Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар  2022/ШЦТ/138

 

 

 2022          02           15                                    

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамдин овогт Эрдэнэчимэгийн Бд холбогдох эрүүгийн 2211 00040 0066 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Дамдин овогтой Эрдэнэчимэгийн Б /РД:./ Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 418 дугаар байрны 2-67 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Element" бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Батхүүгийн хариуцуулж өгсөн “Хаан банкны картаар 5622221508 дугаарын данснаас 1,800,000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Element" бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Батхүүгийн хариуцуулж өгсөн “Хаан банкны картаар 5622221508 дугаарын данснаас 1,800,000 төгрөгийг авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Надад гаргах тайлбар байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээж байгаа. Хохирол төлж барагдуулсан байгаа...” гэх /хх-ийн 25-26х/,

Хохирогч Д.Батхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 01 цагаас 02 цагийн орчимд “Тэнгис” кино театрын баруун талд байх “ELEMENT” нэртэй бааранд найзтайгаа уулзахаар болоод ирсэн бөгөөд найз дээрээ ирээд тухайн бааранд бүжиглэсэн нэг шил виски ууж ширээнд ганцаараа сууж байсан. Удалгүй манай найз Б нь ирсэн бөгөөд 3-4 найзуудтайгаа ирсэн тухайн үед би өөрөө өөр газар архи уусан байсан болохоор согтолттой байсан. Тэгээд бид тэндээ ууж сууж байгаад Болороо найзуудын хамт байгаад байхаар нь би явахаар болж ганцаараа баарнаас гараад явсан. ...Өглөө буюу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн орчим гэртээ сэрсэн бөгөөд картаа хайгаад олоогүй, гар утасны зарлагын мессеж харсан чинь миний данснаас 700,000 төгрөг 2 удаа, 400.000 төгрөг 1 нийт 1,800,000 төгрөгийн зарлага гарсан байсан бусад тооцоо мөнгийг нь би өөрөө санаж байна. ...Э.Б нь миний хохирол болох 1,800,000 төгрөгийг хоёр хувааж буюу 900,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, үлдсэн 900,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус төлж барагдуулсан...” гэх /хх-ийн 7, 31х/,

Хохирогч Д.Батхүүгийн эзэмшлийн Хаан банкны 5622221508 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг эхлүүлэхэд хар өнгийн гадуур хувцастай эмэгтэй хүн АТМ-д орж ирж цэнхэр өнгийн карт гарган ирж АТМ-д уншуулж мөнгө авч байгаа дүрс харагдаж байна. ...Тус эмэгтэй нь 3 удаа АТМ-ээс мөнгө авч байх бөгөөд АТМ-аас авсан мөнгөө өөрийн халаасандаа хийгээд гараад явж байгаа дүрс бичлэг харагдаж байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 15-17х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Element" бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Батхүүгийн хариуцуулж өгсөн “Хаан банкны картаар 5622221508 дугаарын данснаас 1,800,000 төгрөгийг авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүх, шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар ямар нэг гомдол саналгүй гэх зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3  дах хэсгийн 3.3 дах заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Э.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дамдин овогтой Эрдэнэчимэгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дах заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                   П.АРИУНБОЛД