Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/187

 

       2022         02           15                                     2022/ШЦТ/187

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Д.Ууганцэцэг,

иргэдийн төлөөлөгч: Х.Д,

шүүгдэгч: *******,

улсын өмгөөлөгч А.О нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2108000000000 тоот хэргийг 2021.12.21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1993.11.02-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон, арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-1, Увс аймгийн Цагаанхайрхан сумын 0-р баг Ар булгийн 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Одонтын 00-00 тоотод түр оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**000000/ Бух овогт П-ын М нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцагааны 9 дүгээр гудамжинд насанд хүрээгүй хохирогч Б.Нгийн эд хөрөнгийг авах зорилгоор заазуурыг зэвсгийн чанартай ашиглан, айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн, Самсунг Эс-8 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, бусдад 250000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-  Насанд хүрээгүй хохирогч Б.Нгийн “Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо БФ 9-226 тоот гэрээсээ 21 цаг 30 минутын үед гараад төв зам дагуу байрлах Баянцагаан дэлгүүр ороод нэгж, сонгино аваад буцаад гэр рүүгээ явж байхад араас хүн дагаад байхаар нь буцаж яваад тухайн хүнийг өнгөрч явсны дараа араас нь явах гэхэд миний урдуур ороод зогсоохоор нь “ахаа, та яах гээд байгаа юм бэ?” гэхэд “чимээгүй бай, дуу гаргах юм бол ална шүү” гэж хэлээд “утсаа гаргаад ир. Утасныхаа нууц кодыг хэл” гэхээр нь хэлж өгсөн. ...Миний гар утсыг аваад халаасандаа хийгээд “ах нь чамайг гэр рүү чинь дөхүүлээд өгье” гээд хамт явсан. Би нөгөө ахаас “та яагаад миний утсыг авч байгаа юм бэ?” гэхэд “чи утсандаа хайртай юу, аминдаа хайртай юу?” гэж хэлэхээр нь би “утсандаа хайртай” гэсэн чинь “чи яагаад аминдаа хайргүй гээд байгаа юм бэ?” гэхээр нь би юм хэлээгүй. Гудамжны үзүүрт хүрээд булан эргэхэд “танай гэр хаана байдаг вэ?” гэж асуухаар нь “манай гэр энд ойрхон” гэдгээ хэлэхэд нэг хашааны үүд рүү чирэхээр нь “Та яах гээд байгаа юм бэ?” гэхэд гартаа барьж явсан заазуур шиг хэлбэртэй төмрөө миний хоолойнд тулгаад “чимээгүй бай” гэхээр нь би “өвдөөд байна. Наадахаа аваач” гэхэд нөгөө заазуур шиг төмрөө аваад ...миний гарыг тавиад тухайн гудамж руу гүйгээд явсан. Миний утсыг авсан ах намайг “араас цагдаа дуудаад нэхэл дагуул болохгүй шүү. Тэгвэл амийг чинь авна шүү” гэсэн. Би араас нь гүйгээд нөгөө ахыг гүйцээгүй. Тэгээд гэр рүүгээ очоод ах Г.Үгийн хамт гараад хайхад нөгөө ах байхгүй байсан болохоор цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-26-29/,

- Гэрч Г.Үгийн “Өнөөдөр манай эхнэрийн төрсөн дүү болох Батжаргалын Н орой 21 цаг 40 минутын орчим дэлгүүр орж нэгж болон хоолны ногоо авах гэж гэрээс гарсан юм. Орой 22 цаг гээд гэртээ орж ирэхдээ “дэлгүүрээс гараад наашаа ирж байхдаа хүнд дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. ...Тухайн залуу нь манай дүүгийн хүзүүний урд талд заазуураа тулгаад “утсандаа хайртай юм уу, аминдаа хайртай юм уу?” гэж хэлэхэд нь манай дүү гар утсаа халааснаасаа гаргаж өгсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг/хх-31/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн “бичлэгийн 00:02-т хар өнгийн саравчтай малгай /цагаан бичигтэй/ хар өнгийн богино хүрэм, хар хөх өмд, богино түрийтэй гуталтай цагаан маск зүүсэн 30 орчим насны эрэгтэй дэлгүүрт орж ирж байгаа. 00:20-д тухайн эрэгтэй дэлгүүрийн заалаар явж байгаад хохирогч эмэгтэй рүү хараад зогсож байв. 00:30-т дэлгүүрээс гарч байгаа. 00:34-т дэлрүүрээс гараад Баянцагааны 9 дүгээр гудамж руу алхаж байв”, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний 21 цаг 45 минутыг заасан 02:19 секунтын бичлэгийн 00:01-т хохирогч Баянцагааны 9 дүгээр гудамж руу орж байгаа, 00:20-т хар өнгийн саравчтай малгай /цагаан бичигтэй/ хар өнгийн богино хүрэм, хар хөх өмд, богино түрийтэй гуталтай цагаан маск зүүсэн 30 орчим насны туранхай эрэгтэй хохирогчийн араас Баянцагааны 9 дүгээр гудамж руу орж байгаа, 00:32- тухайн эрэгтэй Баянцагааны 9 дүгээр гудамж руу ороод хохирогчийг барьж авч байгаа, бичлэгчийн 00:32-оос 01:13 хүртэл Баянцагааны гудамжинд хохирогчтой хамт зогсож байгаад гудамжаар баруун эргээд камерын хяналтаас гарч байгаа бичлэг байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-18/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн  2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21/064 дугаартай “Самсунг Эс-8 загварын гар утас 250000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-37-38/,

- Яллагдагч *******ын “Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 20-21 цагийн орчимд ...миний татдаг Кастер нэртэй тамхи олдохгүй болохоор нь явсаар байгаад ...Баянхошууны тойргоос дээшээ замын хажуугаар дээшээ өгсөөд явж байтал зам дагуу байрлах ...дэлгүүрт бага насны эмэгтэй хүүхэд юм аваад, гар утсаа гаргаж ирээд байхаар нь би түрүүлж гараад ...тэр эмэгтэй хүүхдийн гар утсыг нь авах гээд дэлгүүрийн цаана хашааны буланд хүлээгээд зогсож байгаад тухайн охин дэлгүүрээс юм аваад гарч ирэхээр нь би араас нь дагаад харанхуй гудам руу дагаж ороод биедээ авч явж байсан төмөр заазуурыг гаргаж ирж айлгаад “гар утсаа гаргаж ир, ална шүү” гэсэн чинь тэр эмэгтэй хүүхэд халааснаасаа нэг гар утас гаргаж ирсэн. ...Би 2021 оны 9 дүгээр сарын орчимд автобусанд явж байгаад гар утсаа алдчихсан юм. Би гар утасгүй болоод гар утастай болох гээд би тэр эмэгтэй хүүхдийг заазуураар айлгаж байгаад гар утсыг нь дээрэмдээд авчихсан юм.” гэх мэдүүлэг/хх-119-120/ зэрэг баримтуудаар,

2. Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны 12 дугаар гудамжинд иргэн Ц.Оээс заазуурыг зэвсгийн чанартай ашиглан, айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж 15000 төгрөгийг дээрэмдэн авсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ц.Оийн “Би 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байх үед гэнэт АТМ-аас бэлэн мөнгө авах хэрэг гараад ...гэрээсээ гараад манай гэрээс хойшоо хоёр гудамжны хойд талд байрлах Дүүхээ-2 худалдааны төвийн Хаан банкны АТМ рүү явган явсан. ...Би хаан банкныхаа картыг гэртээ орхисон байсан ба буцаад гэр рүүгээ гэр хорооллын гудамжаар алхаж явтал ...хойноос үл таних эрэгтэй хүн яваад байх шиг болохоор нь ...Тоосгоны 12 дугаар гудамж руу ороод нэг их хол яваагүй алхаж байтал араас эрэгтэй хүн гүйгээд ирэхээр нь би эргээд хартал 155-160 см орчим өндөртэй, хар өнгийн нимгэн бомбор нэртэй куртиктэй, цэнхэр өнгийн масктай, саравчтай малгайтай хүн миний зүүн гарын булчин дээрээс барьж аваад заазуур гаргаж ирээд толгой хүзүү хэсэгт тулгаж бариад гар утсаа гаргаад ир” гэхээр нь “надад утас байхгүй. Би түрийвчтэйгээ л явж байна” гэж хэлээд би тухайн хүнээс айгаад “надад ганцхан түрийвч л байна. Дотор нь тийм их мөнгө байхгүй. Чи энийг л авчих. Бичиг баримт, түрийвчийг маань буцаагаад өгчих” гэж хэлсэн чинь тухайн залуу түрийвч дотроос 10000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг тус тус аваад надад хандаж “араас янз бүрийн юм болох юм бол ална шүү” гэж хэлээд түрийвчийг маань буцааж өгөөд цаашаа гүйчихсэн.” гэх мэдүүлэг /хх-135-136/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-127-129/,

- Яллагдагч *******ын “2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ...22-23 цагийн орчимд ...би Баянхошууны эцсээс автобусанд суугаад ...Ханын материалын орчимд автобуснаас буугаад Дүүхээ худалдааны төвийн хойд талд гудамжны орчимд үл таних эмэгтэй хүн явж байхаар нь ...тэр эмэгтэйн араас гудамж руу дагаж ороод араас нь дуудаад “зогсож бай” гээд өөдөөс нь заазуур гаргаж ирээд тэр эмэгтэйн хоолой хэсэгт нь ойртуулж байгаад тэр эмэгтэйг “халаасанд байгаа эд зүйлээ гарга” гэсэн. Тэр эмэгтэй түрийвчээ гаргаж ирэхээр нь “чиний түрийвч чинь надад хэрэггүй” гэсэн чинь тэр эмэгтэй түрийвчнээсээ 15000 төгрөг гаргаж ирээд надад өгсөн. Би өгсөн 15000 төгрөгийг нь аваад буцаад яваад өгсөн. ...Би тухайн үед мөнгөгүй болчихсон байсан болохоор мөнгөтэй болох гээд тухайн эмэгтэйг заазуураар айлгаж байгаад ...15000 төгрөг авсан. ...Би тухайн заазуурыг гэрээсээ авч гарч ирсэн. Би өөрийнхөө биеийг хамгаалах зорилгоор тухайн заазуурыг биедээ авч явдаг.” гэх мэдүүлэг /хх-161-162/,

- Яллагдагч *******аас заазуур хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-12-13/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2 удаагийн үйлдлээр заазуур хэрэглэн айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, бусдын эд хөрөнгийг илээр авсан үйлдэл нь шууд санаатай шунахайн сэдэлттэй, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул *******ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Нэд 250000 төгрөгийн хохирол, иргэн Ц.От 15000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч Б.Нэд 250000 төгрөгийг дансаар, хохирогч Ц.От 15000 төгрөгийг дансаар 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тус тус шилжүүлэн өгсөн болох нь банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байна. Хохирогч нар нь тухайн мөнгийг хүлээн авсан талаар шүүхэд мэдэгдсэн, “гомдол, саналгүй” гэсэн тул ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* урьд 3 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах, прокурорын хяналт, цагдан хорих ангиас оргох, гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоож, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь баримтаар /хх-41, 43-56/,

2. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор ******* нарыг бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч машин механизм хэрэглэж давтан үйлдлээр бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял оногдуулж шийтгэсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь баримтуудаар /хх-41, 72-86/,

3. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 8  сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь баримтаар /хх-41, 57-71/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Увс аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 59 дүгээр захирамжаар үлдэгдэл 1 жил 10 сар 29 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2-т зааснаар өршөөж сулласан тэмдэглэл хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-41/ тогтоогдож байна. Шүүхэд шилжүүлсэн хэрэгт уг захирамжийн хувь хавсаргагдаж ирээгүй ба улсын яллагчаас энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй болно. Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд дээрх нөхцөл байдлыг *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж барагдуулсан нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Дээрх нөхцөл байдал болон *******ын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий дискийг тухайн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бух овогт П-ын Мыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Бух овогт П-ын Мт 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Бух овогт П-ын Мт оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******ын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг заазуурыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц нэг ширхэг заазуурыг Шүүхийн Тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг *******т холбогдох эрүүгийн 2108000000000 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ар гэр, өмгөөлөгчид нь шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор мэдэгдэж, баримтыг *******т холбогдох эрүүгийн 210800000000 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.С-д даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Хэрэгт хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг *******т холбогдох эрүүгийн 2108000000000 тоот хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ

 

                                     ШҮҮГЧИД                                Б.БАТАА

 

                                                 Г.МӨНХЗУЛ