Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/220

 

 

      2022          02          21                                   2022/ШЦТ/220

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Б.Ундрах,

шүүгдэгч: Т.Л, Д.Г нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Л, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2108020000000 тоот хэргийг 2022.02.14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 1995 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Төв аймгийн Баянчандмань сум Замт уурхайн байрны 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хороо овогт Т-ын Л /РД:**0000000/ хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “М” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл-2, эхийн хамт Төв аймгийн Баянчандмань сум 0 дугаар баг Замт Сүж 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тариачин овогт Д-гийн Г /РД:**0000000/ нь хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Г нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Махны ажилчдын байр 08-08 тоотод байх Т.Лын гэрт  2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Т.Лын хамт архидан согтуурч “танай эхнэр чинь намайг хөөгөөд байгаа юм биш үү, миний найзыг гурван хүүхэдтэй хүүхэн баздаг болчихсон юм уу” гэх зэргээр өдөөн хатгаж турхирсан, шүүгдэгч Т.Л нь Сонгинохайрхан дүүргийн 0дүгээр хороо Махны ажилчдын байр 00-00 тоотод байх гэртээ  2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хамтран амьдрагч Ж.Дг жирэмсэн болохыг мэдсээр байж түүнийг “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон, найз Д.Гг гэрээс хөөлөө” гэсэн шалтгаанаар Ж.Дг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ж.Дгээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /хх-ийн 4/,

- Хохирогч Ж.Дгийн “2021 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Махны ажилчдын байр 8-8 тоотод оршин суух гэртээ хүүхдүүдийн хамт байж байтал манай нөхөр болох Т.Л нь гаднаас үл таних нэг найзын хамт орж ирсэн. Тухайн үед манай нөхөр гэрт ирэхээсээ өмнө надад хэлэхдээ ойролцоо хүнсний дэлгүүр ороод Сэнгүр нэртэй 2.5 литртэй 3 ширхэг пиво аваад тавьчих гэхээр нь аваад тавьчихсан байсан юм. Тэр хоёрт би хоол, цай хийж өгчихөөд нөгөө авсан 3 пивыг гаргаж өгтөл тэр 2 хувааж уугаад сууж байсан. Би тухайн үед хүүхдүүдээ унтуулах гээд гэр орноо цэвэрлэж байсан. Хэсэг хугацааны дараа манай нөхөр ууж байсан пиво дуусчихлаа гаднаас хоёрыг захиалсан гээд сууж байсан. Тэгээд намайг гэрээс гараад захиалсан 2 ширхэг 2.5 литртэй Сэнгүр нэртэй пивоны тооцоог хийчихээд ир гээд гаргасан. Би тооцоог хийчихээд эргээд гэр рүү орохдоо нэг ширхгийг нь гадаа поошконд хийчихээд нөгөө нэгийг нь авч орсон юм. Намайг ороход тэр хоёр миний авч орсон нэг ширхэг пивыг аваад уусан. Тэгээд нь би “та хоёр одоо арай их ууж байна, болих юм биш үү, өглөө эрт ажил төрөлтэй хүмүүс байж” гэж хэлтэл манай нөхрийн найз нь хэлэхдээ “танай эхнэр чинь намайг хөөгөөд байгаа юм биш үү” гэж хэлтэл манай нөхөр “чи муу миний найзыг хөөдөг хэн юм бэ чи” гэхэд хажуу талаас нь найз нь “одоо байтлаа миний найзыг гурван хүүхэдтэй хүүхэн баздаг болсон юм уу” гэх зэргээр хатгаж эхэлтэл манай нөхөр Т.Л босож ирээд миний энгэрээс заамдаж аваад хүзүүнээс боож газар унагаагаад мөн миний баруун гарын бугалгыг хүчтэй атгасан. Тэгээд би босож ирээд байж байтал Т.Л хэлэхдээ “би энэ гэрээс явна” гээд найзыгаа аваад гарсан. Тэгэхээр би Т.Лыг согтуу байсан болохоор нь санаа зовоод араас нь гартал Т.Л эргэж хараад намайг шууд тэвэрч аваад дээр өргөж байгаад шатны тавцан дээр шидсэн. Тэгтэл миний гарын тохой, ууцны хэсэг, баруун мөрний үе зэргээр өвдөж байсан. Би арай хийж босоод гэртээ орсон. Тухайн үед Т.Л миний хоолойноос маш хүчтэй боосноос болж миний хүзүү гэмтсэн. Хоёр гарын бугалаганаас хүчтэй базсанаас болж цус хуралт үүсэж шарх гэмтэл авсан. Мөн шатны тавцан дээр шидэхэд баруун гарын тохой, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал баруун түнх болон ууцны хэсэг гэмтсэн. ...Т.Лыг миний хоолой боож байх үед найз болох Д.Гг миний толгой руу цохисон гэж бодоод байсан. Хэрэг болсны дараа нөхрөөсөө асуугаад өөрөө болсон зүйлийг санахад нөхрийн найз Д.Г миний толгой руу цохиогүй болохыг мэдсэн. Нөхрийн найз тухайн үед “одоо байтлаа миний найзыг гурван хүүхэдтэй хүүхэн баздаг болсон байна” гэж хэлсэн. Би одоо 1 сартай жирэмсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №10455 дугаартай “Ж.Дгийн биед хүзүү, баруун бугалга тохой баруун бугуйнд цус хуралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал баруун түнх, ууцны хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-8-19/,

- Хохирогч Ж.Дгийн “Меномед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгээс гарах үеийн тодорхойлолт, хэт авиан шинжилгээний хариу, Гэмтэл, согог судлалын Үндэсний төвийн хэт авиан шинжилгээний хариу /хх-52-54/,

- Яллагдагч Т.Лын “Манай найз Д.Г надад хандаж “танай эхнэр намайг хөөгөөд байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь би эхнэр Ж.Дг согтуурхаад “манай найзыг хөөлөө гээд” заамдаж аваад түлхэж газар унагаасан. Мөн эхнэрийн баруун гарын булчин хэсгийг гараараа атгаж байгаад базсан. Мөн гадаа гараад эхнэрийг түлхэж газар унагаасан. Эхнэр Ж.Дгийн биед учирсан гэмтлийг би учруулсан, эхнэр надаас хохирол нэхэмжлээгүй, би өмнө нь эхнэрээ зодож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-68-69/,

- Яллагдагч Д.Ггийн “Ж.Д “өглөө эрт ажилтай байж архи уулаа” гэж Т.Лад хэлэхээр нь би Т.Лад хандаж “танай эхнэр намайг хөөгөөд байгаа юм биш үү” гэхэд Т.Л Ж.Дг “манай найзыг гэрээс хөөлөө” гэж хэлээд хоолойг нь боогоод газар түлхэж унагаасан. Тэгээд би хашаанаас түрүүлж гарсан. Т.Л эхнэртэйгээ маргалдаад үлдсэн. Би Т.Лад “танай эхнэр намайг хөөгөөд байгаа юм биш үү, манай найзыг 3 хүүхэдтэй хүүхэн баздаг болчихсон юм уу” гэж хэлсэн нь үнэн” гэх мэдүүлэг /хх-77-78/  зэрэг баримтууд хамаарна.

Шүүгдэгч Д.Г нь Т.Лыг “танай эхнэр чинь намайг хөөгөөд байгаа юм биш үү, миний найзыг гурван хүүхэдтэй хүүхэн баздаг болчихсон юм уу” гэх зэргээр өдөөн хатгаж турхирсан, шүүгдэгч Т.Л нь хамтран амьдрагч Ж.Дг жирэмсэн болохыг мэдсээр байж түүнийг “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон, найз Д.Гг гэрээс хөөлөө” гэсэн шалтгаанаар  хуулиар хамагаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас Ж.Дгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурьдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ггийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэх шинжийг, шүүгдэгч Т.Лын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө...үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэх шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно” гэх заалтыг журамлан Т.Лыг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд, Д.Гг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Д нь иргэний нэхэмжлэл гаргаагүй ба “миний бие нь нөхөр болох Т.Л болон нөхрийн найз Д.Г нарт ямар нэг гомдол санал байхгүй эвлэрсэн байгаа тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт эвлэрлийн хүсэлт гаргаж байгаа тул хүсэлтийг чинь хүлээн авна уу. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр гаргасан /хх-123/ байна.

Иймд хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд шүүх санаачилгаараа шийдвэр гаргахгүй тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүгдэгч Т.Л, Д.Г нар нь хэн аль нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-79, 108/ тогтоогдож байна. Тэдний үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна.

Дээрх нөхцөл байдал болон хохирогч эвлэрсэн талаараа мэдэгдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, тэдний хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсончлон Т.Лад 2 сарын хугацаагаар Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, Төв аймгийн Баянчандмань сумаас зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Д.Гд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Л нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ж.Дг зодсон үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээний дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.

Хэргийн материалаас үзэхэд хохирогч Ж.Д нь “манай хамтран амьдрагч Т.Л 7 сард намайг 2 сартай жирэмсэн байхад гэдэс рүү өшиглөөд ураг зулбаж байсан” хэмээн мэдүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй байхад тухайн асуудлыг хянан шалгалгүй орхигдуулсан нь буруу байна. Тухайн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг хянан шалгах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул холбогдох цагдаагийн байгуулагад энэ талаар мэдэгдэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хороо овогт Т-ын Лыг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Тариачин овогт Д-гийн Гг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хороо овогт Тын Лад 2 /хоёр/ сарын хугацаагаар Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, Төв аймгийн Баянчандмань сумаас зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тариачин овогт Дгийн Гд 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Гд оногдуулсан 650000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Т.Л, Д.Г нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ж.Д “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Д нь эрүүл мэндэд учирсан гэм хор болон эмчилгээтэй холбоотой гарсан төлбөр зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Т.Л, Д.Г нараас нэхэмжлэх эрхтэйг заасугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Л, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Д.Гд,

Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Т.Л нарт тус тус мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Л нь хохирогч Ж.Дг 2021 оны 7 дугаар сард өшиглөж ураг зулбуулсан гэх үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах ажиллагааг явуулахыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

10. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын нэг хувийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хүргүүлж баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ