Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат 
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг 
Шүүгдэгч: Д.Б 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Дгийн Бд холбогдох эрүүгийн 2112002100048 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Бадрах-Од ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн .......... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт  Дгийн Б/РД:ВТ.........../

                               Холбогдсон хэргийн талаар: 

 Шүүгдэгч Д.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дүгээр багийн нутаг дэвсгэрт  Г.Мөөс 2019 оны 06 дугаар сард 4 сая төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 6 сая төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 сая 500 мянган төгрөг нийт 12.500.000 төгрөгийг дансаар авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 *Эрүүгийн 2112002100048 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 *Хохирогч Г.Мий өгсөн: 
“...Би 2019 оны 06 дугаар сарын 14-ний үе шиг санаж байна зах дээр ажилтай байж байхад А гэх залуу ирээд 15 тооны хонь зарах гэсэн юм гэхээр нь би ажилтай байна өөр хүнд өгчих гэж хэлсэн боловч заавал танд өгмөөр байна гэж намайг 6 орчим цаг хүлээж байгаад миний ажил дуусахаар надад тухайн 15 тооны хонио зарж байсан, тухайн мал ачиж ирсэн тээврийн хэрэгсэл нь 66-05 ӨВР улсын дугаартай Бонго жи-2 маркийн хөх өнгийн машинтай ирсэн. Тухайн хонийг худалдаж аваад анх танилцаж байсан, өөрийгөө Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт мал маллан амьдардаг би 500 хоньтой, 100 гаруй үхэртэй, хонь малаа зарж цөөлөх бодолтой байгаа гэж ярьж байсан. Надад хонио зараад 2-3 хоногийн дараа машиндаа нэг танихгүй хүний мах зараад явсан, тэгэхдээ надад 4 тооны үхрийн мах авч ирж өгнө гэж хэлээд 4 сая төгрөг бэлнээр аваад явсан, 7 хоногийн дараа 2 тооны үхрийн махтай ирээд надад мал таргалаагүй байна үлдсэн махыг чинь мал таргалахаар өгнө жаахан байзнаж байгаад өгнө гэж хэлсэн. Тухайн 2 үхрийн мах 1.600.000 /нэг сая зургаан зуу мянга/ төгрөг болсон, тэгээд хэсэг холбоотой байж байгаад 2019 оны 09 сард над руу өөрөө залгаад би аймаг явж байна уулзах ажил байна гэж хэлсэн. Тэгээд хүрч ирээд та надтай хамт малын сугалаа явуулах уу гэхээр нь би ах нь явдалтай зүйлд чадахгүй гэж хэлсэн тэгвэл та надад 6 сая төгрөг зээлчих би сугалааны хонжвор бараа авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд 6 сая төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 5154077302 дугаарын дансанд өөрийнхөө 5135014549 дугаарын данснаас шилжүүлсэн. Тухайн данс Э гэх хүний данс байсан. Тухайн мөнгийг А гэх залуу аваад би сугалаагаа явуулж дуусаад мөнгийг чинь мах болгож өгнө, би Цэнхэр сумын Орхон багт сугалаа явуулах гэж байгаагаа зарлачихсан байгаа одоо таны өгсөн мөнгөөр сугалааны хонжвор болох үнэн эдлэл авна, миний сугалаа 2-3 хоногийн дараа дуусна гэж хэлээд явсан үүнээс ганц нэг утсаар ярьж байгаад, 2019 оны 11 сарын дунд үеэр надтай утсаар ярьж байгаад 2 тооны үхэр 7 тооны ямаа ачиж ирээд надаас зээлсэн Мдөө өгсөн. Тухайн мал нийлээд 1 сая 900 төгрөг болсон, би А гэх залуугаас нөгөө сугалаа чинь юу болсон бэ надаас авсан мөнгөө өгөхгүй юм уу гэхэд сугалаа болсон бүгдийг нь мал болгочихсон байгаа нүүдэл хийгээд завгүй байгаад байна удахгүй мал мах авч ирж өгнө гэж хэлээд явсан. Үүнээс хойш ямар ч холбоогүй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр над руу залгаад би сугалаагаар авсан малаа нядалж ачаад Архангай аймаг явж байна замд машин эвдрээд мотор нь эвдэрсэн гээд байна та надад 2 сая 500 мянга төгрөг шилжүүлээч машины мотор янзлуулах гэсэн юм гэж хэлээд “5246035164 Бор Дашхүү” гэж бичсэн зурвас 89587075 дугаарын утаснаас явуулсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийнхөө данснаас явуулсан. Тэгээд би ирэхгүй байхаар нь өөрийнх нь утас руу залгаад авахгүй, өөр дугаараас залгахаар миний дууг сонсоод шууд салгадаг сүүдлээ утсаа авахаа больсон үүнээс хойш явсаар байгаад 2020 оны 07 дугаар сарын 1, 2-ны үеэр би А руу “Наадмын үеэр мах гайгүй ханштай болдог юм нөгөө махаа явуул гэсэн утгатай” зурвас илгээсэн чинь надад хариу “за 7 сарын 06-ны өдөр очно” гэсэн утгатай зурвас илгээсэн байсан тухайн зурвас одоо байхгүй устгасан, үүнээс хойш ирээгүй, огт холбоогүй болсон. Тэгээд би 2021 оны 03 дугаар сард А руу би “чи мөнгөө өгөхгүй бол цагдаагаар шалгуулна” гэх утгатай зурвас илгээсэн гэтэл над руу дансаа явуул одоо 3 сая төгрөг явууллаа та өргөдлөө буцаагаад авчих гэж хариу ирсэн мөнгө ч явуулсан зүйл байхгүй алга болсон. 4 сая төгрөгийг бол надад юунд зарцуулахаа хэлээгүй, харин оронд нь мах л авч ирж өгнө гэж хэлсэн юм. 6 сая төгрөгийг малын сугалааны хонжвор болон үнэт эдлэл авна гэж хэлээд авсан тухайн сугалаа нь үхрийн сугалаа явуулна гэж хэлсэн юм. 2 сая 500 мянган төгрөгийг машин эвдэрсэн сэлбэг авна гэж хэлээд авсан. Тухайн надаас мөнгө зээлсэн залуу анх танилцахдаа А гэж танилцсан юм тэгээд мөнгөө өгөхгүй алга болсныхон дараа Цэнхэр сумын нутгийн хүмүүсээс А гэж залуу байдаг талаар асуухад тийм хүн байхгүй, таны яриад байгаа залуу чинь Д.Б гэж байх ёстой гэж хэлсэн тэгээд би мөнгө зээлсэн залуугаас уулзахдаа чи надад өөрийнхөө нэрийг ямар учраас А гэж хэлсэн юм бэ гэж асуухад би А гээд хэлчихсэн юм байхдаа намайг Д.Б гэдэг А чинь манай дүүгийн нэр байхгүй юу гэж хэлсэн юм. Ер нь бол Б гэх залуу надаас мөнгө зээлж аваад залилсан гэсэн үг юм. Ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй, амаар ярилцаад өгсөн юм. 5154077302 дугаартай данс нь Э гэж хүний данс байсан санагдаж байна харин харин 5246035164 дансыг санахгүй байна Б над руу зурвас илгээж дансны дугаар явуулахдаа Бор Дашхүү гэж явуулсан байсан. Би одоо 9 сая төгрөг нэхэмжилнэ ямар нэгэн хүү бодох зүйл байхгүй өгсөн мөнгөө л авмаар байна. Би Бд 4 сая төгрөгийг бэлнээр нэг дор өгсөн надад мах авч ирж өгнө гэж хэлсэн өгөөгүй, сүүлд буюу 2019 онд 1,6 сая төгрөгийн мах өгөөд 2,4 сая төгрөгийн үдэгдэлтэй байж байгаад нэмж 6 сая төгрөг нэмж аваад тухайн оны 11 дүгээр сард 1,6 сая төгрөгийн мах өгөөд, 12 дугаар сард нь сугалааны малын махаа ачаад очиж байна машин эвдэрсэн гээд 2,5 сая төгрөг авсан юм. үүнээс хойш огт ирээгүй мах ч өгсөн зүйл байхгүй мөнгө ч өгсөн зүйлгүй, утсаа салгаад алга болсон хүн юм. 2020 оны 01 дүгээр сард 1 сая төгрөг өгсөн өөр зүйл өгөөгүй. Б гэх хүнтэй утсаар болон өөрөө холбогдож уулзах гэж би 2019 оны 12 дугаар сараас хойш одоог хүртэл явж байна огт утсаа авдаггүй авсан үедээ миний дууг таниад шууд утсаа салгаад алга болдог би бүр болохгүй болоод цагдаагийн байгууллагад хандсан юм. Бд залилуулсан мөнгөө авах юм бол ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 99-101 дүгээр тал/ 

*Гэрч С.Дгийн өгсөн: 
“...Тухайн үед надаас урд өмнө эд зүйл худалдан авч байсан зүс таних М, Д.Б гэх хоёр хүн ирээд өөрсдийгөө сугалаа явуулах гэсэн юм танайхаас үнэт эдлэл авна гээд хүнтэй утсаар яриад миний дансыг аваад 6 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд надаас Монет ээмэг 3 ширхэг, 1 ширхэг бөгж, 1 ширхэг гинж, М хослол /ээмэг, бөгж, зүүлт/ 1 ширхэг, М бүс 2 ширхэг, М аяга том жижиг 6 ширхэг эд зүйлд авсан. Тэгээд надаас үлдэгдэл мөнгийг нь буцаагаад гаргаж өгсөн санагдаад байна би тухайн үеийн дансны хуулга харж байж мэднэ. Одоо хаана байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй 2020 оны цагаан сарын үеэр нэг орж ирсэн түүнээс хойш надтай уулзаагүй. Хөдөө явуулна, урд өмнө явуулж байсан гэж байсан. Яг хаана явуулна гэдгээ хэлээгүй миний бодлоор өөрийнхөө амьдарч байгаа газраа л явуулсан байх. Миний өрний хар дэвтэр дээр 80787075 дугаарын утас бичүүлсэн байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 69-70 дугаар тал/

*Гэрч Д.Бийн өгсөн:
“...Д.Бг малаар сугалаа явуулдагийг мэднэ. Мал авч байхыг нь мэдэхгүй. 2019 онд сугалаа болсныг мэднэ. Тухайн үед хэн зохион байгуулж байсныг мэдэхгүй. Д.Б манай багт сугалаа явуулж байсан. Сугалаандаа дандаа үхэр оролцуулж авдаг. Сугалсан хүн бүхэн хонжвортой байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 89-90 дүгээр тал/ 

*Гэрч Д.Сын өгсөн: 
“...Яг цаг хугацааг нь санахгүй байна. Тэр үеэр л байх Д.Б нэг хэсэг хонь авч байсан. Мөн манай энэ хавиар наймаа хийж, сугалаа зохион байгуулж үе үе ирдэг байсан. 2019 оны 09 сард манай Орхон багийн Овоон дэнж гэх газар Д.Б нь сугалаа явуулж тэр сугалаанд нь хүмүүс шүдлэн үхрээр оролцож байсан. Хамгийн том сугалаа нь гэр байсан. Би тухайн үед сугалаанд оролцоогүй. Айл хэсэж байхдаа очиж сонирхсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 92-93 дугаар тал/ 

*Гэрч Д.Чын өгсөн: 
“...Д.Б энэ жил буюу 2021 оны 11 сард Цэнхэр сумын Орхон багийн айлуудаар аарц худалдаж авч байсан. 2019 оны сугалаанд би оролцоогүй. Хэн явуулсан эсэхийг мэдэхгүй. Харин 2020 оны зун Д.Бгийн явуулсан сугалаанд оролцож хөлдөөгч хожиж байсан. Сугалаанд оролцохдоо хязаалан үхэр өгч сугалаанд оролцож байсан. Дандаа малаар оролцдог байсан, оролцсон хүн бүр хонжвортой байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 95-96 дугаар тал/ 

 *Яллагдагч Д.Бгийн өгсөн: 
  “...Би Г.М гэх хүнээс 4 сая, 6 сая, 2,5 сая төгрөг зээлж авсан нь үнэн гэхдээ би өөрийгөө А гэж танилцуулсан зүйл байхгүй надтай хамт явсан хүнийг А гэж байсан гэхдээ тэгээд намайг А гэдэг юм байна гэж буруу ойлгосон байх гэж бодож байна. Би 6 сая төгрөгийг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт сугалаа явуулах гэж авсан юм. 2019 оны намар 09 дүгээр сард сугалаа явуулаад оролцож байгаа нэг хүнээс шүдлэн үхэр аваад хонжворт нь үнэт эдлэл, цахилгаан бараа зэрэг зүйлүүд байсан. сугалаанд оролцож цуглуулсан малаа зараад ашиг гараагүй болохоор Г.Мд зээлсэн мөнгөө өгч чадаагүй юм. Харин 2,5 сая төгрөгийг Архангай аймаг явж байгаад машины мотор эвдэрсэн машинаа янзлуулах мөнгө гээд авсан юм, 4 сая төгрөгийг мал мах авч ирж өгнө гэж хэлээд авсан юм. Би сугалаа явуулаад ашиг олоогүй. Би 2019 оны 11 дүгээр сард 2 тооны үхэр хонь ямаа нийлээд 7 тооны бог мал өгсөн, 2020 оны 01 дүгээр сард 1 сая төгрөг Дэмбэрэлсүрэн гэх хүний данснаас Г.Мий данс руу шилжүүлж өгсөн өөр зүйл надад мөнгө өгөх боломж байхгүй байсан. Өнөөдөр би хохирлын мөнгө 2 сая төгрөг өгсөн юм. цаашдаа сар бүр цалингаасаа өгөх болно. Би 4 сая төгрөг авсан зүйл байхгүй гэхдээ зээлсэн мөнгөө өгөөгүй удаасан учир тухайн мөнгийг төлөх болно. Г.М бид хоёр сайхан харилцаатай байсан учраас би түүний нэхэмжилсэн мөнгийг бүгдийг нь төлж барагдуулна гэж бодож байгаа учраас тэгж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 121-122 дугаар тал/ 

*Д.Бгийн эзэмшлийн Хаан банкны 5247227447 дугаартай депозит дансны хуулга/хх-ийн 18 дугаар тал/ 
*М.Мын Хаан банкны 5242068864 дугаартай дансны хуулга/хх-ийн 24-59 дүгээр тал/ 
*66-05 ӨВР улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа/хх-ийн 61 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
  
              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дүгээр багийн нутаг дэвсгэрт Г.Мөөс дансаар 2019 оны 06 дугаар сард 4 сая төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 6 сая төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 сая 500 мянган төгрөг нийт 12.500.000 төгрөг  залилсан авч гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Мийн”...хонийг нь худалдаж аваад анх танилцаж байсан, өөрийгөө Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт мал маллан амьдардаг би 500 хоньтой, 100 гаруй үхэртэй, хонь малаа зарж цөөлөх бодолтой байгаа гэж ярьж байсан. Надад хонио зараад 2-3 хоногийн дараа машиндаа нэг танихгүй хүний мах зараад явсан, тэгэхдээ надад 4 тооны үхрийн мах авч ирж өгнө гэж хэлээд 4 сая төгрөг бэлнээр аваад явсан, 7 хоногийн дараа 2 тооны үхрийн махтай ирээд надад мал таргалаагүй байна үлдсэн махыг чинь мал таргалахаар өгнө жаахан байзнаж байгаад өгнө гэж хэлсэн. Тухайн 2 үхрийн мах 1.600.000 /нэг сая зургаан зуу мянга/ төгрөг болсон, 2019 оны 09 сард над руу өөрөө залгаад би аймаг явж байна уулзах ажил байна гэж хэлсэн. Тэгээд хүрч ирээд та надтай хамт малын сугалаа явуулах уу гэхээр нь би ах нь явдалтай зүйлд чадахгүй гэж хэлсэн тэгвэл та надад 6 сая төгрөг зээлчих би сугалааны хонжвор бараа авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд 6 сая төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 5154077302 дугаарын дансанд өөрийнхөө 5135014549 дугаарын данснаас шилжүүлсэн. 2019 оны 11 сарын дунд үеэр надтай утсаар ярьж байгаад 2 тооны үхэр 7 тооны ямаа ачиж ирээд надаас зээлсэн Мдөө өгсөн. Тухайн мал нийлээд 1 сая 900 төгрөг болсон, би А гэх залуугаас нөгөө сугалаа чинь юу болсон бэ надаас авсан мөнгөө өгөхгүй юм уу гэхэд сугалаа болсон бүгдийг нь мал болгочихсон байгаа нүүдэл хийгээд завгүй байгаад байна удахгүй мал мах авч ирж өгнө гэж хэлээд явсан. Үүнээс хойш ямар ч холбоогүй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр над руу залгаад би сугалаагаар авсан малаа нядалж ачаад Архангай аймаг явж байна замд машин эвдрээд мотор нь эвдэрсэн гээд байна та надад 2 сая 500 мянга төгрөг шилжүүлээч машины мотор янзлуулах гэсэн юм гэж хэлээд “5246035164 Бор Дашхүү” гэж бичсэн зурвас 89587075 дугаарын утаснаас явуулсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийнхөө данснаас явуулсан. Тэгээд би ирэхгүй байхаар нь өөрийнх нь утас руу залгаад авахгүй, өөр дугаараас залгахаар миний дууг сонсоод шууд салгадаг сүүдлээ утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Бгийн мэдүүлэг,  ХААн банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Бгийн бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүхээс шүүгдэгч Д.Бг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
            
             Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мд 12.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч Г.М нь хохирол төлбөрөөс 6.000.000 төгрөгийг аваагүй, энэ мөнгөө нэхэмжлэнэ, хохирол төлбөрийн талаар шүүгдэгч Д.Бтэй тохиролцсон гэсэн хүсэлт ирүүлсэн тул уг хохирлыг шүүгдэгч Д.Бгээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, уг  торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солих болохыг тайлбарлан шийдвэрлэв.  

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 
          
            1. Шүүгдэгч М овогт  Дгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгээс 6.000.000/зургаан сая/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, ............. тоотод оршин суух хаягтай, Халх овогт Г.....ийн М/РД:АЭ........../-д олгосугай. 

            6. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР