Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул

 Улсын яллагч З.Алтансолонго,

Шүүгдэгч М.Мөнхзул түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Эмч овогт Маандарийн Мөнхзулд холбогдох эрүүгийн 2136000400111 дугаартай, 178/2021/0094/Э/ индекстэй хэргийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаахын  шинжлэх ухааны их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн 1 дүгээр курсийн  оюутан, ам бүл-4, эмээ,эгч нарын хамт Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ПД02220203 регистрийн дугаартай, Эмч овогт Маандарийн Мөнхзул

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  М.Мөнхзул нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчигч тээвэрлэж ирсэн 0300 ХОА улсын дугаартай хот хоорондын зорчигч тээврийн автобуснаас Dell маркийн саарал өнгөтэй, зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 11-р хуудас/

Хохирогч Алтан өөлд овогт Бадамжавын Даваасүрэнгийн / 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Залуучуудын нөхөрлөл ТББ-ын багш/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2017 онд Улаанбаатар хотоос нөөтбүүкээ 1500000 төгрөгөөр худалдан авч байсан.2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатараас Ховд аймаг руу явах 0300 ХОА улсын дугаартай автобусанд ачаагаа тавьчихаад Драгон төв рүү орж бие засчихаад гараад иртэл уг автобус хөдлөөд явчихсан байсан.Тэгээд 2 дугаар ээлжийн автобусанд суугаад явсан. Замдаа 0300 ХОА улсын дугаартай автобусны жолоочтой утсаар яриад явсан ба намайг “Ховдод очоод ачаагаа аваарай” гэж хэлсэн. Манай автобусыг Ховд аймгийн Дарви суман дээр очиход миний ачаагаа үлдээсэн автобусанд сууж явсан 2 хүнээс коронавирусын халдвар илрээд тусгаарласан байсан учир хүн нэвтрүүлэхгүй ачаагаа авах ямар ч боломжгүй байсан.Би ачаагаа үлдээсэн автобусны жолоочтой утсаар ярихад 14 хоногийн тусгаарлалтын дараа ачаагаа задална гэж хэлсэн.2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр автобусны жолоочтой утсаар ярихад ачаагаа тараагаад Улаанбаатар хотод ирчихсэн байна, манай дүүтэй яриад ачаагаа аваарай гээд утасны дугаар өгсөн.Тэгээд нөгөө дугаар луу яриад байгаа газар нь очиход доод талын тээшинд хийсэн ачаа байсан, харин дээд талын тавиур дээр тавьсан ачаа байхгүй болохоор нь цагдаад хандсан...гэх мэдүүлэг / хэргийн 22-р хуудас/

Гэрч П.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... манай автобусанд ачаагаа өгөөд автобусанд суулгүй хоцорсон эмэгтэй надтай цанын бааз дээр мөн Өвөрхангай аймагт явж байхад нийт 2 удаа утсаар ярьсан. Автобус Ховд аймагт ирэхэд Онцгой байдлын алба хаагч нар хүлээж авсан.Манай автобус хяналтын камертай боловч тухайн үед ажиллаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 31-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн...дэлгэцэндээ мэдрэгтэй, дэлгэц нь нугардаг, саарал өнгийн, Dell загварын зөөврийн компьютер-1150000 төгрөг... гэх үнэлгээ / хэргийн 46-р хуудас/

Шүүгдэгч М.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймагт автобусаар ирсэн.02 дугаар сарын 06-ны өдөр өөрийнхөө ачааг 0300 ХОА улсын дугаартай автобуснаас авсан.Тэгэхдээ автобусны кабины тавиур дээр байсан ягаан цүнхтэй нөөтбүүкийг хамт аваад явсан.Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна.Уг нөөтбүүкийг асааж үзэхэд 99...-тэй дугаар байхаар нь залгаж үзэхэд холбогдохгүй байсан.Уг нөөтбүүкийг Даваасүрэн гэдэг хүнд өөрөө өгч чадаагүй, цагдаагаар дамжуулж өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 50-51-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 70-73-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 74-78-р хуудас/ зэрэг баримтууд болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч М.Мөнхзул нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн 0300 ХОА улсын дугаартай автобусаар зорчиж ирээд маргааш нь өөрийнхөө ачааг автобусанаас авахдаа тухайн автобусанд байсан хохирогч Б.Даваасүрэнгийн Dell маркийн нөөтбүүкийг авсан гэх хэргийн үйл баримт тогтоогдаж байна.

 

Шүүгдэгч М.Мөнхзул  автобуснаас өөрийнхөө ачааг авахдаа эзэн нь аваагүй байсан нөөтбүүкийг хулгайлж авсан үйлдэл нь  шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч М.Мөнхзул  хохирогч Б.Даваасүрэнгийн автобусад байсан нөөтбүүкийг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Б.Давааасүрэнгийн  мэдүүлэг,гэрч П.Батзаяагийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч М.Мөнхзулын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Мөнхзулыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Мөнхзул хохирогч Б.Даваасүрэнгийн Dell маркийн зөөврийн компьютер хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ба хохирогч Б.Даваасүрэнд 1150000 төгрөгний хохирол учруулсан нь эд зүйлд үнэлгээ тогтоосон Вендо үнэлгээний компаний үнэлгээ тогтоосон дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мөнхзулын хулгайлж авсан зөөврийн компьютерийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч үзлэг хийн хохирогч Б.Даваасүрэнд хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хохирогч Б.Даваасүрэнгийн ... би хулгайд алдсан нөөтбүүкээ бүрэн бүтэн эргүүлж авсан тул надад нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдолгүй...гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.Мөнхзулыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

                            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Мөнхзул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Мөнхзулд   эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч М.Мөнхзул нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 54-р хуудас/ -аар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч М.Мөнхзулын хувийн байдлын талаар гэрч М.Мөнхцэцэгийн өгсөн... М.Мөнхзул нь манай 70 настай ээж, болон 2 эгчийнхээ хамт тэр гурав ээжийн тэтгэврийн мөнгөөр амьдардаг,М.Мөнхзул зан аашийн хувьд даруухан, боломжийн харьцаатай хүүхэд байгаа юм.... гэх мэдүүлэг /хэргийн 34-р хуудас/,

Гэрч Б.Төртүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... М.Мөнхзулыг  эмээ нь өргөж аваад хамт амьдардаг.Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд дээд сургуульд орж чадаагүй, хот руу явж ажил хийж байгаад өвөл ирсэн.Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг /хэргийн 37-р хуудас/ шүүгдэгч М.Мөнхзулын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч М.Мөнхзулыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхзулын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгээс: шүүгдэгч М.Мөнхзул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид учруулсан хохирлоо  барагдуулсан, улсын яллагчийн санал болгосон хорих ял оногдуулахгүй тэнсэх саналыг дэмжиж байна гэх тайлбар,

 

 Шүүгдэгч М.Мөнхзулд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс: Шүүгдэгч М.Мөнхзулыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн санал,шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Мөнхзулд  хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.Мөнхзулд тайлбарлаж шийдвэрлэв.

            Эрүүгийн 2136000400111 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2,36.6- 36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Эмч овогт Маандарийн Мөнхзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Эмч овогт Маандарийн Мөнхзулыг хорих ял оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүгдэгч М.Мөнхзулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.Мөнхзулд тайлбарласугай.

 

5.Эрүүгийн 2136000400111 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Мөнхзулын тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.Мөнхзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС