| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2022/0205/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/248 |
| Огноо | 2022-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/248
2022 03 16 2022/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч Г.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн “2211 00000 0518” дугаартай, 186/2022/0205/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Наран мандал энтерпрайзес” ХХК-д уурхайчин ажилтай, ам бүл 2, найз охины хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 29-206 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г.Б/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Ханддоржийг найз охинтойгоо хардсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, газарт унагаан толгой руу нь өшиглөж биед нь "зүүн зовхины гадна, хацрын шонтон, баруун хөмсөгний дээр зулгаралт цус хуралт, зүүн тохойд зулгаралт" бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Ханддоржийн:...2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай найз Энхжин залгаад би нүүж байгаа юмаа машин олоод миний юмнуудыг 13 дугаар хороолол руу зөөгөөд өгөөч гэж хэлсэн. Би өөрийн найз Элбэгзаяа гэх машинтай найзыгаа гуйгаад 32-н хойд талын Акума төвийн баруун хойно дуудсан. Элбэгзаяагийн хамтаар очиход 2 машин дээр юм ачсан байсан. Би машинаас буугаад хойш ухар гэж Элбэгзаяа найздаа хэлээд эргээд хартал Барсбаатар гэх залуу миний нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн хөлөөс татаж газарт унагаагаад толгой нүүрлүү өшиглөсөн. Энэ үед тэнд байсан Барсбаатар гэх залуугийн дүү болон аав нь салгах гэж ирсэн. Тэгээд салгаад байж байх хооронд манай найз Элбэгзаяа цагдаа дуудсан байсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ дүү нь намайг тэвэрч байх үед цохисон гээд андуураад хэлчихсэн байсан. Дүү нь намайг салгах гэж татсан байсныг нь би тэгээд тухайн үеийн бухимдлаараа хэлчихсэн, намайг Энхжинтэй хардаад зодсон байх гэж би бодсон. Барсбаатараас өөр хүн намайг цохиж зодсон асуудал байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Элбэгзаяагийн:...Чингэлтэй дүүргийн 32-н тойргийн тэнд очоод Ханддорж машинаас буумагц Энхжиний найз залуу Барсбаатар хүрч ирээд Ханддоржийг цохиод авсан. 15-20 насны хүүхэд Ханддоржийг араас нь бариад авсан. Барсбаатар хэд хэдэн удаа Ханддоржийн нүүр лүү нь цохиод авсан бас газарт унагааж байгаад нүүрлүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би салгаад Ханддоржийг машиндаа суулгаад өөрийнхөө утаснаас цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн:... 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэн Н.Ханддорж нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Н.Ханддорж нь 2022 оны 02 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 150.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний 150.000 төгрөгийн зардлыг яллагдагч Г.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2959 дугаартай дүгнэлтэд:
1. Н.Ханддоржид зүүн зовхины гадна, хацрын шонтон, баруун хөмсөгний дээр зулгаралт цус хуралт, зүүн тохойд зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрх үйлдэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.
4. Дээрх гэмтэл нь нэг хоногийн өмнө үүссэн байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.ганболд гэжээ. /хх-ийн 25-26 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр прокурорын тогтоол /хх-ийн 53 дугаар тал/, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 150.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлсөн баримт /хх-ийн 59-60 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Ханддоржийг найз охинтойгоо хардсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, газарт унагаан толгой руу нь өшиглөж биед нь "зүүн зовхины гадна, хацрын шонтон, баруун хөмсөгний дээр зулгаралт цус хуралт, зүүн тохойд зулгаралт" бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Н.Ханддоржийн:...би машинаас буугаад хойш ухар гэж Элбэгзаяа найздаа хэлээд эргээд хартал Барсбаатар гэх залуу миний нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн хөлөөс татаж газарт унагаагаад толгой нүүрлүү өшиглөсөн….Энхжинтэй хардаад зодсон байх гэж би бодсон. Барсбаатараас өөр хүн намайг цохиж зодсон асуудал байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,
- гэрч М.Элбэгзаяагийн:...Чингэлтэй дүүргийн 32-н тойргийн тэнд очоод Ханддорж машинаас буумагц Энхжиний найз залуу Барсбаатар хүрч ирээд Ханддоржийг цохиод авсан ба 15-20 насны хүүхэд Ханддоржийг араас нь бариад авсан. Барсбаатар хэд хэдэн удаа Ханддоржийн нүүрлүү нь цохиод авсан бас газарт унагааж байгаад нүүрлүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би салгаад Ханддоржийг машиндаа суулгаад өөрийнхөө утаснаас цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
- иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн:... 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэн Н.Ханддорж нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Н.Ханддорж нь 2022 оны 02 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 150.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний 150.000 төгрөгийн зардлыг яллагдагч Г.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар тал/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2959 дугаар дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул Г.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Н.Ханддорж нь шүүгдэгч Г.Бтай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаа явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн, иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн төрд учирсан хохирол болох 150.000 төгрөгийг гаруулахаар нэхэмжилснийг шүүгдэгч 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлж барагдуулсан нь “Голомт” банкны төлбөрийн баримтаар батлагдаж байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Г.Быг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 500 / таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ