Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С,

Шүүгдэгч Л.Ү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Ү-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 8-р баг ... тоотод оршин суух хаягтай, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.3, 90 дугаар зүйлийн 90.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Дорноговь аймгийн сум дундын 1-р шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Л.Ү

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ү нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, ... тоотоос иргэн П.Д-н эзэмшлийн ... улсын дугаартай зил 130 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Л.Ү мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 08 дугаар сард Сайншанд сум 3 дугаар баг ... тоот хашаанд М.Ч-н хамт машины мотор боож байхад найз П.Д нэг шил архитай ирээд бид нар архийг хувааж ууж сууж байхдаа П.Д бид хоёрын дунд П.Д-н эзэмшлийн зил 130 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахаар ярилцахад чи Замын-Үүд сум руу олон явдаг юм чинь миний тээврийн хэрэгслийг дөхүүлээд ирэхгүй юу даа гэж хэлж байсан. 2021 оны 10 дугаар сард А миний гар утас руу залгаад Замын-Үүд сумаас машин бариад Сайншанд сум руу яваад өгөх боломж байна уу гэж ярихаар нь за гэж ярьсан. Мөн П.Д-н хэлж байсан үг санаанд ороод Сайншанд сумаас гарахдаа М.Ч-с хатуу холбоо аваад Замын-Үүд суманд ирсэн. Замын-Үүд суманд ирээд П.Д-н тээврийн хэрэгслийг 1 өдөр хагастай янзлаад Сайншанд сум руу чирээд авч явах замд тээврийн хэрэгслийн дугуй нь хагараад явахгүй болохоор айлын гадаа үлдээгээд явсан... Тухайн үед асуух гээд П.Д луу уг нь залгасан боловч утас нь холбогдохгүй байсан юм. Бас би П.Д-с мөнгөний авлагатай байсан юм. Хохиролд дугуйны 150,000 төгрөгийг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 193/,

- Хохирогч П.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний машиныг надтай хамт сургуульд сурч байсан найз Л.Ү авч яваад Замын-Үүд сумаас хойш 70 километрт айлын гадаа чиргүүлийн дугуй нь эвдэрснээс болоод үлдээсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдсэн. Би машин алдагдсаны маргааш нь Ү-с утсаар асуухад “би авч яваагүй, мэдэхгүй” гэж хариулсан. Цагдаагийн байгууллагаас миний алдагдсан машиныг хэн авч явсаныг тогтоосны дараа би Ү-д хандаж “чи яагаад машин авч явсан талаар хэлэхгүй, нуугаад байсан юм бэ? гэхэд Л.Ү надад хандан “би авч явсан юмаа,  дугуй нь шатаад 70-ын зогсоол дээр үлдээсэн гэж хэлсэн. Л.Ү намайг хэд хэдэн удаа машинаа зарчих гэж асууж байсан. Би түүнд хандан “машинаа зарахгүй, компанийн ажилдаа ашиглана” гэж хариулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2019 онд миний танил Д өөрийнхөө ... улсын дугаартай зил 130 маркийн тээврийн хэрэгслийг ... тоот буюу манай гэрийн хажуу талын хоосон газар дээр “түр харж байгаарай боломжтой үедээ ирээд авна” гэж хэлээд үлдээсэн. Д нь өөрөө Дорноговь аймаг Сайншанд суманд амьдардаг юм. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 14-ний орой анзаарч харахад уг машин алга болсон байсан тул Д-т машин алдагдсан талаар мэдэгдэж, гадуур хайж эхэлсэн. Тэгээд хүмүүсээс Замын-Үүд сумаас хойш 70 километрт айлын гадаа ижил төстэй машин байгаа талаар сураг сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... Уг машиныг уржигдар буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үдийн өмнө 30-40 орчим насны 2 залуу авчирч өгсөн. Ирэхдээ  улбар шар өнгийн өөрөө буулгагч машинаар чирч авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,

- Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Замын-Үүд сумаас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ү ахтай утсаар холбогдож “Замын-Үүдээс Сайншанд руу машин барих хүн олдохгүй байна” гэхэд надад хандан “тэгвэл би наанаас чинь машин чирч ирэх ёстой юм, очоод машиныг чинь унаад ирье” гээд тэр өдрөө над дээр ирсэн. Бид хоёр гэгээ тасрах үеэр хаягийг тодорхой санахгүй байна гэр байрны задгай газраас ... улсын дугаартай байсан санагдаж байна, цэнхэр өнгийн зил 130 маркийн машиныг чиргүүлийн хамт миний ... улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлд хатуу холбоосоор чирээд гэр байрны баруун захад аваачиж байршуулаад, замд явахад бэлэн болгож орхисон. Маргааш өглөө нь бид хоёр 08 цагийн орчимд Замын-Үүд авто пүү постоор дамжин Сайншанд сум руу явах замд 70-ын зогсоолын орчимд чирч яваа машины чиргүүлийн дугуй засвар авах боломжгүй саатсаны улмаас засмал замын баруун талд байрлах хөдөөний айлын гадна зил 130 маркийн машиныг үлдээгээд цааш явсан. Би Ү ахаас ямар учиртай машин бэ гэж асуухад Д гэдэг хүнээс мөнгө авах ёстой, өрөндөө авч байгаа юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/,

- Гэрч Н.П мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2021 оны 10 дугаар сарын сүүлээр цагдаагийн байгууллагаас над руу утсаар холбогдон асууж тодруулахад би ямар нэгэн зүйл мэдээгүй. Миний машиныг хариуцаж байсан Н.А ахаас асуухад “Ү ахын гуйж чирүүлсэн машин нь ... улсын дугаартай зил 130 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Ү ах хүнээс авч байгаа машин гэж ярьсан талаар надад хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/,

- Гэрч М.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 08 дугаар сарын дундуур Л.Ү-н хашаанд бид хоёр машины мотор боож байхад найз П.Д нэг шил архитай орж ирсэн. Тэгээд бид гурав машины мотор боож, архиа уугаад сууж байхад Ү, Д хоёр хоорондоо Д-н эзэмшлийн зил 130 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авах талаар ярилцаад байх шиг байсан. Бид нар архи уусан байсан тул би яг тэр хоёр юу яриад байгааг ойлгоогүй мөн 10 дугаар сард Л.Ү манайд ирээд Замын-Үүд сумаас машин чирж ирэхээр болсон тул хатуу холбоо байна уу гэж асуухаар нь байгаа гээд машин чирдэг хатуу холбоо өгөөд явуулсан. Харин миний сонсноор Л.Ү, П.Д-н эзэмшлийн тээврийн хэрэгслийн зөвшөөрөлгүй авч яваад цагдаад шалгагдаж байгаа талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 196/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 3-5/,

- Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9/,

- “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 65-68, 97-102/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125-126/,

- Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 51, 141,142/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Үржинбадам нь нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, ... тоотоос иргэн П.Д-н эзэмшлийн ... улсын дугаартай зил 130 маркийн тээврийн хэрэгслийг П.Д-н зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт болсон байна.

Прокуророос шүүгдэгч Л.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар гадагш явахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Л.Ү нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Д, гэрч Ч.Г, Л.Б, Н.А, Н.П, М.Ч нарын мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Л.Ү-н гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Л.Ү-д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Л.Ү-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Л.Ү-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.      

Хохирогч П.Д нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч Л.Ү-г энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Л.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шудрага ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Л.Ү-н үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс орон нутаг руу явахыг хориглож, 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди нэг ширхгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.Ү-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Л.Ү-г Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ү нь дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч Л.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди нэг ширхгийг хэрэгт хавсаргасугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н