Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

      2022          02           15                                     2022/ШЦТ/193

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Н.Ундрах,

хохирогчийн өмгөөлөгч: О.Б,

хохирогч Д.Б,

гэрч Ц.О, С.Л, Б.Г, насанд хүрээгүй гэрч Г.Г,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Д,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2008020000000 тоот хэргийг 2021.12.10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүн Баян-Улаан суманд 1987 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Нарийн фермер 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Нямбуу овогт О-ын А нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүхэд дуудагдан ирсэн гэрч Ц.О, С.Л, Б.Г, насанд хүрээгүй гэрч Г.Г нарын мэдүүлгийг сонсож, талуудын хүсэлтээр судлагдсан баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

 

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б, Ц.О, С.Л нартай архидан согтуурч, улмаар мөн өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөшигийн 0-0 тоот хашаанд хохирогч Д.Бтэй /Охиноо гэх/ “Би танай үхрийг саахгүй” гэх шалтгаанаар маргалдаж үснээс нь зулгааж газарт чулуун дээр унаган толгон тус газарт нь цохиж зодон бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Эргүүлийн цагдаа д/а Б.Сын “...Дулмаа овогтой Б гэгч нь толгойдоо 2 см хиртэй хагарсан ухаан ороогүй байсан тул нөхөр нь гэх Баттулга овогтой Г гэгчтэй уулзахад Отгонбаяр овогтой А гэгчтэй архидан согтуурч маргалдсан байсан манай эхнэр намайг шөнө ирэхэд малын саравчин дотор их цус алдсан байдалтай хэвтэж байсан гэсэн тул ******* гэгчийг нь саатуулж, зодуулсан гэх Д.Бг 103-т хүлээлгэн өгч ажиллалаа” гэх илтгэх хуудас, Б.Саас цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээлэл /хх-2, 5/

- Гэмтэл согог судлалын өвчний 28150 дугаартай нээсэн өвчний түүх /хх-60-69/  Уг өвчний түүхэнд 2020 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цаг 40 минутаас 2 цаг 40 минутын хооронд үргэлжилсэн Д.Бд дараахь мэс засал хийсэн болох нь мэс заслын тэмдэглэлээр тогтоогдож байна. Үүнд: Зүүн талд чамархай хэсэгт чихний дээд талаас эхлэн тах хэлбэрийн зүслэг хийж хуйхыг урагш нь сөхөж харахад зүүн зулайн яснаас чамархай, суурь яс руу чиглэсэн диастаз хугаралтай байв. Хугарлын дэргэд гар өрмөөр цооног гаргаж ...харахад хатуу хальсны дээрх зайд өтгөн хар хүрэн өнгийн цус байсныг эвийн аргаар соруулан авахад гавлын дунд хонхор A.Mengia судасны орчмоос цус алдсаныг ...цус тогтоолт хийв...” гэжээ,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10589 дугаартай “Д.Бгийн биед эрүүл мэндэд зүүн зулай, чамархай яс, суурь яс, эрүүний ясны үе дайрсан хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн няцрал, толгойн хуйхны шарх, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зулай, духны хоёр хажуу, зүүн чамархай, шанааны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.12-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-29-31/,

- Хохирогч Д.Бгийн:  “...******* гаднаас 2 ширхэг том литрийн пиво авч орж ирэхээр нь бид гурав хувааж уугаад сууж байхад манай хөрш айлын Г.Л орж ирсэн. Тэгээд уугаад сууж байхад Ц.О манай үхрийг саагаад, дуусгаад явъя гэхэд ******* “хурдал, ямар удаан юм, саах албатай юм уу” гээд уурлаад байхаар нь миний дургүй хүрээд “чи ганцаараа яв” гэхэд миний үснээс зулгаахаар нь би бас үснээс нь бариад авсан. Тэгээд би хашааны хаалгаар гаргах гээд үсдэлцсэн чигээрээ хаалга руу очоод хаалган дээр ирээд би үснээс нь гараа тавиад цээж рүү нь түлхэхэд ******* үснээс зулгаасан чигээрээ над руу урдаас дайраад би хойшоо савж унаснаа санаж байна. Тэгээд нүдээ нээхэд ******* дээр гарчихсан толгой руу цохиж байсан. Тэрнээс хойш ухаангүй болоод гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Би савж унасныхаа дараа нүдээ нээхэд ******* дээрээс толгой руу цохиж байхад нь “яаяа” гэж ганц орилсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 111/,

- Гэрч Ц.Оын “Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд мал, малладаг танил дүү болох *******ийн гэрт ганцаараа эрүүл очсон юм. Тэгэхэд ******* ганцаараа согтуу, хүүгээ үхэртээ явуулчихлаа гээд байж байсан. Удалгүй үхрүүдээ ирсэн араас нь Охиноо ганцаараа согтуу орж ирээд, *******тэй шивнэж яриад байсан. Тэгээд буцаж гарч яваад орж ирэхдээ миний зүс таних залууг дагуулчихсан, 2.5 литрийн том пиво барьчихсан орж ирээд, үхрүүдээ саангаа пиво хувааж уусан, миний хувьд пивоноос уугаагүй. ******* бид хоёр үхрүүдээ сааж дуусахад Охиноо, ******* бид хоёрыг “манай үхрээс саагаад өгөөч” гэж гуйхаар нь *******, Охиноо би, мөн зүс таних залуу бид дөрөв Охиноогийн гэрт очсон юм. Би эхний үхрээ саах гэж байхад ******* миний хажууд сууж байсан. Гэтэл Охиноо *******т хандаж “чи үхэр саахгүй байна” гээд уурлаад байсан. ******* өөдөөс нь “танай үхрийг саах гээд байж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр хоёр хэрэлдээд нэг харахад бие, биеийнхээ үснээс зуурчихсан байсан. Би, зүс таних залуу бид хоёр салгасан. ******* хүүгийн хамт хашааны хаалганы тийшээ явах шиг болсон. Гэтэл Охиноо газарт уначихлаа гээд нэг эрэгтэй хүүхэд орилсон, яг хэнийх нь хүүхэд орилсныг мэдэхгүй байна. Гадаа хав харанхуй болчихсон байсан болохоор би очоод асаагуурын гэрэл тусгаад харахад толгой нь хагарчихсан цус гоожиж байсан. Би юу болсон талаар асуухад Охиноогийн хүү “ээж энэ чулуун дээр уначихсан” гэж хэлсэн. Би асаагуурын гэрэл тусгаад газар руу харахад ургаа цайвар чулуу харагдсан. Чулуу цус болчихсон байсан. Би тэгээд үхрийг нь сааж байгаад нэг харахад Охиноо газарт уначихсан хурхираад унтаж байсан. Гадаа бороо орох гэж байсан болохоор өргөөд оруулах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тухайн үед зүс таних залуу байсан. Би хүүг нь гудас аваад ир, гудсан дээр хэвтүүлээд чирье гэж хэлсэн. Гудсан дээр тавиад чирэх гэсэн боловч дийлдэхгүй болохоор нь үхрийн пүнзэнд оруулаад, хүүг нь “хөнжил аваад ир” гэж хэлээд хөнжил авчруулж байтал гаднаас нөхөр нь орж ирсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан.

Охиноо, ******* хоёр үснээсээ зулгаалцаад байж байхаар нь зүс таних залуу бид хоёр салгасан. *******ийг хүү нь явъя гээд хаалганы тийшээ явах шиг болсон. Харин би буцаж үхэр дээрээ ирээд үхрээ сааж байхад нэг эрэгтэй хүүхэд Охиноо газарт уначихлаа гэж хэлсэн. Би очоод асаагуурын гэрэл асаагаад харахад толгойноос нь цус гоожиж байсан. Охиноо, *******, зүс таних залуу тэр 3 согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Гэрч С.Лгийн “Би үхэр саагаад байж байхад тэр хоёр муухай орилолдоод байхаар нь очиход Охиноо хоёр хөл дээрээ суучихсан, толгойноос нь цус гарчихсан байсан. ******* яваад өгсөн. *******ийн араас Охиноо ална аа чамайг гээд орилж байсан. Охиноогийн том хүү Г.Г бид хоёр асаагуурын гэрэл тусгаад харж байхад газрын ургаа чулуу цус болчихсон байсан. Г.Г “ээж энэ чулуун дээр л уначихсан юм шиг байна” гэж хэлсэн. ...намайг очиход Охиноогийн толгой хагарчихсан байсан. Яг тэр хоёр бие биеийнхээ аль хэсэгт хэдэн удаа цохилцсон талаар би хараагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 24/,

- Гэрч С.Л дахин “Тэгэхэд Д.Бгийн үхрийг Ц.О бид нар сааж байхад ******* гэнэт "би саахгүй" гэж уурлаад хашаагаар гарах гээд алхаж байхад Д.Б хойноос нь очиж "би танай үхрийг саагаа биз дээ" гэж хэрэлдсэн. Тэгэхэд Ц.О бид хоёр хашааны хойд талд үхрийн саравчинд дээр үхэр сааж байсан ба бид хоёр зүгээр хэрэлдэж байна гээд тоогоогүй, харахгүй үхрээ саасан. Тэгэхэд гадаа орой харанхуй болсон байсан учир холоос харагдахааргүй байсан. Хамгийн дэргэд байсан хүн гэвэл Д.Бгийн хүү Г.Г л байсан. Би хашааны хойд талд үхэр саагаад тэр хоёр хашааны дотор тал үүдэнд муудалцсан гэсэн үг. Тэгэхэд гэнэт хүн орилохоор нь би босоод яваад очих үед ******* хашаагаар гараад явж байсан. Д.Б явган суучихсан толгойноос нь цус гарчихсан байсан. Г.Г "ээжийг Алтаа эгч унагаагаад, цохичихлоо" гэж ярьж байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 129/,

- Насанд хүрээгүй гэрч Г.Гын “Алтаа эгч ээжийн үснээс нь зулгаагаад авсан. ...Ээж Алтаа эгч хоёр үснээсээ барьцалдаад хэсэг байж байгаад ээж “одоо больё” гээд тавья гээд гараас тавьсан. Алтаа эгч үснээс нь зулгаагаад тавихгүй байснаас үснээс нь зулгааж хойш нь дараад газарт давхарлаж унасан. Ээж доор нь Алтаа эгч дээр нь унасан. Ээж “яая” гээд орилсон. Би очоод харсан чинь ээжийн толгойноос цус гарсан байсан. Би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “яадаг юм танай ээж чинь хачин гөлөг ш дээ, би яахаараа танай үхрийг саалцдаг” юм гэсэн. Тэгэхэд ээж доошоо хараад хэвтээд байсан. Алтаа эгч “хохь чинь п....а минь” гэж хэлчихээд хүүхдээ дагуулаад машинаа унаад яваад өгсөн.

...******* эгч ээж Д.Бгийн үснээс нь зулгааж барьж байгаад хойш нь түлхээд биеийн ар хэсгээр нь унагаасан. Тэгээд дээрээс нь 2 удаа цохисон. Ээжийн унасан газар маргааш нь нил цус болсон байсан бөгөөд ээж хашаанд байсан том чулуун дээрээ унасан байсан бөгөөд тэр чулуу нь бас цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 92-95/,

- Гэрч Б.Аын “Би юу болсон юм гэж асуухад Г.Г “ээж, Алтаа эгч хоёр зодолдоод ээжийн толгой хагарсан” гэж хэлсэн. Би “ээж чинь хаана байна” гэсэн чинь “малын саравчинд байгаа” гэж хэлсэн. Тэгээд малын саравч руу ороход Охиноогийн толгой хагарсан, хөнжил гудсанд ороогоод тавьсан байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 88-90/,

- Гэрч Б.Гийн “2020 оны 9 дүгээр сарын 10-ны орой 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд гэртээ очиход манай эхнэр Д.Б малын саравчин дотор их хэмжээний цус алдсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би өргөж гэртээ оруулахад манайд тэнд байдаг ******* манай эхнэр хоёр хамт архи уугаад маргалдсан гэж байсан. Толгой орой хэсэгт 2 см орчим хагарсан байсан Д.Б архи уучихсан, *******ээс мөн архи үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь “Д.Бгийн биед тухайн гэмтлүүдийг учруулаагүй. Охиноо цаашаа явж байгаад бүдрээд нүүрэн хэсгээрээ газарт унасан. Яг тэр газар уруу, чулуутай газар байсан. Чулуун дээр л унасан байх” хэмээн мэдүүлж /хх-26/, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “С.Л, Ц.О нар мэдүүлэг аваад гарын үсэг зуруулаагүй гэдэг. Ц.О “уншуулаагүй гарын үсэг зуруулсан” гэсэн. Гэрч, хохирогч нарын мэдүүлэг эргэлзээтэй байна. Шинжээч мэдүүлэгтээ 1 удаагийн цохилтоор үүсэх боломжтой гэсэн. Тэгвэл бусад гэмтлийг хэн учруулсан юм бэ. Духанд нь 1 удаа цохьсон гэж Г.Г хэлсэн байгаа. Тухайн үед орчинтойгоо харьцсан ш дээ. Нөхрийнх нь мэдүүлэг байгаа. Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаая гэсэн хүсэлтээ дэмжиж байна” гэв.

Хэргээс үзэхэд шинжээч эмч О.Б “зүүн зулай, чамархай яс, суурь яс, эрүүний ясны үе дайрсан хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн няцрал, толгойн хуйхны шарх, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зулай, духны хоёр хажуу, зүүн чамархай, шанааны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба унах үед биш, зүүн зулай чамархай хэсэгт цохих үед үүсэх боломжтой, учир нь унах үед тухайн хэсэгт няцрал үүсэхээс илүүтэй тархины няцрал нь суурин хэсэгт үүсдэг, тухайн хэсэг газар цохих, цохигдох үед хүч үйлчилсэн тэр газраа хуйхны зөөлөн эдийн няцрал болон няцарсан шарх, мөн харалдаа тархины эдэд няцрал үүсдэг, эдгээрээс харахад дээрх гэмтлүүд нь цохих цохигдох үед үүссэн байх боломжтой, уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дүгнэлтэд дурдагдсан бусад гэмтлүүд нь тус бүр мохоо зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд бүгд унах үед үүсэх боломжгүй гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь үснээс зулгаах үед үүсэх боломжгүй, хурц ир үзүүртэй зүйлээс бусад зүйлийг ерөнхийд нь мохоо зүйл гэж үзнэ” гэж мэдүүлсэн /хх-105-106/, Хууль зүй, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-д Энэхүү журмын 2.21-д заасан амь насанд аюултай гэмтэлд дараахь гэмтлүүд хамаарна. Үүнд: 3.1.2-т “гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал. Үүнд: гавлын орой /дух, зулай яс/, чамархай, дагз ба суурь ясны хугарал заадсын салалт хамаарна...”, 3.1.3-т “тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл. Үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт...түүнчлэн хатуу хальсны дээрх, доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна” гэж тус тус заажээ.

 Хохирогч Д.Б нь эмнэлэгт ирэх үедээ “зүүн зулайн яснаас чамархай, суурь яс руу чиглэсэн диастаз хугаралтай байсан”, мөн хатуу хальсны дээрх зайд өтгөн хар хүрэн өнгийн цус байсныг соруулан авах, гавлын дунд хонхор A.Mengia судасны орчмоос цус алдсаныг ...цус тогтоолт хийх мэс засалд орсон болох нь өвчний түүхэнд хавсаргасан мэс заслын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10589 дугаартай дүгнэлтэд дурьдсан гэмтлүүд нь тус бүр мохоо зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлүүд болох нь тухайн дүгнэлтийг гаргасан эмч О.Бгийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд хохирогч Д.Бгийн “...хаалган дээр ирээд би үснээс нь гараа тавиад цээж рүү нь түлхэхэд ******* үснээс зулгаасан чигээрээ над руу урдаас дайраад би хойшоо савж унаснаа санаж байна. Тэгээд нүдээ нээхэд ******* дээр гарчихсан толгой руу цохиж байсан. Тэрнээс хойш ухаангүй болоод гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Би савж унасныхаа дараа нүдээ нээхэд ******* дээрээс толгой руу цохиж байхад нь “яаяа” гэж ганц орилсон” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Гын “...******* эгч ээж Д.Бгийн үснээс нь зулгааж барьж байгаад хойш нь түлхээд биеийн ар хэсгээр нь унагаасан. Тэгээд дээрээс нь 2 удаа цохисон” гэх мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд шүүгдэгч ******* нь хохирогч Д.Бг газар унагаж, дээр нь гарсан чигтээ толгойн тус газарт нь гараараа цохисон үйлдэл болон  Д.Бгийн биед амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсны хооронд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Гэрч Ц.О, С.Л нар нь хэрэг учрал гарсан газарт байсан боловч Д.Бгийн үнээ малыг сааж байсан шалтгаанаар ******* нь Д.Бг толгойн тус газарт цохих үйлдлийг хараагүй талаараа мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд тус тус мэдүүлсэн бөгөөд нэр бүхий хүмүүс нь тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тухайн үйл явдал болсноос хойш 1 жил 3 сар орчмын хугацаа өнгөрсний улмаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт дурьдсан зарим үйл явдлын талаар зөрүүтэй мэдүүлэг өгснийг “зориуд худал мэдүүлэг өгсөн”-д тооцох үндэслэлгүй байна.

Түүнчлэн хохирогч Д.Б өөрийг нь цохиж зодсон хүнийг “*******” гэж нэрлэн зааж байгаа, тухайн үйл явдлыг харсан насанд хүрээгүй гэрч Г.Гын мэдүүлгийг хуульд заасан шаардлагыг хангаж авсан, мөн Д.Б нь *******т цохиулсны дараа ухаангүй болж унтсан мэт хухирч байсныг гэрч Ц.О, насанд хүрээгүй гэрч Г.Г, гэрч Г.Г нар гэрчлэн мэдүүлсэн, дуудлагаар хэргийн газарт очиж ажилласан эргүүлийн цагдаагийн илтгэх хуудас, ГССҮТөвийн өвчний түүхэн дэх тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, /хх-ийн 99-100/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 101-103/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-112/ зэрэг баримтуудаар ******* нь Д.Бтэй “танай үнээг саахгүй” гэх шалтгаанаар маргалдан үсдэлцэж зодолдсон, мөн газарт унаган толгойн тус газарт нь цохиж зодсоны улмаас Д.Бгийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч *******ийн гэм буруугаа эс зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байгаа, түүний өмгөөлөгчөөс гаргасан “нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлгүй байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас О.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д“ Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу  учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу хохирогч Д.Б өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлж арилгахыг *******ээс шаардах эрхтэй, шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорын төлбөрийг хуульд заасан журмаар нөхөн төлж, хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хэргээс үзэхэд хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд “Би гэмтэл авчихаад 4800000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан. Энэ мөнгийг л нэхэмжилье” гэж мэдүүлсэн /хх-13-14, 111/, хэргийн 115-117 дугаар хуудсанд эм тариа, эмчилгээний зардалд 552650 төгрөг зарцуулсан гэх НӨАТ-ын баримт, мөн эмч сувилагч нарт 250000 төгрөг өгсөн гэх тодорхойлолт хавсаргагдан ирсэн, шүүх хуралдаан эхлэхэд хохирогч талаас нийт 2821950 төгрөгийг *******ээс нэхэмжилж холбогдох баримтыг гарган өглөө.

Шүүх хуралдаанаар хэрэгт хавсаргагдан ирсэн баримтыг *******ийн талаас гарган өгсөн бөгөөд уг зардлыг ******* төлсөн гэж хохирогчийн нөхөр Б.Г гэрчлэн мэдүүлсэн болно. Хохирогч талаас гарган өгсөн баримтыг судалж үзэхэд зарим баримт (эм тариа 565500 төгрөг төлсөн гэх зарлагын баримт) нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байгааг хасаж тооцоход нийт 1016861 төгрөг төлүүлэх үндэслэлтэй байгааг мэдэгдэхэд шүүгдэгч талаас хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан эхлэхэд 1020000 төгрөгийг бэлнээр авчирч, хохирогч талд хүлээлгэн өгсөн болно.

Иймд ******* нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй болсон байх тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо баримтаар нотлогдсон хэмжээнд нь төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа /сахиур хийсэн, яаралтай журмаар орсон мэс заслын болон бусад төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн г.м/ үзүүлсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь мал аж ахуй эрхэлдэг, тогтвортой орлого олдог зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Торгох ялын хэмжээг тогтоохдоо улсын яллагчийн “2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” тухай саналыг харгалзан үзсэн болно.

Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021.07.02-ны өдрийн/ 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******ийн үйлдсэн гэмт хэрэг хамрагдахаар байх боловч шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд өмгөөлөгчөөс хүсэлт гаргаагүй, мөн тухайн зүйл хэсэгт “гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны” гэж заасан байгаа тул тухайн асуудлыг шүүх хэлэлцэхгүй орхисон болно. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд ******* нь ял эдэлж байгаа газрын шүүхэд хандаж тухайн асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Нямбуу овогт О-ын Аийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 13650 /арван гурван мянган зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13650000 /арван гурван сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 13650000 /арван гурван сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн бичиг баримт, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчийн эмчилгээний зардалд 802650 төгрөг төлсөн, хохирол төлбөрт 1020000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Д.Бгийн 1805089 төгрөгтэй холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг нэхэмжлэлтэй холбогдох болон цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар *******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг *******т холбогдох эрүүгийн 200802000000 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

9. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ