Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Э.Энэрэл |
Хэргийн индекс | 163/2022/0049/Э |
Дугаар | 2022/ШЦТ/50 |
Огноо | 2022-02-24 |
Зүйл хэсэг | 17.12.1., |
Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Э-д холбогдох эрүүгийн 2215000000024 дугаартай, 163/2022/0049/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И овогт Л-гийн Э, Улаанбаатар хотод 1963 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймгийн ... гэх газар оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг 59 настай, эрэгтэй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хутаг-Өндөр сум Хантай 2 дугаар багийн Хуурай шанд гэх газраас иргэн Д.Л-н хул зүсмийн нас гүйцсэн сувай гүүг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.Э нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн 2 дугаар багийн нутаг Хуурай шанд гэх газарт оршин суух иргэн Д.Л-н хул зүсмийн нас гүйцсэн сувай гүүг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э-н өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2215000000024 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр малчин Д.Л-с 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хантай 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хуурай шанд гэх газраас манай хул зүсмийн нас гүйцсэн сувай гүүг Л.Э гэдэг хүн хулгай хийсэн гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
Хохирогч Д.Л-н гэрчээр өгсөн: Би 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө Булган аймаг Хутаг-Өндөр сум Хантай 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хуурай шанд гэх газрын зүүн талын толгой дээр малаа хараад сууж байгаад *******ын гэрийн гадаа хүмүүс байхаар нь дурангаараа харахад манай хул зүсмийн гүүг нядлаад махлаад гаргаж байсан. Тэгээд би тухайн үед гэртээ ирээд эхнэртээ хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
Гэрч Э.*******ын өгсөн: 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай эцэг ******* нь Хуурай шанд гэх газарт байхдаа нас гүйцсэн хул зүсмийн гүүг гаргаж янзалсан. Тэгээд гаргасан гэх гүүгээ өөрийн идэш болгон идсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Гэрч У.*******ы өгсөн: Би 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* ахын банди ******* намайг гэртээ байхад ирээд ах манайх идэш хийх гэсэн туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би *******ын намаржаан дээр очиход хул зүсмийн гүүг нядалсан байсан. Тэгээд би дуусгаад гэртээ харьсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Гэрч Ч.*******ийн өгсөн: 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* гэх хүн намаржаан дээрээ мал гаргаж байсан. Манай нөхөр тэдний ойролцоо байдаг уулын орой дээрээс дурандаж харсан гэж байсан. Тэгээд тэр оройдоо манай нөхөр адуугаа бүртгэхэд хул зүсмийн гүү маань алга болсон байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Тольдох оюуны өгөөж ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22/0005 дугаартай дүгнэлтээр нас гүйцсэн сувай гүүний зах зээлийн үнэлгээ 1.000.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Д.Л-н мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын бүртгэл /хавтаст хэргийн 54 дэх тал/,
Шүүгдэгч Л.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: Хохирогч ******* гэх айл нь манай саахалт айл байгаа юм. Манайх 1 азарга адуутай бөгөөд *******ийн эзэмшлийн адуунаас хул зүсмийн байдас манай адуунд гүүж ирсэнг би болон ******* нар мэддэг байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн гэртээ идэш хийх гээд адуу төхөөрөх болоод аль адуугаа гаргах вэ гэж бодож байгаад *******ийн хул гүүнээс өөр адуу олдохгүй байсан. Учир нь тухайн гүү хөгширч байсан. Тэгээд дараа нь *******ид учраа хэлээд орны адуу өгнө гэж бодож байгаад мартсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаагаар Л.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн 2 дугаар багийн нутаг хуурай шанд гэх газарт намаржиж байхдаа тус багийн иргэн Д.Л-н нас гүйцсэн хул гүүг өөрийн адуунд байхад нь хулгайлан авчирч, идшиндээ хэрэглэж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Л-н өгсөн ... Би 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө Булган аймаг Хутаг-Өндөр сум Хантай 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хуурай шанд гэх газрын зүүн талын толгой дээр малаа хараад сууж байгаад *******ын гэрийн гадаа хүмүүс байхаар нь дурангаараа харахад манай хул зүсмийн гүүг нядлаад махлаад гаргаж байсан. Тэгээд би тухайн үед гэртээ ирээд эхнэртээ хэлсэн. Манай адуу энэ хүний адуутай ойрхон байдаг байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/, гэрч Э.*******ын 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай эцэг ******* нь Хуурай шанд гэх газарт байхдаа нас гүйцсэн хул зүсмийн гүү гаргаж янзалсан. Тэгээд гаргасан гэх гүүгээ өөрийн идэш болгон идсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, гэрч Ч.*******ийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* гэх хүн намаржаан дээрээ мал гаргаж байсан. Манай нөхөр тэдний ойролцоо байдаг уулын орой дээрээс дурандаж харсан гэж байсан. Тэгээд тэр оройдоо манай нөхөр адуугаа бүртгэхэд хул зүсмийн гүү маань алга болсон байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрч Э.Ганбатын өгсөн ... Би тухайн үед байгаагүй. Тэр үед манайх Хантайн 2 дугаар баг бүрдэн гэх газарт намаржиж байсан. Адуугаар идэш хийж байна гэж сонссон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, гэрч У.*******ы ...Би 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* ахын банди ******* намайг гэртээ байхад ирээд ах манайх идэш хийх гэсэн туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би *******ын намаржаан дээр очиход хул зүсмийн гүүг нядалсан байсан. Би нэгэнт ирсэн юм чинь гээд нөгөө нядалж гаргасан гүүний махыг жижиг жижиг болгож өгсөн /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх бөгөөд тэдгээрийг харьцуулан судалснаар шүүгдэгч Л.Э нь бусдын малыг хулгайлж, идэш хийсэн үйлдэл, хохирогч Д.*******ид 1.000.000 төгрөгийн хохирол учирсан хор уршгийн шалтгаант холбоо тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтээр батлагдсан шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдлоо
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгчийн бусдын малыг дур мэдэн авч нядалсан үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Э нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.*******ид учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн /хавтаст хэргийн 58 дахь тал/ байх тул шүүгдэгч Л.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Э-г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Л.Э-н хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хавтаст хэргийн 48-53 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, дэлгэрэнгүй лавлагаа, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын бүртгэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.Э-н хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4/10 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Л.Э-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.
Шүүгдэгч Л.Э-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Л-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд Л.Э-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ