Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Хохирогч Г.Нямбаяр,

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа,

Шүүгдэгч Ж.Хулан, түүний өмгөөлөгч Ө.Болормаа /ҮД: 0-583/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жаргалын Хуланд холбогдох эрүүгийн 201625021511 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 02ы өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Хажуу улаан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 4, 1 сартай, 4-7 насны 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 14 дүгээр гудамжны 169 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Жаргал овогтой Хулан /РД:СЩ87070701/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Хулан нь 2016 оны 5 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ замын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Г.Нямбаяртай архи уухгүй гэж марган улмаар таксинаас үсдэж буулган түүний биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд, зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Хулан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ээжийнхээ ажиллуулдаг 00-ийг ажиллуулаад сууж байхад Нямаа над руу ярьсан. Би Эрдэнчимэгийн гэрт дунд хүүхдээ үлдээсэн болохоор ажлаа тараад Эрдэнэчимэгийн гэр рүү явж байсан. Тэгээд Эрдэнэчимэгийн гэр рүү явж байхдаа Нямаа руу би залгахад Нямаа “уулзаж байгаад ярья найз нь мах, шөл чаначихсан байна” гэж хэлсэн. Эрдэнчимэгийн гэрт очоод би Эрдэнчимэгт “Нямаа над руу залгасан” гэж хэлэхэд Эрдэнэчимэг над руу бас Нямаа залгасан гэсэн. Тэгээд Эрдэнчимэгийн найзууд гэж 2-3 хүн ирээд нэг цаг караокед дуулж сууя гэсэн. Нямаатай уулзах юм чинь гэж бодоод 32 дугаар тойргын уулзвар дээр ганц цаг кароакед дуулж сууя гэж хэлээд Нямааг дуудсан. Караокед ороод сууж байхад Нямаа хүнтэй уулзаад ирье гээд гараад явсан. Г.Нямбаяр гарч явчихаад 2 цагийн дараа “найз нь Баянцээлийн тэр хавьд хүнд зодуулчихлаа шүү дээ” гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би такси бариад хүрээд ир, чамайг тосоод авъя гэсэн. Тэгээд Нямаа нь такситай хүрч ирэхээр нь би “яасан бэ, юу болсон бэ” гэж асуухад  “намайг хүн дээрэмдэх гэж байхаар нь зугтаасан” гэсэн. Тэгээд “Казино” гэдэг бааранд бид нар орж 2 цаг бүжиглээд үүрийн 4 цагийн үед гарсан. Баарнаас гараад такси бариад харих гээд явж байхад Нямбаяр манайд очиж архи ууя гэхээр нь би ажилтай, Эрдэнэчимэг ч маргааш ажилтай гэж хэлсэн. Тэгээд Нямааг машинаас татаж буулгахад хөл хугарчихлаа гэж хэлэхээр нь би тухайн үедээ хөл нь хугарчихна гэж бодоогүй. Түргэн ирээд хөл нь хугарсан байна гэж хэлэхэд л би хөл нь хугарчихсан юм байна гэдэгт итгэсэн…” гэв.

 

Шүүгдэгч Ж.Хулан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 13-ны орой би найз Эрдэнэчимэгийн гэрт очих гээд явж байхад Нямбаяр утас руу залгаад мах чанасан ирж ид гэсэн. Тэгээд би Эрдэнэчимэгийн гэр очоод байж байхад Нямбаяр дахин над руу залгаад та хоёр хүрээд ир гэхээр нь би за гэж хэлээд 23 цагийн орчим очсон. Тэгээд очиход Нямбаяр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд бид гурав хамт Сансарт байдаг караокед ороод Эрдэнэчимэг огт уугаагүй, Нямбаяр бид хоёр 2, 2 пиво уусан. Тэгээд Нямбаяр хүнтэй уулзаадхий гээд гарсан. Тэгээд Эрдэнэчимэг бид хоёр гараад Баянцээлийн орчимд бааранд орох гээд явсан. Нямбаяр над руу залгаад офицерт байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би чи өөрөө хүрээд ир гэсэн. Тэгээд Нямбаяр ирээд хамт бааранд орсоноос хойш бид хоёр маргалдсан. Тэгээд баарнаас 4 цаг гэж гараад гэртээ харих гэтэл Нямбаяр би архи уумаар байна хөдөө аж ахуй дээр архи зардаг гээд байсан. Тэгэхээр нь би уухгүй гэхэд Эрдэнэчимэгийг хамт явъя гээд байсан. Эрдэнэчимэг би өглөө ажилтай уухгүй гэж хэлсэн. Тэгэхэд Нямбаяр надад чамайг жирэмсэн болохоор чинь гар хүрэхгүй байгаа шүү, ялан дээр минь ял нэмүүлэв гэхээр нь миний уур хүрээд таксигаа зогсоогоод чи буу буу өөрөө уух дуртай юм бол уу гэхэд машинаас буухгүй байсан. Тэгэхээр нь би үснээс нь гараараа зулгаагаад татаж буулгасан чинь Нямбаяр миний хөл хугарчихлаа гэсэн. Тэгээд би түргэн, цагдаад дуудлага өгсөн. Би Нямбаярын хөл рүү өшиглөөгүй. Үснээс нь зулгааснаас өөр гар хүрээгүй. Хажууд Эрдэнэчимэг байсан, өөр хүн байгаагүй. Нямбаяр хөлөө машины суудал доогуур хийсэн байж байгаад намайг буулгахад хөшигдөж хугарсан байх гэж би бодож байна...” гэсэн мэдүүлэг. /хх 30-32 дугаар хуудас/,

Хохирогч Г.Нямбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Эрдэнэчимэг, Хулан хоёр нь 4 залуутай хамт машинтай ирээд намайг дуудсан. Сансарт байрлах караокед орж сууцгаасан боловч удалгүй нөгөө 4 залуу нь яваад өгсөн. Би караокед суухдаа 5-6 шил пиво уугаагүй. Хулан, Эрдэнэчимэг нар нь пиво уусан, харин архины төрлийн зүйл бол уугаагүй. Караокед суугаад удаагүй байхад надад ажил гараад яваад өгсөн. Би кино үйлдвэрийн тэнд найз дээрээ очиж уулзсан. Би тухайн үед ороолттой явж байсан нь үнэн. Тэгээд найзаасаа салаад явж байхад замдаа хэдэн согтуу хүмүүстэй таарсан. Намайг дээрэмдэх гэж оролдоход нь би такси бариад явсан. Эрдэнэчимэг, Хулан хоёр таньдаг гэх нэг залуутай хамт ирсэн. Би тэр залууг нь танихгүй, караокед ороод хүний нэг нэг пиво захиалж ууцгаасан. Тэгээд тухайн газрын хаах цаг нь болчихсон болохоор бид нар гарсан. Гараад такси бариад явж байхад Хулан бид хоёр хэрэлдсэн. Ер нь бид хоёр муудалцчихсан байсан. Өмнө нь би Эрдэнэчимэгт Хулан гадаа өмдөө тайлаад шээчихлээ гэж хэлж хэлснийг Эрдэнэчимэг Хуланд хэлчихсэн байсан. Тэгээд таксинд Хулан надад “миний бааж, шээх чамд ямар ч хамаагүй” гэж хэлэхэд нь би “олон хүмүүс байхад яаж байгаа юм бэ, шээж болохгүй” гэж хэлсэн. Би тэрнээс биш архи ууя гэж хэлээгүй. Намайг машинаас үгийн зөрөөгүй үснээс зулгааж, чирж буулгасан. Миний шилбэ рүү өшиглөөд, хойшоогоо шууд дарсан. Тэгээд би хөдөлж чадахгүй, миний хөл хугарчихлаа гэж хэлэхэд Хулан, Эрдэнэчимэг хоёр битгий баашлаад бай гэж хэлээд намайг дээш нь татахад босож чадахгүй байсан...” гэв,

Хохирогч Г.Нямбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Хулан, Эрдэнэчимэг хоёртойгоо Сансарын Баянцээл орчим уулзсан. Тэгээд бид гурав Дурсахуй гэдэг газар руу орж жаахан бүжиглэж байгаад гараад такси бариад гэртээ харих замд Шинэ зам дээр явж байгаад Хулан намайг жаахан дарамтлах гээд байхаар нь би Хуланг чи одоо ямар ядаргаатай юм чи намайг үргэлж дарамтлах гээд байх юм гээд хэлсэн чинь Хулан такси зогсоогоод бууж ирээд намайг үсдэж чирээд таксинаас буулгасан. Тзгээд миний баруун хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би хөлөө барьж суугаад миний хөл хугарчихлаа гэсэн. Тэгтэл Хулан, Эрдэнэчимэг хоёр битгий худлаа баашлаад бай бос гээд байсан. Тэгээд удалгүй түргэн ирээд намайг аваад явсан...гараараа үсдэж, хөлөөрөө өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг. /хх 11-12 дугаар хуудас/

Шинжээч Ш.Цэцэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Г.Нямбаярын баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд, зөрөөтэй хугарал гэмтэл нь хөлөө автомашины урд талд байрлуулсан байх үед болон хөлийг хойшоо эргүүлээд дарах, татахад учрах боломжтой. Энэхүү хугаралтаас үүсэх өвдөлт, гэмтэл нь тэр даруй илрэх ба явах хөдөлгөөн хийх боломжгүй байдаг...” гэв.

Гэрч Э.Эрдэнэчимэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...уг бааранд сууж байгаад шөнийн 04 цаг гэж гараад Нямбаярыг хүргэж өгөх санаатай Нямбаяр, Хулан бид гурав такси бариад явсан. Тэгээд таксинд явж байтап Нямбаяр би архи уумаар байна Эрдэнэчимэг архи уугаагүй юм чинь Хулан 2-лаа хамт явж архи ууя гэсэн чинь Хулан хариуд нь уухгүй чи гэртээ харь гэсэн. Тэгэхээр нь би найз нь маргааш ажилтай учир архи уухгүй миний найз одоо гэртээ харь гэж хэлсэн чинь чи намайг архи уулгуулахгүй гэлээ чи миний толгойг мэддэг болсон юм уу гээд машин дотор нэлээн маргаан болсон. Тэгтэл Хулан Нямбаярыг загнаад чи архи ууж яах гээд байгаа юм бэ ганц хүүхэддээ хоол хүнсийг нь авч өгөхгүй юу чи, маргааш нь бид над руу залгаад хоол ундны юмгүй болчихлоо гээд байдаг биз дээ гэсэн чинь Нямбаяр хариуд нь чамайг жирэмсэн болохоор чинь би зодохгүй байгаа шүү ялан дээр минь ял нэмэх гээд байгаа юм уу гэсэн чинь Хулан чи юу гээд байгаан гээд таксигаа Шинэ замын Хангай хотхон руу эргэдэг уулзвар дээр зогсоосон. Тэгээд би таксины урд сууж явж байсан учир таксины тооцоо төлөх хооронд Хулан, Нямбаяр хоёр автомашинаас буусан. Тэгээд би таксины мөнгө төлөөд таксинаас буугаад таксигаа явуултал Нямбаяр миний хөл хугарчихлаа гээд орилоод байсан. Тухайн үед би итгээгүй учир битгий худлаа баашлаад бай гэж хэлсэн. Тэгээд Нямбаярыг замын хажууд суулгаад хөлийг нь харсан чинь булчин орчимдоо хавдсан байсан. Тэгээд удалгүй цагдаа болон түргэн ирсэн...Хулан Нямбаярыг автомашинаас буулгах гээд гарнаас нь татсан чинь Нямбаяр буухгүй гэсэн. Тэгээд Нямбаяр гараа татаж авсан чинь Хулан үсдээд буулгаж байсан. Тэгээд би таксины мөнгө төлөөд араас нь буусан учир өөр зүйл мэдэхгүй... " гэсэн мэдүүлэг / хх 13-14 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹6917:

  1. Нямбаярын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд, зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 16 дугаар хуудас/,

 

Хохирогчийн өргөдөл /хх 3/, эмчилгээ хийлгэсэн баримт /хх 9/, шинжээч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх 17-18/, өвчний түүхийн хуулбар /хх 19-27/, Ж.Хулангаас үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 29-32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/, гэрлэлтийн баталгаа /хх 40/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх 41/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 42-48/, рентген зураг, зарлагын баримт хүлээн авсан тэмдэглэл /хх 52-53/, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүүхдийн гэрчилгээний хуулбар /хх 57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Хулан нь согтуурсан үедээ 2016 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зам”-ын орчим найз Г.Нямбаярыг “хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэмээр байна гэж дарамталлаа, үг хэлээр доромжиллоо” гэж хоорондоо маргалдан улмаар автомашинаас үсдэж буулган, хөлийг нь өшиглөн огцом дарах зэрэг хүч хэрэглэн түүний биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд, зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Хулангийн “...баарнаас гараад гэртээ харих гэтэл Нямбаяр би архи уумаар байна хөдөө аж ахуй дээр архи зардаг гээд байсан. Нямбаяр манайд очиж архи ууя гэхээр нь би ажилтай гэсэн. Тэгэхэд Нямбаяр надад чамайг жирэмсэн болохоор чинь гар хүрэхгүй байгаа шүү, ялан дээр минь ял нэмүүлэв гэхээр нь миний уур хүрээд Нямааг би үснээс нь гараараа зулгаагаад машинаас татаж буулгахад хөл хугарчихлаа гэж хэлэхээр нь би тухайн үедээ хөл нь хугарчихна гэж бодоогүй. Түргэн ирээд хөл нь хугарсан байна гэж хэлэхэд л би хөл нь хугарчихсан юм байна гэдэгт итгэсэн...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Г.Нямбаярын “...Өмнө нь би Эрдэнэчимэгт Хулан гадаа өмдөө тайлаад шээчихлээ гэж хэлж хэлснийг Эрдэнэчимэг Хуланд хэлчихсэн байсан. Тэгээд таксинд Хулан надад “миний бааж, шээх чамд ямар ч хамаагүй” гэж хэлэхэд нь би “олон хүмүүс байхад яаж байгаа юм бэ, шээж болохгүй” гэж хэлсэн. Би тэрнээс биш архи ууя гэж хэлээгүй. Намайг машинаас үгийн зөрөөгүй үснээс зулгааж, чирж буулгасан. Миний шилбэ рүү өшиглөөд, хойшоогоо шууд дарсан. Тэгээд би хөдөлж чадахгүй, миний хөл хугарчихлаа гэж хэлэхэд Хулан, Эрдэнэчимэг хоёр битгий баашлаад бай гэж хэлээд намайг дээш нь татахад босож чадахгүй байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Э.Эрдэнэчимэгийн “...таксинд явж байтап Нямбаяр би архи уумаар байна Эрдэнэчимэг архи уугаагүй юм чинь Хулан 2-лаа хамт явж архи ууя гэсэн чинь Хулан хариуд нь уухгүй чи гэртээ харь гэсэн. Тэгэхэд Нямбаяр чи намайг архи уулгуулахгүй гэлээ чи миний толгойг мэддэг болсон юм уу гээд машин дотор нэлээн маргаан болсон. Тэгтэл Хулан Нямбаярыг загнаад чи архи ууж яах гээд байгаа юм бэ ганц хүүхэддээ хоол хүнсийг нь авч өгөхгүй юу чи, маргааш нь бид над руу залгаад хоол ундны юмгүй болчихлоо гээд байдаг биз дээ гэсэн чинь Нямбаяр хариуд нь чамайг жирэмсэн болохоор чинь би зодохгүй байгаа шүү ялан дээр минь ял нэмэх гээд байгаа юм уу гэсэн чинь Хулан чи юу гээд байгаан гээд таксигаа Шинэ замын Хангай хотхон руу эргэдэг уулзвар дээр зогсоосон. Тэгээд би таксины урд сууж явж байсан учир таксины тооцоо төлөх хооронд Хулан үсдээд автомашинаас буулгаж байсан. Тэгээд Нямбаяр миний хөл хугарчихлаа гээд орилоод байсан ба түүнийг замын хажууд суулгаад хөлийг нь харсан чинь булчин орчимдоо хавдсан байсан. Тэгээд удалгүй цагдаа болон түргэн ирсэн...”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹6917 “...1. Нямбаярын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд, зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо....3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ж.Хуланг хохирогч Г.Нямбаярын “архи хамт уусангүй” гэсэн зүй бус харьцааны улмаас маргалдан улмаар түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нь “шүүгдэгч гэмт хэргийг үйлдэхдээ шууд санаатайгаар үйлдсэн гэх хангалттай баримт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь шүүгдэгч Ж.Хулан нь хохирогчид гэмтэл учруулж, хор уршиг учрахыг мэдсээр байж, автомашинаас буулгах явцдаа хохирогчийн толгойн үсийг зулгааж чирэх, хөлийг өшиглөж, дарах, татах зэрэг бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийг хийж хор уршгийг хүсэж, зориуд бий болгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн хэрэгт цугларсан дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.      

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Ж.Хуланг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртэлх болон бага насны хүүхдүүдтэй, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Хулан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Хулан нь мөрдөн байцаалтын явцад хохирогч Г.Нямбаярт гэм хорын хохиролд 76.194 төгрөгийг төлсөн байх ба харин 4.650 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгчээс уг хохирлыг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч Г.Нямбаяр эмчилгээний зардалд 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байх боловч үүнийг нотолсон баримт байхгүй тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжилэх эрхтэй болохыг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

            1. Боржигон овогт Жаргалын Хуланг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ж.Хуланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хуланд оногдуулсан 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Хулан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Хулангаас 4.650 /дөрвөн мянга зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 192 тоотод оршин суух Гантулгын Нямбаяр /ШЖ 80060162/-т олгож, хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хангахгүй орхиж, энэ талаарх гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Хуланд 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар ял хойшлуулж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хариуцуулсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасан 2 ширхэг рентген зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Нямбаярт буцаан олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Хуланд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН