Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Б.Дэлгэрмаа /онлайн/,

хохирогч Х.М /онлайн/, Б.Э ,

хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Б ,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Ч.У нарыг оролцуулан

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.У-д холбогдох эрүүгийн 2115001560382 дугаартай, 163/2022/0039/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ч-ын У, Улаанбаатар хотод 1996 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, ...тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, эмээгийн хамтаар амьдардаг, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.У нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 20 минутын үед Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн “Баруун могой” гэх газарт “Lexus RX350” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч Б.Э ийн эрүүл мэндэд хүнд, Х.М-н эрүүл мэндэд хүндэвтэр, “Lexus RX350” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 78.858.210 төгрөгийн хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2115001560382 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 20 минутын үед Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн “Баруун могой” гэх газарт буюу засмал замаас шороон зам руу орох хэсэгт “Lexus RX350” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсоны улмаас зорчигч Б.Э ийн эрүүл мэндэд хүнд, Х.М-н эрүүл мэндэд хүндэвтэр, “Lexus RX350” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 78.858.210 төгрөгийн хохирол тус тус учирсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.У өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э ийн өгсөн: 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу буцаж байсан юм. Мөнхбилэгээр шороон зам дээр машин бариулах гэж шатахуун түгээх станц дээрээс машинаа Уянгаар бариулсан. Тэрнээс цаашаа яагаад осол гарсныг би санахгүй байна. Уянга болсон явдлыг санахгүй байгаа нь тархины доргилтоос болоод санахгүй байх боломжтой гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.М-н өгсөн: Хөвсгөл аймгийн Хатгал сумаас Улаанбаатар хот руу өглөө 10 цагийн үед хөдөлсөн. Шороон зам хүртэл энэ хоёр ээлжлээд барина гээд жолоо сольсон. Осол гарахын өмнө бага зэрэг зүүрмэглэж байгаад сэрээд харахад осол болсон. Уянгын зүгээс буруутай үйлдэл хийсэн гэж харахгүй байгаа. Хурд хэтрүүлсэн байх магадлалтай. Тохиолдлоор уг осол гарсан. Мэдүүлэгтээ бүх зүйлээ хэлсэн байгаа. Уг машиныг зээлээр аваад төлбөрөө төлж эхлээгүй байхдаа осолд орсон. Тэгээд машины мөнгө нэхэгдээд байсан тул Эрдэмийн аав машины үнийг төлсөн. Үүнтэй холбоотойгоор Эрдэмийн аавд Уянга машины мөнгийг өгөх ёстой гэж бодож байна. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Б гийн өгсөн: . Би хөдөө явж байгаад 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр осол гарсан гэдгийг 5 хоногийн дараа мэдсэн. Асуудлыг охиноосоо тодруулах гэхээр санахгүй байна гэдэг. Энэ хооронд Уянгыг хамтарч ажиллахыг хүлээсэн. Чимээгүй байж байгаад 2021 оны 9 дүгээр сард уулзсан. Эрдэм, Мөнхбилэг нар эрүүл мэндээрээ хохирчихлоо уулзах хэрэгтэй байна гэхэд аав, ээжтэйгээ яриад уулзъя гээд уулзахгүй байсан. Эвдэрсэн машины хувьд Эрдэм, Мөнхбилэг нар зээлээр аваад төлбөрийг төлөөгүй байсан. Зуучлалын үүрэг хүлээсэн байсан. Бидэнд 185.000.000 төгрөгийн хохирол учирсан. Эрдэм, Мөнхбилэг нарыг мөнгөө өгөөгүй гээд шүүхэд хандсан тул би байр авахаар хадгалсан мөнгөө болон бусад хүмүүсээс мөнгө зээлж байгаад машины төлбөр, бас өөр зээл гээд нийт 185.000.000 төгрөгийг өгсөн. Санаатай осолд оруулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч хохирогч хүүхдүүд цаашид үүсэх үр дагавраа ойлгохгүй олон зүйлээс татгалзаж байна. Х.М 115.000.000 төгрөгөөр тохиролцож тээврийн хэрэгслийг нэр дээрээ авсан байсан. Шинжээчийн гаргасан үнэлгээн дээр маргахгүйгээр 35.000.000 төгрөгөөр хохирсон байгаа. Бид байнга хүнээс өр нэхүүлж амьдарч байна. Утастаад, гэр орноор ирж байгаа. Сэтгэл санааны дарамттай 3 сар болж байна. Эрдэмийн нүүрний мэдрэлийн судас тасарсан. Энэ судас эргэж сэргэх явц маш удаан гэж хэлсэн. Уянгын аав, ээж Солонгост эмчилгээнд байгаа, ар гэрт нь хүнд зүйл тохиолдсон байна гээд тэвчээртэй хүлээсэн. Уянга эрхэлсэн тодорхой ажилгүй, төлбөрийн чадваргүй байсан болохоор хохирол төлбөрийг төлөхөө тодорхой болгож өг гэсэн шаардлага тавьсан. Гэрээн дээр аав, ээж нь төлбөрийг хариуцна гэж гарын үсэг зурсан. 10.000.000 төгрөгийг Уянгаас шилжүүлэн авсан. Цаашид үлдэгдэл мөнгийг гаргуулж, энэхүү гэрээний үүргээр цаашид явна. Уянгад хохирогч нар ямар байдалд орсныг, яаж хохирсныг ойлгоосой гэж бодоод энэ бүгдийг хэлж байгаа юм. Өмгөөлөгчөөс биднийг хүү нэхэх гээд байгаа мэтээр шүүх бүрэлдэхүүнд ойлгуулж байгаад харамсаж байна. Иймд гэрээний дагуу мөнгөө гаргуулж авна гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2115001560382  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

1. Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг Баруун могой гэх газарт зам тээврийн осол гарч хүн бэртсэн байна гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал/,

2. Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, Баруун могой гэх газар байх бөгөөд хэрэг болсон гэх газрын байршлыг iphone маркийн гар утасны GPS-ээр байршил тогтоов. Хэрэг болсон газар хар өнгийн L гэсэн тэмдэгтэй урд хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүг буюу ташуу байрлалтай гадна хэсэгтээ эвдрэлтэй тээврийн хэрэгсэл зогсож байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 16-20 дахь тал/,

3. Булган аймгийн Орхон сумын Баруун могой гэх газарт засмал замын төгсгөлд *** улсын дугаартай Lexus RX350 маркийн машин осолдсон маршрутын гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 27-36 дахь тал/,

4. *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр тогтов. Уг тээврийн хэрэгсэл нь хэлбэр дүрсээ алдсан, 4 дугуйны хий гарсан байдалтай байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

5. Хохирогч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос Мөрөн сум гартал автомашиныг Х.М бариад, би Х.М ээс жолоог шилжүүлэн аваад, Булган аймгийн төвийн Шунхлай шатахуун түгээх станц хүртэл барьсан. Шунхлай шатахуун түгээх станц дээр зогсоод бензин аваад би жолоо бариад колонкоос яг гарах үед Ч.У би машин барья гээд надаас жолоо шилжүүлэн авсан. Би жолоочийн хажуугийн урд суудал дээр суугаад явсан, үүнээс хойш юу болсноо санахгүй байгаа, нэг ухаан орсон чинь Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон ба ухаан орох үед 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

 

6. Хохирогч Х.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Би өмнө нь гэрч болон иргэний хариуцагчаар мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөв мэдүүлсэн байгаа. ...Эмчилгээний зардал гарсан боловч би Уянгаас нэхэмжлэхгүй ээ. Баримтаар гаргаж өгөхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал/,

 

7. Гэрч Б.Ууганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим Орхон сумын 1 дүгээр багийн нутаг Баруун могой гэх газарт зам тээврийн осол гарч хүн бэртсэн байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага өгсөн газарт ирэхэд цагдаа нар ирсэн, хэргийн газрыг хамгаалалтад авсан байсан. Эрдэм, Уянга гэх хоёр эмэгтэй машины гадна, ...машин дотор машины хойд суудал дээр хөндлөнгөөрөө Мөнхбилэг гэх эрэгтэй хэвтээгээрээ ухаантай байсан. Намайг анх очиход Эрдэмийн биеийн байдал нөгөө хоёроосоо харьцангуй гайгүй байсан, асуусан асуултад хариулж байсан. Мөнхбилэгийн хувьд хөдөлж чадахгүй байна, нуруу өвдөөд байна гэж хэлж байсан. Уянгын хувьд биеийн байдал хүнд байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

 

8. Гэрч Х.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Би тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирээд жолоогоо Эрдэмд шилжүүлээд хойд суудал дээр суусан. Тэгээд Булган гэдэг бичигтэй самбар өнгөрөөд Шунхлай нэртэй шатахуун түгээх станц дээр зогсож, шатахуун аваад, Эрдэм, Уянгатай байраа сольж, Уянгад жолоог шилжүүлсэн. ...Би хойно явж байсан болохоор нуруу амраах гээд хажуу тал руугаа хэвтсэн. Тэгээд хэвтэж байгаад зүүрмэглэсэн. Нэг сэрэхэд машин асфальтан зам дээр явж байгаад шороо руу хүчтэй мөргөж, гараад машин /хэлбэрээ алдаад/ онхолдох шиг болсон. Маш хурдан болж өнгөрсөн. Нэг сэрэхэд би машин дотроо сэрсэн. ...Осол болох үед миний санаж байгаагаар тээврийн хэрэгслийг Уянга барьж явсан. Эрдэм жолоочийн эсрэг талд сууж явсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дахь тал /,

 

9. Гэрч Д.Мөнгөнтулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Зам асуугаад зогсож байсан чинь гэнэт чимээ гарахаар нь эргээд хартал засмал замаас шороон зам руу хар өнгийн автомашин нисээд орж байсан, агаарт 5-6 орчим метр нисээд газарт унасан, газарт 3 удаа эргэж онхолдсон. ...Осолдсон машины жолоочийн эсрэг талын урд, хойд хаалга онгойсон, автомашины хажууд чих, хамар, амнаас нь цус, салст гарсан ухаангүй охин газар хэвтэж байсан. Уг охиныг хамт явсан охин нь өвөр дээрээ хэвтүүлсэн байсан, өвөр дээрээ хэвтүүлсэн охин болохоор ил харагдах ямар нэгэн гэмтэл бэртэлгүй, зүгээр байсан. Автомашины арын суудал дээр нэг залуу нуруу, нуруу, надад туслаач гээд орилоод байж байсан. Дуудлага өгөөд буцаад очих үед эхнэр болон тэнд шаварт суусан машины жолооч нар, жолооч нь зүгээр гэмтээгүй, харин жолоочийн хажууд сууж явсан охин ухаангүй байна, бид нар жолоочийн эсрэг талын урд хаалгаар буулгасан гэж байсан. Би жолооч охинд ах нь цагдаад дуудлага өгсөн, миний дүү гэмтсэн хүмүүсээ хөдөлгөж болохгүй шүү гэж хэлэхэд за гээд та нар машины ард байгаа манай найзыг гаргаад өгөөч гэж хэлсэн. Бид нар машины арын суудалд байсан залууг буулгаагүй, нуруу өвдөөд байна гэхээр нь бид нар айгаад буулгаагүй, хөдөлгөөгүй гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 93-96 дахь тал /,

 

10. Гэрч Б.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Булган аймгийн Орхон сум өнгөрөөд засмал замын төгсгөлд очоод шаварт суусан машины жолооч нараас зам асуух гээд засмал замаас гараад очоод зам асууж байтал гэнэт чимээ гарахаар нь эргээд хартал засмал замаас шороон зам руу хар өнгийн автомашин хурдтай агаар дээр 5- 6 орчим метрт нисээд газарт унасан, газарт 3 удаа эргэлдээд, 4 дугуйн дээрээ зогссон. Тэнд шаварт суусан машины жолооч нар болон би онхолдсон машин дээр очсон, манай нөхөр 102-т дуудлага өгөх гээд засмал замаар сүлжээтэй газар руу явсан. Осол гарсан газарт утасны сүлжээ байгаагүй. Онхолдсон машины жолоочийн эсрэг талын урд буюу баруун талын хаалгыг тэнд байсан жолооч нарын хамт онгойлгоод жолоочийн хажуугийн урд суудалд сууж байсан зорчигч охиныг буулгасан, зорчигч охин ухаангүй, чих, хамар, амнаас нь цус гарсан байсан. Жолооч охин жолооны ардаасаа өөрөө дамжаад зорчигч охин буусан хаалгаар буусан. Арын суудалд нэг залуу нуруу өвдөөд байна, надад туслаач гээд орилоод байж байсан. Жолооч охины биед ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй, зүгээр байсан ба зорчигч охиныг өвөр дээрээ хэвтүүлээд ухаан орооч гээд байсан. ...Хөдлөх үедээ гар утсаараа осол болсон машины зургийг авсан, уг зураг надад байгаа, би танд одоо өгнө, уг зурагт осол гаргасан машин, машины хажууд жолооч охин, зорчигч охиныг газар хэвтүүлсэн хажууд нь сууж байгаа нь, мөн тэнд байсан 2 жолооч нар гарсан байгаа. ...Осол 15 цаг 20-оос 30 минутын орчимд гарсан байх, нөхөр бид хоёр ослын газарт 10-15 орчим минут л болсон байх, яг нарийн санахгүй байна гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 97-100 дахь тал /,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 7021 дугаартай дүгнэлтэд: Б.Э ийн биед зүүн чамархай яснаас доош суурь яс, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархай ясны хажуу хэсгээс доош чамархайн суурь яс руу үргэлжилсэн бага зэрэг зөрүүтэй хугарал, баруун талын их далавч яс бага зэргийн зөрөө бүхий хугарал, хамрын таславчийн мурийлт, мөчдөөр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна. Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11185 дугаартай дүгнэлтэд: Х.М-н биед сээрний 6-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, нүүр, зулай, дагз хэсгийн няцарсан шарх, бүсэлхий, зүүн өгзөг хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021 оны 7 дугаар сарын 27-нд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

 

13. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №21/398 тоот: LEXUS RX350 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлыг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 78.858.210 төгрөг гэж үнэлсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 160-209 дэх тал/,

 

14. Техникийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11/14 дугаартай дүгнэлтэд:

1. LEXUS RX350 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.У нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна.

2. LEXUS RX350 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдны хамгийн доод хязгаарыг энерги хадгалагдах хуулийг ашиглан олоход тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг жолооч Ч.У зөрчсөнөөс шалтгаалж гарсан байна.

3. Уг осол гарахад *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдал, замын нөхцөл болон бусад нөхцөл нөлөөлөхгүй.  

4. Замын бүрхүүлийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг 100 м зайнаас 1.28 тэмдгээр анхааруулсан байгаа тул зорчих хэсгийн гадаргуу болон замын нөхцөл байдал өөрчлөгдсөн нь уг осол болоход нөлөөлсөн гэж үзэхгүй гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

 

15. Шүүгдэгч Ч.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: Би найз Эрдэм, түүний найз залуу Мөнхбилэг нарын хамт энэ оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд очиж амралтын газар амраад 27-ны өдөр Улаанбаатар хот буцсан. Ингээд LEXUS RX350 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхлээд Мөнхбилэг жолоодоод хэсэг явж байгаад Эрдэм жолоо бариад тэгээд хэсэг явж байгаад Мөнхбилэг бид 2 суудлаа солиод би жолоочийн хажуу тал руу суугаад Мөнхбилэг арын суудалд суусан. Тэгээд нэг сэрэхэд Булган аймгийн Орхон сумын эмнэлэгт сэрсэн. Эрдэмийг эмнэлэгт хэвтэж байхад нь эм тариаг ээж авч өгөөд дансаар 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Цаашид гаргаж өгөх зардлыг төлнө...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар Ч.У нь найз Эрдэм, түүний найз залуу Мөнхбилэг нарын хамт Мөнхбилэгийн эзэмшил, өмчлөлийн LEXUS RX350 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд очиж амралтын газар амраад 27-ны өдөр Улаанбаатар хот буцсан байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сум ортол тээврийн хэрэгслийг Х.М жолоодож яваад жолоог Б.Э д шилжүүлсэн бөгөөд Б.Э  нь Булган аймгийн Булган сумын төвд байрлах Шунхлай шатахуун түгээх станц хүртэл тээврийн хэрэгслийг жолоодож явжээ. Х.М ийг шороон замд тээврийн хэрэгслийг жолоодуулах зорилгоор шатахуун түгээх станцаас шатахуун аваад тээврийн хэрэгслийн жолооч Б.Э ээс Ч.У шилжүүлэн авч, жолоочийн хажуу талд Б.Э , арын суудалд Х.М нар сууж явсан байна. Ч.У нь тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтад заасан “хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг” зөрчсөний улмаас засмал замын төгсгөл шороон замын эхлэх цэгт осол гаргаж зорчигч Х.М-н биед хүндэвтэр, Б.Э ийн биед хүнд гэмтэл тус тус учруулсан, LEXUS RX350 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.У жолоодож явсан зэргийг тус тус гэрчилж хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хохирогч Х.М , Б.Э , хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Б  нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, хэрэг учрал Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр баг, Баруун могой гэх газарт болсон байв. ...хэрэг болсон газар хар өнгийн L гэсэн тэмдэгтэй урд хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүг буюу ташуу байрлалтай гадна хэсэгтээ эвдрэлтэй тээврийн хэрэгсэл зогсож байв гэх хэргийн газар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Ч.У-г тээврийн хэрэгсэл жолоодож байгааг арын суудал дээрээс бичсэн Х.М-н гар утасны бичлэг бүхий СД, Шунхлайн шатахуун түгээх станцаас тээврийн хэрэгслийн жолооны ард Ч.У сууж байгаа хяналтын камерын бичлэг бүхий СД, Ч.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсныг тогтоосон техникийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №21/398 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн талаарх шинжээчийн 2021 оны 7 сарын 30-ны өдрийн №21/112 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Э ийн биед зүүн чамархай яснаас доош суурь яс, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархай ясны хажуу хэсгээс доош чамархайн суурь яс руу үргэлжилсэн бага зэрэг зөрүүтэй хугарал, баруун талын их далавч яс бага зэргийн зөрөө бүхий хугарал, хамрын таславчийн мурийлт, мөчдөөр цус хуралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 7021 дугаартай дүгнэлт, Х.М-н биед сээрний 6-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, нүүр, зулай, дагз хэсгийн няцарсан шарх, бүсэлхий, зүүн өгзөг хэсгийн цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахыг гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11185 дугаартай дүгнэлт зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Ч.У нь уг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж дээрх хохирол, хор уршигт хүргэсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдлоо.

 

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Э , Х.М нарын биед тогтоогдсон хүндэвтэр, хүнд гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийг хөрвөөх үед цохих, цохигдох, шидэгдэн унах байдлаар авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан нь эд хөрөнгийн эвдрэл хохирлыг тогтоосон хөрөнгийн үнэлгээгээр тус тус тогтоогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Ч.У тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ч.У жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ч.У нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол, Х.М-н тээврийн хэрэгсэлд 78.858.210 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.У хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас Х.М-н эзэмшлийн LEXUS RX350 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 78.858.210 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “их хэмжээний хохирол”-д хамаарч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, их хэмжээний хохирол тус тус учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.У гэм буруутай үйлдлийн улмаас Б.Э ийн эрүүл мэндэд хүнд, Х.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Lexus RX350” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 78.858.210 төгрөгийн хохирол тус тус учирсан ба хохирогч Б.Э ээс эмчилгээний зардалд нийт 5.503.884 төгрөгийн е баримт бүрдүүлэн иргэний нэхэмжлэл гаргасан, шүүгдэгч 6.000.000 төгрөгийг хохирогч Б.Э д төлж барагдуулсан, хохирогч Б.Э  гомдол саналгүй, хохирогч Х.М тээврийн хэрэгслийн хохирлыг төлж барагдуулбал нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.   

 

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөгч Х.М ийг иргэний хариуцагчаар, мөн хуулийн 8.2 дугаар зүйл, 8.5 дугаар зүйлд зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалтад “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул Х.М нь бусдад учирсан гэм хорын хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гадна хариуцан төлөх үүрэгтэй өөр этгээд мөн боловч хохирогч Б.Э тэй хамтран амьдардаг буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд бөгөөд Б.Э ийн эмчилгээний зардлын тодорхой хэсгийг хуваалцаж төлж байгаа, осол болсны дараа Булган аймгаас Улаанбаатар хот руу онгоцоор тээвэрлэсэн зардлын 7.000.000 төгрөгийг шүүгдэгч Ч.У ээжтэй хамтран төлсөн, мөн өөрт учирсан эрүүл мэндийн хүндэвтэр хохиролд эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэм хорын хохирлыг түүнээс гаргуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Хохирогч Х.М нь “Lexus RX350” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ТЭСО хязгаарлагдмал хариуцлагатай компанид бартераар орж ирснийг лизингээр худалдан авч, нэр дээрээ шилжүүлээд 1 сар ч болоогүй тухайн осол гарсан бөгөөд ослын улмаас лизингийн төлбөрөө төлөх боломжгүй байдалд орсон байна. Хохирогч Б.Э ийн аав П.Б  нь уг тээврийн хэрэгслийн үнэ болох 113.000.000 төгрөгийг  Х.М т шилжүүлж, Х.М тээврийн хэрэгслийн үнийг Ч.Баттүвшинд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дансаар төлж барагдуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч хохирогч Б.Э ийн аав П.Б г 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Lexus RX350” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг нэхэмжлэх эрх бүхий этгээдээр буюу хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоожээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. ” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлд “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж тус тус тодорхойлсон бөгөөд П.Б г шүүгдэгч Ч.У Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас гаргасан ослын улмаас эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь П.Б  нь өөрийн төрсөн охин Баярхүүгийн Эрдэм, түүний хамтран амьдрагч Х.М нарыг ослын улмаас эрүүл мэндэд учирсан хүндэвтэр, хүнд хохирлын улмаас худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийг төлөх боломжгүй болсныг харгалзан эцгийн ёсоор үр хүүхэддээ тусламж, дэмжлэг үзүүлж тээврийн хэрэгслийн үнийг сайн дураараа төлж барагдуулсан нь энэ гэмт хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрх бүхий этгээд биш юм.

 

Шүүгдэгч Ч.У нь хохирогч Б.Э д эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 10.000.000 төгрөгийг төлсөн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг тэргүүн ээлжинд хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгч Ч.Уянгаас хохирогч Х.М-н өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан 78.858.210 төгрөгөөс үлдэх 68.858.210 /жаран найман сая найман зуун тавин найман мянга хоёр зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогч Билгүүдэй овогт Хишигбаярын Мөнхбилэгт /РД:ХЖ87020271 /-д олгох нь зүйтэй.

 

 Шүүгдэгч Ч.У нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнийн үлдэгдэл 68.858.210 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 сарын хугацаанд сар бүр 6.885.821 төгрөгөөр төлөхөө илэрхийлж, хохирол төлөх гэрээ байгуулж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Э  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх боловч түүний нүүрний мэдрэлийн судас тасарсан, цаашид удаан хугацааны эмчилгээ шаардагдаж эдгэрнэ гэж байх тул гэмт хэргийн хор уршгийг арилаагүй гэж үзэж эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.У-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, их хэмжээний хохирол тус тус учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ч.У хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 103-107 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ч.У нь ам бүл 4, эцэг, эх, эмээгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны, Кристал тауэр хотхоны 802-1204 тоотод оршин суудаг,  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хорооны 30 дугаар байрны 10 тоот орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны 802 дугаар байрны 1204 тоот, 2-82/а, 2-82/б тоот орон сууц, автомашины зогсоолыг гэр бүлийн гишүүдийн хамт хамтран өмчилдөг, Гексаэдр хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч, хохирогч нар нь найз нөхдийн холбоотой, тухайн үед Хөвсгөл аймагт хамт амралтад амарчихаад  Улаанбаатар хот руу буцаж явах замд уг осол гарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсантай холбоотойгоор шүүгдэгч Ч.У нь хохирогч Б.Э д эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 10.000.000 төгрөгийг төлж, үлдэх хэсэг дээр 2022 оны 4 дүгээр сарын 10-ны  өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр 6.885.821 /зургаан сая найман зуун наян таван мянга найман зуун хорин нэг/ төгрөгийг төлж дуусгахаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай харилцан тохиролцож гэрээ байгуулсан, хохирогч Б.Э , Х.М нарын зүгээс санал гомдолгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэл зоригоо шүүхэд илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Ч.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд гэрээний дагуу хохирлыг хэсэгчлэн төлж гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.У-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ч.У “B” ангиллын 993839 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.У тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ч.У-д гэрээний дагуу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг тус тус сануулсугай. 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уянгаас 68.858.210 /жаран найман сая найман зуун тавин найман мянга хоёр зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, ...тоотод оршин суух Б овогт Х-ын М-т /РД:***/-д олгох, шүүгдэгч Ч.У нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнийн үлдэгдэл 68.858.210 /жаран найман сая найман зуун тавин найман мянга хоёр зуун арав/ төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр 6.885.821 /зургаан сая найман зуун наян таван мянга найман зуун хорин нэг/ төгрөгөөр төлөхөө илэрхийлж, хохирол төлөх гэрээ байгуулсан болохыг дурдаж, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Шүүгдэгч Ч.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ч.У тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 993839 тоот үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаагаар хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ