Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0331

 

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0331

Улаанбаатар хот

 

"С ц" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, гуравдагч этгээд Б.Б, Ч.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 227 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор "С ц" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжийн иргэн Б.Б, Ч.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартааМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх, мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Буянт-Ухаа орон сууцны цогцолбор барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд уялдуулан 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар Б.Б, Ч.Б нарт тус дүүргийн 9 дүгээр хороо /16 дугаар хороо/ Нисэхийн цагаан хаалганы баруун урд талд тус бүр 250 м.кв газрыг 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Дээрх захиргааны акт нь "С ц" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд иргэн Б.Б, Ч.Б нар нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид иргэн гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэж заасны дагуу эзэмшиж байгаа.

Иймд, "С ц" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас авсан нотлох баримтад газрын асуудал давхцаж байгаа нь харагдахгүй тогтоогдохгүй байна. 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 тогтоолоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2008 оны 286 дугаар захирамжаар Нийслэлийн Барилга, хот байгуулалтын төлөвлөлтийн газарт Хан-Уул дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны нутагт дэвсгэрт 90 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлсэн байдаг. Анх Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 90 га газрыг эзэмшүүлсэн байна. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ тухайн дүүргийн Засаг даргын саналыг үндэслэнэ гэсэн заалтыг зөрчсөн байна. 2010 оны 747 дугаар захирамжаар Нийслэлийн барилга, хот төлөвлөлтийн газарт эзэмшүүлсэн газрыг "С ц" ХХК-д эзэмшүүлэхдээ хуулийг зөрчсөн. Буянт-Ухаа 2 дугаар хороолол нь маргаж байгаа газар дээр буюу шинэ спорт ордны урд хэсэгт байрлалтай байгаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын 399 дүгээр захирамжаар олгосон газар нь нэхэмжлэгчийн газартай давхцаагүй байна. Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь хөндөгдөж байгаа нь тодорхой байна гэж үзэхээр байгаа юм.

Нэхэмжлэгчийн эрх ашиг яаж хөндөгдсөн талаар тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацааны асуудалд нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн дагуу тайлбарлаж байна. Энэ хэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн актыг мэдсэнээс хойш 30 хоног гэж заажээ гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр: Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.11, 16.12, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжийн Б.Б, Ч.Б нарт холбогдох хэсгийг тус захирамжаар Б.Б, Ч.Б нарт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг үйлдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь өөрийн дэргэдэх дүүргийн Өмч, газрын харилцааны албаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар Б.Б, Ч.Б нарт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг үйлдүүлэх замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлж,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжийн Б.Б, Ч.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр Кадастрын зураглал ба кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.11, 16.12, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжийн Б.Б, Ч.Б нарт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг үйлдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талын эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргасан байна.

Б.Б, Ч.Б нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 747 дугаар захирамжийн манай компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Манай компани нь гуравдагч этгээдээр татагдан шүүх хуралдаанд оролцсон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 159 дүгээр шийдвэрээр Б.Б, Ч.Б нарийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21.2.3, 31.3 дугаар заалтуудыг зөрчсөн, иргэн Б.Б, Ч.Б нар нь мөн газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Дээрх иргэд нь Газрын албанд хүсэлт гаргаж байсан эсэх нь тодорхойгүй, он сар өдөр нь тодорхойгүй, кадастрын зураг хийгдээгүй, кадастрын зургийн мэдээллийн санд одоог хүртэл бүртгэлд ороогүй зэрэг хууль зөрчсөн.

... Кадастрын зургийг иргэн өөрөө хийлгүүлэх үүрэгтэй бөгөөд Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч ... иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, мөн хуулийн 8.3-д Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн кадастрын зураглал хийгдээгүй талбайд ... иргэн өөрийн хөрөнгөөр захиалж кадастрын зураг хийлгэнэ гэж хуульчилсан байхад Хан-Уул дүүргийн Засаг даргад кадастрын зураг үйлдүүлэх замаар энэ шийдвэрийг биелүүлсүгэй гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 227 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 заалтуудыг хүчингүй болгон өөрчилж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжийн Б.Б, Ч.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулан, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлагдахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч "С ц" ХХК-аас Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжийн иргэн Б.Б, Ч.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны шинэ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 60 га газарт байхаар баталж, уг төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосноор Нийслэлийн Засаг дарга 2007 оны 06 дугаар сарын 18-ны 286 дугаар захирамжаар орон сууцны Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Газрын тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 /нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна/ заасны дагуу Хан-Уул дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн 90 га газрыг Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх 90 га газраас 20.000 м.кв газрыг Нийслэлийн Засаг дарга 2009 оны 672 дугаар захирамжаар амины орон сууцны барилга барих зориулалтаар Ди Би Ай ХХК-д, 2010 оны 747 дугаар захирамжаар Ди Би Ай ХХК-аас "С ц" ХХК-д тус тус шилжүүлсэн бөгөөд тухайн захирамжийг хүчингүй болгох тухай иргэн Б.Б, Ч.Б нарын нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 159 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 747 дугаар захирамжийн "С ц" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Эндээс үзвэл Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Буянт-Ухаа хороолол баригдахаар төлөвлөгдсөн газрыг холбогдох этгээдэд эзэмшүүлэх асуудлыг Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэсэн байхад Хан-Уул дүүргийн Засаг дарга нь 2008 оны 399 дүгээр захирамжаар "С ц" ХХК-ийн эзэмшиж байгаа /тухайн үед Ди Би Ай ХХК эзэмшиж байсан/ 2 га газартай давхцуулан төрийн захиргааны албан хаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/, 21 дүгээр зүйлийн 21.5.3 /энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах/ дахь заалтыг зөрчжээ.

Хэдийгээр гуравдагч этгээд Б.Б, Ч.Б нарын эзэмшлийн гэх газар кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, эзэмшлийн гэх газрыг нь тухайлан тодруулах боломжгүй боловч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 399 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн төрийн албан хаагч нарын тоонд хамрагдсан тэдгээр иргэдийн эзэмшлийн гэх газрын кадастрын зургийг тусгайлан үйлдүүлэх шаардлагагүй.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу эзэмшиж байгаа "С ц" ХХК-ийн эзэмшлийн 2 га газартай, Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон газар давхцаж байгаа тохиолдолд заавал гуравдагч этгээд нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрыг тухайн 2 га газрын аль хэсэгт оршиж байгааг тодруулах шаардлагагүй.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд иргэн Б.Б, Ч.Б нар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 747 дугаар захирамжийн "С ц" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан нь тэдгээрт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар "С ц" ХХК-ийн газартай давхацсаныг нотолж байна.

Энэ талаар анхан шатны шүүх хариуцагч кадастрын зураг үйлдэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг дүгнэх боломжгүй гэх буруу дүгнэлт хийж, кадастрын зураг үйлдэх хүртэл хугацаагаар маргаан бүхий актыг дахин шинээр акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 227 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг 1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч "С ц" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжийн иргэн Б.Б, Ч.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "С ц" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР