Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/237

 

 

 

 

 

 

 

 

        2022          02          24                                    2022/ШЦТ/237

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: О.Жавхлан,

улсын яллагч: Ж.Отгончимэг,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.02.11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1996 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын мужаан хийдэг ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Одонтын 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Баянхутагт овогт А-ын А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 14-11 тоотод оршин суух иргэн Д.Гын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед эхнэр Д.Этэй нь  “гэрээс хөөлөө” гэж маргалдан улмаар түүнийг түлхэж унаган, үсдэж толгойгоор нь газар мөргүүлж Д.Эийн бие махбоодид  хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Д.Эийн: “2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн үед ...Улаанаа гэх залуутай маргалдаж “манай гэрээс гар” гэж хөөхөд намайг газар унагаагаад миний дээрээс дарчхаад намайг босгохгүй байсан. Би босмоор байна гэж хэлэхэд “намайг босгохгүй” гэхээр нь би түүний нүүр рүү нь хоёр удаа алгадаж авахад “чи яахаараа хүн цохиж авдаг юм” гээд намайг босгосноо дахиж унагаагаад  үснээс зулгааж толгой шалтай мөргүүлсэн. Тэгээд би нэлээн ноцолдож байгаад арай гэж босож гэр рүүгээ орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 11/,

- Гэрч Д.Гцын: “Манай эхнэр *******тай хүүхдээ өмөөрөөд маргалдсан. Тэгээд тэр хоёр маргалдаад гадаа гарахаар нь би араас нь 2-3 минутын дараа гарахад манай эхнэрийг газар унагаачихсан байхаар нь миний уур хүрээд заамдаж аваад хашаа руу шахтал стаканаар миний толгой руу нэг удаа цохисон. Миний биед ямар нэгэн зовуурь байхгүй, толгой хэсэгт бага зэрэг шалбарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.12.28-ны өдрийн 882 дугаартай: “Д.Эийн биед зулайн хуйханд шарх, тархи доргилт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 53-54/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь оройн цагаар өмнө нь үл таних иргэн Д.Гын гэрт найз Б-ий хамт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэрийн эзэгтэй Д.Этэй “гэрээс хөөлөө” гэж маргалдан улмаар үүдний амбаарт түлхэж унаган, үсдэж толгойгоор нь газар мөргүүлэх зэргээр зодсон нь шууд санаатай, танхайн сэдэлттэй үйлдэл байх тул *******ыг хүний эрүүл хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Д.Эийн биед “зулайн хуйханд шарх, тархи доргилт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт” бүхий, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмт учирсан болох нь шинжээчийн 882 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

            Хохирогч Д.Э толгойны зураг авахуулахад 100000 төгрөг зарцуулсныг нэхэмжилж баримт /хх-26/ гаргаж өгсөн байна. Шүүгдэгч ******* нь тухайн төлбөрийг хохирогчийн ХААН банкинд эзэмшдэг дансанд шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд *******аас гаргаж өгсөн гүйлгээний баримт, хохирогчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байх тул ******* нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

            Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Дээрх нөхцөл байдал болон *******ын хувийн байдал, орлогын байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Баянхутагт овогт А-ын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баянхутагт овогт А-ын Ат 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Д.Эт 100000 төгрөг шилжүүлэн өгсөн ба хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ