Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/226

 

 

 

 

 

  2022         03         11                                  2022/ШЦТ/226

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч Ц.Майбаяр, иргэдийн төлөөлөгч Д.Гэнэнхорлоо, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох эрүүгийн “2211 00000 0137” дугаартай, 186/2022/0182/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, төрсөн дүү, хүргэний хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн         30 дугаар гудамжны 489 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 96 дугаар гудамжны задгай тоотод түр оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.Б     

         Холбогдсон хэргийн талаар;

         Шүүгдэгч С.Б нь  2021 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоот 96 дугаар гудамжны задгай тоотод иргэн М.Мөнхбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж  улмаар хоорондоо зодолдон  С.Б нь М.Мөнхбатын  цээжин тус газар нь  хутгалж түүний биед цээжний зүүн талд 10-11 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү   нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий хуралдалт, дух, зүүн мөр, бугалга, хэвлий, нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2021 оны 12 дугаар сарын 25-ны орой манай хүргэн, төрсөн дүү хоёр гар утас авна гэж яваад маргасан юм шиг байсан. Манай хүргэн түрүүлж гэртээ орж ирээд “...3 хүүхдээ аваад танайхаас явна...” Би танай дүүгээс сална...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 3 хүүхдийг нь өрөвдөөд “...хүйтэнд хүүхдүүдтэйгээ явж яахын...” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр муудалцсан. Тэгсэн хүргэн өнгөрсөн ээжийн минь талаар ярихаар нь миний уур хүрээд түүнийг хутгалсан гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мөнхбатын:...2021 оны 12 дугаар сарын 25-ны орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай эхнэрийн төрсөн ах Бүүвэйбаатар гэрт байсан. Би хүүхдүүдээ аваад ээжийнхээ гэрт очлоо гэхэд хүргэн ах тэг, тэг гэсэн мөртлөө өөрөө намайг гарахаас өмнө үлдэгдэл архиа ууж дуусчихаад манай хүүхэд рүү “би та нарыг явуулахгүй” гээд хүүхэдруу орилоод байхаар нь бид хоёр хоорондоо зодолдсон. Тухайн үед миний уруул хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр эвлэрээд байж байхад хүргэн ах хоёулаа гаръя гэсэн, гэрийн гадаа байж байхад хүргэн ах миний шанаа руу цохиод авсан. Тэгэхээр нь би ахын бөгс рүү өшиглөсөн. Тэгсэн чинь ах гэрлүү гүйж ороод буцаж гарч ирээд гэрийн урд талд миний цээжрүү  нэг удаа, мөн нурууруу нэг удаа хутгалсан. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан. Одоогоор дүүргийн гэмтлийн эмнэлгийн хяналтад байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, одоогоор нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг.               /хх-ийн 7-9 дүгээр тал/,

         2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Алтантуяагийн:...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг өнгөрч байхад би өөрийн төрсөн дүү Амартүвшингийн хамт гадуур юманд яваад буцаад гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоот 69 дүгээр гудамж задгай тоотод гэртээ орох гээд хашааны үүдэн дээр буюу манай хашаа нь задгай уулан дээр амьдардаг болохоор гэрээс нөхөр Мөнхбат, төрсөн ах Бүүвэйбаатар нар гарч ирж байгаа нь харагдсан тэгээд хоорондоо зодолдож байх шиг байсан. Тэгээд би гэртээ очоод манай 3 настай хүүхэд гадаа гарсан байхаар нь дүү манай хүүхдийг гэрлүү оруулсан. Харин би ах, нөхөр хоёрыг салгах гэж байсан. Тэгээд гэнэт манай нөхөр “намайг хутгалчихлаа” гээд жалга руу зугтаагаад явсан. Би Бүүвэйбаатар ахыг хаанаас яаж хутга гаргаж ирсэн талаар анзаараагүй. Тэгээд хутга нь олдоогүй харин гэрт байсан төмс арилгах гэж хэрэглэдэг шар өнгийн иштэй жижигхэн хутга алга болсон байсан. Тэрнээс юунаас болж манай нөхрийг төрсөн ах Бүүвэйбаатар хутгалсан талаар мэдэхгүй гэх мэдүүлэг.                         /хх-ийн 20 дугаар тал/,

        2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн:.. хохирогч М.Мөнхбат нь 2021 оны 12 дугаар сард  гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 212.500 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч С.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр тал/,

        2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04ий өдрийн 975 дугаартай дүгнэлтэд:

        1.2. М.Мөнхбатын биед цээжний зүүн талд 10-11 хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий хуралдалт, дух, зүүн мөр, бугалга, хэвлий, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

        3.5.6. Дээрх гэмтлүүд нь бүгд хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

        4.7. Дээрх цээжний урд хэсгээс цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий хуралдалт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, дух, зүүн мөр, бугалга, хэвлий, нуруунд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

          8.9. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          10. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Баяртогтох  гэжээ. /хх-ийн 24-27 дугаар тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас            /хх-ийн 65 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын       04-ний өдрийн 975 дугаартай дүгнэлт, гэрч Т.Алтантуяагийн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/ хохирогч М.Мөнхбатын санал, гомдолгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт /хх-ийн 80 дугаар тал/ зэрэг болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч С.Б нь  2021 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоот 96 дугаар гудамжны задгай тоотод төрсөн дүү Т.Алтантуяагийн нөхөр болох М.Мөнхбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хоорондоо зодолдон  С.Б нь М.Мөнхбатын  цээжин тус газар нь  хутгалж түүний биед цээжний зүүн талд 10-11 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү   нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий хуралдалт, дух, зүүн мөр, бугалга, хэвлий, нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь :

        - хохирогч М.Мөнхбатын:...би гэртээ ирсэн ирэхдээ жаахан халамцуу байсан гэртээ орохдоо 0.33 грамын Хараа нэртэй архи авч  ороод хүргэн ах Бүүвэйбаатарт өгсөн, ах надад 100 граммыг хийж өгсөн, үлдсэн архиа өөрөө уусан....тэгсэн чинь гэрлүү гүйж ороод буцаж гарч ирээд гэрийн урд талд миний цээж рүү нэг  удаа, мөн нуруу руу нэг удаа хутгалсан. Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан. Одоогоор дүүргийн гэмтлийн эмнэлгийн хяналтад байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, одоогоор нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 7-9 дүгээр тал/,

          -гэрч Т.Алтантуяагийн:...харин би ах, нөхөр хоёрыг салгах гэж байсан. Тэгээд гэнэт манай нөхөр “намайг хутгалчихлаа” гээд жалга руу зугтаагаад явсан. Би Бүүвэйбаатар ахыг хаанаас яаж хутга гаргаж ирсэн талаар анзаараагүй. Тэгээд хутга нь олдоогүй харин гэрт байсан төмс арилгах гэж хэрэглэдэг шар өнгийн иштэй жижигхэн хутга алга болсон байсан. Тэрнээс юунаас болж манай нөхрийг төрсөн ах Бүүвэйбаатар хутгалсан талаар мэдэхгүй  гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/,

         - иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн... хохирогч М.Мөнхбат нь 2021 оны 12 дугаар сард гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 212.500 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч С.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр тал/,

         - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04ий өдрийн 975 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй  харин  шүүгдэгч  прокурорын  яллах  дүгнэлтэд дурьдсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэрэглээгүй гэдэг дээр маргаж  мэтгэлцлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  би тухайн  үед  эрүүл  байсан, намайг  согтуу байсан гэж  прокурор яллах дүгнэлтэндээ бичиж яллаж байгаад гомдолтой байна гэж  улсын  яллагчтай  маргаж,  мэтгэлцэж байгааг  шүүх  бүрэлдэхүүн үндэслэлгүй  байна гэж  үзлээ.

            Учир нь: хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ”....би гаднаас 0,33 граммын шилтэй “Хараа” нэртэй архи оруулж ирээд  хүргэн ахад өгсөн...хүргэн ах  тэр архинаас надад 100 граммыг хийж өгсөн, үлдсэн архийг  өөрөө уусан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Алтантуяагийн....манай ах 2016 онд хүнд зодуулаад гэмтэл аваад тэрнээс хойш  архи уудаг болсон...архи уучихаараа гэнэт ална тална гээд орилоод байдаг... гэх мэдүүлгүүдийг шүүх бүрэлдэхүүн үнэлж шүүгдэгчийг  согтууруулах ундааны  зүйл  хэрэглэсэн үедээ бусдын биед гэмтэл учруулсан  байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн     3-д “ мэдүүлэг  өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж  чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа  нотлох баримт  болохгүй” гэж  хуульчилжээ.

            Хэдийгээр  шүүгдэгч нь  архи согтууруулах ундааны  зүйл  хэрэглээгүй  гэх  боловч шүүгдэгчийн дээрхи мэдүүлгийг  нотлох  өөр баримт  хавтаст хэрэгт авагдаагүй, энэ талаар шүүгдэгчийн зүгээс мөрдөн  шалгах ажиллагааны явцад тодорхой хүсэлт гаргаж  ямар нэг  ажиллагаа хийлгээгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.  

             Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл,  шүүгдэгч, хохирогч нар  юунаас болж маргалдсан, түүний улмаас  шүүгдэгч нь хохирогчийн цээж рүү хутгалж  түүний биед гэмтэл учруулсаныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчтой хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж  “нас барсан ээжийг минь олон юм яриад байхаар нь” гэсэн шалтгаанаар  хохирогчийг  хутгалж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч  үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул Г.Бүүвэйбаатарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан  зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

 

Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг гэрч, хохирогч хэн аль нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлээгүй, энэ талаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж  энэ талаар тодруулуулах шаардлагагүй, харин  хэрэгт  авагдсан нотлох  баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, прокурорын шүүхэд танилцуулж байгаа  дүгнэлт зэргийг  шүүх харгалзаж үзэж  дээрх  гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй  бус  үйлдэл  нөлөөлсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Бүүвэйбаатарыг  “ зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч М.Мөнхбат нь шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас биедээ гэмтэл авч 2021 оны 12 дугаар сарын 26-ний өдрөөс  2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн хооронд гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас 212.500 төгрөгийг төлбөр гаргасныг  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр  сарын 26-ны өдрийн 04/232 дугаартай  албан бичиг  иргэний нэхэмжлэгч  Б.Байгалмаагийн  мөрдөн  шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг зэргээр  нотлогдож байх тул  шүүгдэгч С.Баас  212.500 төгрөгийг гаргуулж  Эрүүл мэндийн  даатгалын ерөнхий  газрын  төрийн санд оруулах нь зүйтэй  гэж  шүүх  бүрэлдэхүүн  үзлээ.

Хохирогч М.Мөнхбатын хувьд шүүгдэгчээс гомдол санал, цаашид  нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг  мөрдөн шалгах ажиллагааны  явцад  бичгээр гаргаж  өгсөн байх тул  шүүгдэгчийг хохирогч М.Мөнхбатад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  зааснаар 6 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал  дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр нь “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нь хохирогчийн буруутай үйлдэл бас байгаа тул нь хохирогчид зэвсэг  ашиглаж хутгалж  гэмтэл учруулсан, гэм буруугийн  тал дээр ямар нэг маргаан байхгүй учраас С.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Энэ  гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн төдийгүй, шүүгдэгчийг  хэл амаар доромжлох зэрэг зүй бус  үйлдэл гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг, улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд шүүгчийн асуусан асуултанд  хохирогчийн зүй бус үйлдлүүд энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэсэн тайлбар, дүгнэлт  зэргийг гаргаж  байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзлээ.  

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг  мөн хохирогчийн гаргасан зүй бус үйлдэл зэргийг тал бүрээс нь хянан үзэж Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар  ял оногдуулах нь  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Мөнхбатад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар  шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд  хохирол  санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 /гурав/ жил,  5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баас 212.500 /хоёр зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банкны  100900020080 дугаар дансанд  оруулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ

 

                                               ШҮҮГЧ                              Ё.ЦОГТЗАНДАН

 

                                               ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ