Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 952

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Г, Н.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Б.Чинбилиг,

          шүүгдэгч Н.Ч, Ж.Г нарын өмгөөлөгч А.Очбадрал,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 724 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Чийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Энэрэлийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 45 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Ж.Г, Н.Ч нарт холбогдох эрүүгийн 1808 0042 50687 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигин овгийн Н.н Ч, 1996 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн ...... тоотод оршин суух, /РД:...../;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

2. Боржигон овгийн Ж.ын Г, 1994 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хадам эх, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ..... тоотод оршин суух, /РД:./;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Н.Ч, Ж.Г нар бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө, Сонгинохайрхан дүүргийн ...... орцны подвальд байрлах, “Өнөр-14” Сууц өмчлөгчдийн холбооны тусгайлан хамгаалсан агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, кабелийн зэс голтой 480 метр утсыг хулгайлж, 1.728.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Ч, Ж.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Ч, Ж.Г нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Ч, Ж.Г тус бүрийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Ч, Ж.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Ч, Ж.Г нар урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Чээс 725.950 төгрөг, Ж.Гэс 725.950 төгрөгийг 3 жилийн хугацаанд тус тус гаргуулж, нийт 1.451.900 төгрөгийг хохирогч “.....” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэн П.Гиргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ч давж заалдах гомдолдоо: “... миний бие хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, ахлах дэслэгч М.Амармэнд миний биед байсан эд зүйл болох гар утас, бэлэн 210.000 төгрөгийг хураан авсан. Эд зүйлийг буцаан хүлээлгэж өгөхдөө гар утас болон бэлэн 5000 төгрөг л өгсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч н.Баясгаланд миний хэргийг шилжүүлсэн бөгөөд ахмад мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч хоёр намайг айлган сүрдүүлж, зодож, “камерийн бичлэг байгаа, чи өөрөө хэргээ хүлээхгүй бол чамд олон жилийн ял өгнө” гэж дарамталсан. Ахлах дэслэгч М.Амармэнд надад байсан 210.000 төгрөгийг хурааж аваад буцааж өгөөгүй. Би маш их гомдолтой байна. Миний эрх зүйн байдлыг маш ихээр дордуулж байна. Миний бие мэдүүлэг өгөөгүй, мэдүүлэг дээр 110.000 төгрөг гэж бичсэн байна. Мөн прокуророо солих хүсэлтэй байна.  Иймд хэргийг дахин шалгаж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.  

 

Прокурор Б.Энэрэл бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “... Н.Ч, Ж.Г нарт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх боловч уг асуудлыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэх үндэслэлээр шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн ялтай байдлын талаарх зохицуулалтыг бүхэлд нь хассан. 2002 оны Эрүүгийн хуулиар “тухайн оногдуулсан хорих ялыг тэнсэж” байсан, 2015 оны Эрүүгийн хуулиар “хорих ял оногдуулахгүйгээр” тэнсэж болохоор зохицуулсан байх тул тэнсэх тухай хуучин, шинэ хуулийн зохицуулалтыг адилтган буюу төсөөтэй хэрэглэх боломжгүй гэж үзэж шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Ч, Ж.Г нарт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан “тэнсэх” нь зөвхөн хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн хувьд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй тодорхой хугацаагаар хянан харгалзах тухай ойлголт болохыг хуульчилсан.

Харин мөн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан “ялтай байдал” гэсэн нь гэмт хэргийн ангиллаар хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно гэж тухайн гэмт хэргийн ангиллын хүрээнд бүхэлд нь зохицуулсан ялгүйд тооцох хугацааны ойлголт байхад шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулиас дээрх зүйл, хэсгийг буюу “ялтай байдал”-ыг хассан тул урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэстэй байна.

Хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг нэмж оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлага оногдуулах прокурорын дүгнэлтдээ, шүүгдэгч Н.Ч, Ж.Г нар нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг нэмж нэгтгэн, нийт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг шийтгэх тогтоолд “... улсын яллагч Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ..., шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ...” гэж дурдаж “улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй” гэж шийтгэх тогтоолд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 

Прокурор Б.Чинбилиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул ялыг нэмж оногдуулах нь зүйтэй. ...” гэв.

 

            Шүүгдэгч Н.Ч, Ж.Г нарын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Н.Ч, Ж.Г нар нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж, “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус хуульчилжээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3-т “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж заасан.

 

2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуульд, тэнсэгдсэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэхээр заасан бөгөөд зарчмын зөрүүтэй байдал байхгүй байна.

 

Иймд прокурор Б.Энэрэлийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, Ж.Г, Н.Ч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Шүүгдэгч Н.Чийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 724 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Ч, Ж.Г нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Н.Ч, Ж.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

Ж.ЭРДЭНЭЧИМЭГ