Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/MA2016/0412

 

Н.Булганчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Н.Булганчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.Булганчимэгийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Аудитын газрын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 286 тоот нийцлийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Аймгийн Сонгуулийн хорооны 07 тоот тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 67.5-д заасныг зөрчсөн гэж бүртгэхээс татгалзсан. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах заалт дээр мөрийн хөтөлбөрөө Аудитын газраар хянуулсан байх ёстой гэсэн заалт байхгүй юм. Өөрийн холбогдох материалуудыг журмын дагуу цаг хугацаанд нь Сонгуулийн хороонд бүрдүүлж өгсөн байгаа. Мөн Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “мөрийн хөтөлбөр нь хуульд нийцсэн байдал болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна гэж заасан байна. Би өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хянуулсан байдаг. Сонгуулийн тухай хуульд нэг хөтөлбөртэй орохыг хориглоогүй байгаа учраас нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус. Миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хүний эрх, эрх чөлөө” бүлгийн сонгох, сонгогдох эрхийг болон намайг дэмжин гарын үсэг зурсан 330 хүний сонгох эрхийг ноцтойгоор зөрчсөн. Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аймгийн Сонгуулийн хороо нь бие даан нэр дэвшигч нарыг бүртгэхдээ аймгийн Аудитын газраас ирсэн дүгнэлтийг үндэслэсэн байгаа. Тухайн дүгнэлтэд нэр дэвшигч Н.Булганчимэгийн мөрийн хөтөлбөрийн зарим заалтууд хуульд нийцээгүй гэсэн утга бүхий дүгнэлт гарсан байсныг Сонгуулийн хорооны гишүүд хуралдаж хэлэлцээд мөрийн хөтөлбөр нь холбогдох хуульд нийцээгүй байна гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан учраас бүртгэхээс татгалзсан” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан  Н.Булганчимэгийн нэхэмжлэлээс Дархан-Уул аймгийн Аудитын газарт холбогдох “Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 286 тоот “Нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын Н.Булганчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг сэргээж, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Н.Булганчимэгийг 6 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг Аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх Сонгуулийн хорооны тогтоолын Н.Булганчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосон үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг Аудитын байгууллагаар хянуулаагүй, хянуулсан ч холбогдох хуульд нийцсэн эсэх талаар зохицуулсан заалт байхгүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна. Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.5-д бие даан нэр дэвшигч гэж заасныг баримтлан Аймгийн Сонгуулийн хороо нь Аудитын газрын дүгнэлтийг үндэслэн олонхийн саналаар бүртгэхээс татгалзсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Шүүх хариуцагчаас гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын талаар дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг харьцуулан үзэж дүгнээгүй, шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулсангүй, Ингэснээрээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй. Хариуцагч Н.Булганчимэгийн мөрийн хөтөлбөр Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д заасныг зөрчсөн талаар тайлбар гаргаад байхад хариу тайлбарыг няцаасан дүгнэлтийг шүүх хийгээгүй байж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн татгалзлыг яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа болох, яагаад Н.Булганчимэгийн мөрийн хөтөлбөр Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй, нэг ёсондоо түүнийг нэр дэвшигчээр бүртгэх ёстой талаар дүгнэлт хийсэнгүй. Шүүх Н.Булганчимэгийн мөрийн хөтөлбөр анхнаасаа 16 зүйлтэй байсан бөгөөд түүний 15 зүйл нь хуульд нийцээгүй байхад үлдсэн ганц заалтыг мөрийн хөтөлбөр гэж үзсэн нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөрийн 93.75 хувь нь хууль зөрчсөн байхад түүнийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж байгаа нь илт үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.        

ХЯНАВАЛ:

          Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шийдвэрийн үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Булганчимэг нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ “Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 286 дугаар Нийцлийн талаарх дүгнэлт, тус аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын Н.Булганчимэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, сонгуулийн 6 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр Дархан-Уул аймгийн Аудитын газарт холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 286 дугаар Нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Шүүх маргаан бүхий Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын Н.Булганчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Тодруулбал,

Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо дараах тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана”, 158.1.2-т “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэж заасныг мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасан шаардлагыг болон Сонгуулийн тухай хуульд заасан нийтлэг шаардлагуудыг  хангаагүй байхыг ойлгоно.

Сонгуулийн тухай хуульд заасан нийтлэг шаардлагад уг хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна”, 67.5-д “Дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна”, 67.5.2-т “бие даан нэр дэвшигч” гэж тус тус заасан нь хамаарч байх боловч нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг аудитын байгууллага хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасан “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэх үндэслэл болж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, Н.Булганчимэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх, уг мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагаар хянуулсан байх хуулийн нийтлэг шаардлагыг хангасан байх ба орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах асуудлыг зохицуулсан Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд “бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлагад нийцээгүй” нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахаар тусгайлан хуульчлаагүй, аудитын байгууллага Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр бүхэлдээ нийцээгүй  гэж дүгнээгүйг анхааралгүй “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр Н.Булганчимэгийг бүртгэхээс татгалзсан нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “хууль дээдлэх”, 5.1.3-т заасан “шударга ёсыг сахих” зарчимд нийцэхгүй байна.

Зүй нь хариуцагч хуулийн шаардлагад нийцээгүй сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нэр дэвшигчид буцааж, уг алдааг засуулах боломжтой бөгөөд хариуцагчийн хууль буруу хэрэглэж гаргасан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигджээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Харин шүүх шийдвэрийнхээ “Тогтоох” хэсэгт хуулийн зүйл заалтыг оновчтой, зөв баримтлаагүй алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлт оруулсан ба нэр дэвшигч Н.Булганчимэгийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсоноор хариуцагч байгууллага нь тухайн нэр дэвшигчийг бүртгэж, улмаар түүнийг 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болох сонгуулийн санал хураалтад оролцох боломжоор хангах үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “41 дүгээр зүйлийн 41.4” гэснийг “74 дүгээр зүйлийн 74.1” гэж, 2 дахь заалтын “158.1” гэснийг “158.1.2, 157 дугаар зүйлийн 157.1” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

           3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                     Э.ХАЛИУНБАЯР  

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН