Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0332

 

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0332

Улаанбаатар хот

 

Иргэн П.Б, Д.Н нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн П.Б, Д.Н нарын нэхэмжлэлтэй, Сангийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай 190 дүгээр тушаалын Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг 292.500,0 мянган төгрөгөөр тооцон татварын өрөнд авах тухай хэсгийг, нээлттэй дуудлага худалдааны ялагч Б.Чинзоригт Баянчандмань АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан тухайн барилга байгууламжийн өмчлөх эрхийг шилжүүлсэн Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартааМаргаан бүхий захиргааны акт болох Сангийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дүгээр тушаалд нэхэмжлэгч П.Б, Д.Н нарын эзэмшлийн гэгдэж буй барилгыг тодорхой заагаагүй байх тул тус захиргааны актаар дээрх иргэдийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэлд тухайн барилгатай холбогдуулж иргэд хоорондын маргаан үүссэн тухай дурдсаны дагуу нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрх, ашгаа хамгаалуулахаар иргэн Д.С иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан болно.

Иймд, П.Б, Д.Н нарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумд байрлах Сангийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дүгээр тушаалаар татварын өр төлбөрт хураагдсан тухай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд "Э х" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ..."Э х" ХК-ийг төлөөлөн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч болох Д.Н, П нарын төлөөлөл "Т с" ХХК-ийн нэр дээр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнаар нотариатаар гэрчлүүлэх ажиллагааг хийлгүүлсэн.

... Үл хөдлөх хөрөнгийн үнэ 150 сая төгрөгийг 2005 онд багтаан төлж барагдуулсан. Сангийн яам, Татварын ерөнхий газар нь уг үл хөдлөх эд хөрөнгө нь хөдөө орон нутагт байрлаж байгаа тул Сэлэнгэ аймгийн орон нутгийн өмчид шилжүүлэх чиглэл өгсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг томилогдон уг үл хөдлөх эд хөрөнгийг 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Х.Д-ээр ахлуулсан ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн болно.

2004 оноос эхлэн иргэн Д.Н, П нарт түрээсээр, 2006-2007 оноос Төрийн өмчийн хорооны шийдвэрээр ерөнхий түрээслэгчээр Авто зам ашиглалтын газар болсон тул Д.Н, П нар нь уг үл хөдлөх хөрөнгийг цаашид түрээсээр ашиглах гэрээг байгуулан ажиллаж байсан.

Уг үл хөдлөх хөрөнгийг хамтран эзэмшигч П нь 2014 оны 03 дугаар сард хүнд өвчний улмаас нас барсан, бидэнд зуучилж байсан авга ах Б.Алтангэрэл нь 2014 оны 11 дүгээр сард нас барсан нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр гэрчлэх, мэдүүлэх боломжгүй болсонд миний бие ихэд харамсаж байна.

Иймд иргэн Д.Н, П.Б нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээд "Э х" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Чнь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд нээлттэй зохион байгуулсан дуудлага худалдаагаар Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруун хараад байрлалтай Баянчандмань АЗЗА ТӨХК-ийн хөрөнгөд бүртгэлтэй худалдаа, үйлчилгээний цогцолбор барилга, байгууламжийг 93.752.532 төгрөгөөр худалдан авсан.

Дуудлага худалдааны ялагч уг худалдаа үйлчилгээний цогцолбор барилгын үнийг бүрэн төлж, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоолоор өмчлөгч болж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр худалдаа үйлчилгээний цогцолбор барилгыг хүлээн авсан. Иргэн Б.Чсумын Газрын албанд газар эзэмших эрхээ шилжүүлэн авах хүсэлт гаргасан боловч ...өмнөх газар эзэмшигч гэрчилгээ бариад яваад байсан. Шүүхэд хандана гэсэн. Төрийн өмчийн хорооны нэр дээр гэрчилгээ байвал аваал ир гэх тайлбар хэлж хүлээн авахаас татгалзсан.

Аймгийн улсын бүртгэлийн хэлтэс ... газрын гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргаад материалаа бүрдүүлээд дахин хүсэлтээ гаргана уу гэх хариуг тус тус өгсөн байдаг. Иргэн Б.Чнь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгөө өнөөдрийг хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй эрх ашиг нь хохирч байгаагаас гадна дуудлага худалдааны үнийг төлөхөд бусдаас авсан зээлийн зардал буюу хүү, анзын төлбөр төлж нэмж хохирсоор байна.

Нөхцөл байдлаас шалтгаалж иргэн Б.Чхудалдан авсан барилга, байгууламжаа өмчилж ашиглаж чадахгүй, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй, хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн байгууллагаас зээл тусламж авах, бусадтай хамтран ажиллах ямар ч боломжгүй болсон байна.

Иймд, хэргийг тал бүрээс судлан үзэж үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 /энэ хэсгийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай 190 дүгээр тушаалын Сэлэнгэ аймгийн Баянгол сумд байгаа үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг 292.500,0 мянган төгрөгөөр тооцон татварын өрөнд авсугай гэсэн заалтыг хүчингүй болгуулах, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч П.Б, Д.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Санхүү. эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дүгээр тушаалын Сэлэнгэ аймаг Баянгол сумд байрлах үйлдвэр үйлчилгээний цогцолборыг 292.500.000 төгрөгөөр тооцон татварын өрөнд авсугай гэсэн заалт нь хууль зүйн үндэслэлгүйгээр өмчлөгчийн эрхийг зөрчсөн эрх зүйн акт байна.

Уг тушаалыг гаргахад үндэслэгдсэн Санхүү, эдийн засгийн сайдын зөвлөлийн 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэр нь анхнаасаа бусдын өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр байсан байна. Учир нь

1. Нэхэмжлэгч Д.Н нь Сэлэнгэ аймаг Баянгол сумд байрлах Үйлдвэр, үйлчилгээний цогцолборын өөрт оногдох өмчлөх хэсгээ Эрдэнэт хүнс ХК-д 200.000.000 төгрөгөөр худалдах, Эрдэнэт хүнс ХК-ийн захирал Д.С худалдан авах талаарх хэлцэл 2003 оны 12 дугаар сарын сүүлчээр ярилцаж тохиролцсон байхад Санхүү, эдийн засгийн сайдын зөвлөл 2003 оны 06 дугаар сард уг обьект нь "Э х" ХК-ийн өмчлөлд шилжээгүй бөгөөд тайлан балансд нь тусгагдаагүй, өмчлөгч Д.Н, П.Б нарын зөвшөөрөл олгогдоогүй байхад бусдын өмчийг өөр нэг этгээдийн татварын өрөнд хураан авах шийдвэр гаргасан байсанг шүүх анхааран үзээгүй байна.

Маргаж буй обьектыг 2003 оны 12 дугаар сарын сүүл, 2004 оны эхээр худалдах, худалдан авах талаар хэлэлцсэн гэдгээ нэхэмжлэгч Д.Н, гуравдагч этгээд болох "Э х" ХК-ийн захирал Д.С нар нь шүүхэд гаргасан тайлбараараа нотолж байдаг.

2Сэлэнгэ аймаг Баянгол сумд байрлах маргаж буй обьектыг татварын өрөнд хураан авах тухай ямар нэгэн эрх зүйн акт огт гараагүй байхад Д.Н, П.Б нарын өмчлөх эрхийг зөрчиж тэдгээрийн өмчийг өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр хураан авах шийдвэр гаргасан байна.

Энэ талаар анхан шатны шүүхэд ирүүлсэн Татварын ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 8/2671 дүгээр албан бичгээр нотлогдож байгаа болно.

З. Сэлэнгэ аймаг Баянгол сумд байрлах үйлдвэр үйлчилгээний цогцолбор нь "Э х" ХК-ийн өмчлөлд шилжээгүй бөгөөд одоо хэрнээ "Э х" ХК нь уг обьектын Д.Нтэй хэлцэл хийгдсэн хэсгийн 200.000.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд уг обьектыг өөрийн байгууллагын тайлан балансд тусгаагүй, өмчлөлдөө шилжүүлэн аваагүй гэдгээ гуравдагч этгээд "Э х" ХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг сайтар нягтлан үзэлгүйгээр, мөн шүүх шийдвэртээ Хэдийгээр хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Эрдэнэт-хүнс ХК-ийн өмчлөлд албан ёсоор шилжээгүй байхад татварын өрөнд тооцон авах тушаал гаргасан буруутай байх боловч... гэж заасан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож буй нь ойлгомжгүй байна.

4. П.Б нь уг маргаж буй обьектын 125 м.кв талбай бүхий хэсгийг өмчилдөг бөгөөд уг өмчлөл болох үл хөдлөх хөрөнгөө "Э х" ХК-ийн захирал Д.Стай худалдах, худалдан авах талаар гэрээ байтугай хэлцэл ч хийгдээгүй байхад Д.Нд үнэ тохирвол худалдсан ч яахав гэж хэлснийх нь төлөө, мөн өөрийнх нь өмч нь өдийг хүртэл өөрийнх нь өмчлөлд хэвээр байхад;

Шүүх шүүхийн шийдвэртээ: Хөөн хэлэлцэх хугацааны хувьд: Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай 190 дүгээр тушаалыг нэхэмжлэгч нарт холбогдох хууль, журмын дагуу зохих ёсоор гардуулж өгөөгүй, мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба хариуцагч гардуулан өгснөө нотлохгүй байна. Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна гэж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаал гарснаас хойшх үйл баримтуудыг үндэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэл өөрөө Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаалыг гаргахдаа өмчлөгч нарын өмчлөх эрхийг зөрчсөн Санхүү, эдийн засгийн сайдын зөвлөлийн хууль бус шийдвэрийг үндэслэн гаргаад түүнээсээ улбаалан Төрийн өмчийн хорооны 698 дугаар тогтоол гарснаар Д.Н, П.Б нарын өмчлөх эрх зөрчигдөхөд хүрээд байна гэж маргаж буй болохоос өмчийн асуудлаар маргаагүй болно.

Иймд Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаал гарсан үеийн нөхцөл байдлыг уялдуулан сайтар судлан шинжилгүйгээр Д.Н, П.Б нарын өмчлөх эрхийг шууд хөндөн гаргасан Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 190 дүгээр тушаалын Сэлэнгэ аймаг Баянгол сумд байрлах Үйлдвэр үйлчилгээний цогцолборыг 292.500.000 төгрөгөөр тооцон татварын өрөнд авсугай заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг ханган өгч анхан шатны шүүхийн 242 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Н, П.Б нараас Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай 190 дүгээр тушаалын Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг 292.500,0 мянган төгрөгөөр тооцон татварын өрөнд авах тухай хэсгийг, нээлттэй дуудлага худалдааны ялагч Б.Чинзоригт Баянчандмань АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан тухайн барилга байгууламжийн өмчлөх эрхийг шилжүүлсэн Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Анх Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилгын 338 м.кв талбайтай хэсгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Д.Н, 125 м.кв талбайтай хэсгийн өмчлөгч нь нэхэмжлэгч П.Б болохыг баталгаажуулж, улсын бүртгэлийн байгууллага 2000 оны 03 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээг олгожээ.

Улмаар нэхэмжлэгч Д.Н нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж "Э х" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, 2003 оны 12 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээгээр тохиролцсон төлбөрийнхөө зохих хэсгийг хүлээн авсан, түүний энэхүү үйлдэлд нэхэмжлэгч П.Б татгалзалгүй өнөөг хүрсэн төдийгүй нэхэмжлэгч нар өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө худалдах сонирхолтой байсан нь хэрэгт авагдсан хэргийн оролцогчид болон "Э х" ХХК-ийн захирлын тайлбар, ялангуяа нэхэмжлэгч Д.Нн би барилгыг Д.Сад зарах талаар П.Бд хэлэхэд үнэ тохирвол зарчих гэж хэлсэн гэх тайлбар, тухайн үл хөдлөх эд хөрөнгө Төрийн өмчлөлд шилжсэний дараа нэхэмжлэгч Д.Нн Төрийн өмчийн хороотой байгуулсан 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01/70-1 дүгээр Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгөө худалдах хүсэл зориг 2003 оны 12 дугаар сард "Э х" ХХК-ийн захирал Д.Стай Д.Н худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар биеллээ олсон бөгөөд энэ нь нэхэмжлэгч Д.Нн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг хүлээн авах ажиллагааг өөрөө гүйцэтгэсэн, Төрийн өмчийн хороотой гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн байгууламжийг түрээсийн журмаар ашиглаж ирсэн үйлдэл, нэхэмжлэгч П.Баасандагвын тухайд энэ бүх хугацаанд дээрх үйл ажиллагаанд татгалзаагүй төдийгүй өмчлөгчийн эрхээ ямар нэг байдлаар өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байгаагаас харагдаж байна.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбараас үзвэл "Э х" ХХК худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, тохирсон төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүйгээс улбаалан тэдгээр нь захиргааны хэргийн шүүхэд Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгох, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн өмчийн хорооны өмчлөгчийн эрх шилжүүлсэн тогтоолыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Эндээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч нар "Э х" ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу худалдан авсан эд хөрөнгийнхөө үнийг бүрэн төлөөгүй гэж үзсэнтэй холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ нь маргаан бүхий захиргааны актуудын улмаас тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үндэслэл болно.

Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах нэхэмжлэгч нарын хүсэл зориг нэгэнт биелэгдсэнээр үл хөдлөх эд хөрөнгийг "Э х" ХХК өр төлбөртөө шилжүүлснийг Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаалаар хүлээн авсан, Төрийн өмчийн хороо хуульд заасан журмын дагуу хувьчлах ажиллагааг явуулжээ.

Тиймээс нэхэмжлэгч П.Б, Д.Н нарын Үл хөдлөх эд хөрөнгөө худалдсаны төлбөрийг бүрэн авах хүсэл зориг буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий захиргааны актуудын улмаас зөрчигдөөгүй байна.

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Харин шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн шийдвэрлээгүй тул эдгээр алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын /энэ хэсгийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 гэснийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 гэж, 2 дахь заалтын 57.1 гэсний дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 гэж нэмж, нэхэмжлэгчээс гэснийг нэхэмжлэгч нараас гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР