Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0006/з |
Дугаар | 0309 |
Огноо | 2020-05-12 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 0309
2020 оны 05 сарын 12 өдөр Дугаар 128/ШШ2020/0309 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.О
Хариуцагч: Б О, А Ж С
Нэхэмжлэлийн шаардлага: “Б О,А Ж С-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.З, түүний өмгөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч О.О би Б О, А Ж С-ын 2013 оны А/77 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт 5,0 га газрыг буудаллах, отоглох зориулалтаар ашиглаж байсан бөгөөд Б О, А Ж С-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаартай тушаалаар манай газар ашиглах гэрээг цуцалсан.
Б О, А Ж С-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар ашиглах газрын хэмжээг 2,041 га болгон багасган, газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сэргээн, 0171216 дугаартай гэрчилгээ олгож, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Э.С, Хан-Уул дүүргийн ЗД Ж.А, Б У Д Ц Г Х З Д Д.Б нартай 2019/216 дугаартай гурван талт гэрээг байгуулж, уг гэрээний 7 дугаар зүйлийн 2-д “гэрээг дараа оны 02 дугаар сарын 25-ны өдөр дүгнэх”-ээр тогтсон бөгөөд би газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж, газрын хилийн заагийг мэдээллийн санд бүртгүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Э” ХХК-иар кадастрын зураглал үйлдүүлэн, Б О, А Ж Я-д хүргүүлсэн болно.
Газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн ба газар ашиглах эрхийн хүчинтэй хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “О” ХХК-тай уг газар дээр аялал жуулчлалын зориулалтаар барилга барихаар “Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах тухай гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу барих манай барилгын зураг төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталж, уг газар дээр барилгажилтын ажил явагдсан.
Гэтэл Н М Х Г улсын ахлах байцаагч Г.Н, Ө.М нар нь миний ашиглаж байгаа газарт хяналтын шалгалт явуулж, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр миний газар ашиглалтын байдлын эрсдэл 67 хувьтай гэж, зөрчил байгаа мэтээр 01-04-014/267 дугаартай албан шаардлага, дүгнэлт гаргаж ирүүлжээ.
Уг албан шаардлагаар Б О, А Ж С-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалын хүрээнд газар ашиглах гэрээ байгуулах, гэрээнд заасан болзол, нөхцөлийг хангаж ажиллах, 206/А байранд тулгаж ухсан нүх болон “А” хотхоны баруун талд ухсан нүхүүдэд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, шаардлагын биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор МХГ-т ирүүлэхээр дурдсан байсан.
Би НМХГ-ын улсын ахлах байцаагч Г.Н, Ө.М нарын албан шаардлагын хариуг тогтоосон хугацаанд нь ашиглаж буй газарт ухсан нүхүүдэд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, налуу газрыг хөрсний нурангаас хамгаалж, нөхөн сэргээж, барилгажиж буй талбайн хашааг засан шинэчлэх зэргээр оршин суугчдын аюулгүй байдлыг хангах ажлыг хийж, улсын байцаагчдын дүгнэлт болон шаардлагаас зарим нь илт үндэслэл муутай байсан тул холбогдох тайлбар болон хийсэн ажлынхаа талаар баримт нотолгоог 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бичгээр болон фото зургаар гаргаж, мөн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэмж бичгээр тайлбар гаргаж, тус тус хүргүүлсэн болно.
Гэтэл Б О, А Ж С-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дүгээр тушаалаар манай газар ашиглах 2,041 га газраас улсын хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэн, 0,55 га газрын ашиглах эрхийг цуцалсан.
Б О, А Ж С удаа дараа үндэслэлгүйгээр миний газар ашиглах эрхийг цуцалж байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24,25,26,27 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагаа явуулаагүй хууль зөрчсөн бөгөөд газрыг ашиглахдаа маргаан бүхий актад тусгасан хязгаарлалтын бүсийн дэглэмийг хэрхэн, яаж зөрчсөн, ямар хориглосон үйл ажиллагаа явуулсан зэрэг нь тодорхойгүй байна.
Б О, А Ж С-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дүгээр тушаалаар цуцалсан гэх 0,55 га газар дээр одоо 95 хувийн гүйцэтгэлтэй 1 барилга, суурийн давхрыг цутгасан нэг барилга байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 5.230.000.000 /таван тэрбум, хоёр зуун гучин сая/ төгрөг болсон, НМХГ болон Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар, Б У Д Ц Г З, дЗДД, Г А зэрэг хяналт, шалгалтын байгууллагууд байнгын хяналт шалгалт явуулж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний баталсан зураг төслийн дагуу явагдсан барилгын ажил хийгдэж байгаа тул ямар нэг байдлаар зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус заасны дагуу Б О, А Ж С нь миний газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргах тохиолдолд сонсох ажиллагаа заавал явуулах, иргэний тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалах боломжоор хангах үүргүүдийг тус тус хүлээсэн байна.
Нэхэмжлэгч О.О би Б О, А Ж С-ын тушаал болон улсын ахлах байцаагч нарын дүгнэлтэд дурдсан ноцтой зөрчлүүдийг гаргаагүй.
Тодруулбал, миний ашиглах газрын хувьд Б О, А Ж С-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалыг үндэслэн эрх бүхий этгээдтэй гурван талт гэрээ байгуулсан, газрын хил, байршлыг тогтоосон кадастрын зургийг Кадастрын зураглал ба газрын кадастрын зураглалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэгт заасны дагуу мэргэжлийн аж ахуйн нэгж болох “Э” ХХК-иар хийлгэж, ажлаа нэг бүрчлэн шалгуулж, шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгсөн байгаа болно.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 10.2.2-т “газрын мэдээллийн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах” , 10.2.4-т “газрын кадастрын зураг захиалах, хүлээн авах”, 10.2.6-д “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн заалтуудын дагуу өөрийн ашиглаж буй газрын кадастрын зургийг мэргэжлийн байгууллагаар үйлдүүлэн, Б О, А Ж Я-ны дүүргийн Газрын албанд хүргүүлсэн. Хэрэв миний ашиглаж байгаа газар нь мэдээлийн санд бүртгэгдээгүй бол захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тул миний зүгээс хууль зөрчөөгүй болно.
Улсын байцаагчийн дүгнэлтэд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг газар ашиглах шийдвэр гаргаагүй байхад баталсан” гэжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль, Газрын тухай хуульд зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг урьдчилан хийлгэхийг хориглоогүй байна.
Хяналт шалгалтаар тухайн газар дээрх барилга 67 хувийн эрсдэлтэй байна гэж хэлсэн. Эрсдэлийг тодорхойлохдоо юуг яаж тооцож гаргасан талаар байдаггүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой гэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн 38 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх, үүрэг байгаа. Энэ хуульд заасны дагуу эрхээ эдэлж, үүргээ хүлээж байсан. Газрыг гэрээний дагуу ашигласан бөгөөд хориглосон үйл ажиллагаа явуулаагүй.
Хөрс нурах аюултай байгаа учраас сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарласан бөгөөд хөрс нурах гарцаагүй байдлын талаар одоо хүртэл арга хэмжээ аваагүй. Миний үзэж байгаагаар бол адилхан хэмжээний барилга барьсан
тохиолдолд газрын нуралт үүсэхээс сэргийлж чадна. Иргэн О.О тухайн барилгад 100 хувийн хөрөнгө оруулсан гэж тайлбарлаагүй бөгөөд ашиглах эрхтэй гэж тайлбарласан. Маргаан бүхий актаар хөндөгдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б О, А Ж С-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээсэн. Уг тушаал нь О.О-ийн гаргасан хүсэлтийг үндэслэж, 2041 га газрыг сэргээж олгосон байдаг. Уг газрыг сэргээж олгохдоо холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулна гэсэн байдлаар олгосон. Гэтэл тухайн маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг судлан үзэж, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дүгээр тушаал гарсан. НМХГ-ын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд эрсдэл 67 хувь байна гэж дурдсан. Зөрчилтэй холбоотой мэдэгдлийг О.О-д хүргүүлсэн бөгөөд мэдэж байсан. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсвэл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийх шаардлагагүй” гэж заасан. 67 хувийн эрсдэлтэй байсан бөгөөд хөрсний гулгалт үүссэн зэрэг маш олон нөхцөл байдал дурдагдсан. Хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж байна. Гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагууд нь зарим нэг талаараа үндэслэлгүй гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байна. Гуравдагч этгээд нарын хүсэлтээр уг тушаал гарсан гэж тайлбарлаж нь байгаа үндэслэлгүй юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй.
Дүгнэлтийг хууль бус талаар ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд тухайн акт хүчин төгөлдөр болсон байгаа. БО,АЖЯ-с Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээ олгоход хаана байршилтай, ямар газар, ямар тушаалыг үндэслэж гарч байгаа, буудаллах, отоглох зориулалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглахыг зөвшөөрч энэхүү гэрээг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, О.О-д 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зохицуулалтыг хэрэгжүүлж, зориулалтын дагуу ашиглах тухай харилцан
тохиролцож тухайн гэрчилгээг олгосон. Б О, А Ж С-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/751 дүгээр тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригоо, Д.Ганбаатар, түүний өмгөөлөгч А.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01-04-065/365 дугаар дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, үүнийг нь эрх бүхий байгууллагаас тогтоосон бөгөөд хариуцагч байгууллагаас нэгэнт үүссэн асуудалд холбогдуулан авсан арга хэмжээний илрэл гэж үзэж байна.
Тусгай хамгаалалт бүхий газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгөөр явуулах, үйл ажиллагааг хуульчилж өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь бодит нөхцөл байдалд маш тодорхой бөгөөд одоо орон сууцанд амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх ноцтой зөрчигдсөн байдлыг хамгаалж гарсан акт тул зөв зүйтэй, хууль ёсны шийдвэр болсон гэж үзэж байна.
Хууль зөрчих байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй, газар ашиглах эрх авсан гэх нэрийн дор хууль бус үйл ажиллагаа явуулж, бусдын эрхийг зөрчих, ашиг олох үндсэн үйл ажиллагаа болгосон нь хэрэгт авагдсан хөрөнгө оруулалтын гэрээ, зориулалтын бус үйл ажиллагаа явуулж байгаа нь өнөөдрийн байдлаар газар ухсан, орон сууцны барилгын суурь ухсан, 2008 онд батлуулсан нарийвчилсан үнэлгээ, хэрэгжүүлнэ гэж батлуулсан төслөөс болон бусад баримтаас харахад тодорхой нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, шүүхээс хамгаалах зайлшгүй шаардлага, хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Хот байгуулалт хөгжлийн газрын ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар нь газар ашиглах гэрээ хууль ёсны дагуу, тухайн газрыг ашиглах боломжтой гэсэн байрлал зүйн зураг, барилга барихыг зөвшөөрсөн тохиолдолд гаргах ёстой. Б О, А Ж С-ын газар ашиглах эрхийг цуцалж байгаа тушаал хүчинтэй байгаа. Ерөнхий төлөвлөгөө болон архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг нь сайдын тушаалаас давсан байж болохгүй. Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагааг хуульчилсан боловч сонсох ажиллагааг хийснээр ямар үр дагаварт хүрэх нь ойлгомжгүй байна.
Маргаан бүхий акт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн иргэн О.О эрх, үүрэг үүсгэсэн заалтыг зөрчсөн гэж эрх зүйн үндэслэлээ тодорхойлж өгөх учиртай байсан боловч үндэслэлээ тодорхойлж өгөөгүй бөгөөд тойм байдлаар ярьдаг. Б О, А Ж С-ын тушаалд баримталсан хууль нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар 12.1, 12.5, 12.6, 48 дугаар зүйлд заассантай нийцэж гарсан акт юм.
Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт нь маргаан бүхий актын үндэслэх хэсэг болж байгаа. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах иргэн О.О 0.55 га газарт шалгалт хийлгүүлэхээр гаргасан гомдлын дагуу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/210 дугаартай удирдамжаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгаль орчны тухай, Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Газрын тухай хууль зэрэгт нийцүүлж гаргасан норм, дүрэм, стандартын хэрэгжилтийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийн хүрээнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор шалгалт хийсэн. Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж зохих байгууллага шийдвэр гаргасан. Хяналт шалгалт хийх эрхтэй эсэх тал дээр маргахгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина” гэж заасан. Эрх хэмжээний хүрээнд гарсан акт нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд эрх бүхий сайд тушаал гаргасан. О.О гэдэг хүн хууль ёсыг биелүүлж байсан бол ийм асуудал үүсэхгүй байх байсан. Шүүх шийдвэрээ гаргахдаа анхаарч үзнэ үү. Нэг хүний ашиг сонирхол илүү юу, нийтийн ашиг сонирхол илүү юу гэдэг дээр шүүх дүгнэлт өгөөсэй гэж хүсэж байна.
Барилга буулгахыг эд хүссэн бөгөөд бид хүсээгүй юм. Хавтаст хэрэгт “Олд канстракшн” ХХК-ийн 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хөрөнгөнд бүртгэсэн зүйлийг бүртгэх, бүртгэхгүй гэсэн асуудлыг ярихгүй. Б О, А Ж С-ын гаргасан тушаалыг хэвээр үлдээж, оршин суугч бидний эрх, ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Маргаан бүхий захиргааны акт болох Б О, А Ж С-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дугаар тушаалаар[1] Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 12.5, 12.6, 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.2.1, 40 дугаар зүйлийн 40.2, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01-04-065/356 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд иргэн О.О аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар олгосон 2,041 га газраас улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан хавсралтад дурдсан солбилцол бүхий 0,55 га газрын ашиглах эрхийг цуцалжээ.
Нэхэмжлэгч О.О нь дээрх тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “...Газар ашиглах эрх хүчинтэй хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “О” ХХК-тай уг газар дээрээ аялал, жуулчлалын зориулалтаар барилга барихаар... гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу барих барилгын зураг төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталж, уг газар дээр барилгажилтын ажил явагдсан. ...Газрыг ашиглахдаа ... хязгаарлалтын бүсийн дэглэлмийг хэрхэн, яаж зөрчсөн, ямар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй, ... сайдын тушаал болон улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан ноцтой зөрчлийг гаргаагүй. Газрыг мэдээллийн санд бүртгээгүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тул хууль зөрчөөгүй. ... Нүх хогтой байсан, хашаа нурсан гэх дүгнэлтээр илэрсэн зөрчлийг хугацаанд нь зассан. ... Захиргааны ерөнхий хуульд заасан ... нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй ... хууль зөрчсөн. Тушаал хууль бус ...” гэж, хариуцагч нь “ ...О.О нь ашиглах ёстой газартаа зөрчилтэй үйл ажиллагаа явуулж, нүх ухсанаас болж, тухайн нүхэнд хог хуримтлагдах зэргээр байгаль орчинд нөлөөлөх, ... хор уршигтай үйл ажиллагаа явуулсан, ... дүгнэлтийг үндэслэн ... шийдвэр гаргасан. Тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлан маргажээ. .
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан маргааны үйл баримтуудаас үзэхэд Б О, А Ж С-ын 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А-160 дугаар тушаалаар иргэн О.О-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Зайсангийн аманд 5,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/31 дугаар гэрчилгээ[2] олгож, гэрээ байгуулсан мөн Б О, А Ж С-ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар[3] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6-д заасныг тус тус үндэслэн О.О-ийн Зайсангийн аманд орших 0,07 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар[4] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн О.О Зайсангийн аманд орших 4,3 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар[5] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3-д заасныг тус тус баримтлан иргэн О.О дуусгавар болсон газрыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө бүхий 2,041 га газрын ашиглах эрхийг сэргээж, аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмыг дагуу барьсан орон байрыг ашиглах эрх олгохыг зөвшөөрч шийдвэрлэсэн, дээрх шийдвэрийг үндэслэн улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2019/216 дугаартай гэрээ[6] байгуулж, 017/216 дугаар гэрчилгээ[7] олгожээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд ... Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох”-оор, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах”-аар, 37 дугаар зүйлийн 1-д “ Сум, дүүргийн Засаг дарга нь газар ашиглуулах шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулах”-аар тус тус заажээ.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг хуульчлан тогтоосон, тодруулбал 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмыг дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг, 12 дугаар зүйлийн 1, 5, 6-д зааснаар дархан цаазат газарт газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх, дээрхээс өөр барилга, байгууламж барих, хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна.
Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон үндэслэлээ тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж тайлбарлан маргасан.
Хэргийн ороцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд анх “Пийс виллаж” СӨХ-оос гаргасан гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Н, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ө.М нар нь иргэн О.О ашиглаж буй газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн О.О-д “Зөрчлийг арилгуулах тухай” 01-04-014/267 дугаар албан шаардлага хүргүүлж, албан шаардлагын хариуг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгасан, албан шаардлагын хариуг тогтоосон хугацаанд ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчлийн хэрэг үүсгэж, хариуцлага тооцохыг мэдэгдсэн атлаа мөн өдрөө “Газрын тухай” 01-04-065/356 дугаартай дүгнэлт гаргасан, иргэн О.О нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр МХЕГ-т шаардлагын хариуг хүргүүлсэн[8], нэхэмжлэгч О.О нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай 2019/216 дугаартай гурвалсан гэрээг[9] 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан, гэрээний хэрэгжилтийг дүгнэх хугацаа болоогүй байсан /гэрээний хэрэгжилтийг 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дүгнэхээр тусгасан/, газрын төлбөрөө бүрэн төлсөн[10], байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгэж, шинжээчээр батлуулсан, газраа ашиглах зорилгоор Зайсангийн амны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу архитектур төлөвлөлтийн даалгаврыг эрх бүхий этгээдээр батлуулсан, уг төлөвлөлтийн даалгаварт үндэслэн барилгын ерөнхий төлөвлөгөөний эскиз зургийг боловсруулсан, уг зургийн дагуу “Олд констракшн” ХХК-тай “Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах” гэрээ байгуулсан, маргаан бүхий газарт барилгын эскиз зургийн дагуу барилгажилтын ажил явагдаж, 12 давхар барилга баригдсан, барилгын суурь тавигдсан болох нь тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших, ашиглах эрх нь газар эзэмших ашиглах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх ба нэгэнт үүссэн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгох ёстой гэж үзнэ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийг тодорхойлон заасан байх бөгөөд 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болох хуулийн зохицуулалттай байна.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор “Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим”-ыг баталсан байх бөгөөд уг горимоор дархан цаазат газрын хуулиар зөвшөөрөгдсөн бүсэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн үйл ажиллагаа явуулахдаа тухайн газрыг хамгаалах, нөхөн сэргээх талаар ногдуулсан үүргийг хэрэгжүүлэх, аливаа ажлыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдсэн төслийн үндсэн дээр хэрэгжүүлж байх, ашиглаж байгаа нутаг дэвсгэр, байгалийн нөөц баялагт зохих журмын дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн байх, газар ашигласны төлбөрийг зохих журмын дагуу цаг хугацаанд нь төлөх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн зөвхөн тогтоож өгсөн газарт хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулж, өөрийн ашиглаж байгаа газрыг эвдрэл, бохирдлоос хамгаалах, талхлагдсан хөрс, ургамлыг нөхөн сэргээх, ашиглах газрынхаа бүртгэл зураглалыг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэн жил бүр тодотгож байхын зэрэгцээ аж ахуйн нэгж, байгууллага, иргэн газраа зориулалтын дагуу ашиглаж зөвхөн гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахаар журамлажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.О нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүс буюу Зайсангийн аманд газар ашиглах үйл ажиллагаа явуулахдаа дээрх хамгаалалтын горимд заасны дагуу байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгэж, шинжээчээр батлуулсан, газраа ашиглах зорилгоор архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургийг боловсруулж батлуулсан, газрын төлбөрийг бүрэн төлсөн зэргээр Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горимд заасан үүргээ хэрэгжүүлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд харин тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь буудаллах, отоглох зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургийн дагуу барилгын суурь нүх ухсан байх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчилсөн гэж үзэхээргүй байна.
Хариуцагч болон гуравдагч этгээд нар нь “... О.О-ийн ашиглаж байгаа О,55 га газарт Астра вилла хотхоны 12 давхар барилгын баруун талд, Пийс виллаж хотхоны 206/А дугаар байрны урд талд залгаад нүх ухсан, борооны ус, орчны хог, хаягдал цугларч бохирдуулсан, ... гүний худгийн ус бохирдсон, ... хөрс нурах аюултай..., ... 67 хувийн эрсдэлтэй ...” гэж маргаж байна.
МХЕГ-ын БО,Г,Г,З З Х У Б Г.Н, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.М нар нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01-04-065/356 дугаар дүгнэлтдээ “... газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгах хяналтын хуудсаар эрсдэл үүсэх магадлалыг үнэлэхэд 67 хувь буюу их эрсдэлтэй байна.... , иргэн О.О ашиглаж байгаа 0,55 га газарт ...нүх ухсан, борооны ус, орчны хог хаягдал цугларч бохирдуулсан нь дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа явуулсан...” гэж үзсэн байх бөгөөд дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг маргаан бүхий тушаалын нэг үндэслэлээ болгожээ.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар нь иргэн О.О ашиглаж байгаа 0,55 га газарт шалгалт хийсэн хяналтын хуудсаар[11] газар ашиглах эрхийн гэрээгүй гэж 10 оноо, эдлэн газар нь газрын улсын бүртгэлд бүртгэгдэж нэгж, талбарын дугаар аваагүй гэж 20 оноо, газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигладаггүй гэж 10 оноо, газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлээгүй гэж 50 оноо өгч, эрсдэл үүсэх магадлалын хувийг 67-оор тогтоожээ.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч О.О тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0171216 дугаартай гэрчилгээг 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгосон, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай 2019/216 дугаартай гурвалсан гэрээг[12] байгуулсан байхад үүнийг нягтлахгүйгээр газар ашиглах гэрээгүй гэж үзэж, эрсдэлийн үнэлгээг тооцсон, түүнчлэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дэх хэсэгт зааснаар эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг төдийгүй, тухайн эдлэн газар нь газрын улсын бүртгэлд бүртгэгдэж нэгж, талбарын дугаар аваагүй нь газрын хэмжээг газар дээр нь тэмдэгжүүлэх, мэдээллийн санд бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой байхад үүнийг анхаарахгүйгээр эрсдэлийн үнэлгээг тооцсоныг үнэн зөв, бодитойгоор үнэлгээг тооцсон гэж үзэх боломжгүй байна.
Мөн эрсдэлийн үнэлгээгээр “нэхэмжлэгчийг гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашигладаггүй” гэж үзсэн байх ба нэхэмжлэгч нь газраа ашиглах зорилгоор Зайсангийн амны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу архитектур төлөвлөлтийн даалгаврыг эрх бүхий этгээдээр батлуулсан, барилгын ерөнхий төлөвлөгөөний эскиз зургийг боловсруулсан, уг зургийн дагуу “Олд констракшн” ХХК-тай “Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах” гэрээ байгуулсан маргаан бүхий газарт 12 давхар барилга баригдсан, барилгын суурь, нүх ухсан нь тогтоогдож байх тул газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Харин эрсдэлийн үнэлгээгээр нэхэмжлэгчийг газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн байх ба нэхэмжлэгч нь улсын байцаагчийн албан шаардлагад энэ талаар дурдсан зөрчлийг арилгаж, шаардлагын хариуг хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба барилгын ухсан нүхэнд борооны ус, орчны хог, хаягдал цугларч бохирдуулсан гэх нөхцөл байдал нь байгалийн төлөв байдлыг өөрчилсөн гэж үзэх буюу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Хариуцагч, гуравдагч этгээд нар нь шүүх хуралдаанд “...гүний худгийн ус бохирдсон...” гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү нөхцөл байдлыг нотолсон нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байх тул энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын бүрдэл болох тул нэхэмжлэгч О.О ашиглаж байгаа 0,55 га газарт баригдсан Астра вилла хотхоны 12 давхар орон сууцны зориулалттай барилгыг тухайн газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх эд хөрөнгө буюу тухайн газрын бүрдэл хэсэг гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь “ ... захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны акт гаргахдаа шийдвэр гаргахад хамааралтай нөхцөл байдлыг судлах, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагаа явуулаагүй...” гэж тайлбарлан маргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь сонсох ажиллагаа явуулаагүй үндэслэл, шалтгаанаа “гарцаагүй байдлын улмаас болон нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай болсон” гэж тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан “нөхцөл байдлыг тогтоох”, “мэдэгдэх, сонсгох” ажиллагааг явуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй.
Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар нь “бидний өмчлөх эрх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн” гэж маргаж байх ба тухайн маргаан бүхий газрын зэргэлдээ Пийс виллаж хотхон, Астра вилла хотхон баригдсан, гуравдагч этгээд нар нь тэдгээр хотхоны орон сууцанд амьдардаг, О.О-гийн ашиглаж буй 0.55 га газар нь гуравдагч этгээд нарын өмчлөлийн орон сууцны байрны газартай давхцаагүй, барилгын ухсан нүхэнд ус тогтсон, хог хаягдал хуримтлагдсан, хөрсний нуралт үүссэн нь нэхэмжлэгчийн газар ашигласан буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй байх тул нэхэмжлэгчийг гуравдагч этгээд нарын өмчлөх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж шууд буруутгах боломжгүй байна.
Үүний зэрэгцээ хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг баримталсан нь буруу байх бөгөөд хариуцагч нь тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзсэн тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-д заасныг баримтлах байжээ. Хариуцагч нь дээрх захиргааны акт гаргахдаа захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэлийг зөв баримтлаагүй байх тул энэхүү захиргааны актыг эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзнэ.
Дээрхээс үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг тус тус зөрчжээ.
Үүнээс үзэхэд хариуцагч захиргааны байгуулага, албан тушаалтан нь газар ашиглах эрх дуусгавар болох хуулиар тогтоосон үндэслэл бүрдээгүй байхад “мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас дүгнэлт гарсан” гэсэн үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хуульд заагаагүй үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус болжээ.
Дээрх хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий Б О, А Ж С-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, уг маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б О, А Ж С-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/751 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О-гийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дугаар хуудсанд
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар хуудсанд
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 175-182 дугаар хуудсанд
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд
[6] 2 дугаар хавтаст хэргийн 64-68 дугаар хуудсанд
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 38-41, 104-105 дугаар хуудсанд
[8] 2 дугаар хавтаст хэргийн 120 дугаар хуудсанд
[9] 2 дугаар хавтаст хэргийн 64-68 дугаар хуудсанд
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт
[11] 2 дугаар хавтаст хэргийн 150-153 дугаар хуудсанд
[12] 2 дугаар хавтаст хэргийн 64-68 дугаар хуудсанд