Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 03

 

М.Одонхүүгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 614 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 721 дүгээр магадлалтай, М.Одонхүүгийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 614 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг тус тус баримтлан М.Одонхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболдын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах” тухай Б/504 дүгээр тушаалын М.Одонхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Одонхүүг өмнө эрхэлж байсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 721 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.  

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргыг төлөөлж тус газрын дэд дарга дэд комиссар М.Лувсандорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон завж заалдах шатны шүүх нэхэмжлэгч М.Одонхүүгийн гаргасан зөрчлийг дүгнэхдээ зөвхөн хамтран ажилладаг Б.Батзолбоогоос эрүүгийн хэрэгт хураагдсан хохирлын мөнгө зээлж авсан зөрчил гаргасан мэтээр дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

М.Одонхүү нарт явуулсан албаны шалгалтаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзолбоо нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийн шалгаж буй эрүүгийн хэргийн холбогдогч БНХАУ-ын иргэн Чин овогт Алмазаас “хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө” гэж хэлж 1.000.000 /нэг сая/ төгрөг авсан, мөн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад М.Одонхүү нь дээрх хууль бус үйлдлийн талаар мэдэж байсан атлаа нуун дарагдуулсан, Б.Батзолбоогийн бусдаас хууль бусаар авсан мөнгийг авч хэрэглэсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.

...М.Одонхүү Цагдаагийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан албан хаагчийн ёс зүйг чанд сахиж ажиллахаар өргөсөн тангараг, Авилгын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан авилгын талаар мэдээлэх үүрэг, мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4 дэх хэсэгт заасан “цагдаагийн алба хаагч нь хууль дээдлэх зарчмын хүрээнд... “4.1.1-д “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл дэг журмыг чанд баримтлах”, “4.1.4-т “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллагсдадаа энэ талаар хууль ёсны шаардлага тавих” гэх зэрэг хэм хэмжээг тус тус зөрчсөн гэж үзсэн.

Давж заалдах шатны шүүхээс “...Б.Батзолбоод өгсөн гэх БНХАУ-ын иргэн Ч.Алимису-г эрүүлжүүлэхээс ирж авч байсан Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын ахлагч байцаагч, цагдаагийн дэд хурандаа Р.Цогтсайхан илтгэх хуудас бичсэн, түүний ажилладаг хэлтэс М.Одонхүүд холбогдох зөрчлийг шалгасан зэрэг нь хяналт шалгалтын явцад цугларсан нотлох баримтыг “эргэлзээгүй” гэж үзэх боломжгүйд хүргэж байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд цагдаагийн төв байгууллагын үүргийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 13.2-т “цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтныг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргах явдалтай тэмцэх, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч цагдаагийн албаны дотоод хяналт, аюулгүй байдлыг хангана”, 13.8-д “Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгж энэ хуулийн 13.2-т заасан чиг үүргийн хүрээнд алба хаагч, бусад ажилтны үйл ажиллагаанд ...хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, судалгаа хийх, цагдаагийн алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг мөрдөн шалгах, шийдвэрлүүлэх зэргээр байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангана” гэж тус тус заасан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгж нь дотоод хяналт, шалгалтыг явуулахдаа шударга ёсыг хангах, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байж хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эрх бүхий байгууллагын хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан баримтыг эргэлзээтэй мэтээр давж заалдах шатны дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Авилгын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Авилгатай тэмцэх газар нь авилгын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх, авилгын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн” гэж заасан бөгөөд прокурорын байгууллагаас М.Одонхүүд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь түүний үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэнээс Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоосон шийдвэр биш юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Одонхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” Б/504 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, М.Одонхүүг ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргахдаа, М.Одонхүүг “...хээл хахууль өгч авахад зуучилсан эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаад, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэж прокурорын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосон, үүний дараа “ажилдаа буцаж орох хүсэлтийг” нь хүлээж аваагүй Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2б/1544 дугаартай албан бичгээр өгсөн хариуг авч, эрхийг нь хамгаалуулахаар шүүхэд ханджээ.

Уг тушаалын 12 дахь заалтаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад М.Одонхүүг “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, “цагдаагийн ахмад” цолыг хураасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасан, хуульд тусгайлан заасан хугацааг “хүндэтгэн” үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийг шүүх “хүлээж авахаас татгалзах” үндэслэл болохоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заажээ.

Гэвч, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээр 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах  талаар  гаргасан хариуцагчийн тайлбарт “сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” тушаалыг нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч мэдсэн, мөн холбогдон шалгагдсан эрүүгийн хэрэг нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хэрэгсэхгүй болсон учир “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ” хэмээн өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болголгүйгээр, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсгийн “...шийдвэрийг мэдсэн өдрөөс...” гэснийг “ ...шийдвэрийг хүлээж авч, мэдсэн” гэж хуулийн агуулгыг дэлгэрүүлэн буруу тайлбарлаж, улмаар хүлээж авсан өдрөөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хугацааг тоолж, “нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй” гэж дүгнэсэн атлаа “эрүүгийн хэрэгт шалгагдсан” нь хүндэтгэн үзэх шалтгаан болсон мэтээр үүнээс өөр дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч М.Одонхүү нь “сахилгын шийтгэл ногдуулсан” шийдвэрийг үндэслэлгүй гэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Төрийн албаны тухай хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй, уг хугацааг “хүндэтгэн үзэх шалтгаан”-аар хэтрүүлсэн болохоо нотлоогүй, хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй байхад шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай нийцэхгүй болсон, давж заалдах шатны шүүх мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг зөрчиж уг алдааг залруулаагүй нь буруу байна.

Иймд, М.Одонхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболдын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох “сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай” уг маргааныг шүүх хянан шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 614 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 721 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгон М.Одонхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболдын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох, мөн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” Б/504 дүгээр тушаалын М.Одонхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

ШҮҮГЧ                                                                   Ч.ТУНГАЛАГ