Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0239/Э |
Дугаар | 2022/ШЦТ/253 |
Огноо | 2022-03-01 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/253
2022 03 01 2022/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,
улсын яллагч: Д.Ганчимэг,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгино-Хайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.02.22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Цэргийн төв эмнэлэгт хагалгааны тасагт сувилагч ажилтай, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо Алтан овоогийн 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:Ц377021409/ Боржгон овогт Дугарсүрэнгийн Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 2-57 тоотод байх гэртээ “унтаж амар гэх шаардлагыг нь эсэргүүцэн” нөхөр П.Бийг хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.
- Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/,
- Хохирогч П.Бийн “2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байтал манай эхнэр ******* 21 цагийн үед гар утсаар “намайг ирээд ав” гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу миний бие хувийн тээврийн хэрэгслээрээ эхнэр *******гийн байгаа газар болох Цайз-16 захын орчмоос аваад Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд байх гэртээ ирсэн. Намайг очиж авах үед манай эхнэр ******* архи хэрэглэчихсэн байсан. Тэгээд гэртээ унтахаар ороо засацгаасан юм. Гэтэл манай эхнэр унтахгүй гэрийн гадаа суугаад байсан ба тухайн үед манай 17 настай эрэгтэй хүүхэд болох Б.Б оруулах гээд дийлээгүй. Тэгээд миний бие гарч эхнэрээ гэртээ оруулсан. Оруулаад “унт” гээд хэлэхэд “унтахгүй” гээд эсэргүүцэл үзүүлж улмаар ширээн дээр ил харагдаж байсан хар өнгийн хутгыг авч миний мөрний дээд хэсгийг зүсэж гэмтээсэн. Тухайн үед би хүүгийн хамт хүчээр болиулж унтуулчхаад ГССҮТ-д очиж оёдол тавиулсан. Манай эхнэр ******* архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ унтахгүй гэх шалтгааны улмаас уурлаж улмаар миний биед мэс хүргэсэн.” гэх мэдүүлэг /хх-12-14/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2707 дугаартай “П.Бийн биед зүүн суганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Бий: “ээжийг гэрт нь орж унтуулах гэсэн боловч ээж үгэнд орохгүй байсан. Аав ээжийг гэр рүү оруулсан. Би хэсэг гадаа байж байгаад гэр рүүгээ ороход аавын мөр хэсэг хутгаар зүсэгдсэн, ээж газарт унасан байсан. Манай гэрт ээж, ааваас өөр хүн байгаагүй. Ээж унтаж, аавтай хамт ГССҮТ-д очиж аавыг үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
- Яллагдагч *******гийн “миний бие хамтран амьдрагчаа архи уусан үедээ хутгалж гэмтэл учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь нөхөр П.Бийн “унтаж, амар” гэсэн шаардлагыг эсэргүүцэн хутгалж түүний эрүүл мэндэд нь “зүүн суганд шарх” бүхий бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч П.Бийн мэдүүлэг /хх-12-14/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2707 дугаартай дүгнэлт /хх-27-28/, гэрч Б.Бий мэдүүлэг /хх-ийн 21/, *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь ямар ч шалтгаангүйгээр нөхөр П.Бийг хутгалж махбодид нь “зүүн суганы шарх” бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч П.Б нь “эхнэртэйгээ эвлэрсэн, гомдол санал байхгүй” гэж мэдүүлж /хх-13-14/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч П.Б нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******гаас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүйн улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж *******гаас жич нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин хүйтэн зэвсэг хутга хэрэглэж хохирогчийн биед гэмтэл үүсгэсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч П.Б нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “ажлын хэсэг 9 см, хар өнгийн бариултай, бариул хэсэг нь 10 см хэмжээтэй” хутгыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржгон овогт Д-гийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржгон овгийн Д-гийн Бд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч П.Б нь “гомдол саналгүй” гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******гийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн нэг ширхэг хутгыг устгасугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц нэг ширхэг хутгыг Шүүхийн Тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг *******д холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Сарантуяад даалгасугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ