| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01188/И |
| Дугаар | 102/ШШ2017/02019 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/02019
| 2017 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2017/02019 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, Рашаант 9 дүгээр гудамжны 79 тоотод оршин суух, эрэгтэй, 32 настай, Мааньч овогт Төмөрбаатарын Жигмэддамбын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, эрэгтэй, 38 настай, Цүдгэр овогт Мягмарын Мэндбатаа,
Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 67 дугаар байрны 20 тоотод оршин суух, эрэгтэй, 37 настай, Бадран овогт Жовдоогийн Баярбат нарт холбогдох,
43,100,000 /дөчин гурван сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Т.Жигмэддамба нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг М.Мэндбатаа, Ж.Баярбат нартай хийж, автомашины төлбөр болох 50,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийн урьдчилгаа авч, үлдэгдэл болох 47,000,000 төгрөгийн 22,000,000 төгрөгийг нь М.Мэндбатаа, 25,000,000 төгрөгийг нь Ж.Баярбат нар төлөхөөр тохиролцсон. Төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж дуусгахаар, хэрвээ үүргийг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй бол хоногийн 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан. Гэтэл М.Мэндбатаа болон Ж.Баярбат нар төлбөрийг хугацаанд нь төлөлгүй 2 жил болж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг баримтлан: М.Мэндбатаагаас 22,000,000 төгрөгийн алданги 11,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөг. Үүнээс 12,000,000 төгрөгт 4 айлын газар, 4,400,000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэгдэл болох 16,000,000 төгрөгийг гаргуулах, Ж.Баярбатаас 25,000,000 төгрөгийн алданги 12,500,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөг. Үүнээс 7,000,000 төгрөгт 2 айлын газар, 4,000,000 төгрөг бэлнээр авсан. Үлдэгдэл болох 26,500,000 төгрөг. Нийт М.Мэндбатаа болон Ж.Баярбат нараас 43,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд М.Мэндбатаа, Ж.Баярбат нарт холбогдуулан 43,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд Ж.Баярбат нь шүүхээс илгээсэн зарлан дуудах хуудсыг өөрийн биеэр хүлээн аваагүй ба Солонгос улс руу гэрээгээр явсан гэж ар гэрийнхэн нь мэдүүлсэн. Ж.Баярбатын хувьд ар гэрийнхэнтэйгээ тогтмол холбоо барьдаггүй, мөн хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа тул хэргийг үнэн зөв, бодитой, хурдан шийдвэрлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч М.Мэндбатаад холбогдох 16,000,000 төгрөгийг тусдаа нэхэмжлэн, хамтран хариуцагч болох Ж.Баярбатын хувьд Монгол улсад ирсэн үед нь хуулийн байгууллагад хандах нь зүйтэй гэж үзэж байгаа учир түүнд холбогдох 26,500,000 төгрөг гаргуулах шаардлагаа татан авч байна.
Т.Жигмэддамба нь М.Мэндбатаатай найз нөхдийн холбоотой, урьд нь хамтарч бизнес эрхэлж байсан бөгөөд Ж.Баярбаттай түүгээр дамжуулан танилцсан байдаг. Улмаар энэ хоёр хүн Т.Жигмэддамбад “бид хоёр хамтарч юм хийх гэж байгаа юмаа, машиныг чинь авъя” гэсэн санал тавьсан байдаг бөгөөд М.Мэндбатаагийн зүгээс машиныг Ж.Баярбат авахад батлан даагчийн журмаар гэрээнд оролцохыг хүссэн. Учир нь түүнтэй хийх ажилд хамтран оролцох учраас автомашиныг хувааж төлнө гэсэн байдаг. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгээд, тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авах, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар хугацаандаа төлөхгүй бол 0,5 хувиар бодож алданги тооцохоор заасан. Гэрээний хугацаанд худалдан авагч нар төлбөрөө огт хийгээгүй. Энэ гэрээг байгуулснаас хойш 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр буюу хоёр хоногийн дараа худалдах, худалдан авах гэрээг мөн байгуулсан байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар сүүлийн гэрээг байгуулахад төлбөрийг бүрэн төлж барагдуулах ёстой байсан бөгөөд уг гэрээнд “төлбөр дууссан” гэж бичсэн байдаг. Ингэж бичих болсон шалтгаан нь: М.Мэндбатаа болон Ж.Баярбат нарын зүгээс “төлбөрийг заавал 12 дугаар сарын 31-ний өдөр гэлгүй, 11 дүгээр сарын 26-ны өдөр бүрэн барагдуулах боломжтой байна. Тэгэхээр энэ машинаа нэр дээр солиулаад өгчих, машиныг бид банкны барьцаанд тавиад, үлдэгдэл 47,000,000 төгрөгийг цаг хугацаа алдалгүй гаргаж өгье” гэдэг санал тавьсан. Энэ ашигтай байдлыг харгалзаад Т.Жигмэддамба 11 дүгээр сарын 26-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээг хийсэн боловч ямар ч төлбөр аваагүй. Үндсэндээ дүр үзүүлсэн гэрээ хийгээд энэ худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тээврийн хэрэгслийг 2 хүний нэр дээр шилжүүлэх боломжгүй учраас гэрчилгээг Ж.Баярбатын нэр дээр шилжүүлсэн. Энэ тээврийн хэрэгсэл банкны барьцаанд тавигдсан байдаг. Энэ асуудалтайгаа холбоотойгоор төлбөрөө барагдуулаачээ гэдэг шаардлага тавихаар боломжгүй байнаа гээд утсаа унтраагаад алга болчихдог. Ингээд нэхэмжлэгч нь М.Мэндбатаа, Ж.Баярбат хоёрыг гэрээгээр халхавчилж залилан мэхэлсэн гэж үзэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан боловч уг гомдол шат шатандаа хэрэгсэхгүй болсоор Улсын ерөнхий прокуророос залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, иргэний журмаар шийдвэрлэх маргаан байна гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. М.Мэндбатаа эрх зүйн бүрэн чадамжтай учир ямар үр дагавартай гэрээнд гарын үсэг зурж байгаа гэдгээ ойлгохоор бөгөөд гарын үсэг зурахаас татгалзах эрхтэй байсан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 7 дахь заалтад төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа нэрийг солино гэж заасан байгаа. Бид бараа бүтээгдэхүүний хувьд биет байдлын болон эрхийн доголдолгүйгээр шилжүүлж өгсөн. Мөн Ж.Баярбат болон М.Мэндбатын зүгээс төлбөр төлсөн үйлдлүүд байгаа. Энэ гэрээ бол Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Мэндбатаагаас 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Баярбат нь Дэү маркийн 31-55 УНА улсын дугаар бүхий автомашиныг Зээлээр худалдах, худалдан авах гэрээг Т.Жигмэддагватай байгуулж авсан бөгөөд тухайн үед түүний гуйлтаар М.Мэндбатаа 3,000,000 төгрөгийг төлж, 22,000,000 төгрөг төлөхөөр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Төлбөр тооцоог Ж.Баярбат төлнө гэж тухайн үед ойлгож байсан. М.Мэндбатаагийн хувьд дээрх автомашиныг худалдаж авах ямар нэгэн хэрэгцээ, шаардлага, зорилго байгаагүй. Т.Жигмэддамбын гомдлоор Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, цаг зав сэтгэл санаагаар маш их хохироосон. Цагдаагийн байгууллагаас шаардаж, аргагүй байдалд орсны улмаас 2016 оны 1 дүгээр сарын 15-нд 4,400,000 төгрөг бэлнээр төлж, мөн 3 айлын газрыг 12,000,000 төгрөгт тооцож, нийт 16,400,000 төгрөг төлсөн. Найз Ж.Баярбатын гуйлтаар дээрх гэрээнд гарын үсэг зурснаас үүдэж эд мөнгөний болон сэтгэл санааны хохирол амссан. Тухайн эд хөрөнгө нь М.Мэндбатаад шилжээгүй. Түүнчлэн маш өндөр дүнтэй алданги тооцсон байгаа бөгөөд М.Мэндбатаад давхар хохирол учирч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Анх 2013 оны 6 дугаар сард Т.Жигмэддамба нь М.Мэндбатаад өөрийн автомашиныг зарах хэрэгтэй байгаа, авах хүн байвал санал болгооч гэж хэлсэн байдаг. М.Мэндбатаа тэр машиныг нэг ч удаа харж байгаагүй. Улмаар Ж.Баярбат гэдэг хүнтэй түүнийг танилцуулаад, энэ хүн машиныг худалдаж авах санал тавьсан байдаг. Хэдийгээр гэрээнд болон нэхэмжлэгчийн тайлбарт 3,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн гэж бичсэн байдаг боловч бодит байдал дээр Т.Жигмэддамба тухайн үед машинаа онхолдуулсан байсан, Ж.Баярбат ч мөнгөгүй байсан бөгөөд М.Мэндбатаад хүсэлт тавиад машины засварт 3,000,000 төгрөгийг урьдчилж авсан байдаг юм. М.Мэндбатааг гэрээнд оруулахдаа нэг төрлийн батлан даагчаар оруулсан бөгөөд гэрээг гэрчилж байсан нотариатч түүнд ийм гэрээ хийж болохгүй, таныг гэрээний нэг тал гэж ойлгож болзошгүй гэхэд Т.Жигмэддамба болон Ж.Баярбат нар удахгүй хоорондоо Худалдах, худалдан авах гэрээ хийгээд машинаа шилжүүлчихнэ гэж хэлээд гэрээгээ байгуулсан байдаг. Ингээд 2 хоногийн дараа Т.Жигмэддамба, Ж.Баярбат нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байгаа. Түүнийхээ дараа автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Ж.Баярбатын нэр дээр шилжсэн байх ёстой ч энэ талаар барим хэрэгт байхгүй байсан. Үүнээс хойш М.Мэндбатаа энэ хоёр хүнтэй огт холбогдоогүй байдаг. Гэтэл Ж.Баярбат нь уг машиныг мөн 2 удаа онхолдуулсан байдаг бөгөөд төлбөрийг нь төлөх чадваргүй болоод, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьсан байдаг. Улмаар 2015 онд Ж.Баярбат, М.Мэндбатаа хоёр дээр эрүүгийн хэрэг үүсгэгдэж, нэг жил гаруй шалгагдаад хэрэгсэхгүй болсон. Энэ үед М.Мэндбатаа хүн чанар гаргаж, 16,400,000 төгрөгийг Т.Жигмэддамбад өгч, ингэхдээ гэрээний дагуу бус, Ж.Баярбатын өмнөөс өгч, эргээд Ж.Баярбатаас уг мөнгийг авахаар тохиролцож өгсөн байдаг. М.Мэндбатаагийн хувьд энэ хоёр хүний хооронд зуучилсан биш өөрөө хохирчихоод байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээн дээр М.Мэндбатаа гарын үсэг зурсан нь үнэн боловч 2 хоногийн дараа Т.Жигмэддамба, Ж.Баярбат нар хоорондоо худалдах, худалдан авах гэрээгээ өөрсдөө хийсэн болохоор энэ хүмүүсийг хоорондоо учраа олсон гэж бодсон байдаг. М.Мэндбатаа нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Жигмэддамба нь хариуцагч М.Мэндбатаа, Ж.Баярбат нарт холбогдуулан, автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт М.Мэндбатаагаас 16,000,000 төгрөгийг, Ж.Баярбатаас 26,500,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Баярбат нь БНСУлс руу явсан болох нь баримтаар тогтоогдож, түүнийг Монгол улсад ирэх үед жич нэхэмжлэхээр Ж.Баярбатад холбогдох 26,500,000 төгрөг гаргуулах шаардлагаа татан авч, М.Мэндбатаагаас 16,000,000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн.
Хариуцагч М.Мэндбатаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш 2 хоногийн дараа Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээний зүйлийг Ж.Баярбатын нэр дээр шилжүүлсэн бөгөөд, уг хөрөнгийг ашиглаагүй, үр шимийг хүртээгүй учир 16,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагчаар оролцвол зохих этгээд биш гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.
Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Автомашин зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулагдаж, худалдагч тал Т.Жигмэддамба нь худалдан авагч тал Ж.Баярбатад Дэүү /Daewoo/ маркийн 31-55 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэх, худалдан авагч нь төлбөр 50,000,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөх үүрэг хүлээн, гэрээний дагуу хүү тооцолгүйгээр, гэрээний төлбөр төлөх хуваарийг тохирохдоо: “урьдчилгаа 3,000,000 төгрөгийг М.Мэндбатаа төлсөн, үлдэгдэл 47,000,000 төгрөгийн 22,000,000 төгрөгийг М.Мэндбатаа, 25,000,0000 төгрөгийг Ж.Баярбат гэрээнд заасан хугацаанд тус тус төлөх” нөхцөл зааж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногт 0,5 хувийн алданги тооцохоор нөхцөл зааж, хэн аль нь гарын үсэг зуран нотариатаар гэрчлүүлжээ. /хх 7/
Дээрх гэрээний 7 дугаар зүйлд зааснаар худалдан авагч тал нь автомашины төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр солигдохоор тохиролцсон байна.
Талууд гэрээгээ “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасны дагуу хүү тооцоогүй, гэрээний зүйлийн үнэ төлбөрийг шууд төлөх үеийн үнээс төлж дуусах үед нэмэгдсэн шинж агуулагдаагүй байх бөгөөд уг гэрээгээр талууд худалдсан зүйлийн үнийг төлөх хугацааг тохирсон байгаа нь “Худалдах, худалдан авах“ гэрээний шинжийг агуулсан байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Маргаан бүхий дээрх гэрээг байгуулснаас хойш 2 хоногийн дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр худалдагч Т.Жигмэддамба болон худалдан авагч Ж.Баярбат нарын хооронд “Автомашин худалдах, худалдан авах” гэрээ байгуулагдаж, энэ гэрээгээр тэдний хооронд өмнө байгуулагдсан гэрээний зүйл болох Дэүү маркийн 31-55 УНА улсын дугаартай автомашиныг худалдагч Т.Жигмэддамбаас худалдан авагч Ж.Баярбатад шилжүүлэх, автомашины үнэ 50,000,000 төгрөгийг худалдан авагч нь гэрээ байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээн, гэрээний нэмэлт нөхцлөөр “төлбөр дууссан” талаар тусган, улмаар гэрээний зүйл болох автомашиныг Ж.Баярбатын нэр дээр шилжүүлсэн байна. /хх 6/
Гэрээний зүйл болох автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдан авагч Ж.Баярбатын нэр дээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй боловч зохигчдын тайлбараар нотлогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Жигмэддагва нь эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэхээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байх бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч М.Мэндбатаагаас Т.Жигмэддбамбад 16,400,000 төгрөгийг хүлээлгэн өгснийг дурдаж, тэдний хооронд “Хэлцэл” хийгдэн, нотариатаар баталгаажуулсан байх хэдий ч уг мөнгийг ямар гэрээний дагуу төлж, төлбөрийг хэрхэн тооцсон талаарх байдал тодорхойгүй болжээ. /хх 8/
Мөн өдөр Ж.Баярбат нь “Т.Жигмэддамбаас Дэүү маркийн автомашин худалдан авахад гарсан тооцооны асуудалд М.Мэндбатаа хамааралгүй, Т.Жигмэддамбад төлсөн 16,400,000 төгрөгийг тодорхой хугацааны дараа төлнө” гэх агуулга бүхий тодорхойлолт гарган, нотариатаар гэрчлүүлсэн байгааг дүгнэвэл М.Мэндбатаа нь Ж.Баярбатын өмнөөс 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргээс гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заажээ.
Хариуцагч М.Мэндбатаагийн үйлдлийг хуулийн энэхүү зохицуулалтад зааснаар Автомашин худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч буюу үүрэг гүйцэтгэгч Ж.Баярбатын үүргээс гүйцэтгэсэн гэж дүгнэв.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дахь хэсэгт “гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Т.Жигмэддамба нь гэрээний зүйл болох автомашиныг Ж.Баярбатын өмчлөлд шилжүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлах боловч уг гэрээг тийнхүү хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, түүнийг хүчин төгөлдөр бусд тооцсон шийдвэр байхгүй байгааг дурдах нь зүйтэй.
2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээгээр заасан үүрэг нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээ байгуулагдсанаар өмнөх гэрээг дүгнэж дуусгавар болсон гэж үзэх бөгөөд эхний гэрээгээр автомашины төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулснаар өмчлөгчийн нэр солигдох буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авагчийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх үүрэг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу биелэгдсэн байх бөгөөд, энэ гэрээ байгуулагдсанаар өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон байна.
Мөн, худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашин М.Мэндбатаагийн бус Ж.Баярбатын нэр дээр шилжсэн байхад гэрээний үүргийг хөрөнгө шилжээгүй этгээдээс шаардах эрхгүй тул М.Мэндбатаагаас 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрт ологдсон итгэмжлэлийн дагуу хариуцагч Ж.Баярбатад холбогдох 26,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа татан авахыг хүссэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт нийцсэн байх тул тийнхүү татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 106 дугаар зүйлийн 106.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Мэндбатаагаас 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Жигмэддамбын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Жигмэддамба нь хариуцагч Ж.Баярбатаас 26,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсныг баталгаажуулж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,450 төгрөгөөс 237,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 135,500 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулж Т.Жигмэддамбад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА