Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 02

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Энхбаяр,     

Улсын яллагч Г.Батбаяр,

Хохирогч Д.Сумъяа,

Шүүгдэгч Я.Доржрагчаа, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бэсүд овогт Ядамжавын Доржрагчаад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010535 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Бэсүд овогт Ядамжавын Доржрагчаа, 1953 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 63 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 32-1723 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын шүүхийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 69 дүгээр зүйлд зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, УК53050614 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Доржрагчаа нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн гүний худагийн орчим, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Сумъяаг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Доржрагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би гүний худгаас ус авах гээд машинтайгаа зогсож байгаад хохирогчийн зогсож

байгаа газар том тэрэг зогсдог гэж хэлэхээр машиныхаа дуут дохиог дарсан. Тэгтэл хохирогч над руу салаавч өгсөн тул би хажууд байсан эхнэртээ хохирогчийг ямар танхай хүн бэ гэж хэлээд надаас уучлалт гуйх байх гэж бодоод түүн дээр очсон. Би тэр үед архи дарс хэрэглээгүй байсан. Тэгээд хохирогчийг яагаад салаавч гаргаж байгаа юм гэхэд дахин бүдүүлэг авир гаргаж надтай маргалдаж, барьцалдахад би хохирогчийг цохьсон байсан. Тухайн үед надад ямар ч танхайн сэдэлт байгаагүй. Тухайн үед хохирогч надаас уучлалт гуйсан бол хэрүүл маргаан үүсэхгүй байсан юм. Би хөгшин настай хүн байж гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Тухайн өдөр би гүний худгаас ус авах гэж байтал хохирогч Сумъяа машинаа хөндлөн тавьж над руу салаавч гаргаснаас болж би түүнтэй маргалдах болсон юм. Хохирогчийн зүгээс болон түүний гэр бүлээс намайг хохирол төлбөр төл гэж утсаар олон удаа ярьж намайг дарамталж байсан. Би тархиндаа цус харавсан тул хэсэг хугацаанд өвчтэй байсан. Тэгээд тэр үед цагаан сар болох гэж байсан тул би хэрүүл маргаан хийхээс зайлсхийж хохирогчид 2.000.000 төгрөгийг хохирлын төлбөр болгож баримтаар наториатаар баталгаажуулж өгсөн. Тухайн үед би хохирогчийн хамран тус газар цохьсон гэж бодож байтал хацар ясандаа хугарал авсан байсан. Би хохирогчийг гэмтээсэн нь үнэн. Хохирогч талаас надад бүдүүлэг хандсан тул би уураа барьж чадалгүй түүнийг цохьсон. Би хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь анх эргэж очиход надаас 500.000 төгрөг нэхэмжилж байсан. Би хохирогчид хохирол төлбөр төлөх гэж байтал дахин дахин мөнгө нэмж нэхэмжилж эхэлсэн. Тэгээд би сүүлдээ хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн юм. Хохирогч надад санал гомдолгүй гэсэн бичиг үйлдэж өгсөн байтал дахин 500.000 төгрөг нэхэмжилсэн тул би асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлэх хэрэгтэй гэж бодсон. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Д.Сумъяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч буруу ярьж байна. Би шүүгдэгчтэй зууралдаж ноцолдсон зүйлгүй. Цагаан машинаас бор дээлтэй хүн бууж ирээд “чи яасан их салаавч өгдөг пизда вэ” гээд намайг шууд цохисон. Тэгээд би хэсэг хугацаанд манараад зогсож байтал шанаанаас хамар дагаад шингэн зүйл гойжиж байсан. Тэгээд эхнэр маань алчуураар шанаагаа дарж байгаад гайгүй болохоор нь би түүнд хандаж “чи шоронгоос гарсан хулгайч байна, зүгээр байсан хүнийг ийм болгодог хэн бэ” гэж хэлсэн. Би тэр үед шүүгдэгчтэй маргалдаж,түүнийг доромжилсон зүйл хэлээгүй. Эмнэлгийн зүгээс хагалгаанд хэрэглэх хэдэн янзын материалыг надад үзүүлсэн. Эмч нарын зүгээс сайн материал хэрэглэхэд дараа нь дахин хагалгаанд орох шаардлагагүй гэж хэлсэн тул би 1.500.000 төгрөгийн материалыг сонгоод хагалгаа хийх өдрөө тохиролцсон. Би шүүгдэгчийг цус харавсан гэж бодохгүй байна. Учир нь цус харавсан гэх хугацаанаас 1 сарын дараа надтай ус авч яваад тааралдсан. Тэр үед би шүүгдэгчээс 500.000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ гэдгээ хэлсэн. Би шүүгдэгчээс 1.700.000 төгрөг бэлэн авсан, 2 гахайн тоорой авсан. Тэгээд нийт 2.000.000 төгрөг хүлээж авсан гэж баримт үйлдсэн юм” гэв,

Хохирогч Д.Сумъяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15 цаг 30 минутын орчим байх эхнэр Ц.Энэбишийн хамт ус авахаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн Гүний худаг ороод

худгын шланктай ойртох гээд машин ухрааж ордог арктай хэсэгт машин ус авж байгаад гарахаар нь оронд нь орох гээд ухрахад нэг машин сигналдаад байсан би ямар машин сигналдаад байгаа юм бол гээд цонхоор харахад цагаан өнгийн Портер маркийн машин байсан, би цонхоо онгойлгоод яах гээд байгаа юм би орох гэж байна гэж хэлээд ухрахад дахиад уг машин сигналдсан. Тэгээд би машин дотроосоо гараа зангидаад нөгөө машин руу нэг удаа зангачихаад ухраад зогсоолд машинаа тавиад эхнэр машины багажнаас саваа аваад байж байсан. Би худгын хүнд усны мөнгө болох 170 төгрөг өгөөд эргээд харахад нөгөө цагаан портер машинаас дээлтэй эрэгтэй хүн бууж ирж байсан. Тэгээд над дээр ирээд чи салаавч өгдөг хэн бэ пизда минь гээд гараараа нэг удаа миний баруун шанаа руу цохьсон. Тэгсэн миний хамарнаас цус гараад байсан. Нөгөө эрэгтэй миний хажууд зогсож байсан ба би охин Нарантунгалаг руу утсаар болсон явдлын талаар хэлсэн тэгээд манай хүүхдүүд цагдаад дуудлага өгсөн. “...надад эмчилгээний зардал 2.000.000 төгрөг өгсөн тухайн өгсөн мөнгө нь эмчилгээний зардалд таарсан одоо дахин эмчилгээ хийлгэхэд 500.000 төгрөгийг эмчилгээ үйлчилгээ хийлгэмээр байна. “...дөнгөж намайг цохиод цагдаа дээр ирэхэд манай хүүхдүүд хөгшин эцгийг минь яагаад зодож байгаа юм гээд уурласан байсан, тэрнээс биш зодож цохьсон дарамтлаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх17-19/,

Гэрч Ц.Энэбиш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн орчим байх нөхөр Сумъяагийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн гүний худаг орж ус авах гээд очсон. Би машинаас саваа аваад усаа хийж байхад хүмүүс орилоод байхаар нь очоод харахад манай нөхрийн хамарнаас цус гарсан хажууд нь бүдүүн бор дээлтэй эрэгтэй хүн зогсож байсан. Цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд аваад явсан. худаг дээр ус авч байгаа хүмүүс байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-21-22/,

Гэрч Д.Алимаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...миний нөхөр Я.Доржрагчаа нь 1953 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн. Бүрэн дунд боловсролтой жолооч мэргэжилтэй. Тээврийн жолооч хийж байгаад 2014 онд тэтгэвэрт гарсан ба одоогоор гэр зуур ажилгүй байгаа. Архи согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэггүй. Ер нь төлөв даруу огцом ууртай, уур нь түргэн гардаг хүн. Би Доржрагчаатай гэр бүл болоод 5 жил болж байгаа, өмнө гэр бүлтэй байсан салсан гэсэн 2 хүүтэй..” .гэсэн мэдүүлэг. /хх23-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1747 дугаартай дүгнэлт /хх-28/,   

  1. Д.Сумъяа-н биед тархи доргилт, баруун нүдний ухархайн доод ухархайн доод хана, гайморийн хөндий рүү цөмөрсөн нийлмэл хугарал, гайморийн хөндийн шингэний хуримтлал /цус/ баруун хацар нум, сэртэнгийн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. “Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн мэдүүлэг.

Илтгэх хуудас /хх-5/, хохирогч Д.Сумъяагийн мэдүүлэг /хх17-19/, Я.Доржрагчаагийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-6/, Я.Доржрагчаагийн тайлбар /хх-9/, гэрч Б.Насандэлгэрийн мэдүүлэг /хх-20/, гэрч Д.Алимаагийн мэдүүлэг /хх-24/, яллагдагч Я.Доржрагчаагийн мэдүүлэг /хх-39/, шинжээчийн дүгнэлт /хх-28/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-44/, мөнгө хүлээж авсан хэлцэл /хх-47/, өвчтөний түүх /хх-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Доржрагчаа нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн гүний худагийн орчим, салаавч гаргалаа гэж үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Сумъяаг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Доржрагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Доржрагчааг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Доржрагчаад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Хохирогч Д.Сумъяа нь шүүгдэгч Б.Доржрагчаагаас хохирол төлбөрт 2.000.000 төгрөг хүлээн авсан нэмж цаашид гарах эмчилгээний зардалд 500.000 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн боловч хавтаст хэрэгт ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Харин хохирогч Д.Сумъяа нь цаашид гарсан эмчилгээний зардлаа буюу нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бэсүд овогт Ядамжавын Доржрагчааг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Доржрагчааг 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Доржрагчаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Доржрагчаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Хохирогч Д.Сумъяа нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Б.Доржрагчаагаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

                                                      

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Доржрагчаад оногдуулсан  3 жил 1 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Доржрагчаад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР