Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******, нарны зам тоот хаягт байрлах “*******” ХХК /рд:5020166/-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******, 189 тоот хаягт байрлах “*******” ХХК /рд:/-нд холбогдох,

4,531,027.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай компани хариуцагч “*******” ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, нийт 1,957,247.00 төгрөгийн үнэтэй эм, эмнэлгийн хэрэгслийг худалдахаар тохирч, гэрээнд заасан барааг хүлээлгэн өгсөн.

Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, бараа бүтээгдэхүүнийг төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Бидний хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар худалдан авагч тал нийт 2,000,000.00 төгрөгийн барааны үнийг тухайн гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөх ёстой атал төлөөгүй тул энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасныг үндэслэн алдангид 978,623.00 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт нэхэмжилж байна.

Хэдийгээр хариуцагчийн зүгээс тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа уг төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлөх тухай санал гаргасныг хүлээн авах боломжгүй, хариуцаг тал өнгөрсөн 2016 оны 05 дугаар сараас хойш удаа дараа нэн даруй төлнө гэж худал хэлсэн тул алдангаас чөлөөлөх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал хууль эрх зүйн мэдлэгүйгээс тус шүүхэд 4,531,027.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлага гаргасан байсан, гэвч Иргэний хуульд зааснаар алдангийн хэмжээ үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул 2,935,870.00 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа 1,595,157.00 төгрөгөөр багасгаж байна.

Иймд, хариуцагч “*******” ХХК-иас 2,935,870.00 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч “*******” ХХК-иас 1,957,247.00 төгрөгийн үнэтэй эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авсан боловч төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрч байгаа ба 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн дотор бүрэн төлнө” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-иас хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулан 4,531,027.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Зохигчдын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор Б.*******, Д. нарт итгэмжлэл олгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн оролцогч бөгөөд тэдгээрийн бүрэн эрх нь тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба тухайн этгээдүүд дээр дурьдсан хуульд заасан зохигчийн бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байна.

 

 Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, мөн түүнчлэн хариу тайлбар гаргаж байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “*******” ХХК болон хариуцагч “*******” ХХК нар 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, нийт 2,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй эм, эмийн бэлдмэлийг худалдах, худалдан авахаар харилцан тохирчээ /х.х-ийн 6, 7-р хуудас/.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хэдийгээр зохигчид 2,000,000.00 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахаар тохиролцсон боловч хариуцагч тал нийт 1,975,247.00 төгрөгийн үнэтэй эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авсан үйл баримтын талаар маргахгүй байна /х.х-ийн 4, 5-р хуудас/.


           Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “*******” ХХК нь “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, импортлох” тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бол хариуцагч “*******” ХХК-ийн хувьд “хоёрдугаар зэрэглэлийн эмийн сангийн буюу эм барих” үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлдэг ажээ.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т ”эм барих гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагааг хэлнэ гэж”, мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23-т “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийг эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг”, түүнчлэн 3.1.24.“эмийн сан гэж эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ” гэсний дагуу зохигчид эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг зээлээр худалдах тухай гэрээг байгуулсан байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу зохигчдод эрх бүхий этгээдээс дээр дурьдсан үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

 

Хэдийгээр талууд, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээг “зээлээр худалдах, худалдан авах гэрээ” хэмээн нэрлэсэн бөгөөд худалдсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацааны дотор төлөхөөр тохиролцсон байх боловч тус гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинж байхгүй, зөвхөн төлбөрийг хожим төлөх нөхцөлтэй ба энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний бус харин тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай талуудын тохиролцоо нийцэж байна.

 

Гэрээний талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэх талаар тохиролцсон ч тухайн гэрээний зүйлийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд худалдагчид түүний үнийг шаардах эрх үүсэхгүй юм.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч тал нийт 1,975,247.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар барааны үнийг 30 /гуч/ хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч тэрээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 219,471.89 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулах тухай хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 

Гэвч хариуцагч тал энэхүү хугацаанд гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний зүйлийн үнийг нэхэмжлэх эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч буюу худалдагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээний зүйл болох эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн боловч тэрээр тус хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар гэрээний үнийг төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч тал бараа бүтээгдэхүүний үнийг шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-иас бараа бүтээгдэхүүний үндсэн төлбөрт 1,957,247.00 төгрөг, алдангид 978,623.00 төгрөг, нийт 2,935,870.00 төгрөгийг шаарджээ.

 

Зохигчид, тус зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирсон байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, мөн 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан ба тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх” зохицуулалттай ч хариуцагч тал ийнхүү үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсныг нотлохгүй байна.

 

Нэгэнт хариуцагч “*******” ХХК нь бараа бүтээгдэхүүний үнийг төлөх хугацааг хэтрүүлсэн тул тэрээр гэрээний дагуу нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд гагцхүү энэхүү алданги нь хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.

 

Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих буюу нэхэмжилсэн үндсэн төлбөр 1,957,247.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд зааснаар алдангийг тооцоход нэхэмжлэлд заасан хэмжээ болох 978,623.00 төгрөг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна 

 

Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн төлбөр 1,957,247.00 төгрөг, алданги 978,623.00 төгрөг, нийт 2,935,870.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч “*******” ХХК-иас үндсэн төлбөр 1,957,247.00 төгрөг, алданги 978,623.00 төгрөг, нийт 2,935,870.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,446.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 61,924.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МАНДАЛБАЯР