Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Охөтлүүлж, 
Улсын яллагч: Э.Оргилбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Н
Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан, 
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн М овогт Бийн Ж /РД:/-д холбогдох эрүүгийн 2212............. дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгч: М улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ..............аймгийн ................... сум ................... баг .................. гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Бийн Ж /РД: /
 
        Холбогдсон хэргийн талаар: 
 
Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 12 дугаар сард ................ аймгийн ................... сумын ................... багийн нутаг ..................... гэх газраас иргэн Ц.Чгийн 1 тооны адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Эрүүгийн 2212.............. дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 

*Хохирогч Ц.Чгийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр 1 тооны адуу бэлчээрээс нь хулгайд алдсан. Алдсан адуугаа ирж хайгаад олохгүй байсан болохоор цагдаад тэмдэглүүлэлгүй орхисон байсан. Тэгээд би 2021 оны 01 сард малын эрэлд явж байгаад тус багийн иргэн А гэх залуутай уулзаж 2019 онд адуунаасаа 1 тооны хүрэн зүсмийн гүү алдсан талаар ярихад А надад би 2019 оны 12 сард Жаас хүрэн зүсмийн гүү худалдаж авч идсэн талаар ярьсан. Тэгэхээр нь би тус багийн иргэн Жыг гэрээс аваад Атэй уулзуулсан чинь А Жад би танаас хүрэн гүү авч идсэн гэхэд Ж дуугарахгүй байсан болохоор нь би Жтай уулзаад гэрт нь очих гээд явж байхад Ж замдаа цагдаад битгий хэлээч би чиний хүрэн гүүг авсан юм би төлж өгье гэхээр нь би за чи тэгвэл төлөөд өгчих гээд тохироод гэртээ харьсан. Би 7 хоногийн дараа Жтай уулзаад гүүний төлбөрөө авах гэхэд би төлнө эхнэрийн бие муу байгаад байна хө чиний хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэхээр нь би хүлээгээд өгөхгүй удаад байхаар нь дахин 2021 оны 11 сард уулзахад надад өгөх юм алга байна гэхээр нь би тэгвэл шалгадаг газраар нь шалгуулъя гээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний хулгайд алдсан гүү бол нас нийлсэн хүрэн зүстэй, зөв талын гуяан дээр гурван нүдний чандмань тамгатай. Би хүрэн гүүгээ алдаад эрж хайгаад багийн айл өрхөөс асууж, сураглаж байсан. Миний асууж сураглаж байсан хүмүүс мэдэж байгаа. Миний хулгайд алдсан нас бие гүйцсэн хүрэн зүсмийн гүү бол тарган сувай байсан. Би 1.000.000 сая төгрөгөөр үнэлж байна. Би Жаас хохирол болох 1.000.000 сая төгрөг авсан. Би гомдолгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  05-06 ху/, 

*Гэрч Н.Аийн өгсөн: “...Ж нь 2019 оны 12 сард эхнэрийн бие муу байгаа өөрийнхөө адуунаас ганц гүү зарах гэсэн юм авах уу гэхээр нь би идэшний үе байсан болохоор нь Жаас зарах гүү худалдан авч идшэндээ идсэн. Одоо бараг 2 жил болж байгаа хүрэн зүсмийн адуу байсан санаж байна. Ж би өөрийнхөө адууг зарж байгаа гэж байсан.Ж Гын гадаа адуугаа тууж ирээд зарж байгаа адуугаа барьж өгсөн. Тухайн үед Г, Ж бид гурав хашаан дээр байсан. Тэгээд би худалдан авсан адуугаа хөтлөөд гэртээ харьсан. Би 700.000 төгрөгөөр худалдан авсан. Би Жыг хэр малтай эсэхийг мэдэхгүй. Айлын мал малладаг. Өөрөө бол тодорхой хэмжээний малтай гэж байсан. Би Чг тухайн үед мэдээгүй. Надаас асууж сураглаж байгаагүй. Дараа нь 2021 оны намар Ч ах надтай уулзаад танайх Жаас 2019 оны 12 сард адуу авч идсэн үү гэж асуухаар нь би худалдаж авсан талаар хэлсэн. Ч ах ямар зүстэй адуу авч идсэн бэ гэж асуугаад байхаар нь ах би зүсийг санахгүй баруун зүстэй адуу байсан гэж хэлсэн. Тэгээд би Чгийн хулгайд алдсан адууг Ж надад зарсан байна гэж бодсон. Би хулгай адуу гэж мэдээгүй. Зүс им тамгыг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 ху/, 

*Гэрч С.Гын өгсөн: “...2019 оны 12 сарын үед байсан. Ж харанхуй болсон байхад манай гадаа адуу тууж ирээд адуу барих гэсэн юм барих бугуйл байна уу гэж асуусан. Би татлага мяндсан уяа аваад гэрээс гарахад А, Ж хоёр адуугаа хашсан байж байсан. Тэгээд би хашааны үүдэнд зогсоод Ж өөрөө бугуйлдаж барьсан. Ж, А нар барьсан адуугаа аваад явсан. Хонгор азаргатай адуу байсан санаж байна. Харуй бүрий болсон байсан болохоор сайн харагдаагүй, бараан зүсмийн гүү байсан. Ж олон жил хөдөө мал маллаж байгаа. Яг хэдэн толгой малтай эсэхийг мэдэхгүй. Айлын мал малладаг хүн байгаа юм. Тухайн үед би мэдээгүй. Ч надаас асууж сураглаагүй. 2021 оны намар Чгийн хүрэн гүүг Ж авсан гэсэн яриа гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 ху/, 

*Б.Жын яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын дунд үеэр өдрийг нь сайн санахгүй байна. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн Цагаан чулуут гэх газар өвөлжиж байхдаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн юм. Тухайн үед манай эхнэр Нгийн бие муу өвдөөд эмчилгээний мөнгө хэрэг болоод байхаар нь өөрийнхөө хүрэн буурал зүсмийн хавчиг соёолон насны зүүн гуяндаа саран дэвсгэртэй дөл тамгатай имгүй морьтой яваад Эрдэнэ-Уул багийн Бурхант гэх газар хонгор зүсмийн азаргатай Чгийн адуу байхаар нь хашиж байгаад өөрийнхөө суран бугуйлаар хүрэн зүсмийн гүү бугуйлдаж барьж аваад нутгийн айл болох Аэд 700.000 төгрөгөөр зарсан юм. Би хулгайн адуу гэж хэлээгүй. Өмнө нь Аэд нэг тооны адуу зарах талаар хэлчихсэн байсан манай эхнэрийн бие өвдөөд мөнгө хэрэг болоод байгаа гэж хэлж байсан. Бугуйл муу хуучирсан байсан тасраад үрэгдээд алга болсон. Миний хулгай хийхдээ унаж явсан буурал зүсмийн морь 2020 оны хавар турж эцээд үхсэн одоо байхгүй. Би Чд хохирлын 1.500.000 төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 ху/,

*Хас үнэлгээ ХХК-ийн 523 дугаартай дүгнэлт /хх-ийн 11 \ хуу/,
*Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуу/
*Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-59 хуу/
*Б.Жын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 63 хуу/, 
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 53-54 хуу/ зэрэг болно.
 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч  Б.Жад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 12 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн нутаг Цагаан чулуут гэх газраас иргэн Ц.Чгийн нь 1 тооны адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

Эрүүгийн 2212.................... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 12 дугаар сард ................ аймгийн . .................... багийн нутаг ....................... гэх газраас иргэн Ц.Чгийн нь 1 тооны адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  хохирогч Ц.Чгийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр 1 тооны адуу бэлчээрээс нь хулгайд алдсан. Алдсан адуугаа ирж хайгаад олохгүй байсан болохоор цагдаад тэмдэглүүлэлгүй орхисон байсан. Тэгээд би 2021 оны 01 сард малын эрэлд явж байгаад тус багийн иргэн А гэх залуутай уулзаж 2019 онд адуунаасаа 1 тооны хүрэн зүсмийн гүү алдсан талаар ярихад А надад би 2019 оны 12 сард Жаас хүрэн зүсмийн гүү худалдаж авч идсэн талаар ярьсан. Тэгэхээр нь би тус багийн иргэн Жыг гэрээс аваад Атэй уулзуулсан чинь А Жад би танаас хүрэн гүү авч идсэн гэхэд Ж дуугарахгүй байсан болохоор нь би Жтай уулзаад гэрт нь очих гээд явж байхад Ж замдаа цагдаад битгий хэлээч би чиний хүрэн гүүг авсан юм би төлж өгье гэхээр нь би за чи тэгвэл төлөөд өгчих гээд тохироод гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  05-06 ху/, гэрч Н.Аийн өгсөн: “...Ж нь 2019 оны 12 сард эхнэрийн бие муу байгаа өөрийнхөө адуунаас ганц гүү зарах гэсэн юм авах уу гэхээр нь би идэшний үе байсан болохоор нь Жаас зарах гүү худалдан авч идшэндээ идсэн. Одоо бараг 2 жил болж байгаа хүрэн зүсмийн адуу байсан санаж байна. Ж би өөрийнхөө адууг зарж байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 ху/, гэрч С.Гын өгсөн: “...2019 оны 12 сарын үед байсан. Ж харанхуй болсон байхад манай гадаа адуу тууж ирээд адуу барих гэсэн юм барих бугуйл байна уу гэж асуусан. Би татлага мяндсан уяа аваад гэрээс гарахад А, Ж хоёр адуугаа хашсан байж байсан. Тэгээд би хашааны үүдэнд зогсоод Ж өөрөө бугуйлдаж барьсан. Ж, А нар барьсан адуугаа аваад явсан. Хонгор азаргатай адуу байсан санаж байна. Харуй бүрий болсон байсан болохоор сайн харагдаагүй, бараан зүсмийн гүү байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 ху/, хас үнэлгээ ХХК-ийн 523 дугаартай дүгнэлт /хх-ийн 11 хуу/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-59 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Ж нь хохирогч Ц.Чгээр 1 тооны адууг хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.О шүүгдэгч Б.Жын үйлдлийг М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.        
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...”гэж харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан хуулиар “...Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...”гэж ялын тухайд өөрчлөлт оржээ. 
“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 12 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн нутаг Цагаан чулуут гэх газраас иргэн Ц.Чгийн нь 1 тооны адууг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг  тухайн үед мөрдөгдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж шүүх дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Жын үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Чд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 523 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 11 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Ц.Чгийн өгсөн: “...би гомдолгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  05-06 ху/, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтад “хохирогч Ц.Ч нь 1.500.000 төгрөгийг Жаас хүлээж авсан нь үнэн болно” гэсэн байх тул шүүгдэгч Б.Жыг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байна гэж үзлээ. 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
         Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.
 Шүүгдэгч Б.Жад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Иймд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Б.Жад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Б.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.   

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт”...Шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэнэ..”гэж.мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт”...нийтэд тустай ажил хийлгэх байгууллагыг сонгохдоо ялтны эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, ур чадварыг харгалзан ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллуулах байгууллагыг тогтооно...”гэж тус тус заасан байх тул Б.Жад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоолд тусгайлан заагаагүй болно.
Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  
 
М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь: 

1.    Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Жыг М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй. 

2.    Шүүгдэгч М овогт  Бийн Жыг 2015 оны М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх  ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ