Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0230/Э |
Дугаар | 2022/ШЦТ/244 |
Огноо | 2022-02-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/244
2022 02 28 2022/ШЦТ/244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: О.Жавхлан,
улсын яллагч: Х.Нарангуа,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.02.21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Баруунтуруу суманд 1988.05.28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, IT инженер мэргэжилтэй, хувиараа тоглоомын сервер ажиллуулдаг ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Хилчин хотхон 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**000000/ Элжигэнбууч овогт Ц-ын Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхон 12-18 тоот гэртээ хамтран амьдрагч О.О-тай маргалдан, улмаар толгойн тус газарт нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь дух дээд зовхинд цус хуралт бүхий бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч О.О-ийн “2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би ажлынхаа хүмүүстэй гадуур ууж идэж байгаад 23 цагийн үед нөхөр рүүгээ залгаад намайг тосоод авчих гэж хэлсэн. Тэгсэн нөхөр “чи хурдан ирээч ээ хөлдөж үхлээ” гэж хэлсэн. Тэгээд би очоод “ямар сүртэй юм бэ жаахан хүлээхэд яадаг юм бэ” гэж хэлсэн. Бид хоёр гэр рүүгээ ороод маргалдсан. Тухайн өдөр ажлын хүмүүстэйгээ гадуур гарна гэдгээ хэлээгүй байсан. Өмнө нь намайг цохиж зодож байгаагүй, анх удаа гар хүрч байна.” гэх мэдүүлэг /хх-10-12/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1412 тоот дүгнэлтэд “О.Оюундарийн дух дээд зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн өмнө үүссэн байна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-18-19/,
- Яллагдагч *******гийн “2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн үед манай эхнэр утсаар яриад “би одоо гарах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад гар утас руу залгахад утас нь унтраатай байсан. Би гэртээ хүлээгээд байж байсан чинь шөнийн 00 цагийн үед над руу залгаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос такси бариад очиж байна, хотхоны үүдэнд гарч ирээд таксины мөнгө өгөөд аваадах” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээгүүрээ куртик өмсөөд доогуураа шорт, табчиктай гарсан байсан. Би хотхоны үүдэнд 30 минут хүлээж байгаад ирэхээр нь “би хөлдөж үхлээ ирвэл ирээд ирэхгүй бол цаашаа зайлаач” гэсэн чинь “юун сүртэй юм ганц удаа тосуулж байхад хүлээж чадахгүй” гээд гэрт орон ортол хэрүүл хийгээд байсан. Тэгээд гэрт ороод “чи олон өдөр ууж идлээ болно ш дээ” гээд унтлагын өрөө рүү оруулаад байж байсан чинь урдаас “чи намайг цохь л доо” гээд агсраад дайраад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд уурандаа нүүр рүү нь цохиод авсан. Би өөрийн буруугаа ухамсарлаж байна.” гэх мэдүүлэг /хх-51-53/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч О.Отай маргалдаж О.Оюундарийн нүүр хэсэгт нь гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь “дух дээд зовхинд цус хуралт” бүхий бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч О.Оюундарийн мэдүүлэг /хх-10-12/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1412 дугаартай дүгнэлт /хх-18-19/, *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч О.Оюундарийн нүүр рүү нь гараараа цохиж зодож бие махбодид нь “дух дээд зовхины цус хуралт” бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчийн зүй бус ажиллагаанаас шалтгаалсан гэнэт үүссэн шинжтэй, шууд санаатай үйлдэл байх тул *******г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч О.О нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэж мэдүүлж /хх-8-9/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч О.О нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******гээс шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүйн улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж *******гээс жич нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа харьцаа нөлөөлсөн /гадуур архидан согтуурч, шөнө оройн цагаар хэрүүл маргаан өдсөн/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч О.О нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Элжигэнбууч овогт Ц-ын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Элжигэнбууч овогт Ц-ын Бд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч О.О нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ