Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0169/Э |
Дугаар | 2022/ШЦТ/172 |
Огноо | 2022-02-14 |
Зүйл хэсэг | 11.1.1, |
Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/172
2022 02 14 2022/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: Б.Энхжин,
улсын яллагч: Ж.Сувданчимэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Б,
шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2108027000000 тоот хэргийг 2022.02.08-ы өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Шарга суманд 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа жолооч ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Баянбулагийн 0-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Их Хойд овогт Б-ийн Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 2-5 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23 дугаар гудамжны 39а тоотод оршин суух Б.Бгийн гэрт “эхнэрээ зодлоо” гэх шалтгаанаар Ч.Бтай маргалдан гэрээс гарч Ч.Бтай барьцалдан авч, улмаар түүний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж газарт унагасны улмаас Ч.Бын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ч.Бын "2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Баруун салаанд Болороо найзындаа байна ирээд авчихаарай" гэж хэлсэн. Үүрээр 04 цаг өнгөрч байхад сэртэл манай эхнэр ирээгүй байхаар нь би өөрийнхөө эзэмшлийн хар өнгийн 83-88 УНС улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй очтол Болороогийн гэрт манай эхнэр Я.Ц, Болороо танихгүй 2 залуугийн хамт архи уугаад нэлээн согтуу байсан. Тэгэхээр нь би эхнэрийгээ явъя гээд эхнэрийнхээ хацар руу нь 1 удаа алгадсан. Гэтэл тэр 2 залуу “чи хэн юм” гээд над руу дайраад байхаар нь би эхнэрийгээ аваад гарсан. Би эхнэрийнхээ гараас нь татаад гадаа гартал "явахгүй, чамтай явмааргүй байна" гээд байхаар нь дахиад 1 удаа алгадсан чинь гэрт байсан хүмүүс гараад ирсэн. "Чи яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ?" гээд тэр 2 залуу намайг заамдаад бариад авахаар нь би барьцалдаж аваад зогсож байтал намайг тавьчихаар нь хашаанаас нь гараад машинаа аваад тэр хоёрыг айлгая гэж бодоод хажуугаар нь хүчтэй гарахдаа цементэн шонг зүүн талын дохиогоороо шүргээд зогссон. Нөгөө 2 залуу хүрээд ирэхээр нь би машинаас нь буутал ...Б.Б гэх залуу нь миний нүүрэн тус газар 3-4 удаа цохитол миний ухаан балартаад газар унасан. Харин нөгөө хамт явж байсан залуу нь цохиогүй, тэр Баяраа гэдэг залуу нь намайг зодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
- Гэрч Я.Цын: “нөхөр 02 цаг өнгөрч байхад Болороогийнд орж ирээд цэнэглэж байсан утсыг мниь аваад хүмүүсийн дэргэд 1 удаа алгадсан. Тэгээд гэрээс нь гарсан чинь намайг я.., г..ий гэх мэтээр хэл амаар доромжлоод миний нүүр рүү гараараа цохиод байхаар нь нүүрээ дараад доошоо суусан чинь миний зүүн талын хавирга хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Болороо гарч ирээд болиулсан, бас манай 2 эрэгтэй найз гарч ирсэн чинь тэр хоёр луу дайраад надтай хардаад хэл амаар доромжилсон. Нөхөр намайг зодчихоод Болороогийнхоос гарч яваад машинаа асаагаад манай 2 эрэгтэй найзтай маргалдаад байхаар нь дахиж очиж салгасан чинь гар утсаараа “хурдан ир, намайг 2-3 хүн нийлээд зодоод байна” гэж яриад машинаа үлдээгээд гүйгээд явчихсан. Би машиныг нь асаагаад Болороогийн хашаанд тавья гэсэн чинь түлхүүр нь байхгүй байхаар нь гудамжинд үлдээгээд Болороогийнд очиж хоносон. Болороогийн гэрийнх нь ойролцоо машин байсан чинь байрлал нь өөрчлөгдсөн байсан. Би нөхрийгөө хэнд зодуулсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-17/
- Гэрч Б.Бгийн: “миний машинтай Сонгинохайрхан дүүргийн ойролцоогоос очиж танихгүй 2 залууг аваад литрийн соёрхол нэртэй архи гаргаж ирээд хувааж уусан. Үүрийн 05 цаг өнгөрч байхад гаднаас Я.Цын нөхөр эрүүл орж ирээд Я.Ц руу уурлаж хоёр удаа алгадаж аваад цээж рүү нь нэг удаа цохиж байх шиг байсан. Баяраа, Жагаа хоёр "чи яагаад эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм бэ?" гэж хэлээд тэр гурав хоорондоо барилцаж аваад манай гэрээс гараад явахаар нь би араас нь гараад хартал хашааны гадаа барилцаад авчихсан нэг нэгнийгээ “ална” гэж хэлээд байсан юм. Ч.Б машинаа тойрч гүйгээд хүн рүү утсаар ярьж "хүрээд ир. Ахыг нь хоёр залуу зодох гээд байна" гэж хэлж байгаад доошоо гудамж уруудаад гүйсэн. Харин Жагаа, Баяраа хоёр араас нь явж байх шиг харагдахаар нь би гэртээ ороод Я.Цын хамт унтаж амарсан. Өглөө 09 цаг өнгөрч байхад Ч.Бын дүү Алтанцэцэг надтай утсаар ярьж Ч.Быг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна. Машин нь байна уу гэж асуухаар нь гэрээсээ гараад хартал машин нь манай гудамжинд байсан." гэх мэдүүлэг/хх-19/,
- Гэрч П.Батбаярын: ".Бид 4 тухайн архийг уугаад талдаа орж байтал гаднаас Я.Цын нөхөр нь гээд нэг залуу орж ирчихээд зодоод байхаар нь бид нар болиулсан. Тэр залуу буцаж гараад блок юм уу, тоосго ч юм уу тал хэлтэрхийг Б.Б руу шидчихээд гараад явчихаар нь бид хоёр харьцгаая гээд гараад гудамжаар алхаж байтал Болороо хойноос гүйж ирээд "наад залуу чинь та хоёрыг машинаараа дайрна гэж байна шүү" гэж хэлэхээр нь би эргээд хартал их хурдтай хажуугаар нь гараад явсан. Буцаад эргэхээр нь бид хоёр бетон шонгийн хажууд зогсож байхад тэрийг зүүн талын дохиогоороо мөргөөд машинаа зогсоогоод бууж ирээд Б.Бтай барьцалдаж аваад цохисон. Б.Б түүнийг зөрж хэд хэдэн удаа цохиж аваад барьцалдаад газар унаад дээр доороо ороод цохилцоод байсан. Би найз Б.Быг татаж аваад шууд яваад өгсөн... Тухайн үед барилцаж аваад толгой руу нь цохиод байсан. Тэр Ч.Б гэх залуу цохиулаад газар унахдаа толгойгоороо унах шиг болсон" гэх мэдүүлэг /хх-23/,
- Яллагдагч Б.Бын “Би Прокурорын тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцлаа. Надад сонсгосон тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна... Гэтэл гаднаас Я.Цын нөхөр нь гэх залуу орж ирээд Я.Цыг зодоод байсан. Тэгэхээр нь би боль гээд Баяраа бид 2 бариад автал бид хоёр руу дайрч байгаад эхнэрийгээ аваад гараад явсан. Гарч явчхаад буцаж орж ирээд над руу тоосго шидээд миний нурууг оночихоод гараад яваад өгсөн. Гэтэл найз Болороо нь гараад явчихаар нь хоёулаа энд бүтэхгүй юм байна, хоёулаа явах уу? гээд хашаанаас нь гараад алхаж явтал Болороо хүрч ирээд та хоёрыг машинаар дайрна гэж байна гэж хэлэхээр нь бид хоёр шонгийн модтой давхар зогсож байгаад нөгөө залууг гаргасан. Гадаа шөнө болчихсон их харанхуй байсан ба буцаж өнгөрч ирээд бид хоёрыг толиороо дайраад, машинаас бууж ирээд миний нүүрэн тус газар цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа нүүрэн тус газар цохиход газар унаад босож ирэхэд зүүн талынх нь шанаа халцарчихсан босож ирээд утсаа гаргаж ирээд зугтаагаад явчихсан... Надад шинжээчийн гаргасан 10124 дугаартай дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-48-49/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10124 дугаартай: “Ч.Бын биед дух яс, суурь яс, зуун нүдний ухархайн дээд хана, дотор хана, гадна хана, эрүү ясны хугарал, дух, зүүн чамархайн суурийн хатуу хальсан дээрх цусан хураа, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн мөр, цээжинд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна" гэх дүгнэлт /хх- 27-28/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Б.Бын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Хохирогч Ч.Б нь иргэн Б.Бгийн гэрт эхнэр Я.Цтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг алгадаж зодсон, шүүгдэгч Б.Б нь “эхнэрээ зодлоо” гэх шалтгаанаар Ч.Бтай маргалдсан, хохирогч Ч.Б нь Б.Б, П.Батбаяр нарыг гудамжинд явж байхад нь араас нь автомашинаараа хурдтай явж айлгаж сүрдүүлэн улмаар автомашины зүүн талын толиороо гэрлийн шонг мөргөж зогсоон бууж ирж Б.Бтай барьцалдан авч зодолдсоны улмаас Ч.Бын биед “дух яс, суурь яс, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, гадна хана, эрүү ясны хугарал, дух, зүүн чамархайн суурийн хатуу хальсан дээрх цусан хураа, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн мөр, цээжинд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт" бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шүүгдэгч Б.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт болон автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ч.Б, гэрч Я.Ц, Б.Б, П.Батбаяр нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ч.Бтай харилцан зодолдож байх явцдаа нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж, газарт унагасны улмаас бие махбодид нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бын хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Ч.Бын биед “дух яс, суурь яс, зуун нүдний ухархайн дээд хана, дотор хана, гадна хана, эрүү ясны хугарал, дух, зүүн чамархайн суурийн хатуу хальсан дээрх цусан хураа, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн мөр, цээжинд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10124 дугаартай дүгнэлтээр /хх- 27-28/ тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д“ Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлж арилгахыг хохирогч Ч.Б нь Б.Баас шаардах эрхтэй, шүүгдэгч Б.Б нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорын төлбөрийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Ч.Б 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Надад шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би тэр хоёр хүнээс эмчилгээний төлбөр гэж 1500000 төгрөгийг авсан. Гаргаж өгөх төлбөрийн баримт байхгүй” хэмээн мэдүүлж /хх-15/ иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах эрхтэй бөгөөд хүсэлтийг хангана гэж заасан тул иргэн Ч.Бын эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлыг шүүх хэлэлцэхгүй орхилоо.
Шүүх-эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Ч.Бын биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна" гэх тул хохирогч Ч.Б нь цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж Б.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 10 хоногийн хугацаагаар тогтоосон, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийдвэрлэж байсан ба 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хорих ял эдлэхээс 4 сар 24 хоногийн өмнө тэнсэн суллагдаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар хувь /хх-90-96/ баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б нь уг гэмт хэрэгтээ ялгүй болсон байх тул түүний ял шийтгүүлж байсан байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон Б.Б нь ялгүй болсон, бусдад төлөх төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураараа гаргасан, Б.Бын орлого, зээлтэй байдлыг болон хохирогч Ч.Б иргэний нэхэмжлэлээсээ татгалсан зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 32 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлөхөөр” тохиролцсоны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хойд овогт Б-ийн Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хойд овогт Б-ийн Бд 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бд оногдуулсан 10 сая төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 32 /гучин хоёр/ сарын хугацаанд сар тутамд 312500 /гурван зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөг төлүүлэх байдлаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ч.Бт 1500000 төгрөг хүлээлгэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ч.Бын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эрүүл мэндийн гэм хор арилгахтай холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Баас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Б.Бд мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ