Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/234

 

      2022          02          23                                    2022/ШЦТ/234

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: О.Жавхлан,

улсын яллагч: Д.Ууганцэцэг,

хохирогч: Ч.С,

гэрч: Р.Отгонсүрэн,

шүүгдэгч: Н.У, түүний өмгөөлөгч: Л.А,

шүүгдэгч: П.О, түүний өмгөөлөгч: Д.Б,

шүүгдэгч: Ж.П, түүний өмгөөлөгч: Ж.Ганболд нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Ут, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.О, Ж.П нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Н.У, П.О, Ж.П нарт холбогдох эрүүгийн 2108000000000 тоот хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Монгол овогт Н-гийн У нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн П.Отэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын каркасны мужаан мэргэжилтэй, “Б” ХХК-д  ажилтан, ам бүл-7, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тоосгоны 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Тугчин овогт П-ийн О,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, реклам зар сурталчилгааны менежер мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл-2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянголын 00-00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Алдар овогт Ж-гийн П нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1/ Холбогдсон хэрэг, гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч Н.У нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүүхээ төвийн орчимд иргэн Ч.Мг хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ч.Мгийн: “2021 оны 4 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Дүүхээ төвийн орчим би ахын Бонго-3 маркийн 20-44 УНЧ улсын дугаартай машин дотор найзыгаа буулгах гээд гэрийнх нь гадаа очтол Укаанаа машинаас буухдаа манай эгч Уянгыг я....н, б....л гэсэн зүйлийг ярихаар нь бид хоёр энэ асуудлаас болж маргалдсан. Тэгтэл Укаанаа машинд нууж байснаа биеийнхээ ар хэсгээс бор өнгийн модон иштэй байсан байх, хутга гаргаж ирээд миний цээж рүү хатгах гэхээр нь би гараараа хаасан чинь миний зүүн гуяны гадна хэсэг рүү нэг удаа хутгалсан. Тэгтэл миний машиныг барьж байсан Ж.П бууж ирээд салгасан. Укаанаа буугаад зугтаагаад явсан.” гэх мэдүүлэг /2-р хх 207-208/,

- Гэрч Ж.П-ийн: “Би гэртээ байж байсан чинь Ч.М над руу залгаад “Укаанаа /Н.У/ бид хоёр 21 дээр Отгоо гээд манай хуурай дүүгийн гэрт ганц хоёр пиво уусан. Ирээд авчих” гэхээр нь би очиж 21-ээс Ч.М, Укаанаа хоёрыг аваад Ч.Мгийн Бонго-3 маркийн 20-44 УНЧ улсын дугаартай машиныг нь унаад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13-269 тоот хашааны үүдэнд ирээд Укаанааг гэр рүүгээ орж амар гэж Ч.М хэлсэн чинь Укаанаа Ч.Мгийн эгчийг нь я...н, чи эгчтэйгээ явалддаг биз дээ гэж доромжилсноос болоод тэр хоёр маргалдсан. Ч.М, Укаанаа хоёр машин дотор барьцалдаад авсан чинь гэнэт Ч.М “Хөөе Ж.Поо, энэ Укаанаа хутга гаргаад ирлээ. Чи хутгыг нь булаагаад авчихаа” гэхээр нь би тойроод очих хооронд Укаанаа муухай орилоод гудамж уруудаад гүйгээд яваад өгсөн. Ч.Мгийн зүүн гуянаас нь цус гарсан байсан. Гуя руу нь хутгалчихсан байсан.” гэх мэдүүлэг /2-р х.х 213-214/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3591 дугаартай “Ч.Мгийн биед зүүн гуяны жижиг тараагуур, хураагуур судасны салааг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн гуя, тахим, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /2-р х.х 224-226/,

- Яллагдагч Н.Уын “2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Мтэй маргалдаад зүүн гуя руу нь нэг удаа хутгалсан нь үнэн.” гэх мэдүүлэг /3-р х.х 42/ зэрэг баримтуудаар,

 

Мөн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны 10 дугаар гудамжинд иргэн Д.Бн толгойн тус газарт чулуугаар цохиж хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Д.Бгийн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамжинд айлд орчхоод гараад явж байтал манай гэрийн ойролцоо амьдардаг зүс таних Ука гэх залуу тааралдаж хажуугаар гарахдаа чулуугаар толгой руу цохиод авах шиг болсон. Миний толгой жижиг шалбарчихсан.” гэх мэдүүлэг /2-р х.х 154-155 хуудас/,

“...Намайг Укаанаа буюу Н.У гэдэг залуу тухайн үед чулуугаар толгой хагалж зодсон. Уламбаяр гэж ямар ч хүн байхгүй. Н.У өөрийн хийсэн хэргээ хүлээхгүй, худлаа Уламбаяр гэдэг хүний нэрийг хэлээд байгаа юмаа. Н.У миний толгойг чулуугаар цохиж зодчихоод дараа нь “Ахаа намайг битгий цагдаад өгөөч. Би хүн хутгалсан хэргээр шалгагдаж байгаа” гээд гуйгаад байсан хүн шүү дээ.” гэх мэдүүлэг /2-р х.х 158/,

“...Миний толгойг хагалсан залууг шууд танина. Тухайн залуу манай гэрийн урд талын гудамжинд амьдардаг болохоор өмнө харж байсан. Мөн тухайн залуутай хэрэг болсны дараа уулзахад “Дүү нь өнчин, өрөөсөн. Цагдаад та намайг цохиогүй, энэ залуу биш, танихгүй гээд хэлчхээрэй” гэж гуйсан юм.” гэх мэдүүлэг /3-р х.х 65/,

- Гэрч Д.С-ын “Д.Б, Ука гэх 2 хүнийг би танина. Манай дэлгүүрээс худалдан авалт хийдэг, архи дарс хааяа зээлээр авдаг хүмүүс байгаа юм. ...Ука нь ахтайгаа хамт амьдардаг. ...7-10 хоногийн өмнө манай дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүс “Мангаа /Д.Б/ толгойгоо хагалуулсан. Цагдаа нар Укаг хайгаад байна” гэж хэлж яриад байсан.” гэх мэдүүлэг /2-р х.х 160/,

- Гэрч П.А-ны: “2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Д.Б ах толгойгоо боосон Уканатай хамт манай гэрийн урдуур гараад явж байхыг нь хараад “Мангаа /Д.Б/ ахаа, юу болсон юм бэ?” гэсэн чинь “Укана араас чулуу шидээд тархи хагалчихлаа. Одоо надаас уучлалт гуйгаад л явж байна” гэж хэлж байсан. Тэр өдрөө би худгаас ус авах гээд явж байхад хүмүүс “Укана Д.Бгийн толгойг нь чулуугаар хагалсан. Уканаг цагдаа нар хайгаад байна лээ” гээд яриа гарсан байсан.” гэх мэдүүлэг /2-р х.х 162-163/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3686 дугаартай “Д.Бгийн биед хуйханд няцарсан 1 шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /2-р х.х 168-169/,

-  Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р х.х 66/ зэрэг баримтуудаар,

 

2. Шүүгдэгч П.О, Н.У нар нь бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 586 байрны зүүн талд иргэн Ч.Сын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, Самсунг Нөүт-10 маркийн гар утас, хэтэвч зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч, бусдад 1927780 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Дуудлагын лавлагааны хуудас /1-р х.х 5/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х 6-8/,

- Хохирогч Ч.Сын: “2021 оны 9 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн орчим би ажлаа тараад байрныхаа гадаа машинаа байрлуулчхаад машин дотроо бага зэрэг архи уугаад гэр рүүгээ орох гээд байрныхаа зүүн талд явж байсан чинь 160-165 см орчим өндөр нуруутай, хөх өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн футболктой, ногоон өнгийн өмдтэй залуу, бас бараан өнгийн ноосон цамцтай, хар богино өмдтэй хоёр залуу “яасан ганган залуу вэ” гээд намайг өдөж хоргоосон. Манай байрны зүүн талын эмийн сангийн баруун талд богино өмдтэй бордуу царайтай залуу нь намайг цохих гэж оролдоод оноогүй, өөрөө газар унасан. Би тэр хоёроос холдоод эмийн сан руу орж тусламж гуйсан чинь нөгөө хоёр залуу миний араас гүйгээд ороод ирэхээр нь би зөрөөд гадагшаа гарсан. Тэгтэл богино өмдтэй бордуу царайтай залуу нь миний өмдний арын халаасанд байсан цэнхэр өнгийн Самсунг Нөүт-10 маркийн гар утас, 600000 төгрөгтэй, мөн 20-тын доллартой, миний өөрийн жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, худалдаа хөгжлийн карт зэрэг бичиг баримттай хар өнгийн хэтэвч зэргийг хүчээр дээрэмдэж авсан. ...Саравчтай малгайтай, цагаан өнгийн футболктой залуу нь цайвардуу царайтай, туранхайдуу биетэй, 25-30 орчим насны залуу байсан. Нөгөө богино шорттой залуу нь бордуу царайтай залуу байсан. Би энэ хоёрыг харвал танина.” гэх мэдүүлэг /1-р х.х 44/,

- Гэрч Р.О-гийн: “2021 оны 9 дүгээр сарын 15-нд 20-21 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 91 дүгээр цэцэрлэгийн урд талд байрлах “Хан сүмбэр” эмийн санд ажил дээрээ байж байтал гаднаас цэнхэр жинсэн хослолтой, саравчтай малгайтай 50 орчим насны халамцуу ах орж ирээд “Миний дүү утсаа өгөөч. Хүмүүс намайг дээрэмдэх гээд байна. Цагдаа руу дуудлага өгье” гэж хэлээд байж байтал цагаан футболктой залуу, саарал цамцтай, шорттой хоёр залуу орж ирээд цагаан футболктой нь нөгөө ахыг заамдаж аваад нэг хүний нэр хэлээд “чи хэний ах их том болжээ” гээд нөгөө саарал цамцтай залуутай хоёр талаас нь чирээд нөгөө жинсэн хослолтой ахыг аваад гарсан. Тэр жинсэн хослолтой 50 орчим насны ах “намайг хоёр залуу дээрэмдээд 600000 төгрөг, хэтэвч, гар утас авчихлаа. Надад цитрамон зээлээч” гээд эм зээлж аваад гарсан.” гэх мэдүүлэг /1-р х.х 57-58/,

- Гэрч Б.Г-гийн: “2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн орчим би ...гэрээсээ гараад ойролцоо байх эмийн сангаас корона вирусын эм авахаар эмийн сан руу орох гэж байх үед эмийн сангийн гадаа хөх өнгийн саравчтай малгайтай, хөх өнгийн жинсэн өмд, яактай, цагаан өнгийн пүүзтэй 50 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан. ...Би эмээ авахаар эмийн санчтай уулзаад зогсож байтал гаднаас үүдэнд зогсож байсан ах орж ирээд надад хандан “ах нь саяхан хоёр хүнд гар утас болон бусад зүйлээ дээрэмдүүлээд зодуулчихлаа. Гар утсаараа цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь би өөрийн гар утсаа гаргаад нөгөө ахад өгсөн. Нөгөө ах миний гар утсаар 102 руу залгаад “байрны гадаа үл таних хоёр залуу намайг барьж авч зодоод Самсунг Нөүт-10 маркийн гар утсыг булаагаад зугтаачихлаа” гэж дуудлага өгч байсан.” гэх мэдүүлэг /1-р х.х 62/,

- Гэрч Б.А-гийн: “Манай нөхөр тухайн үед биедээ машины торгууль төлөхөөр авч явсан 600000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны картуудтай хар түрийвч, бас Самсунг маркийн цэнхэр өнгийн утастай явж байсан. Дээрх зүйлсийг нь 2 танихгүй залуу дээрэмдээд авсан байна лээ. ...Манай нөхөр торгуулийн мөнгөө төлчихвөл өршөөлд ордог гэнэ гэж яриад байсан. Ингээд төлсөн ч юмгүй дээрэмдүүлсэн байна лээ.” гэх мэдүүлэг /2-р хх 40-41/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 8822 дугаартай “...Ч.Сад хэвлийн баруун хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1-р х.х 66-67/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21/034 дугаартай “Самсунг фирмийн Нөүт-10 загварын гар утас 1200000 төгрөг, Бэлэн мөнгө - 600000 төгрөг, Валют - 20 доллар - 56980 төгрөг, Жолооны үнэмлэх - 12500 төгрөг, Иргэний үнэмлэх - 48300 төгрөг, ХХБ-ны карт - 5000 төгрөг, Хаан банкны карт - 5000 төгрөг, Нийт дүн 1927780 төгрөг.” гэх тодорхойлолт /1-р х.х 73-74/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х 21-23/,  /1 -р х.х 24-26/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн “Камерын бичлэгт байрны зүүн хойд талаас 3 эрэгтэй гарч ирэн бараан өнгийн хувцастай 2 залуу нь цагаан өнгийн хувцастай 1 залуу нааш хүнсний дэлгүүр гэсэн рүү алхаж ирэн цагаан өнгийн хувцастай залуу нь бараан өнгийн хувцастай нэг залуу руу дөхөж очиж түүний хажууд байсан бараан өнгийн хувцастай залуу нь нөгөө бараан өнгийн хувцастай залуу руу гараараа цохих гэж далайж байв. Уг бараан өнгийн хувцастай залуу нь эмийн сан руу түрүүлж орох гэж алхаж байгаа ба түүний ардаас цагаан өнгийн хувцастай залуу нь дагаж тухайн бараан өнгийн хувцастай залуугийн ардаас барьж аван эмийн сангийн гадаа үүдэн дээр ноцолдож байгаа нь камерын бичлэгт үлдсэн байлаа. Уг бараан өнгийн хувцастай 2 залуу, цагаан өнгийн хувцастай хүмүүс эмийн сан руу ороод буцаж гарч ирэн зууралдаж бараа өнгийн хувцастай 1 залуу, цагаан өнгийн хувцастай 1 залуу нөгөө бараан өнгийн хувцастай залууг зогсоож байгаад хувцсыг нь тэмтэрч байгаад хар өнгийн зүйл авч байгаа нь камерын бичлэгт үлдсэн байлаа. Түүний дараа цагаан өнгийн хувцастай залуу нь эмийн сан руу ороход бараан өнгийн хувцастай 2 залуу үлдэн хувцсыг нь тэмтэрч байгаа нь камерын бичлэгт буусан байлаа. Түүний дараа уг залуус салан хохирогч дэлгүүрийн урд талд хэсэг зогсож байх ба нөгөө 2 этгээд эмийн сан руу орж ирэн буцан гарч уг 2 залуу 58Б байрны зүг рүү салан алхаж байгаа нь үлдсэн байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х 13-17/,

 

3. Шүүгдэгч Ж.П, П.О нар нь бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 29 дүгээр гудамжинд иргэн Д.Бын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, 0.33 литрийн Хараа архи 1 ширхэг, Улаан шонхор тамхи 1 хайрцаг, бэлэн 36000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч, бусдад 46900 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Дуудлагын лавлагааны хуудас /2-р х.х 51/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р х.х 52-54/,

- Хохирогч Д.Бын: “2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн орчимд Драгон төв орох гээд гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 29 дүгээр гудамжинд явж байсан чинь урдаас цэнхэр өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн савхин куртиктэй, цайвар царайтай залуу, бас халзандуу толгойтой, бордуу царайтай, нөгөө залуугаа бодвол арай махлагдуу биетэй цэнхэр өнгийн биеийн тамирын цамцтай, саарал өнгийн ноосон өмдтэй хоёр халамцуу залуу тааралдаад, саравчтай малгайтай залуу нь “тамхи байна уу?” гэхээр нь би тамхи гаргаж өгөх гэж байтал араас махлагдуу залуу миний баруун талын шанаа руу цохиод газар унагаагаад миний баруун зүүн шанаа руу ээлжлээд 2-3 удаа цохисон. Саравчтай малгайтай залуу нь миний өмдний халаасанд байсан 36000 төгрөг, энгэрийн халаасанд байсан 0.33 литрийн Хараа архи, 1 хайрцаг Улаан шонхор тамхи зэргийг аваад тэр хоёр залуу яваад өгсөн.” гэх мэдүүлэг /2-р х.х 80/,

- Гэрч М.Д-гийн: “2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 11-12 цагийн орчимд би хүнсний дэлгүүр дээрээ /Оргилох булаг/ байж байтал гаднаас 50 орчим насны эрэгтэй хүн орж ирээд “танайхаас хойшоо 2-3 гудамжны хойно 2 хүнд дээрэмдүүлчихлээ” гэж хэлээд ямар нэг наймаа хийлгүй гараад явчихсан. Удалгүй энгийн хувцастай цагдаа нар ирээд манай дэлгүүрийн гадуур өнгөрөөд явж байгаа 2 хүний бичлэгийг гар утсан дээрээ бичиж аваад явсан.” гэх мэдүүлэг /2-р х.х 93-94/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 8821 дугаартай: “Д.Бод баруун хацар, зүүн завжинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн, цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /2-р х.х 96-97/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21/033 дугаартай “0,33л хэмжээтэй, Хараа нэртэй архи - 8700 төгрөг, Улаан шонхор нэртэй тамхи - 2200 төгрөг, Бэлэн мөнгө - 36000 төгрөг, Нийт дүн 46900 төгрөг.” гэх тодорхойлолт /2-р х.х 103-104/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р х.х 66- 69/, /2-р х.х 62-65/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Н.У, П.О, Ж.П нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Дээрх баримтуудаар шүүгдэгч Н.У нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Ч.Мг хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,  2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Д.Бг толгойн тус газарт нь чулуугаар цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шууд санаатай, танхайн сэдэлттэй үйлдэл байх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Н.У, П.О нар нь бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 586 байрны зүүн талд иргэн Ч.Сын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, Самсунг Нөүт-10 маркийн гар утас, хэтэвч зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч, 1927780 төгрөгийн хохирол учруулсан нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл болох нь, мөн яллагдагч Ж.П, П.О нар нь бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 29 дүгээр гудамжинд иргэн Д.Бын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, 0.33 литрийн Хараа архи 1 ширхэг, Улаан шонхор тамхи 1 хайрцаг, бэлэн 36000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч, бусдад 46900 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл болох нь тус тус шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч, Н.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэх  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, мөн Н.Уыг П.Отэй бүлэглэн бусдын эд зүйлсийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Оийг үргэлжилсэн үйлдлээр Н.У, Ж.П нартай бүлэглэн бусдын эд зүйлсийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ж.Пг П.Отэй бүлэглэн бусдын эд зүйлсийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Н.Уын хууль бус санаатай үйлдлийн улмаас Ч.Мгийн биед “зүүн гуяны жижиг тараагуур, хураагуур судасны салааг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зүүн гуя, тахим, шилбэнд цус хуралт” бүхий гэмтэл,  Д.Бгийн биед “хуйханд няцарсан 1 шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 2021.04.30-ны өдрийн 3591 дугаартай дүгнэлт /2-р х.х-224-226/, шинжээчийн 2021.04.30-ны өдрийн 3686 дугаартай дүгнэлт /2-р х.х-168-169/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. Хохирогч Ч.М, Д.Б нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар тэдний эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч Н.У, П.О нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Ч.Сад мөнгөн дүнгээр 1927780 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021.11.01-ний өдрийн 21/034 дугаартай дүгнэлтээр /1-р х.х-73-74/ тус тус нотлогдож байна. Шүүгдэгч П.О нь 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 964000 төгрөг хохирогч Ч.Сад төлсөн болох нь банкны орлогын мэдүүлгээр, шүүгдэгч Н.У нь шүүхээс түүнийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрээ танилцуулсны дараа хохирол төлөх хүсэлт гаргаж 964000 төгрөгийг Ч.Сад бэлнээр хүлээлгэж өгсөн болох нь хохирогчоос шүүхэд бичгээр гаргасан баримтаар тогтоогдож байх тул Н.У, П.О нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо мөнгөөр нөхөн төлж, Ч.Сад төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч П.О, Ж.П нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Д.Бод мөнгөн дүнгээр 46900 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2021.11.01-ний өдрийн 21/033 дугаартай дүгнэлтээр /2-р х.х-103-104/ тогтоогдож байгаа боловч хохирогч нь “нэхэмжлэхгүй” хэмээн мэдүүлж иргэний нэхэмжлэл гаргаагүй тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

 

3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Н.У нь урьд 4 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 56а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 135 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 19 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 312 дугаар захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хүрээнд дүйцүүлэн тооцож, 3 жил 10 сар 6 хоногоор тогтоож, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 444 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 388 дугаар захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь /1-р х.х 202-243/ баримтуудаар,

 

Шүүгдэгч П.О нь урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 19 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 25 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 297 дугаар захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь /1-р хх 142-186/ баримтуудаар,

 

Шүүгдэгч Ж.П нь урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн,

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 290 дүгээр захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 15 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувь /1-р х.х 188-193/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.У, Ж.П нарт тус бүр оногдуулсан хорих ял дээр өршөөлд хамрагдаж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг тогтоох санал гаргалаа. Шүүх Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн/ 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “...зарим гэмт хэрэг үйлдсэн хүн...-ийг эрүүгийн хариуцлага...с нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэх хуулийн зорилтыг харгалзан үзэж, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа шүүхээс өршөөл үзүүлж дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.У, П.О нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж иргэн Ч.Сад учруулсан хохирлоо мөнгөөр нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч Н.У нь дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч П.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, шүүгдэгч Ж.П нь дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь тус тус эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч Ж.Пгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ут 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овогт Нарантуяагийн Ут 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн 2 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт П.Оөд  2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Пд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Н.У, Ж.П нарт энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа шүүхээс өршөөл үзүүлж дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Н-гийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэх  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,

мөн Н.Уыг П.Отэй бүлэглэн бусдын эд зүйлсийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Тугчин овогт Пийн Оийг үргэлжилсэн үйлдлээр Н.У, Ж.П нартай бүлэглэн бусдын эд зүйлсийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Алдар овогт Ж-гийн Пг П.Отэй бүлэглэн бусдын эд зүйлсийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овогт Н-гийн Ут 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овогт Н-гийн Ут 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Тугчин овогт Пийн Оөд  2 /хоёр/ 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Алдар овогт Ж-гийн Пд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч Монгол овогт Н-гийн Ут оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан Н.Ут Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 388 дугаартай захирамжаар 5 сар 28 хоногийн хугацаагаар эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өршөөл үзүүлснээс эдлээгүй үлдсэн 4 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа буюу тус тусад нь эдлүүлэхээр,

мөн Ж.Пд Сэлэнгэ аймаг дахь Мандал суман дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний 290 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээгээр дүйцүүлэн сольж өршөөл үзүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа буюу тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.У, П.О, Ж.П нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.У, П.О, Ж.П нарын 2021 оны 9 дүгээр сарын 16-наас хойш цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Н.У, П.О, Ж.П нарын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ч.М, Д.Б, Д.Б нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх холбогдох хүмүүсийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй болохыг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба хохирогч Ч.Сад 1928000 төгрөг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.У, П.О, Ж.П нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг дискийг Н.У, П.О, Ж.П  нарт холбогдох эрүүгийн 2108000000969 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      С.СЭРЖМЯДАГ