу мах болон мал экспортлох үйл ажиллагаа явуулах зорилготой бог мал маллаж байна. Манай компани нь одоогийн байдлаар БНХАУ-ын 7 иргэн, Монгол Улсын 23 иргэн ажиллаж байна. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчимд компаний ажилчид шинэ жилийн арга хэмжээг гал тогооны зааланд тэмдэглэсэн. 22 цаг 30 минутын орчимд манай компанид мал маллах албан тушаал дээр ажилладаг Э.Б гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн муудсан байдалтай ширээн дээрх хоол ундыг гараараа хамж идээд байхаар нь ахын болон удирдлагын хуваарь ахын дүү согтсон байна шүү өрөөндөө ороод амарчих гэж хэлэхэд ах хоёулаа гарч тамхи татах уу гэхээр нь за гэж хэлээд бид хоёр заалнаас гараад тамхи татах гэж байхад Э.Б намайг заамдаад миний нүүр хэсэг рүү цохиод байхаар нь ганц нэг удаа түлхээд ноцолдож байхад хамт ажилладаг Б тухайн үед заалнаас гарч ирж таараад бид хоёрыг салгах үед Б Б-г цохиод авах шиг болсон. Мөн зааланд байсан ажилчид гарч ирээд бид нарыг салгаад бид нар тэгээд заал руу ороход Э.Б бид нарын араас орж ирээд ширээн дээр байсан лаазтай пиво аваад миний толгой хэсэг рүү нэг удаа цохихоор нь би түлхээд авахад манай ажилчид бид хоёрыг салгаад Э.Б-г заалнаас аваад гарсан. Би зааланд үлдсэн. Тухайн үед шинэ жилийн арга хэмжээ ерөнхийдөө өндөрлөх тийшээ хандсан байсан тул ширээн дээр хэдэн ширхэг лаазтай пивонууд байсан. Тэгээд би Э.Б-с намайг учир зүггүй цохисон асуудлыг тодруулах санаатай Э.Б-н унтаж амардаг өрөө лүү нь очиход дотор талаасаа цоожтой, хаалга нээж өгөхгүй байсан. Тэгээд шөнө 03 цагийн орчимд манай компани галч албан тушаал дээр ажилладаг Г миний байсан газар ирээд Э.Б өрөөнөөс төмөр барьж гарч ирээд би явлаа гээд яваад өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт сууж байсан ажилчид нартаа цаад Э.Б-ээ олж унтуулж амруулахгүй бол хар хүйтэнд хөлдөж үхнэ шүү гэж хэлээд гарсан. Тэгээд би Э.Б-г өглөө ажилдаа гарах юм уу гэж асуухад би гарахгүй гэж хэлсэн... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Нотлох баримтаар 355,000 төгрөг байсан. Би 1,000,000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/,
- Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний бие Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-нд 2019 оны 09 дүгээр сард мал харах ажилд орсон. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Б” ХХК-ний ажилчид байгууллагын шинэ жилийн арга хэмжээг 18 цагт гал тогооны зааланд тэмдэглэсэн. Байгууллагын ажилчид шинэ жилийн арга хэмжээг тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, зарим хэсэг нь дуулж, бүжиглэсэн. Энэ үед 22 цаг 30 минутын орчимд бид нарыг хариуцсан дарга Р.Б намайг архи согтууруулах ундааны зүйлээ бага хэмжээгээр хэрэглэ гэж хэлээд над руу уурлаад байсан. Тэгээд бид хоёр тамхи татах гээд заалнаас гарахад намайг зүүн гараараа миний хэвлий хэсэг рүү нэг удаа цохих үед би тонгойход баруун талын өвдөг хэсгээр миний хамар болон баруун нүд хэсэг рүү цохисон. Тэгээд намайг Р.Б ах дагуулж яваад миний амардаг өрөөнд оруулж ирээд унтаж амар гээд намайг орон дээр сууж байхад зүүн талын гараараа миний зүүн талын хөлийн булчин хэсэг рүү 3 удаа цохисон. Тэгэхээр нь ах одоо болно шүү дээ би унтаж амарлаа гээд би унтаж амарсан. Маргааш нь босоод ирсэн чинь миний баруун талын нүд болон хамар хэсэг хавдсан байсан... Би эхлээд цохисон гэсэн. Миний буруу байгаа. Толгой руу нь лаазтай пивоор цохисон гэсэн. Би нилээн согтчихсон байсан. 1,000,000 төгрөг эмчилгээний зардалд өгсөн. Миний хамрын яс хугарсан хагалгаанд орох шаардлагатай гэсэн 2,000,000 төгрөгөөр орно гэсэн. Манай ээж утсаар асуусан тэгэж хэлсэн. Мөн Дорноговь аймгийн эмч бас үзээд хагалгаанд орно 2,000,000 төгрөг болдог гэж хэлсэн. Тийм учраас 2,000,000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9/,
- Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчимд компанийн ажилчид шинэ жилийн арга хэмжээг гал тогооны зааланд тэмдэглэсэн. 22 цаг 30 минутын орчимд заалны гадна зодоон болж байна гэхээр нь заалнаас гараад ирсэн чинь Э.Б, ахлах ажилтан Р.Б нар хоорондоо зодолдож байхаар нь тэр хоёрыг салгаж байхад монгол талын гүйцэтгэх захирал А намайг Б-тэй зодолдож байна гэж бодоод бид хоёрыг салгасан. Тэгээд бүгд тараад өрөө өрөө лүүгээ явж, миний өрөөнд ороод унтаж амарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/,
- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчимд компанийн ажилчид шинэ жилийн арга хэмжээг гал тогооны зааланд тэмдэглэсэн. 22 цаг 30 минутын орчимд заалнаас бие засах гээд гарахад заалны гадна талд Р.Б, Э.Б хоёр муудалцаж, маргалдаад нэг нэгийгээ цохиод, зууралдаад байхаар нь тэр хоёрыг боль гээд салгасан. Энэ үед ажилчид гарч ирээд тэр хоёрыг мөн салгасан. Тэгээд би өрөөндөө ороод унтаж амарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/031 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Э.Б-н биед хамар ясны хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. “...Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шинээр илэрсэн зүйлгүй болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24/,
- Р.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-47/,
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 51-55, 57-59/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар 2021 оны 12 сарын 25-ны өдөр “Б” ХХК нь гал тогооны зааландаа шинэ жилийн арга хэмжээ зохиосон ба шүүгдэгч Р.Бүрэнгэрэл хохирогч Э.Батцэнгэлийг нилээн согтсон байсан тул архи согтууруулах ундааны зүйлээ бага хэрэглэ, амар гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж зодолдож, Р.Б Э.Б-н биед хамар ясны хугарал, хамар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Прокуророос шүүгдэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгж буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Р.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Б, гэрч Н.М, Б.Б нарын мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/031 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Р.Б-н гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Р.Б-д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Р.Б-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэм хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Р.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хавтаст хэрэгт хохирогч Э.Б нь 355,300 төгрөгний хохирлын баримтууд өгсөн байх бөгөөд шүүгдэгч эмчилгээний зардалд хохирогчид 1,000,000 төгрөгийг төлж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан байна.
Хохирогч Э.Б нь шүүх хуралдаанд ”...хамрын хагалгаанд ороход 2,000,000 төгрөг болно гэсэн уг 2,000,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэхээр заах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Р.Б-н үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Р.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Р.Б-г 600 нэгж буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Р.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Э.Б нь шүүгдэгч Р.Б-с уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н