Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/02021

 

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/02021

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, …дүгээр байр ..тоотод байрлах  “Хүнхсэрвэн” ХХК-ийн

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Хг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч “Хүнхсэрвэн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2010 онд үйлдвэрлэгдсэн ... улсын дугаартай “Nissan Gashqai’ маркийн суудлын авто машины кузовийн эвдрэл, гэмтлийг засуулахаар Баянзүрх дүүргийн Шар хаданд аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан 88444480 утасны дугаартай Халиунаа гэгч эмэгтэйн ажиллуулж байсан Ветьнам авто кузов засварын газарт авто машиныг 2016 оны намар 9-р сард хүлээлгэн өгч, засварын хөлс болох 500,000 төгрөгийг бэлнээр төлсөн юм. Авто машины зарим сэлбэг олдоц муутай, авсан сэлбэг таараагүй тул арга буюу хугацаа сунжирч, сэлбэгийг Орос улсаас захиж, авчруулан уг засварын ‘азарт очтол ажиллаж байсан ветьнам улсын иргэн Дон юу гэгч нутагруу нутагруу түр хугацаагаар явсан байсан бөгөөд эхнэр болох Халиунаа нь мөдхөн ирээд засна та хүлээж бай гэсний дагуу цагаан сар буюу 2-р сарын эх хүртэл хүлээсэн бөгөөд уг засварын газар нүүж, өөр газар очсон байсан бөгөөд миний засуулахаар өгсөн машиныг тонож, зарим эд ангийг тайлж авсан байсан ба Халиунаа нь бүх эд ангиуд байгаа бид тайлаад авсан байгаа, эргүүлээд тавьж, машиныг засварлан өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн бөгөөд сүүлдээ уулзая гэсэн боловч товлосон газраа ирдэггүй, заримдаа утсаа ч авахгүй, машиныг бусдын хашаанд орхисон, хаяг болон засварын газраа зааж өгөхгүй байгаа тул түүний хаяг болон аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг ИХШХШТХ-ийн 133-р зүйлийн 1.9-д зааснаар эрэн сурвалжилж, тогтоож өгөхийг шүүхээс хүсэж байна. Халиунаа гэгч нь уг засварын газрыг байгуулж, ажиллуулж байсан гэдэг засварын хөлс мөнгийг хүлээн авсан, Халиунаа нь одоо ч … дугаарын утсан дээрээ байгаа бөгөөд энэ утсаараа Юнитель ХХК-ны азтан болж Зайсанд байр хожсон, одоо энэ байрандаа амьдарч байгаа юм байна гэжээ.

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч “Хүнхсэрвэн” ХХК нь харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Хг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Н.Х нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “Хүнхсэрвэн” ХХК-ийн хүсэлтийг хангаж, Н.Хг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Мөн хүсэлт гаргагч “Хүнхсэрвэн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв нь түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Хг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Н.Х нь …дугаарыг эзэмшдэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв …дугаартай болохыг тус тус дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.