Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Иргэдийн төлөөлөгч Н.Ганбаатар                                                                        Улсын яллагч Э.Хосбаяр

Хохирогч Н.Баттулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Р.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурлынхан овогт Ринагийн Батмөнхөд холбогдох эрүүгийн 2221000000016 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Геологийн 4-3 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 12 жилийн хорих ялаар, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Буурлынхан овогт Ринагийн Батмөнх /РД: ............/.

Шүүгдэгч Р.Батмөнх нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 17-16 тоотод иргэн Н.Баттулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гэдсэнд нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, ходоодны артерийн судасны гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Батмөнх шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Надад нэмж хэлэх зүйлгүй. Хохирогчид нэхэмжилж буй мөнгийг төлнө. Шүүх хуралдаанаас өмнө төлөх гэсэн боловч чадсангүй” гэв.

Хохирогч Н.Баттулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэдсэндээ хүнд гэмтэл авсан. Тухайн үед гэдэс доошоо татагдаад газар унасан бөгөөд эмнэлэгт ухаан орсон. Би эмчилгээний зардалд 2,732,709 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг төлчихвөл надад өөр гомдол санал байхгүй” гэв.  

Иргэдийн төлөөлөгч Н.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь согтуугаар хүний биед хүнд хохирол учруулсан гэм буруутай байна” гэв.

Хохирогч Н.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг өнгөрөөгөөд Пүрэвдорж ах, Батмөнх, Хүрэлчулуун, Мөнхзул, Болорчимэг бид нар 10 дугаар баг Ялалтын 17-16 тоотод эхлээд 2 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Ингээд 21 цаг өнгөрөөгөөд дахин 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. 22 цаг өнгөрөөгөөд Мөнхзул, Хүрэлчулуун хоёр маргалдаж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа Батмөнх, Хүрэлчулуун хоёр маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би Батмөнхийг салгаад цаашаа том өрөө рүү оруулсан. Тэгтэл Батмөнх дахиад гараад ирсэн. Тухайн үед 2 цаг өнгөрч байсан. Хүрэлчулуун, Батмөнх хоёр хоорондоо зодолдоод ч байгаа юм шиг түлхээд хэрэлдээд байсан. Тэгээд Батмөнх, Хүрэлчулуун хоёр “чи манай эхнэртэй явдаг” гээд янз бүрээр хэлээд байхаар нь салгах гээд “та хоёр боль” гээд дундуур нь орсон чинь Батмөнх гутлынхаа түрүүнд хийчихсэн цэнхэр иштэй хутгаараа миний гэдсийг зүсчихсэн. Тэгээд Батмөнх гэдэс чинь гоожиж байна гээд ёжилж байгаа юм шиг хэлэхээр нь харсан чинь нээрээ миний гэдэс дотор гарч байхаар нь би шууд газарт суусан. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн эмнэлэгт ирчихсэн байсан...” гэжээ. /хх-ийн 30-34/

Гэрч Д.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би их олон хоног архи уусан болохоор яг хэн хэн манай гэрээр орж гарч архи уугаад байсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Болорчимэг гэх хүүхэн ирчихсэн том өрөөнд унтаж байсан. Баттулга, Батмөнх нар хоорондоо гал тогооны өрөөнд хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд бөөн чимээ гараад Баттулга газарт унаад гэдэс нь цуваад газарт хэвтчихсэн, харин Батмөнх гартаа цэнхэр өнгийн хутга барьсан байхаар нь би хутгыг нь булааж авсан. Энэ үед Батмөнх би өмнө хүн алаад 12 жил шоронд яваад ирсэн, би харамсахгүй байна гэж хэлээд гүйгээд гарч явсан. Дахиж манайхаар ирээгүй...” гэжээ. /хх-ийн 43-45/

Гэрч У.Болорчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...23 цаг өнгөрөөгөөд гал тогооны өрөөнд Баттулга, Батмөнх хоёр хоорондоо хэрэлдээд Батмөнх Баттулгыг хоёулаа гаръя гээд байн байн хэлээд байсан. Тэгээд л гэнэт пижигнээд түс тас чимээ гараад байхаар нь гал тогооны өрөө рүү харсан чинь Пүрэвдорж ах Батмөнхийг доороо хийчихсэн Жавзандулам эгч “Болороо миний дүү наашаа ир” гээд дуудаад байхаар нь “та нар болиоч ээ” гэсэн чинь Жавзандулам эгч “миний дүү энэ гартаа хутгатай байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Батмөнхийн гарыг харсан чинь цэнхэр бариултай хутга барьчихсан байсан. Пүрэвдорж ах гараас нь хутгыг нь салгаад Жавзандулам эгч авч шидсэн. Тэгээд цаашаа харсан чинь Баттулга газарт толгой нь зүүн тийшээ харчихсан, баруун гар талаараа хажуу тийшээ хараад хэвтчихсэн, гэдэс доторх нь хажуу тийшээ унжчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 47-49/

Гэрч Г.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тэр хэдтэй нийлж архи ууж байгаад 19 цагийн үед унтаад өгсөн. Тэгээд ус уух гээд сэрсэн чинь нэг үл таних эмэгтэй гэрт ирчихсэн байсан ба тэр эмэгтэйгээс “Чи хэн бэ” гэхэд “Жавзандулам эмээгийн гэрийн хойд талынх нь айлын хүүхэн байна” гэж хэлэхээр нь эргээд хэвтээд өгсөн. Би унтаж байсан чинь Баттулга гэх залуу “намайг хутгалчихлаа ш дээ” гээд хашгирахаар нь босоод нөгөө өрөөний хаалгыг онгойлгоод харсан чинь Баттулга гэх залуу газарт гэдэс нь цувчихсан байдалтай хэвтэж байсан. Үүнийг хараад айж сандраад эмнэлгийн байгууллагад утсаар холбогдож мэдэгдсэн. Намайг хаалга онгойлгож харах үед Баттулга нь гал тогооны өрөөний үүд хэсэгт нь харин Батмөнх ердөө түүний хажууд зогсож байгаад би өнгөрсөн хүн гэж хэлээд байшингаас гарч гүйхээр нь араас нь гарсан чинь хашаа даваад хойшоо зугтааж байсан. Үүнээс хойш Батмөнх буцаж ирээгүй...” гэжээ. /хх-ийн 36/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот дүгнэлтэд:

1. Н.Баттулгын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, ходоодны артерын судасны гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар тогтоогдсон хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, ходоодны артерын судасны гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 57-58/

Р.Батмөнх мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...гал тогооны өрөөнд Хүрэлчулуунтай худлаа ярилаа, чи гадуур хүмүүст намайг Мөнхзултай уулздаг гэж ярилаа гээд уурласан. Чи Мөнхзултай уулздаг гэж орилж чарлаад байсан болохоор нь Хүрэлчулуунтай маргалдсан. Түүнтэй хэрэлдэж маргалдаж байхад Баттулга хажууд сууж байсан ба яагаад Баттулгыг хутгалах болсноо санахгүй байна. Яагаад хутга барьснаа ч санахгүй байна. Нэг мэдсэн Пүрэвдорж ах миний гарнаас хутга салгаж байсан ба Баттулга газарт хэвтэж байсан. Тэгээд би сандраад гараад гүйсэн. ...Баттулга надад ямар ч гэм хийгээгүй, надтай маргалдаагүй болохоор Баттулгыг хутгалснаа санахгүй байна. Тухайн үед архи уучихсан нилээн согтуу байсан болохоор согтуудаа хийсэн буруу үйлдэлдээ Баттулгыг хутгалсан байх. Миний буруу...” гэжээ. /хх-ийн 70-71/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10/

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчоос хохирол төлбөрт гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 14-24/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 25/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 тоот дүгнэлт /хх-ийн 61/

Хэрлэн сумын 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79/

Р.Батмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 88, 81-84/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар цэнхэр өнгийн иштэй, ажлын хэсэг нь салсан хутга 1 ширхгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Р.Батмөнхөд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Буурлынхан овогт Ринагийн Батмөнх нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 17-16 тоотод хохирогч Н.Баттулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хэвлийн тус газарт нь хутгаар нэг удаа хутгалж, түүний биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, ходоодны артерын судасны гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгчийн “...хэрэлдэж маргалдаж байхад Баттулга хажууд сууж байсан ба яагаад Баттулгыг хутгалах болсноо санахгүй байна. Яагаад хутга барьснаа ч санахгүй байна. Нэг мэдсэн Пүрэвдорж ах миний гарнаас хутга салгаж байсан ба Баттулга газарт хэвтэж байсан. Тэгээд би сандраад гараад гүйсэн...” гэх, хохирогч Н.Баттулгын “...Батмөнх, Хүрэлчулуун хоёр “чи манай эхнэртэй явдаг” гээд янз бүрээр хэлээд байхаар нь салгах гээд “та хоёр боль” гээд дундуур нь орсон чинь Батмөнх гутлынхаа түрүүнд байсан цэнхэр иштэй хутгаараа миний гэдсийг зүсчихсэн. Тэгээд Батмөнх гэдэс чинь гоожиж байна гээд ёжилж байгаа юм шиг хэлэхээр нь харсан чинь нээрээ миний гэдэс дотор гарч байхаар нь би шууд газарт суусан. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн эмнэлэгт ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой гэрч Д.Пүрэвдоржийн “...бөөн чимээ гараад Баттулга газарт унаад гэдэс нь цуваад газарт хэвтчихсэн, харин Батмөнх гартаа цэнхэр өнгийн хутга барьсан байхаар нь би хутгыг нь булааж авсан...” гэх, гэрч У.Болорчимэгийн “...Батмөнхийн гарыг харсан чинь цэнхэр бариултай хутга барьчихсан байсан. Пүрэвдорж ах гараас нь хутгыг нь салгаад Жавзандулам эгч авч шидсэн. Тэгээд цаашаа харсан чинь Баттулга газарт толгой нь зүүн тийшээ харчихсан, баруун гар талаараа хажуу тийшээ хараад хэвтчихсэн, гэдэс доторх нь хажуу тийшээ унжчихсан байсан...” гэх, гэрч Г.Мөнхзулын “...Баттулга гэх залуу “намайг хутгалчихлаа ш дээ” гээд хашгирахаар нь босоод нөгөө өрөөний хаалгыг онгойлгоод харсан чинь Баттулга гэх залуу газарт гэдэс нь цувчихсан байдалтай хэвтэж байсан. Үүнийг хараад айж сандраад эмнэлгийн байгууллагад утсаар холбогдож мэдэгдсэн...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Батмөнх нь хутга хэрэглэн хохирогч Н.Баттулгын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 тоот “Н.Баттулгын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, ходоодны артерын судасны гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар тогтоогдсон гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч нь согтуугаар хүний биед хүнд хохирол учруулсан гэм буруутай байна” гэх дүгнэлт нь үндэслэлтэй юм.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Р.Батмөнх нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Р.Батмөнхөд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ринагийн Батмөнхийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Р.Батмөнх нь зан төрхийн өөрчлөлт бүхий шинж тэмдгийн уналт таталт эмгэгтэй боловч хэрэг үйлдэх үедээ дунд зэргийн согтолттой байсан, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг үнэн зөв мэдүүлэх, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Батмөнхийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтэл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Р.Батмөнхөд 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Баттулгын эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс эмнэлгийн ор хоногийн төлбөр 112,337 төгрөг, эмчилгээний зардал 2,365,372 төгрөг, замын зардал 255,000 төгрөг нийт 2,732,709 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримт /хх-ийн 12, 15-24/-ыг гаргаж өгсөн байхаас гадна шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилж буй гэм хорын хохирлыг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батмөнхөөс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 2,732,709 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Баттулгад олгохоор тогтоов.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай, ажлын хэсэг нь салсан нэг ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Р.Батмөнх нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурлынхан овогт Ринагийн Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ринагийн Батмөнхөд 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батмөнхөд оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-с гэм хорын хохиролд 2,732,709 /хоёр сая долоон зуун гучин хоёр мянга долоон зуун ес/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар баг Ялалтад оршин суух, Б /РД: .........../-д олгохоор тогтоосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай, ажлын хэсэг нь салсан нэг ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Р.Батмөнх нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ПАГМА

                                   ШҮҮГЧИД                                         Л.БАТЖАРГАЛ

                                                                                                   Г.НАМУУНТУЯА