| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 101/2015/07484/И |
| Дугаар | 102/ШШ2017/02225 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/02225
| 2017 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/02225 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто хотхоны 307 дугаар байрны 52 тоотод оршин суух, эмэгтэй, 47 настай, Салар ургийн овогт Б.А-н,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 9-39 тоотод бүртгэлтэй бөгөөд үйл ажиллагаа явуулдаг, “Камдер” ХХК-д холбогдох,
Орон сууцны талбайн зөрүү 15,192,900 төгрөг тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.А-с гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлсний алдангид 33,057,975 төгрөг гаргуулах тухай “Камдер” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, хариуцагч байгууллагын өмгөөлөгч М.Бадрал /ШТҮД:905/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би “Камдер” ХХК-иас 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 803/2-52 тоот гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто хотхоны 307 дугаар байрны /гэрээнд 803 дугаар байрны гэсэн байгаа/ 2 дугаар орцны 9 давхарт 52 тоотын 88,42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авч, 2014 онд ашиглалтанд орж байрандаа орсон. Би орон сууцны үнэ 1 м.кв талбайг тухайн үед 1,530 ам.доллараар үнэлж, нийт 88,42 м.кв талбайн үнэ бүгд 135,282.60 ам.долларыг “Камдер” ХХК-д графикийн дагуу төлсөн юм. Гэтэл орон сууц ашиглалтанд орсноос хойш жил хагасын дараа байрны талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс зөрүүтэй байгаа талаар харалдаа дээд давхрын айлаас сонсоод орон сууцандаа эрх бүхий байгууллага болох “Инжкон” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 4,97 м.кв буюу 5 м.кв шахам дутуу болохыг мэдсэн юм. Орон сууц захиалгын гэрээгээр 1 м.кв талбайг дунджаар 1,530 ам.доллараар тооцон төлбөрийг хийсэн. Би гэрээний дагуу 88,42 м.кв талбайд нийт 135,282.60 ам.долларыг “Камдер” ХХК-д төлж барагдуулсан учир надад талбайн зөрүүтэй, гэрээнд зааснаас дутуу байгаа талбайн зөрүү 5 м.кв-ын үнэ 7,650 ам.долларыг нэхэмжлэх нь шударга ёсонд нийцнэ. Иймд хариуцагч “Камдер” ХХК-иас миний гэрээнд заасан талбайн хэмжээний зөрүү 5 м.кв талбайн төлбөр төлсөн 7,650 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны 1 ам.долларын ханш 1986 төгрөгөөр тооцон, 15,192,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “Камдер” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Халиунаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б.А нь захиалсан талбайн хэмжээ дутсан мэтээр нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй юм. Учир нь Б.А Орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа гэрээний нөхцөл, зураг төсөл болон орон сууцны танилцуулгатай бүрэн танилцсаны дараа гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т “Орон сууцны худалдах талбайн хэмжээг барилгын зураг төсөлд үндэслэн орон сууцны гадна ханын дотор талаас тооцоолсон ба уг талбайд сууцны ба сууцны бус зориулалттай талбай, түүний бүрдэл хэсэг орно” гэсэн нөхцлийг Б.А зөвшөөрсөн. “Камдер” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, үүргийн зөрчил гаргасан явдал байхгүй гэж үзэж байна. Орон сууц захиалгын гэрээний 5.3 дахь заалт нь Иргэний хуулийн 189.1-д заасантай нийцэж байгаа юм. Энэхүү нөхцөл нь гэрээ байгуулах эрх чөлөөний зарчмын дагуу гэрээг байгуулах эсэх болон хэнтэй байгуулах, гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэхээ өөрөө чөлөөтэй шийдвэрлэх, түүнчлэн гэрээний нөхцлийг хуулийн хүрээнд тодорхойлох боломжийн хүрээнд хийгджээ. Нэхэмжлэгч нь Б.А захиалсан орон сууцны талбайг гэрээний 5.3-т заасны дагуу хананы дотор талаас хэмжихэд зураг төсөл болон гэрээнд заасан хэмжээндээ байгаа бөгөөд өрөөнүүдийг тусгаарласан хананы доор байгаа талбай ч гэсэн иргэн Б.Агийн худалдан аввч байгаа орон сууцны талбайд хамаарна. Учир нь манай компани гэрээгээр иргэн Б.Агийн дан ганц 88,42 м.кв талбайг бус, харин дуу чимээ тусгаарлах, ая тухтай орчныг бүрдүүлсэн, зориулалтын зузаантай, барилгын норм, стандартад нийцсэн өрөө хоорондын хана, цонх, хаалга бүхий иж бүрэн орон сууцыг барьцж ашиглалтанд оруулан хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Түүнчлэн манай компани барилгын зураг төслийг зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниар гүйцэтгүүлэн эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан бөгөөд орон сууцны хорооллын барилгууд бүхэлдээ энэ л зураг төслийн дагуу баригдсан. Иргэн Б.Агийн захиалсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээгээрээ байгаа ба зураг төсөлд ч ямар нэг өөрчлөлт ороогүй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанбагана шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Б.А нь орон сууц захиалгын гэрээний хавсралтанд заасны дагуу орон сууцны төлбөр 135,282.6 ам.долларыг 9 хувааж (20%+10%+10%+10%+10%+10%+10%+10%+10%+10%=100%) төлөх үүрэг хүлээсэн ч удаа дараа хугацаа хэтрүүлсэн. Үүнд: 2012.10-30-нд 13,528 ам.доллар төлөх ёстой байсан ч 58 хоногийн дараа 14,300 ам.доллар төлсөн, 2012.11.30-нд 13,528 ам.доллар төлөх ёстой байсан ч 28 хоногийн дараа 772 ам.доллар төлж, үлдэгдэл 12,756 ам.долларыг түүнээс хойш 144 хоногийн дараа төлсөн, 2012.12.30-нд 13,528 ам.доллар төлөх ёстой байсан ч 142 хоногийн дараа төлсөн, 2013.1.30-нд 13,528 ам.доллар төлөх ёстой байсан ч 111 хоногийн дараа төлсөн, 2013.3.30-нд 13,528 ам.доллар төлөх ёстой байсан ч 52 хоногийн дараа 8,313 ам.долларыг төлж, үлдэгдэл 5,215 ам.долларыг түүнээс хойш 7 сарын дараа 2014.1.09-нд төлсөн. 2013.6.30-нд 13,528 ам.доллар төлөх ёстой байсан ч 6 сарын дараа 2014.1.09-нд төлсөн.
Орон сууц захиалгын гэрээний 8.1-д “Захиалагч нь гэрээний 2.2-д заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд дутуу төлбөрийн үнийн дүнгээс 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж заасан. Захиалагч гэрээнд заасан хуваарьт хугацаанд төлөөгүй учир дараахь алдангийг нэхэмжилж байна. 2012.10.30-нд төлөх 13,528 ам.долларыг 58 хоног хэтрүүлж төлсний алдангид 3,923 ам.доллар, 2012.11.30-нд төлөх 13,528 ам.долларыг 28 хоног хэтрүүлж төлсний алдангид 1,893 ам.доллар, үлдэгдэл 12,756 ам.долларыг түүнээс хойш 144 хоног хэтрүүлж төлсний алдангид 6,378 ам.доллар, 2012.12.30-нд төлөх 13,528 ам.долларыг 142 хоног хэтрүүлж төлсний алдангид 6,764 ам.доллар, нийт 18,959 ам.доллар буюу 38,842,062 төгрөгийг Б.Агаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Камдер” ХХК-д захиалагч Б.А нь орон сууцны захиалгын үнийг бүрэн төлж барагдуулсан юм. Түүнчлэн, “Камдер” ХХК нь гэрээнд заасан хугацаа буюу 2013 оны 2 дугаар улиралд орон сууцыг ашиглалтанд өгөхөөр тохирсон боловч 2014 оны 1 дүгээр сард ашиглалтанд орсон юм. Ийнхүү 6 сар орон сууцыг ашиглалтанд оруулах хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор түлхүүр хүлээлгэн өгөх үед үлдэгдэл төлбөр хийх хугацаа хэтэрсэнд захиалагч Б.А буруугүй билээ. “Камдер” ХХК нь Б.А орон сууцны төлбөр хийх үед алданги тооцох талаар ямар нэг шаардлага тавих, хүсэлт болон ямар нэгэн гомдол ярьж хэлсэн зүйлгүй бөгөөд Б.А нь орон сууцны талбайн зөрүүний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ийнхүү төлбөр хугацаандаа төлөөгүйн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Хариуцагч тал гэрээнд заасан хугацаанаас хойш 6 сарын дараа орон сууцыг ашиглалтанд оруулсан байдаг. Захиалагчид орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгөхдөө ямар нэгэн төлбөр байхгүй гэж гүйцэтгэх захирал нь тодорхойлолт гаргасан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаар ханын дотор талаас хэмжилтийг тооцно гэсэн нь Барилгын тухай хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS 6058:2009 стандартыг тус тус зөрчсөн бөгөөд ийм гэрээний заалтыг баримталсан нь үндэслэлгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Маргааны зүйл болох байрыг 2013 оны 11 дүгээр сард улсын комисс хүлээж авсан. Гэрээний дагуу 88,42 м.в гэсэн хэмжээ нь гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаар хийсэн хэмжилт ба дотор хананаас хэмжин, өрөө хоорондын ханын хэмжээг оруулахгүй гэдгийг гэрээ байгуулах үед захиалагчид тайлбарлаж өгсөн байдаг. Өрөө хоорондын ханын талбайг захиалагч өөрчлөх боломжтой тул 88,42 м.кв хэмжээгээр тооцон гэрээ байгуулсан. Б.А нь 2014 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төлбөрөө төлж дуусгаснаар 09-ний өдөр орон сууцандаа орсон. Энэ хугацаанаас хойш 1 жилийн дараа “Инжкон” ХХК-иар хийлгэж, MNS 6058:2009 стандартын дагуу хэмжүүлж, гэрээнд заасан хэмжээнээс 4,97 м.кв-аар дутсан гэсэн үнэлгээ гаргасан байдаг. Гэтэл талууд гэрээ байгуулахад стандартын дагуу хэмжинэ гэсэн зүйл байдаггүй. Иймд нэхэмжлэгчийг төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Харин Б.А гэрээний дагуу графикт заасан төлбөр төлөх хугацаагаа удаа дараа хэтрүүлж төлбөр төлсөн байдаг. Тийнхүү хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги нэхэмжлэхээр гэрээнд заасны дагуу алданги шаардсан. Энэ төлбөрийг төлөхдөө банкнаас зээл авах талаар талууд ярилцаж тохиролцоогүй бөгөөд зээл авч байгаа тохиолдолд гэрээнд тусгагддаг. Б.А 7 удаа хугацаа хэтрүүлж төлбөрөө төлснөөс сүүлийн 3 удаагийн хугацаа хоцорсон төлөлтөөс алданги тооцож сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгч нь байрыг хүлээж авснаас хойш 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд зааснаар 6 сарын дотор гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд алдангийг хэдийд ч нэхэмжлэх эрхтэй байдаг. Иймд хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл байхгүй тул анз шаардах эрхээ алдахгүй гэж үзэж байгаа. Захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөхөд төлбөрийн үлдэгдэлгүй гэх тодорхойлолтыг гаргасан гэх бичигт “Камдер” ХХК-ийн захирлын гарын үсэг зурагдсан гэх боловч захирлын өөрийнх нь гарын үсэг биш гэдэг нь илт тодорхой байгаа юм. Мөн энэ баримт нь түлхүүр хүлээлгэж өгөх тухай баримт болохоос, төлбөрийг бүрэн төлсөн тухай баримт биш юм. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4 дэх хэсэгт өрийг хүлээн авсан тухай баримт бичигт хүүгийн тухай заагаагүй бол хүүг төлсөн гэж үзэн, мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно гэж заадаг. Бид өнөөдөр хүүгийн тухай биш, анзын тухай ярьж байгаа. Анз нь гэрээний үүргээ зөрчиж байж бодогддог бөгөөд талуудын тохиролцоонд анз төлөх график гэж байхгүй. Харин үндсэн төлбөрөө өгсөн гэдгийг илэрхийлж байгаагаас биш, анзыг авахгүй гэж заагаагүй. Иргэний хуулийн 236.5-д өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ гэж заасан. Алданги төлөх үе шатын график байхгүй гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Захирлын орон сууцны түлхүүр өгөхийг зөвшөөрсөн бичиг нь анзаас чөлөөлсөн гэсэн үг биш юм. Анзыг хөөн хэлэлцэх хугацаан дотор хэдийд ч нэхэмжлэх эрхтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийг ханган, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “Камдер” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн орон сууцны талбайн зөрүүд 15,192,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Камдер” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр орон сууцны талбайн хэмжээг хэрхэн тооцох талаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийг ажлын гүйцэтгэлийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэх агуулга бүхий тайлбар гарган маргасан.
Улмаар хариуцагч нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч Б.Агаас гэрээний төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлсөн алдангид 38,842,062 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 33,057,975 төгрөг болгон багасгасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 803/2-52 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулагдаж, захиалагч Б.А нь гүйцэтгэгч “Камдер” ХХК-иар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 803-2-52 тоотод 8,,42 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулан, орон сууцны 1 м.кв талбайг 1,530 ам.доллар байхаар тохирч нийт 135,282.60 ам.долларын 20 хувийг гэрээ хийсэн өдөр гүйцэтгэгчид төлөх, үлдсэн 80 хувийг 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 10, 10-н хувиар тус тус төлөх үүрэг хүлээж, гүйцэтгэгч “Камдер” ХХК нь гэрээний зүйл болох орон сууцыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон байна. /хх 6-8/
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх тул шүүх хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн маргааныг шийдвэрлэв.
Захиалагч Б.А гэрээний дагуу төлвөл зохих орон сууцны нийт төлбөр болох 135,282.60 ам.доллараас гэрээ байгуулахад нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх 27,056 ам.долларыг төлж, үлдэх 108,226.60 ам.долларыг 3 удаагийн төлөлтөөр төлж барагдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, төлбөр төлөх хуваарь, “Камдер” ХХК-ийн Голомт банк дахь дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх 78-84/
Харин гүйцэтгэгч “Камдер” ХХК нь гэрээний зүйл болох орон сууцыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан барьж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд 2013 оны 10 дугаар сард барьж дуусган 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан 2013/334 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар тогтоогдсон байх тул хариуцагч мөн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ. /хх 76-77/
Хэдийгээр гэрээний талууд дээрх байдлаар аль аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч, захиалагч Б.А орон сууцыг хүлээн авч Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулснаас хойш 1 жил 4 сарын дараа буюу 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Инжкон” ХХК-иар орон сууцныхаа талбайг MNS6058:2009 стандартын дагуу хэмжилт хийлгэхэд 83,45 м.кв буюу 4,97 м.кв зөрүүтэй гарсны улмаас гүйцэтгэгчийг биет байдлын доголдолтой ажил гүйцэтгэсэн гэж үзэн, талбайн зөрүүг 5 м.кв-аар тооцож 7,650 ам.долларыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон, нийт 15,192,900 төгрөгийг хариуцагч “Камдер” ХХК-иас гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу орон сууцны талбайг хэрхэн тооцохоор тусгасныг захиалагч хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан учир гэрээгээр тохиролцоогүй буюу MNS 6058:2009 стандартын дагуу хийгдэх хэмжилтээр тооцсон талбайн зөрүү төлбөрийг гүйцэтгэгч төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг эрх бүхий 3 байгууллага хэмжилт хийн дүгнэлт гаргасныг шүүх хэрхэн үнэлсэн талаар дурдвал:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр анх гэрээний зүйл болох орон сууцанд өөрийн хүсэлтээр “Инжкон” ХХК-иар хэмжилт хийлгэсэн дүгнэлтийг нэхэмжлэлийн хамт нотлох баримтаар гаргасан байна. Энэхүү байгууллагын гаргасан дүгнэлтээр маргаан бүхий орон сууц нь MNS6058:2009 стандартын дагуу 83,45 м.кв талбайтай болохыг тогтоосон боловч, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбарууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.
Маргаан бүхий орон сууцанд дараагийн хэмжилтийг хариуцагч байгууллагын хүсэлтээр, шүүхээс шинжээчээр томилогдсон “Инжкон” ХХК хийж, MNS6058:2009 стандартын дагуу 85,54 м.кв, талуудын гэрээнд заасны дагуу тохиролцсон байдлаар хэмжихэд 88,07 м.кв талбайтай болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргасан боловч, орон сууцны хэмжилт хийх эрх бүхий тусгай зөвшөөрөл болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд ирүүлээгүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно. /хх 12-18/
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр дахин шинжээч томилон, шүүгчийн захирамжийн дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан “Эм Эм Инженеринг” ХХК-ийн маргаан бүхий орон сууцанд хэмжилт хийсэн дүгнэлтээр MNS6058:2009 стандартын дагуу 84,11 м.кв, талуудын гэрээнд заасны дагуу тохиролцсон байдлаар хэмжихэд 88,01 м.кв талбайтай болохыг тогтоосон байна. /хх 54-61/
Шүүгчийн захирамжийн дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан “Эм Эм Инженеринг” ХХК-ийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, уг байгууллагад олгосон тусгай зөвшөөрлийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдсан байх тул шүүх энэхүү шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэлээ болгосон болохыг тэмдэглэх нь зүйтэй. /хх 99-104/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу талууд орон сууцны талбайн хэмжээг хэрхэн тооцох талаар гэрээний 5.3 дахь хэсэгт тусгайлан зааж, мөн гэрээний 8.3 дахь заалтаар тэрхүү тооцооллыг захиалагч хүлээн зөвшөөрсөн болохыг тусгасан байх бөгөөд талууд хэн аль нь гэрээний гол нөхцлийн талаар тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр талуудын байгуулсан гэрээний дагуу хэмжилт хийхэд гэрээнд заасан 88,42 м.кв-аас 0,41 м.кв-аар дутуу буюу 88,01 м.кв бүхий хэмжээтэй байгаа нь тогтоогдсон ба, гэрээний зүйл болох орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутуу байгаа нь гүйцэтгэгч захиалсан зүйлийг тохирсон ёсоор хийгээгүй, ажлын үр дүн доголдолтой байна гэж үзнэ.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэссэгт зааснаар захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлвөл зохих хөлсийг бууруулахаар шаардлага гаргах эрхтэй.
Мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар захиалагч ажлын үр дүнг хүлээж авах үед доголдлыг мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол шаардах эрхээ алдахаар зохицуулсан байх бөгөөд маргаан бүхий орон сууцыг хүлээж авах үед доголдлыг захиалагч мэдээгүй байх боломжтой байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “... барилга, байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.А ажлын гүйцэтгэлийг хүлээж авснаас хойш 3 жилийн дотор буюу 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул дээрх үндэслэлээр талуудын байгуулсан гэрээгээр тохиролцсон талбайн хэмжээнээс дутсан 0,41 м.кв талбайн зөрүү 627,3 ам.доллар буюу 1,245,818 төгрөгийг хариуцагч “Камдер” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч “Камдер” ХХК нь нэхэмжлэгч Б.Агаас ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, графикт заасан хугацааг хэтрүүлэн төлбөрийг төлсөн гэх үндэслэлээр талуудын байгуулсан гэрээний 8.1 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 18,959 ам.доллар буюу 38,842,062 төгрөгийг шаардсан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, сүүлийн 3 удаагийн графикт төлбөр төлөөгүй хэтэрсэн хугацааны алдангид 16,135.76 ам.доллар буюу 33,057,975 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний дагуу төлвөл зохих нийт төлбөр бүрэн төлөгдсөн, орон сууцны түлхүүрийг гардан авахад гүйцэтгэгч байгууллагын захирал төлбөрийн үлдэгдэлгүй талаар тодорхойлолт гаргасан бөгөөд, алданги төлөхийг шаардаж байгаагүй, мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны талбайн зөрүү гаргуулахаар нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гарган алданги шаардаж буй нь үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.
Маргаан бүхий гэрээний 8.1 дэх хэсэгт: “захиалагч нь гэрээний 2.2-т заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд дутуу төлбөрийн үнийн дүнгээс 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж, мөн 9.2 дахь хэсэгт: “захиалагч нь гэрээний төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж чадалгүй 60 хоног өнгөрсөн бөгөөд хуваарьт төлбөр хэтрүүлсэн хугацааны алдангийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээг дангаар цуцалж гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг захиалагчаар төлүүлнэ” гэж тус тус заажээ.
Захиалагчийн зүгээс гэрээний 2.2 дахь хэсэгт заасан графикт хугацааны дагуу төлбөрийг төлж байгаагүй болох нь зохигчдын тайлбар болон төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна. Гэрээгээр тохиролцсон графикт заасан 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд захиалагч нь нэг сард орон сууцны нийт төлбөрийн 80 хувийг 10, 10-н хувьд хувааснаар буюу 13,528 ам.доллар төлөх ёстой байсан боловч гэрээ байгуулснаас хойш 2012 оны 12 дугаар сарын 28-нд 14,300 ам.доллар, 2013 оны 5 дугаар сарын 22-нд 48,125 ам.доллар, 2014 оны 1 дүгээр сарын 09-нд 77,397,944 төгрөг буюу 50,587 ам.доллар тус тус төлсөн байна.
Графикийн дагуу хамгийн сүүлд буюу 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үлдэгдэл 10%-ийн төлбөр төлөх байснаас 6 сарын дараа төлбөрийг төлөхөд гүйцэтгэгчийн зүгээс гэрээний 9.2 дахь хэсэгт: “... захиалагч нь гэрээний төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөр хийх үүргээ бүрэн биелүүлж чадалгүй 60 хоног өнгөрсөн бөгөөд хуваарьт төлбөр, хэтрүүлсэн хугацааны алдангийг бүрэн төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээг дангаар цуцалж, гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг захиалагчаар төлүүлнэ” гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Улмаар, захиалагч Б.А 2014 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр буюу төлбөр төлөх графикийн сүүлийн хугацаанаас хойш 6 сарын дараа гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үед гүйцэтгэгч “Камдер” ХХК нь түүнээс алданги шаардаагүй байх бөгөөд, тус компанийн захирал нь захиалагчийг төлбөр тооцоогүй гэж тодорхойлолт гарган зөвшөөрөл олгосон бол, нягтлан бодогч нь төлбөр төлөлтийг баталгаажуулсан байх тул дээрх хугцааанд захиалагчаас алданги шаардаагүй гэж үзнэ. /хх 11, 19/
Захиалагчийн төлбөр төлж дуусах хугацаа нь гэрээний дагуу 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бөгөөд, энэ хугацаанаас эхлэн гүйцэтгэгч “Камдер” ХХК-д төлбөрийн үлдэгдэл болон анз шаардах эрх үүсчээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “... хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж хуульчлан, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх тул уг хугацааг хэтрүүлэн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 185,900 төгрөгийг нэхэмжлэгч Б.Агаас гаргуулан шинжээч “Эм Эм Инженеринг” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Камдер” ХХК-иас 1,245,818 /нэг сая хоёр зуун дөчин таван мянга найман зуун арван найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 13,947,082 /арван гурван сая есөн зуун дөчин долоон мянга наян хоёр/ төгрөгийн шаардлагыг, мөн Б.Агаас 33,057,975 /гучин гурван сая тавин долоон мянга есөн зуун далан таван/ төгрөг гаргуулах тухай хариуцагч “Камдер” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,915 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 378,500 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 34,449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА