Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 22

 

Н.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч Н.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолтой, Н.Г-д холбогдох эрүүгийн 1835001550099 дугаартай хэргийг шүүгчдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн,48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймаг Улаангом сумын 4 дүгээр багийн 08-35 тоотод оршин суух, регистрийн дугаар ОТ70042671, урьд 1991 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж торгох ялаар, 1993 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ял, 1996 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Увс аймгийн сум дундын шүүхийн 85 тоот шийтгэх тогтоолоор 11 жил хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суулагдсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 тоот шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овгийн Н-ын Г.

Шүүгдэгч Н.Г нь 09-67 УБВ улсын дугаартай цагаан өнгийн поробокс маркийн машин ашиглаж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний орой тус аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цаг уурын хашаанаас цаг уур хэмжигч термометр багаж 7 ширхэг /минималь 2, максималь 2, ердийн буюу хугацаат 1, хос 2 термометр/ хулгайлж 336.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Н-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Булгадар овогт Насанжавын Г-д 1 /нэг/ жил 8 /найм/ сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 336.000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэл болох 09-67 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Тоуота пробокс суудлын автомашиныг эзэмшигч Ч.Отгонжаргалд буцаан олгож, шүүгдэгч Н.Ггээс тээврийн хэрэгслийн үнэ 8.400.000 /найм сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах”-аар тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Н.Г надад холбогдох хэргийг урьд нь хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан гэдэг утгаар хэт нэг талыг барьж, хэргийн үнэн зөвийг тогтоохыг хүсээгүй үзэмжээр буюу хувийн сонирхолоор хэргийг өнгөцхөн бүрдүүлж шийдсэн гэж үзэж байна.

Цаг уур хэмжигч 7 ширхэг багаж биш 5 ширхэг багаж авсан мөн машин механизм ашиглаж хулгай хийх зорилгоор яваагүй айлаас өр төлбөрт өгөх мал авах үүднээс машинтай явж байсан.

Иймээс Н.Г намайг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэн нь буруу байна.

Н.Г миний хэлж яриагүй зүйлийг хэлсэн болгож, Оюунболдоос мэдүүлэг авсанд гомдолтой байна. Мөн 5 ширхэг шилийг 7 ширхэг шил болгож, 2 ширхэг шил илүү төлүүлсэн байх тул хэргийн үнэнийг олж шударгаар шийдэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “ Анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг үйлчлүүлэгч Н.Г эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 17.1 зүгээр зүйлийн 2.4-д зааснаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож Н.Гд 1 жил 8 сар хорих ял шийтгэсэн. Үйлчлүүлэгч Н.Ггээс гаргаж буй гомдол нь үндэслэлтэй.

......Нэгдүгэрт: суурь төмрийг шалгуулах, хоёрдугаарт: Увс аймгийн 21 суманд цаг уур хэмжигч термометр хэдэн ширхэг байдаг, гуравдагаарт: термометрийн үнэлгээний асуудал буруу тогтоогдсон байх магадлалтай байгаа зэргийг нятлан шалгахгүйгээр Н.Гд ял халдаах хууль зүйн үндэслэл байхгүй тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү“ гэжээ.

Прокурор Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Н.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Н.Ггийн гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Н.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний орой машин механизм аштглан Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цаг уурын хашаанаас цаг уур хэмжигч термометр багаж 7 ширхэгийг хулгайлж бусдад 336.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замааар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Ггийн “...би уг  хашаанаас  5 ширхэг багаж хулгайлсан байхад  7 ширхэг термометр багаж хулгайлсан гэж үзсэн, мөн би хулгай хийх зорилгоор машин механизм ашиглаагүй, хүнээс мал авах зорилгоор машинтай явсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явуулсан тул хэргийг дахин шалгаж үнэнийг олж шударгаар шийдэж өгнө үү “ гэх агуулгаар гаргасан гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл:

Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар баг / сумын төв /-ийн нутаг дэвсгэрт байрлах Цаг уурын хашаанд цаг уур хэмжигч термометр багаж 7 ширхэгийг байрлуулсан, уг багаж хулгайлагдсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сонъяагийн “2018 оны 4 дүгээр сарын 19-ний орой миний хариуцсан Түргэн сумын цаг уурын ажиглалтын талбайн хашааны дотроос хүйтэн, дулаан хэмжигч 7 ширхэг термометр багаж хулгайлагдсан.Тухайн ажиглалтын талбайн хашааны дотор хөрсний 3 ширхэг термометр, агаарын 4 ширхэг термометр байсан. Уг хулгайлагдсан 7 термометр дотор минималь 2 ширхэг, максималь 2 ширхэг, ердийн буюу хугацаат 1 ширхэг, хос 2 ширхэг тус тус байсан. Хашаа нь төмөр тор ашиглаж хийсэн, ус цаг уурын шинжилгээний харуулын байр, хашаа гэж үздэг. Уг хашааны дотор тундас хэмжигч, салхины багаж, агаарын бүхээг гэсэн 3 төрлийн эд зүйл байрлах ба агаарын бүхээг болон хөрсний талбай дээр термометр байрлаж байсан. Хөрсний термометр байрлаж байсан хэсэг газарт нүцгэн хөрс гэх ба засаж цэвэрлэсэн хөрс дээр 3 термометр ил байрлуулсан байдаг. Харин модоор хийсэн агаар салхи нэвтрүүлэхээс хамгаалсан бүхээгт 4 термометрыг суурь төмөр дээр байрлуулсан байсан. Хөрсний термометр нь хөрсний хамгийн их, бага хүйтэн дулааныг заадаг. Агаарын 4 термометр нь агаарын хуурай нойтон, их багыг заадаг.7 термометрийн 5 нь мөнгөн устай, 2 нь спирттэй байсан. 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн орой 19 цагийн үед очиж шалгахад 7 ширхэг багаж байх ёстой байрандаа бүрэн бүтэн байсан. Хэмжилт, ажиглалтыг өглөө 07 цаг, өдөр 13 цаг, орой 19 цагт тус тус хийдэг. Уг 7 термометрийн 1 нь байхгүй бол мэдээ өгөх боломжгүй болдог. Нийт 7 ширхэг багаж хулгайлагдсан ” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэгийн “...уг хэмжигч байр 1 хаалгатай ба онгойлгож үзвэл хэмжигч шилэн сав 2 ш, хуванцар сав 1 ш байх ба хэмжигч шил ( багаж) –ний суурь төмөрний хуучирсан будаггүй хэсэг харагдаж байв....уг хөрсний хэмжигч байсан хэсгийг мөн гэрэл зургаар бэхжүүлсэн ба 3 ширхэг багаж байсан мөр байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд хийсэн  үзлэгийн “...уг багаж 60 см-ийн өндөртэй 18х6.5 см-ийн хэмжээтэй суурь төмөртэй, суурь төмөрнөөс  13.5 см-ийн зайнд 1.5 дм радиус бүхий бөөрөнхийтэй, 18см х8 см хэмжээтэй тогтоогч төмөр бэхлэгдсэн байв. Ур бэхлэгчээс дээш 30 см зайнд 2 см диаметртэй 19 см урт бэхлэгч төмрийг байрлуулсан байв. Тус бэхлэгчээс 2 см зайнд 17 см урт бэхлэгч байрлулсан байна. Суурь төмөр нь хэлбэр дүрсээ алдаж хазайсан байх ба 4 өнцөгт бөөрөнхий нүхтэй байх ба уг нүхнүүдийн ойролцоох будаг ханзарч унасан ховхорсон байв... “ гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл хөрсөн дээр ил байрлуулсан 3 термометр, агаар салхи нэвтрүүлэхээс хамгаалсан бүхээгт суурь төмөр дээр бэхлэгдсэн 4 термометрыг хулгайлсан талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сонъяагийн мэдүүлэг нь хэргийн газрын үзлэг, эд зүйлд хийсэн үзлэг зэргээр давхар нотлогджээ.

Түүнчлэн шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт “ би тухайн өдөр Түргэн сумын Хөндлөн гэх газарт байх Х.Дансран гэх хүнээс мал авахаар явсан” гэж мэдүүлсэн боловч Х.Дансрангийн гэрт очоогүй, тухайн үед түүнтэй ямар нэг байдлаар холбоо бариагүй болох нь гэрч Х.Дансрангийн “...2018 оны 02 дугаар сард Г над руу утсаар ярьж шүүхийн төлбөрт өгөх мал өгч туслаач гэж хэлсэн.Тухайн үед надад хүнд мал өгөх боломж байхгүй тул одоохондоо боломжгүй байна, хавраас мал таргалж гайгүй болохоор холбогдож байгаад болъё гэж хэлсэн.

Үүнээс хойш бид хоёр холбоо бариагүй. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр над руу утсаар яриагүй. Манайх тэр үед Хөндлөнгийн Тарлан гэх газар хаваржиж байсан ” гэх мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд тэрээр 2018 оны 4 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед жолооч М.О-ын хамт машинаар  Улаангом сумаас гарч шууд Түргэн сумын төв рүү явсан болох нь гэрч М.Оюунболдын “...Г надад орой Түргэн сум яваад ирмээр байна, бензин хийгээд өгье “гэхээр нь би зөвшөөрсөн.

Би ах Г-г буулгаад үргэлжлүүлэн таксинд явсан ба 20 цаг өнгөрч байхад Г ах 99455665 гэсэн дугаараас залгаж “одоо Түргэн сум явъя” гэхээр нь М мартын замаар наадмын талбай тал руу яваад машин засвартай айлаас Гг очиж авсан.Бид 2 тэндээсээ яваад 4 замын тэнд байдаг Шунхлайгийн салбараас 10.000 төгрөгөнд бензин хийж аваад Түргэн сум руу явсан.Түргэн сумын төв рүү засмал замаас салаад эргээд явсан ба Г замаа дагаад яваад бай гэхээр нь би сайжруулсан шороон замаар яваад сумын төв ороод чигээрээ дээшээ яваад сүм хийд хүртэл явсан.Хийдэд дөхөж очиж байтал Г “наад хийдээ нар зөв эргэчих” гэсэн.Уг хийдийг нар зөв тойрч эргээд явж байтал машины гэрэлд цаг уурын хашаа харагдсан. Цаг уурын хашааны хажуугаар зөрөөд сумын төвийн дээд талын эхний хашааны хажууд дөхөж иртэл Г “энд зогсоод намайг буулгачихаад чи цаашаа явж бай” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би Гг буулгачихаад ганцаараа замаа дагаад явж байгаад том машины зогсоол дээр очиж эргээд буцаад дээд талын захын хашааны хажууд зогссон 5 минут хүлээсэн чинь ирэхгүй болохоор машинаасаа буугаад цаг уурын хашаа руу чиглээд явтал урдаас Г нарийхан, гозгор шилтэй зүйл бариад ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Ж.Хишигбаатарын “...энэ үед бид нар цагдаад мэдэгдээд уг машины араас явж байтал сумын төвийн зам руу ороод маш хурдтай зугтаасан.

Уг машины араас явж байхад арын хоёр хаалга ээлжилж онгойлоод яваад байсан “гэх мэдүүлэг, гэрч С.Б-гийн “..би дүү Энхзулын хамт гарч цаг уурын хашаа руу гүйж очсон.Хашааны гадна очтол дүү Энхзул надад хандаж “та хашаа руу даваад ор, хөрс дээр 3 ширхэг багаж, хайрцаг дотор бас багаж байх ёстой” гэж хэлэхээр нь би төмөр хаалганы хэсгээр давж хашаа руу орж шил байгаа эсэхийг харахад хөрс дээр болон хайрцаг дотор ямар ч шил байгаагүй...Ингээд явж байтал бидний урд явсан машин сумын төвийн шороон зам руу ороод шууд хурдаа нэмж зугтаасан “гэх мэдүүлгээр  тогтоогджээ.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл  шүүгдэгч Н.Г нь Түргэн сумын төвд байрлах цаг уурын хашаанаас термометр хэмжигч багажуудыг  хулгайлах зорилгоор жолооч  М.О-ын хамт машинаар явсан болох нь нотлогдож байх ба тэрээр хулгайн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хэргийн газар хүрэх, хэргийн газраас түргэн холдох / зугатаах/ зорилгоор   09-67 УБВ улсын дугаартай пробокс загварын суудлын автомашиныг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Г-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн  нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ггийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Н.Г-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 73 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 114  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-гийн  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Н.Г-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 73 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                    ШҮҮГЧИД                                         Д.МӨНХӨӨ

                                                                                                             Н.МӨНХЖАРГАЛ