Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/226

 

2022          02          21                                    2022/ШЦТ/226

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

Улсын яллагч: У.Анхжаргал,

Шүүгдэгч: П.Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бт холбогдох эрүүгийн 210800000000 тоот хэргийг 2021.12.03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978.07.02-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Орбитын 00-000 тоотод оршин суух, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Боржигон овогт П-гийн Б нь 2 удаагийн удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч П.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 30-520а тоотод оршин суух хохирогч Э.Бын эзэмшлийн монгол гэрийн хаалгаар нэвтэрч 32 инчийн зурагт, 2 лан мөнгө, хуй хөөрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж бусдад 580000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 00-000а тоотод оршин суух хохирогч Б.Агийн эзэмшлийн өвлийн байшинд салхивч цонхоор нь нэвтрэн орж мөнгөн аяга, хутга, жижиг товчлууртай хүүхдийн гар утас, зөөврийн нөүтбүүк, ДВД тоглуулагч, асаагуур, мөнгөн ээмэг, ширэн бүс зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, 1611000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

          - Хохирогч Б.Агийн: “2021 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 30-520а тоотод байрлах байшингийн хаалгыг нөхөр Л.Бын хамт түгжээд, дүү Э.Б эхнэрийн хамт өөрийн монгол гэрээ түгжээд Хэнтий аймгийн Батширээт сум руу хамт барилгын ажил хийхээр явсан. 2021 оны 4 дүгээр сарын 27-ны 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 00-000а тоотод байрлах гэртээ ирэхэд хашааны хаалга цоожтой, хашаа руугаа ороход дүү Э.Бын гэрийн хаалга онгорхой, гэр доторх эд зүйлүүд эмх замбараагүй болчихсон байсан. Би цаашаагаа байшин руу очиход байшингийн хаалга цоожтой, байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын цонх онгорхой байхаар нь хаалгаа түлхүүрээр нь онгойлгоод байшиндаа ороход гэрийн эд зүйлс эмх замбараагүй, зурагтыг авч гарахаар бэлдсэн, буйдан түшүүлээд тавьчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-27-29/,

          - Хохирогч Э.Бын: “Тэгээд манай ажлын Б.А манайх хоёр хамт нэг хашаанд амьдардаг юм. Б.А хувийн шалтгааны улмаас Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б.А над руу залгаад “танай гэрт чинь хулгай орчихсон байна” би цагдаа дуудчихсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-34-35/,

          - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 04/145 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-46-50/,

          - “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1083 дугаартай “хохирогч Э.Бын эд зүйлийг 580000 төгрөг” гэх дүгнэлт /хх-56-57/,

          - “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1084 дугаартай “хохирогч Б.Агийн эд зүйлийг 1031000 төгрөг” гэх дүгнэлт /хх-60-61/,

          - Яллагдагч П.Бын: “2021 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 00 цагийн үед манай хашааны хойд талын айл эзгүй байхаар нь хашааг нь давж ороод хашаанд байх монгол гэрийн хаалганы цоожийг гараараа татахад онгойсон ба монгол гэрт ороод хойморт байсан 32 инчийн зурагтыг аваад гэрийн хажууд тавиад толины урд байсан мөнгөн тасарсан гинж, өрөөсөн ээмэг, тасарсан бөгж гээд мөнгөлөг өнгийн металл зүйл хайрцагтай байхаар нь авсан. Монгол гэрийн хажууд байсан цагаан өнгийн байшингийн ертөнцийн зүгээр хамгийн урд талын цонхыг түлхэхэд онгойхоор нь ороод зурагтыг авах гэж буйдангийн хажууд тавиад том болохоор нь больсон, тэгээд хойморт байх хоёр авдрыг ухахад дотроос нь нэг ширхэг товчлуур нь унасан тагладаг өрөөсөн түгжээ нь эвдэрсэн нөүтбүүкийг цүнхэнд хийгээд аваад гарсан. Тэр шөнө гэртээ хулгайлсан зүйлүүдээ оруулаагүй ба манай гэрийн хойно байх хоосон хүн амьдардаггүй амбаарт оруулаад амарсан. Маргааш өдөр нь сэрээд шартаад байсан болохоор Хархорин захын үүдэнд очоод мөнгөн эдлэлүүдийг хутгатай нийлүүлээд 45000 төгрөгөөр, нөүтбүүкийг 60000 төгрөгөөр, ДВД тоглуулагч, гар утсыг 10000 төгрөгөөр Хархорин захад үйлчлүүлж байсан явуулын 2 өөр үл таних хүнд зараад архи авч уугаад дуусгасан” гэх мэдүүлэг /хх-125-126/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч П.Бын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч П.Бын энэхүү үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр бусдын байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч П.Бын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Ад 971000 төгрөгийн бодит хохирол учирсан, хохирогч Э.Бд 300000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 02-ны 1083, 1084 дугаартай дүгнэлтүүд /хх-56-57, 60-61/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч П.Б нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.А, Э.Б нар нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч П.Баас шаардах эрхтэй байна.

          Шүүгдэгч П.Б нь хохирогч Б.Ад 60000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө, хохирогч Э.Бд 280000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг тус тус хураалган буцааж хүлээлгэн өгсөн байх тул үлдэгдэл төлбөр болох нийт 1271000 төгрөгийг П.Баас гаргуулж хохирогч Б.Ад 971000 төгрөг, хохирогч Э.Бд 300000 төгрөгийг тус тус олгож, бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч П.Б нь урьд 7 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998.07.01-ний өдрийн 416 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 3-т зааснаар П.Б нарыг 2 жил хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил хянан харгалзсан,

          2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000.10.18-ны өдрийн 482 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн,

          3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004.03.03-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т  зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэж, баривчлах ялыг биечлэн эдэлсэн,

          4. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014.01.20-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

          5. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014.12.10-ны өдрийн 1454 дугаар шийтгэх тогтоолоор П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж 3 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2014.01.20-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба П.Б хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2015.11.05-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

          6. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.21-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор П.Бт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 5 жил 1 сар хорих ял дээр 4 жил 6 сар хорих ялын заримыг буюу 1 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, П.Б нь 2018.04.05-нд ялын хугацаа дуусаж суллагдсан,

          7. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.12-ны өдрийн 768 дугаар шийтгэх тогтоолоор П.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, П.Быг ялыг биечлэн эдэлж 2020.11.04-нд ялын хугацаа дуусч суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар хувь /хх-86-117/ баримтуудаар тогтоогдож байна.

          Дээрх баримтуудаар шүүгдэгч П.Б нь 2017 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ ялгүй болох хугацаа дуусаагүй, ялтай байдал тогтоогдож байх боловч тухайн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

          Шүүгдэгч П.Бын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Дээрх нөхцөл байдал болон П.Бын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч П.Бын үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хуулийн үйлчлэлд хамаарахаар байгаа боловч мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан өршөөл нь ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон ялтанд хамаарах тул өнөөдрийн шүүх хуралдаанаар тухайн асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч П.Б нь тухайн хүсэлтээ хорих ял эдэлж буй газрын шүүхэд хандан гаргах эрхтэй байна.                                                                                             

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт П-гийн Быг хоёр удаагийн  үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Боржигон овогт П-гийн Бт 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар П.Бт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Бын цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч П.Б нь хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Ад 60000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө, хохирогч Э.Бд 280000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг тус тус буцааж өгсөн, хохирогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Баас нийт 1271000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ад 971000 /есөн зуун далан нэгэн мянган/ төгрөг, хохирогч Э.Бд 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ