Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 951

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Мөнх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн дүгнэлтээр шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овгийн Г-ын Б, 1999 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн 8-280 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ99062719/;

 

Шүүгдэгч Г.Б нь 7 удаагийн давтан үйлдлээр:

1. Э.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэн 2015 оны 5 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн ......... байх иргэн Тамирын байшинд нэвтрэн орж, 40 инчийн зурагтыг удирдлагын хамт хулгайлан 260.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Б.Т, О.Б, Б.Т, Н.Т, Э.Б, Ч.Э, Э.Х нартай урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэн 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..... тоот, иргэн Н.Энхтуяагийн байшинд нэвтрэн орж, 26 инчийн зурагт, удирдлага, бугуйн цаг зэрэг эд зүйлийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.Т, О.Б, Б.Т, Н.Т, Э.Б, Ч.Э, Э.Х нартай урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэн 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар ........ задгайд байх иргэн Ш.Бүжингийн байшингийн цонхоор нэвтрэн орж, 32 инчийн зурагт, 1 шил архи хулгайлан 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. О.Б, Б.Т, Э.Б, Ч.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэн 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн .... тоотод оршин суух Сэлэнгийн гэрт нэвтрэн орж, автомашин угаадаг мотор, аяны хөнжил хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. О.Б, Б.Т, Э.Б, Ч.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэн, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, .........  цонхны төмөр хаалтыг хөшиж эвдэн, цонхны порчикний түгжээг эвдэж 42 инчийн “Самсунг” загварын зурагт 1 ширхэг, хар өнгийн пүүз зэргийг хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. О.Б, Б.Т, Э.Б, Ч.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэн 2015 оны 9 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр ...... задгайд оршин суух Баасанцэрэнгийн байшинд нэвтрэн орж, 32 инчийн зурагт хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. О.Б, Б.Т, Э.Б, Ч.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэн, 2015 оны 10 дугаар сарын 31-нд Сүхбаатар дүүргийн ....... тоотод оршин суух Д.Оюунцэцэгийн байшинд нэвтрэн орж “Панасоник” загварын 32 инчийн зурагтыг удирдлагын хамт хулгайлан 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн Г.Б нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж давтан үйлдлээр:

1. Э.Б, М.Д нартай бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 9 дүгээр цэцэрлэгийн хашаанд насанд хүрээгүй М.Лхагвасүрэнгийн куртик, “Самсунг эс 3” загварын гар утас 1 ширхэг, “Нокиа” загварын гар утас 1 ширхэг зэрэг 170.000 төгрөгийн эд зүйлийг, насанд хүрээгүй Ц.Б-ын биет 5000 төгрөгийг тус тус дээрэмдсэн,

2. Э.Бтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны орцонд, насанд хүрээгүй Б.Дөлгөөний “Ай фоне 5” гар утас 1 ширхэг, 4.500 төгрөг зэргийг дээрэмдсэн,

3. Насанд хүрээгүй Э.Сод-Оргилын “Ай фоне 5 эс” загварын гар утас 1 ширхэг, 5.500 төгрөг зэргийг дээрэмдсэн,

4. Э.Х, М.Д нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 6 дугаар байрны 2 дугаар орцны 9 давхарт, насанд хүрээгүй Э.Чингүүний “Ай фоне 5 эс” загварын гар утас 1 ширхэг, гутал зэрэг эд зүйлийг дээрэмдэн 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Бн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б нарт холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг болгон өөрчилж,

Г.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг булаах, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, 4 жилийн хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.8 дахь хэсэгт зааснаар Г.Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Б нь 76 хоног цагдан хоригдсон хоногтой, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан Г.Бд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хариуцуулан шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Г, Г.Б нар бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансарын колонкийн урд байрлах түргэн үйлчилгээний цэгийн худалдагч Б.Намуунтуяагийн хоолойд хутга тулган 42.100 төгрөг, парламент тамхи 4 ширхэг, кембаб зэргийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 730 дугаартай шийтгэх тогтоолоор:

Прокуророос Д.Г, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Д.Г, Г.Б нар нь бүлэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Гад 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Бд 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 3 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай хорих байгууллагад эдлүүлж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж шийдвэрлэсэн.

Тус шийтгэх тогтоолд улсын яллагч “шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй” гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэнээр давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хэргийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч нарт холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгах нь зүйтэй гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан.

Г.Б нь 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдсэн гэмт хэргүүддээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 266 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

Г.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ял шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Г.Бн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн, нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтэд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Г.Б нь 2015 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд бусадтай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, 7 удаагийн үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн 2016 оны 11 дүгээр сард бүлэглэж, 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Г.Бд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулан шийдвэрлэжээ.

 

Гэтэл Д.Г, Г.Б нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын колонкийн урд байрлах түргэн үйлчилгээний цэгийн худалдагч Б.Намуунтуяагийн хоолойд хутга тулган, хүч хэрэглэж 42.100 төгрөг, парламент тамхи 4 ширхэг, кембаб 1 ширхэгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдсон болох нь 2017 2501 1210 дугаартай эрүүгийн хавтаст хэргийн материалаар тогтоогдож байна.

 

Дээрх үйлдлүүд нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.  

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

 

Энэхүү зохицуулалтаас үзэхэд, хүчин Т болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг зохицуулаагүй байна. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор Г.Бн гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан байна.

 

Өөрөөр хэлбэл Г.Бн дээрх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд түүний эрх зүйн байдал дордохоор нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан  ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн бол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болно” гэж заажээ.

Иймд Г.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байх тул прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Г.Бд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Г.Бд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

 

 

                                                                        

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ