Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч О.М ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М д холбогдох эрүүгийн 2115000000262 дугаартай, 163/2022/0029/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт О-ын М, Булган аймгийн Орхон суманд 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг Мааньт гэх газарт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, 28 настай, эрэгтэй, урьд

-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М  нь Булган аймгийн Орхон сумын *** гэх газарт оршин суух иргэн Л.Ч-ны эзэмшлийн 85 тооны ямаа, иргэн М.Б-н 1 тооны адууг 2021 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө хулгайлж нийт 12.400.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000000262 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.М  нь Булган аймгийн Орхон сумын *** гэх газарт оршин суух иргэн Л.Ч-ны эзэмшлийн 85 тооны ямаа, иргэн М.Б-н 1 тооны адууг 2021 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө хулгайлж нийт 12.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М ын өгсөн: Би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ******* ахтай хамт 0.5 литрийн Хараа нэртэй 1 шил архийг хувааж ууж байхад ******* ах чи унаагүй байгаа юм бол миний морийг унаад яв, гэртээ хариад тавиад явуулаарай гэсэн. Тэгээд Чандманы хүү Мөөгий надад морийг эмээллэж өгөөд би Борхүү гэх айлд очиж хоносон. Өглөө харих гээд явж байхад ууланд 80 гаран ямаа таарсан. Надаас үргээд арын мод руу орохоор нь тэр ямаануудыг гаргаж ирэх гээд байж байхад *******, *******гийн хамт ирээд ашгүй, эсэн мэнд хонож, яаж чоно нохойны хоол болоогүй юм,  Чандманыг малаа хар гэхэд хараагүй гэж байсан. Тэгээд арын модон дотроос ямааг гаргаж гэрт нь хүргэж өгөхөд *******, ******* нар өвс ачих гээд явах гэж байсан. Намайг харих гээд явж байхад таньдаг залуу портертой явж таараад надад тал шил архи гаргаж өгсөн. Тэгээд тэр архийг хувааж уугаад морийг машин дээр ачаад Эрдэнэт ороод Чандманы төрсөн эгчийн хүү Пүрэвсүрэнгийн гэрт нэг хоносон. Маргааш өглөө нь Пүрэвсүрэн таны мориор Батдоржийн гэрээс сав аваад ирье гэхээр нь тэг гэсэн. Би морийг хулгайлсан бол хажуу саахалт айлд хонохгүй. Би хулгай хийгээгүй, өөрөө зөвшөөрөл өгсөн болохоор нь морийг унаж яваад төв ороод дүү дээр нь очсон. Хулгай хийсэн бол зарж борлуулахаа бодно. Гэтэл би дандаа Чандманы ах дүү нар дээр нь очиж байсан. Хохирогч базынхаа морийг баздаа хэлэлгүй надад өгч явуулсандаа бантаад уяан дээр байсан морь алга болсон гэж хэлсэн. Би мөн ямааг хулгайлаагүй. Харих гээд явж байхдаа хээр хоносон ямаатай таараад модноос нь гаргаж өгөх гэж байсан. Иймд миний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Ч-ны өгсөн: Би морь өгснөө мэдэхгүй байна. Тэр өдөр *******ыг ирэхээс өмнө нь нэг шил архи уусан байсан болохоор тасарсан. Маргааш өглөө нь эхнэр үнээндээ гарч орж ирээд ямаа дутуу байна гээд ямаагаа хажуу айлаасаа асуухад Баянбилэг танай ямаа дээд хярд хоносон байна лээ, өглөө хонгор морьтой хүн цаашаа аваад явсан болохоор чамайг гэж бодсон ш дээ гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр Халиун луу даваад хайсан олдохгүй байсан. Тэгсэн эхнэр модон дотор юм яваад байна гэхээр нь очсон ******* хонгор халзан морь унаад гарч ирсэн. Тэгээд эхнэр хүний мал яагаад авч байгаа юм, би морио авъя чи наанаа үлд гэсэн би ямааг чинь хүргээд өгье гэсэн. Тэгээд гэртээ хариад байж байхад Борхүү өвс ачаад өг гэхээр нь явсан. Орой нь гэртээ ирээд морь чинь хаачсан бэ? гэсэн ******* хойшоо даваад хүнээс тамхи захисан тэрийгээ аваад ирнэ гэж хүүд маань хэлсэн байсан гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.*******гийн өгсөн: Хээр тасраад хоносон манай ямааг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* хулгайлаад туугаад Эрдэнэт рүү явж байхад нь Даваат гэх газраас очиж авсан. Тухайн өдөр манай хүү Мөөгий буюу Лхагвасүрэн төвд хоносон учир гэртээ байгаагүй. Өглөө ирсэн гэх мэдүүлэг,  

 

Эрүүгийн 2115000000262 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: 2021 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг Мааньтын ар булаг гэх газарт иргэн Л.Ч-ны эзэмшлийн 85 тооны ямаа хулгайд алдсан гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

Эмээлэнд үзлэг хийсэн: Хавтсан дээрээ 4 ширхэг мөнгө мэт металл даруулгатай, 12 завхай эмээл байв. Дотор талдаа эсгийгээр хийсэн тохом гэж нэрлэдэг зүйл байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: Хохирогч Л.Ч-с болсон явдлын талаар асуухад тухайн өдрийн өглөө манайх намаржаандаа буюу энд байсан гэж гэрийн буйр байсан газрыг зааж байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

Хохирогч Л.Ч-ны өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би Булган аймгийн Орхон сумын 4-р баг Мааньтын ар булаг гэх газарт эхнэр 1 хүүхдийн хамт гэртээ байж байхад оройн 20 цагийн орчим манай гэрийн гадна машин ирж зогссон. Манай эхнэр гэрээс гарч харчихаад Төөдөн гэж дууддаг залуутай хамт манай гэрт орж ирсэн. Төөдөн гэрт орж ирэхдээ 0.5 литрийн хараа нэртэй архийг өврөөсөө гаргаж ирээд надтай хамт хувааж уусан. Би Төөдөнг орж ирэхээс өмнө Орхон аймагт байдаг Батбаяр гэх хүн манайд ирээд надтай архи уусан байсан болохоор би тасраад унтаад өгсөн. Маргааш өглөө нь эхнэр бид хоёр сэрээд харахад гэрийн гадна уяатай байсан хонгор халзан зүсмийн морь алга болсон байсан. Бид нар тэр морийг уяа нь алдуураад ижилдээ очсон байх гэж бодоод хайгаагүй. Тэгээд гэрийн гадна талд хотлуулсан байсан хонь ямаагаа харахад манай малаас 80 орчим тооны ямаа тасарсан байх шиг байхаар нь эхнэр бид 2 саахалт айлын хүн болох Баянбилэг гэх айлд өглөөний 09 цагийн орчим очиж асуухад өглөө эрт хонгор морьтой хүн Хэцийн даваанаас Эрдэнэт чиглэл рүү ямаа туугаад явж байсан гэж хэлсэн. Тэгээд бид 2 тэндээс хөдөлж Эрдэнэт чиглэл рүү Даваатын даваа өгсөж байхад Төөдөн манай хонгор халзан морийг унаад манай ямаануудыг тууж явсан. Тэр үед бид хоёр чи яагаад манай морийг гэрийн гадна талаас унаад манай ямааг энэ хүртэл туугаад явж байгаа юм бэ гэж асуухад Төөдөн энэ танай ямаа байсан юм уу гэж хэлэхээр нь би энэ манай ямаа байлгүй яадаг юм энд ганц бог малтай нь би байдаг биз дээ гэхэд Төөдөн дуугүй зогсож байхад манай эхнэр мориноос буу бид нар ямаагаа аваад явлаа гэхэд Төөдөн буцаагаад хүргээд өгье гэж хэлээд манай гэрийн гадна талд манай ямаануудыг тууж ирсэн. Төөдөн манай гэрийн гадна талд алдсан морь болон ямаануудыг тууж ирж байхаар нь эхнэр бид 2 Борхүү гэх манай саахалт айлын хүний өвсийг ачиж өгөх гээд яваад өгсөн. Тэр үед Төөдөн манай ямаануудыг авч ирээд манай хонгор халзан морийг унаад яваад өгсөн байсан... Манайх 85 тооны хар бараан зүсмийн ямаанууд алдсан... Манай алдсан ямаанууд дундаас 40 эр ямаа, 40 эм ямаа, 5 ишиг байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Хохирогч М.Б-н өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчим би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 10-1 тоотод гэртээ байж байхад манай хажуу талын хашаанд Булган аймгийн Орхон сумын 4-р баг Мань ар булаг гэх газарт оршин суух хүргэн Чандманы адуунд байдаг миний эзэмшлийн хонгор халзан зүсмийн 8 үсгэн тамгатай морийг Л.Пүрэвсүрэн гэх хүн унаад явж байхаар нь би чи яах гэж миний морийг унаад явж байгаа юм бэ гэж асуухад Пүрэвсүрэн энэ морийг Төөдөн унаж ирсэн. Би Төөдөнгийн морь гэж бодоод эндээс юм авах гээд ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийнхөө морийг таниад өвч өөрийнхөө хашаанд оруулж уясан... Тэгээд би гэртээ байж байхад 12 цагийн орчимд Төөдөн манай хашаанд орчихсон морин дээр эмээлээ тохоод дахиад гарах гэж байхаар нь би хараад хөөе чи миний морийг аваад ир гэж хэлэхэд Төөдөн надад ийм морь монголоор нэг байна гэж хэлээд эмээлээ аваад яваад өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

Гэрч Ц.Борхүүгийн өгсөн: Тэр шөнийн 02 цагийн үед манай гэрийн гадна нэг морьтой хүн ирээд Бороо ахаа нохой хорио гэж хэлээр нь гараад харахад Төөдөн хочтой ******* нэртэй миний таньдаг дүү жоохон архи уусан байдалтай манайд орж ирсэн. Би *******аас чи хаанаас ирж байгаа юм бэ гэж асуухад манай урд байдаг Болдоо гэх айлаас ирлээ гэж хэлээд манайд унтсан. Маргааш өглөөний 06 цаг өнгөрч байхад ******* бид 2 босоод гэрээс гарч би өөрийнхөө үхэртээ урагшаа мотоциклтой явж ******* хонгор халзан зүстэй морьтой Эрдэнэт хот тал руу хойшоо явсан. Би тухайн үед хонгор халзан зүсмийн морины им тамгыг хараагүй. Сүүлд сонсоход манай урд талын айлын Болдоо гэх хүн хонгор халзан морио алдсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Гэрч Ш.*******гийн өгсөн: ******* гэх нэртэй залуу манайд хар өнгийн приус загварын автомашинаас бууж манай гэрт орсон. Манай гэрт орж ирэхдээ 0.5 литрийн Хараа нэртэй архийг өврөөсөө гаргаж манай нөхөртэй хувааж уусан. Би тэр үед чи машинтай явж байгаа юм уу гэж асуухад үгүй ээ би Хотон Зоригоо гэх хүнтэй хамт явж байна гэж хэлсэн. Тэгээд машинтай хүн нь гэрийн гадна талд хүлээж байхад ******* манай нөхөртэй 0.5 литрийн Хараа архийг хувааж уугаад машиндаа суугаад яваад өгсөн. Би *******ыг хөдлөхөөр нь гэрээс гарч хараагүй гэртээ унтсан. Маргааш өглөө нь нөхөр бид хоёр сэрээд харахад гэрийн гадна талд уяатай байсан хонгор халзан зүсмийн морь алга болсон байсан. Бид нар тэр морийг уяа нь алдуураад ижилдээ орсон байх гэж бодоод хайгаагүй. Тэгээд гэрийн гадна талд хотлуулсан байсан хонь ямаагаа харахад манай малаас 80 орчим тооны ямаа тасарсан байх шиг байхаар нь нөхөр бид 2 саахалт айлын хүн болох Баянбилэг гэх айлд өглөөний 09 цагийн орчим очиж асуухад өглөө эрт хонгор морьтой хүн Хэцийн даваанаас Эрдэнэт чиглэл рүү ямаа туугаад явж байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэндээс хөдөлж Эрдэнэт чиглэл рүү Даваатын даваа өгсөж байхад Төөдөн буюу ******* манай гэрийн гадна талд уяатай байсан хонгор халзан морийг унаад манай ямаануудыг тууж явсан. Тэр үед бид хоёр чи яагаад манай морийг гэрийн гадна талаа унаад манай ямааг энэ хүртэл туугаад явж байгаа юм бэ гэхэд ******* энэ танай ямаа байсан юм уу гэж хэлэхээр нь би мориноос буу бид нар ямаагаа аваад явлаа гэхэд би буцаагаад хүргээд өгье гэж хэлээд манай гэрийн гадна талд манай алдсан ямаануудыг тууж ирсэн. Мөнх- Амьдрал манай гэрийн гадна талд алсан морь болон ямаануудыг тууж ирэхээр нь нөхөр бид 2 Борхүү гэх манай саахалт айлын хүний өвсийг ачиж өгөх гээд яваад өгсөн. Тэр үед ******* манай гэрийн гадна талд ямаанууд авч ирээд манай хонгор халзан морийг унаад яваад өгсөн байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

Гэрч Л.Пүрэвсүрэнгийн өгсөн: Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Овоот багийн 23-4 тоотод гэртээ байж байхад Төөдөн гэж дууддаг ******* манай гэрт Булган аймгийн Орхон сумын 4-р баг Мааньт ар булаг гэх газарт оршин суух Чандмана ахын хонгор халзан зүсмийн 8 үсгэн тамгатай морийг унасан манай гэрт ирсэн. Би Төөдөнгөөс Чандмана ахын морийг яагаад чи уначихаад явж байгаа юм бэ гэж асуухад би хэлээд аваад явж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр морийг нь унаад доошоо айлаас идэшний мах хийх сав авах гэж очиход Батдорж гэх хүн надтай таараад миний морийг чи яагаад унаж яваа юм гэж хэлээд морио авсан. Тэгээд би Чандмана ахаас залгаж асуухад манай морийг Төөдөн хэлэхгүй унаад явсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

Тольдох Оюуны Өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №21/374 дугаартай: 2020 оны 01 дүгээр сарын сүүл 2021 оны 10 дугаар сарын 21-ний байдлаар статистикийн архиваас зах зээлийн ханшийг дундаж ханшаар тооцож үзвэл нас гүйцсэн эр ямаа 40 тооны 6.000.000 төгрөг, нас гүйцсэн эм ямаа 40 тооны 5.200.000 төгрөг, ишиг 5 тооны 100.000 төгрөг, нас гүйцсэн морь 1 тооны 1.100.000 төгрөг нийт 12.400.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-53 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалаас өмгөөлөгч П.Ган-Очир хохирогч Л.Ч-д хууль зүйн туслалцаа үзүүлсэн атлаа шүүгдэгчид эрх зүйн туслалцаа давхар үзүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, 1.3 дахь заалтад “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэж хуульчилсан ба шүүгдэгч О.М  нь бага боловсролтой, монгол хэл, бичиг мэдэхгүй гэх хуулийн заалтад хамаарч байна.

Шүүгдэгч О.М  нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч П.Ган-Очирын хамт оролцохоор шүүх хуралдааны танхимд орж ирсэн бөгөөд дээрх хуулийн заалтыг шүүгдэгчид өмгөөлөгч П.Ган-Очироос тайлбарлан өгөхөд шүүгдэгч О.М  нь төлбөрийн чадваргүй тул улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлтэй байгаа боловч уг өмгөөлөгч нь ажлаа өгч байгаа шалтгаанаар өмгөөлөхөөс татгалзсан. Төлбөр төлөх боломжгүй тул өмгөөлөгч авч чадаагүй гэж, өмгөөлөгч П.Ган-Очир нь хохирогч Л.Ч-д хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, зөвхөн мэдүүлгийг газар дээр нь шалгахад оролцсон, шүүгдэгч зөвшөөрвөл төлбөр авахгүйгээр хууль зүйн туслалцаа үзүүлж болно гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Мөрдөн шалгах ажиллагаагаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны оройн 20 цагийн үед О.М  нь Булган аймгийн Орхон сумын *** гэх газарт оршин суух иргэн Л.Ч-д хар приус загварын автомашинаар хүргүүлэн очсон бөгөөд 0.5 литрийн Хараа нэртэй архийг хохирогч Л.Чандманд өгч уг архиа хувааж уугаад явахдаа Л.Ч-ны малд байдаг хохирогч М.Б-н нас гүйцсэн хул халзан морийг нь эзэмшигч, өмчлөгчид нь хэлэлгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрч Н.Бадрахаас мал туух гэсэн юм эмээлээ өгөөч гуйж гэж авсан Увс эмээлийг тохож унаад гэрч Борхүүгийнд шөнийн 02 цагт очиж хоносон байна. Өглөө 06 цагт Эрдэнэтийн зүг Борхүүгийнхээс гарч явсан ба хохирогч Л.Ч-ны 85 тооны хар бараан зүсмийн ямааг Даваатын даваа хүртэл хулгайлан тууж явсан нь хохирогч Л.*******, М.Батдорж, гэрч Ц.Борхүү, гэрч Л.Пүрэвсүрэн, гэрч Ш.******* нарын мэдүүлгүүдээр нотлогдсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх бөгөөд тэдгээрийг харьцуулан судалснаар шүүгдэгч О.М  нь бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл, хохирогч Л.*******, М.Батдорж нарт 12.400.000 төгрөгийн хохирол учирсан хор уршгийн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдлоо

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч нь бусдын олон тооны малыг дур мэдэн тууж явсан үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор  уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.М  нь дээрх гэмт хэргийг үйлдээгүй, хохирогч Л.******* надад морио өгөөд намайг гэртээ харьчихаад тавиад явуулаарай гэсэн, түүний хүү Мөөгий нь надад морийг эмээллэж өгсөн, өглөө харих гээд явж байхад ууланд 80 гаран ямаа таарсан. Надаас үргээд арын мод руу орохоор нь тэр ямаануудыг гаргаж ирэх гээд байж байхад *******, эхнэр *******гийн хамт ирээд ашгүй, эсэн мэнд хонож, яаж чоно нохойны хоол болоогүй юм гэж байсан.  Энэ хэргийг эрүүгийн хуульд заасан алдуул малыг завшихыг завдсан гэсэн зүйл ангиар зүйлчилж өгнө үү гэжээ.  Шүүгдэгчийн мэдүүлсэн дээрх нөхцөл байдлууд нь хохирогч Л.Ч-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Би *******д морь өгсөнөө санахгүй байна. Маргааш өглөө нь эхнэр үнээндээ гарч орж ирээд ямаа дутуу байна гээд ямаагаа хажуу айлаасаа асуухад Баянбилэг танай ямаа дээд хярд хоносон байна лээ, өглөө хонгор морьтой хүн цаашаа аваад явсан болохоор чамайг гэж бодсон ш дээ гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр Халиун луу даваад хайсан олдохгүй байсан. Тэгсэн эхнэр модон дотор юм яваад байна гэхээр нь очсон ******* хонгор халзан морь унаад гарч ирсэн гэх мэдүүлэг, гэрч Ш.*******гийн ...маргааш өглөө нь нөхөр бид хоёр сэрээд харахад гэрийн гадна талд уяатай байсан хонгор халзан зүсмийн морь алга болсон байсан. Бид нар тэр морийг уяа нь алдуураад ижилдээ орсон байх гэж бодоод хайгаагүй. Тэгээд гэрийн гадна талд хотлуулсан байсан хонь ямаагаа харахад манай малаас 80 орчим тооны ямаа тасарсан байх шиг байхаар нь нөхөр бид 2 саахалт айлын хүн болох Баянбилэг гэх айлд өглөөний 09 цагийн орчим очиж асуухад өглөө эрт хонгор морьтой хүн Хэцийн даваанаас Эрдэнэт чиглэл рүү ямаа туугаад явж байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэндээс хөдөлж Эрдэнэт чиглэл рүү Даваатын даваа өгсөж байхад Төөдөн буюу ******* манай гэрийн гадна талд уяатай байсан хонгор халзан морийг унаад манай ямаануудыг туугаад явж байсан. Тэр шөнө манай хүү Мөөгий гэрт байгаагүй төвд хоносон юм. Өглөө гэртээ ирсэн гэх мэдүүлэг, гэрч Ц.Борхүүгийн ...өглөөний 06 цаг өнгөрч байхад ******* бид хоёр босоод гэрээс гарч би өөрийн үхэртээ урагшаа мотоциклтэй явж, ******* хонгор халзан зүстэй морьтой Эрдэнэт хот тал руу хойшоо явсан гэх мэдүүлэг, гэрч Н.Бадрахын 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* манай гэрт ирсэн. Надаас “ахаа эмээлээ түр өгөөч, хөдөөнөөс мал оруулж ирэх гэсэн юм” гэж гуйгаад гурван ястай монгол эмээлийг маань аваад явсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй, эмээлээ авч чадаагүй гэх мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж, хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй ба бусад баримтаар давхар нотлогдож байж түүнийг шүүх үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиртай.

Нөгөөтэйгүүр яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй, өөрөөр хэлбэл яллагдагч, шүүгдэгч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй болохыг анхаарч үзсэнийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн талаар зохицуулжээ.

 

“Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тарсан салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутаг шилжин байрлаж, өмчлөгч эзэмшигч нь хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа бэлчээрийн таван хошуу мал, буюу тэжээвэр гахай шувуу зэрэг амьтан байж болох ба О.М ын үйлдсэн үйлдлийн хувьд бусдын хээр хоносон малыг шунахайн сэдэлтээр Орхон аймаг руу 7 км гаран тууж явсан. Хохирогч нар түүний хойноос явж даваан дээр тааралдсан үйл баримт тогтоогдсон тул бусдын малыг завших гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэх боломжгүй, прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч О.М ын өмгөөлөгч Ч.Отгонжаргалын …О.М ыг уг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй ба өмнө нь малын хулгайн хэрэгт холбогдож байсан гээд түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй, иймд О.М  дээрх гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээтэй байна гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч О.М ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, Л.Ч-д 11.300.000 төгрөгийн хохирол, хохирогч М.Б-д 1.100.000 төгрөгийн хохирол учирсан нь Тольдох Оюуны Өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Уг хохирлыг хохирогч нар нь биет байдлаар буцааж авсан, хохирогч Л.Ч, М.Б нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  шүүгдэгч О.М ын цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, энэ хэрэг үйлдэгдэхээс өмнө шүүгдэгч О.М  Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 437 дугаар хорих ангид ял эдэлж байгаа тул нийт эдлэх ялыг нэмж нэгтгэх, энэ хэрэгт шүүгдэгч О.М  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн дуу дүрсний бичлэгээр баталгаажуулсан СД-г хэргийн хамт хадгалах санал, дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалаас хохирол төлбөрийн хувьд ямаа болон морийг өөрөө сайн дураараа хүргэж өгсөн. Хохирогч нар өөрсдийн эд зүйлийг бүрэн гүйцэт хүлээн авсан ба гомдол саналгүй гэсэн тул хохирол төлбөрийг төлсөн гэж үзэх боломжтой. Эрүүгийн хуульд шүүгдэгч, яллагдагчийг заавал гэм буруугаа хүлээн зөвшөөр гэсэн зүйл байхгүй. Өмнө нь мал хулгайлж байсан бол хулгайч гэж үзэж болохгүй. Хуульд заасан хамгийн бага ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч О.М ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 67-75 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны зөрчлийн шийдвэрийн бүртгэл, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч О.М  нь урьд 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан түүний хувийн байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч О.М ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэмжээ хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.   

 

Иймд шүүгдэгч О.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч О.М  нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/214  дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг 1 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар Булган аймгийн Орхон сумын газар нутгаас явахыг хориглох орчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэжээ.

О.М  нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 133 дугаартай захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 жил 03 сарын 18 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, ялтан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангид ялаа эдэлж байсан бөгөөд мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай шүүгчийн захирамжаар ялтныг хорих ангиас Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд шилжүүлэн яллагдагчаар 69 хоног цагдан хорьсон байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 69 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.М аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хавсаргадаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт О-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М д Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 21 /хорин нэг/ хоногийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 21 /хорин нэг/ хоногоор тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М ын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч О.М  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.*******, Х.Батдорж нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ