Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Ц.Сүхбат,

Хохирогч Б.Шинэбаяр, Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч А.Анхбаяр, түүний өмгөөлөгч Д.Дашдорж /ҮД: 2090/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овгийн Амаржаргалын Анхбаярт холбогдох эрүүгийн 201525021988 дугаар хэргийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөг эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 47 дугаар гудамж, 15 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26-26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Онход овгийн Амаржаргалын Анхбаяр /РД:УМ 90042294/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Анхбаяр нь давтан үйлдлээр 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Цэнгэлтэй интернэт зарын дагуу гар утсаар холбогдож, утас зарна, урьдчилгаа хэрэгтэй гэж "Хаан банк"-ны 5006615322 дугаарын дансаар 250.000 төгрөг авч залилан мэхлэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Ленин клубын автобусны буудал дээр иргэн Б.Шинэбаярт “айфоне 5” маркийн гар утас зарна, амралтын газар барьцаанд байгаа гэж 50.000 төгрөг авсан, маргааш нь буюу 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр утсаар ярьж Дарханд өөр “айфоне 5 эс” маркийн утас байна, 300.000 төгрөг шилжүүлчихвэл аваад ирье гэсний дагуу иргэн Б.Шинэбаяр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Спортын төв ордны Хаан банкны АТМ-ээс Хаан банкны 5100199877 тоот дансанд 300.000 төгрөг шилжүүлснийг авч итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж бусдад 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын машины зогсоол дээр иргэн У.Бат-Эрдэнэтэй фэйсбүүк дээр тавьсан гар утас зарна гэсэн зарын дагуу уулзаж, ажлынхантайгаа амралтын газар очоод мөнгө хэрэг болоод барьцаанд утсаа тавьчихсан байгаа, орой амралтын газраас хүн ирнэ, тэгээд утсаа аваад аваачаад өгье гэж 350.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 05-наас 18-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 13-130 тоотод иргэн Н.Бямбацэрэнгээс 2 ширхэг “айфоне-4” маркийн гар утсыг нь өөрийнхөө 1 ширхэг “айфоне 5 эс голд” маркийн гар утсаар сольж, зөрүү мөнгийг нь тооцож авна гэж 2 ширхэг гар утас, зөрүү 50.000 төгрөгийн хамт авч залилан мэхлэсэн, мөн өөрийнх нь “айфоне 5 эс голд” маркийн гар утас нь амралтын газар барьцаанд байгаа амралтын газраас наашаа ирнэ нэмээд 50.000 төгрөг шилжүүлчих гэж хэлэн 50.000 төгрөг, нөгөө гар утас чинь ирчихсэн очиж авах гэсэн юм бензиний мөнгө өгчих гэж 20.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бусдад 360.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан

2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн автобусны буудал дээр иргэн А.Бат-Оргилд 2 ширхэг “айфоне 5” маркийн гар утсыг зарна, энэ утаснууд амралтын газар 350.000 төгрөгийн барьцаанд байгаа, урьдчилгаанд 380.000 төгрөгийг өгвөл 2-3 хоногийн дотор утсыг авчраад өгье гэж 380.000 төгрөг болон “самсунг гранд” маркийн гар утсыг авсан, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр утсаар ярьж утсыг чинь авчрах гэсэн чинь мөнгөний хэрэг гараад байна гэж 10.000 төгрөгийг авч итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж бусдад 490.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, автобусны буудлын орчим иргэн Э.Тэргэлд “айфоне 5 эс” маркийн гар утас зарна, энэ утас нь Хэнтий аймаг явах замд амралтын газар барьцаанд тавьчихсан байгаа, чи надад мөнгө өгвөл амралтын газрын данс руу шилжүүлээд утсаа аваад өнөө орой юм уу маргааш чамд өгье гэж урьдчилгаанд 340.000 төгрөг авсан, тус өдрийн орой нь 20 цагийн үед утсаар ярьж 10.000 юм уу 20.000 төгрөг шилжүүлчих гэж 8.000 төгрөгийг Хаан банкны 5016484873 тоот дансанд шилжүүлэн авч итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж бусдад 348.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, Өргөө-2 кинотеатрын урд иргэн Д.Даваанямд “айфоне 5”, “айфоне 5 эс” маркийн 2 ширхэг гар утсыг хамтад нь 550.000 төгрөгөөр зарна, энэ утаснууд амралтын газар 350.000 төгрөгийн барьцаанд байгаа энэ мөнгийг амралтын газрын эзэн рүү шилжүүлчихвэл миний утсыг нааш нь явуулах юм, урьдчилгаанд нь 370.000 төгрөг өгчих гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж 370.000 төгрөгийг авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв дээр иргэн С.Ихбаярт би амралтын газар гар утсаа барьцаанд тавьчихсан байгаа, маргааш өглөө 12 цагт утсыг чинь өгнө, таны 250.000 төгрөгийг шилжүүлээд утсаа авчихна гэж 250.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн урд иргэн Э.Далайхүүтэй фэйсбүүкт тавьсан утас авна гэсэн зарын дагуу уулзаж, ажлынхантайгаа хөдөө явж байгаад мөнгө хүрэхгүй утсаа амралтын газрын барьцаанд тавьчихсан байгаа гэж 500.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди худалдааны төвийн үүдэнд иргэн А.Пүрэвсүрэнтэй фэйсбүүкт тавьсан утас авна гэсэн зарын дагуу уулзаж, “айфоне 5” маркийн гар утас барьцаанд байгаа, 2-3 хоногийн дараа гар утсаа аваарай гэж 250.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, нийтдээ бусдад 3.518.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Анхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Далайхүү, Бямбацэрэн нарыг залилж мөнгө авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин бусад хохирогчийг хуурсанаа хүлээн зөвшөөрч байна. Далайхүү бид 2 зээлийн гэрээ хийж 500.000 төгрөг авсан. Хохирогчийн мэдүүлсэн шиг зүйл болоогүй. Зээлийн гэрээ нь хэрэгт байгаа. Бямбацэрэнгээс 120.000 төгрөг авсан. Айфоне 4 маркийн 2 ширхэг гар утсыг нь аваад би буцааж өгсөн. Хохирогч утас аваагүй гэж мэдүүлэг өгсөн байгаа. Би утсыг нь буцаагаад өгсөн. Бусад хохирогчоос хуурч мөнгө авч байсан нь үнэн…” гэв.

Шүүгдэгч А.Анхбаяр нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Миний бие фэйсбүүк сайтын гар утасны хар зах групп дээр сайн лайк гэсэн хаягаар хүмүүстэй танилцаж айфоне 5 маркийн гар утас зарна гэж хуурч мэхлэн 250.000 төгрөгийг хадам ээж Б.Улам-Өсөхийн Хаан банкны 5006615322 тоот дугаарын данс руу мөнгө шилжүүлж авч байсан. Тухайн үед 88126687 гэсэн дугаарыг ашиглаж ярьдаг байсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би айфоне 5 маркийн гар утас зарна гээд фэйсбүүкт зар тавьчихсан байсан юм аа. Тэгээд 94421990 гэсэн дугаараа тавьчихсан байсан. Тэгсэн чинь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр над руу Шинэбаяр залгаад гар утсыг чинь үзье гээд байсан. Тэгээд би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ленин клуб дээр дуудсан. Тэгээд надад 50.000 төгрөг хэрэгтэй байсан болохоор бичиг баримтаа үзүүлээд амралтын газарт миний гар утас байгаа 50.000 төгрөг дутаад байна, 50.000 төгрөг өгчих гээд Шинэбаяраас 50.000 төгрөг авсан. Маргааш нь Дарханаас гар утас авна гээд би өөрөө Шинэбаярт санал болгоод эхнэрийнхээ дансаар 300.000 төгрөг шилжүүлүүлж авсан. Би бусдын эд хөрөнгийг залилан мэхлэсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэрийг Ганболдын Ууганчимэг гэдэг. Шинэбаяраас 300.000 төгрөг шилжүүлж авсан данс бол манай эхнэр Ууганчимэгийн Хаан банкин дахь 5100199877 дугаарын данс байсан. Шинэбаяраас мөнгө шилжиж ирэхэд нь би эхнэртээ нарийн учрыг нь хэлээгүй. Манай найзаас ирж байгаа юмаа гээд л хэлчихсэн. Интернетэд гар утас авна гэж зар байхаар нь би утсаар залгаж ямар утас авах юм бэ гэхэд айфоне-5 маркийн гар утас авна гэсэн. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадна зогсоол дээр тэр залуутай уулзсан. Тэгээд тэр залууд миний гар утас амралтын газар барьцаанд байгаа, чи мөнгөө өгчих, хоёулаа нотариат орж гэрээ байгуулъя гэхэд тэр залуу хоорондоо тохиролцоё гээд бүртгэлийн газраас лавлагаа авч, машины бичиг баримт, жолооны үнэмлэхтэйгээ канондож, цаасан дээр 350.000 төгрөг хүлээн авлаа гэж гарын үсгээ зурж өгсөн. Тэгээд тэр залууг утсаар ярихаар нь эхний үедээ гар утас руугаа явж чадахгүй байна гэж худлаа хэлсэн. Надад гар утас байхгүй байсан. 2015 оны зун үхрийн ордны групп уулзалт болоод Бямбаа гэх эмэгтэйтэй танилцсан. Тэгээд тэрнээс хойш над руу өөрөө фэйсбүүкээр надаас айфоне 5 гар утас ямар үнэтэй байгаа гэж юм гэж асуухаар нь би 350.000 төгрөг гэсэн чинь Бямбаа надад 2 ширхэг айфоне 4 маркийн гар утас байна. Энэ дээр мөнгө нэмээд гар утас авах гэсэн юм гэхээр нь би 2015 оны 10 дугаар сарын 05-ны орчим Бямбаагийн зурагтад байдаг гэрт очоод нөгөө хоёр айфоне 4 маркийн гар утсыг үзсэн. Тэгсэн чинь нэг айфоне 4 нь түгжээтэй, нэг нь түгжээгүй гар утас байсан. Тэгээд би Бямбаагаас чи энэ хоёр утсаар яах гэж байгаа юм гэхээр нь би зараад өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би зурагт дээр очоод Бямбаатай уулзаад би зарж өгнө гэж хэлээд 2 ширхэг айфоне 4 маркийн гар утсыг нь авсан... Би 150.000 төгрөгөөр Тэди төвийн ченжид зарсан. Тэгээд би мөнгийг нь өөрөө аваад үрсэн... Тухайн үед би Бямбаад айфоне 4 маркийн 2 ширхэг гар утсыг нь зараад айфоне 5 маркийн гар утас авч өгье гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед Бямбаагаас 140.000 төгрөг бэлнээр авсан. Би тэгээд өмнөх айфоне 4 утасны зарсан мөнгийг нь үрчихсэн байсан болохоор Бямбаагаас авсан 140.000 төгрөгийг өөртөө зарцуулсан. Би Түнтүүнээ гэх фэйсбүүк хаягаараа орсон чинь Бат-Оргил гэх фэйсбүүк хаягнаас гар утас авна гэж бичсэн байхаар нь надад айфоне 5 маркийн 2 ширхэг гар утас байна, би 350.000 төгрөгийн барьцаанд тавиад авч чадахгүй байгаа гэж захиа илгээсэн чинь Бат-Оргилоос уулзая гэсэн хариу ирсний дагуу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Баянхошууны тойрог дээр 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уулзсан. Цонжинболдогийн амралтанд өөрийн болон хуучин надтай хамт ажиллаж байсан Зулаагийн гар утсыг амралтын төлбөр болох 350.000 төгрөгийн өрөнд 2015 оны 7 дугаар сард тавьсан байсан юм. Түүнийгээ аваагүй байсан болохоор амралтын газрын барьцаанд байгаа. Тийм учраас чи надад 380.000 төгрөг өгөх юм бол би 2-3 хоногийн дотор 2 ширхэг, айфоне гар утсыг авчраад өгнө гэж хэлээд Бат-Оргилоос 380.000 төгрөг аваад цаасан дээр баталгаа бичиж өгсөн. Би уул нь амралтын газраас Бат-Оргилд гар утсыг авч өгнө гэж бодсон боловч 2015 оны 7 дугаар сард барьцаанд тавьсан зүйл байхгүй гэж бодоод мөнгийг нь хувьдаа зарцуулсан. Зулааг олох боломжгүй. Ямар нэртэй газрыг мэдэхгүй байна. Учир нь согтуу байсан. Ямар ч байсан Цонжинболдогийн хойшоо 150 км орчим зайтай газар байсан. Одоо очвол амралтын газрыг олохгүй. Би ерөнхийдөө бол байхгүй зүйлийг байгаа мэтээр ярьж Бат-Оргилоос мөнгө авсан үйлдэлдээ маш их гэмшиж байна.Би 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Фэйсбүүк группт бүртгэлтэй зүс танихгүй Тэргэл гэх залууд айфоне 5 маркийн гар утас байгаа. Чи надад 350.000 төгрөг зээлчих, би оронд нь Хэнтий аймаг руу явах замд амралтын газар барьцаанд тавьчихсан байгаа утсаа өгье, болохгүй бол мөнгийг чинь буцаагаад өгнө гэхэд Тэргэл зөвшөөрч Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, цагаан байрны автобусны буудал дээр уулзсан. Тэгээд Тэргэл миний машины гэрчилгээ, жолооны үнэмлэх, цахим үнэмлэхний лавлагааг канондож авч үлдээд надад 340.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд би мөнгийг нь аваад явсан. 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр С.Ихбаяр гэгчид гар утас олж өгнө гэж хэлээд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн хашаан дотор уулзаад 250.000 төгрөг авсан юм. Тэгээд гар утсыг нь олж өгөөгүй. Надад мөнгө хэрэгтэй байсан. Би худлаа яриад авчихсан юм. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Д.Цэндсүрэн гэгчид гар утас олж өгнө гэж хэлээд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн урдаас 500.000 төгрөг авсан юм. Тэгээд гар утсыг нь олж өгөөгүй. 2015 оны 11 дүгээр сард гар утас авна гэсэн зарын дагуу залгаад Сүхбаатарын талбай дээр уулзаад гар утас зарахаар болоод бид 2 Тэди худалдааны төв дээр хүрч ирээд би тэр залууд гар утас зарахаар болоод бэлнээр 250.000 төгрөг аваад гар утсыг нь 3 хоногийн дараа өгөх гэсэн боловч миний гар утас эвдрээд би дараа нь мөнгийг нь өгөх гэсэн боловч өгч чадахгүй байсан юм аа...” гэсэн мэдүүлэг, /1 хх 29, 47, 50, 54-55, 52, 124, 149, 185, 209-210, 238 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.Цэнгэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Миний бие 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр интернетийн фэйсбүүк сайтын гар утасны хар зах группээс сайн лайк гэсэн хаягтай, үл таних 88126687 дугаарын утастай хүнтэй танилцаж айфоне 5, самсунг эс 3 маркийн гар утас худалдаж авах гэж утсаар тохиролцож уг гар утаснуудын урьдчилгаа мөнгө болох 250.000 төгрөгийг Хаан банкны 5006615322 дугаарын Билгээ овогтой Улсмөнх гэх хүний данс руу Хан-Уул дүүргийн Соёлын төвийн Хаан банкнаас шилжүүлсэн юм. Тухайн үед нөгөө хүнтэй хоёр, гурван өдөр 88126687 дугаарын утас руу ярьж байсан, надад бол утаснууд Сэлэнгэ аймгаас ирэх гэж байгаа чи надад итгэж болно гэж байсан ба сүүлд утас нь холбогдохгүй, орох ярианы эрх нь хаагдсан байсан. Тэрнээс хойш нөгөө хүнийг фэйсбүүк сайтаас хайсан боловч намайг орж мэдээлэл харах боломжгүй болгож хаалт хийсэн байсан. Надад нийт учирсан 250.000 төгрөгийг бүрэн бүтэн авсан, өөр учирсан хохирол байхгүй. А.Анхбаяр миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх 22-23 дугаар хуудас/

Хохирогч Б.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би Фэйсбүүкээс утас зарна гэсэн зар хараад шүүгдэгчтэй уулзаад 50.000 төгрөг АТМ-ээс авч өгсөн. Надад 5 дахь өдөр утас өгнө гэж тохирсон. Тэгээд А.Анхбаяртай холбогдоход манай ах Дарханд очсон байна гээд 300.000 төгрөг данс руу явуул гэхээр нь явуулсан. Нийт 350.000 төгрөгийг А.Анхбаярт өгсөн. Би А.Анхбаяртай утсаар ярьсан бичлэг хийсэн. Одоогоор хохирол төлөгдөөгүй. Хохирлоо авчихвал гомдол саналгүй…” гэв,

Хохирогч Б.Шинэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2015 оны 9 сарын 10-ны шөнө 01 цагийн үед Анхбаяр гэх хүн фэйсбүүкт айфоне-5 маркийн гар утас зарна гээд зар тавьсны дагуу 94421990 гэсэн дугаараар холбогдоход талбайн автобусны буудал дээр дуудаад очиж уулзахад хөдөө амралтын газарт барьцаанд тавьсан байгаа 50.000 төгрөгөөр авна, ах нь очоод аваад ирнэ, чи надад 50.000 төгрөг өгчих үлдсэнийг нь ирэхээр нь өгчих гэж байсан. Тэгээд надад жолооны үнэмлэх, машины гэрчилгээгээ үзүүлээд байсан. Соната-5 маркийн 85-67 УНҮ дугаартай саарал өнгийн машинтай ирсэн. Өөрийгөө мах импекст ажилладаг Анхбаяр гэж танилцуулсан. Ажил ихтэй байна, сезон эхэлчихсэн гэж байсан. Хөдөө амралтын газарт гар утсыг 50.000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа гээд надаас бэлнээр авсан. Би талбайн АТМ машинаас авч өгсөн. Тэгээд маргааш нь дахиад утсаар яриад дарханд нэг өөр утас байна айфоне 5 эс байна 300.000 гэж байна гээд 300.000 төгрөгийг шилжүүлчих аваад ирье гээд байсан ба утасных нь зургийг фэйсбүүкээр явуулаад байсан. Тэгэхээр нь би спортын төв ордны хажууд байх Хаан банкны АТМ-аас 300.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд тэрнээс хойш гар утас авчирч өгөхгүй бас мөнгөө нэхсэн чинь өгнөө гээд 94421989 гэсэн дугаар руу дансаа явуулчих хийчихнэ гээд байсан. Бас цалин буухаар өгнө гээд өөдөөс баахан шалтаг тоочоод мөнгө өгөхгүй байгаа..." гэсэн мэдүүлэг /1 хх 26 дугаар хуудас/,

 

 Хохирогч У.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 10 дугаар сарын 05-ны өдөр утас зарна гэсэн зарыг хараад энэ хүнтэй холбогдоод маргааш нь 100 айлын Бүртгэлийн төв дээр уулзахад утас нь амралтын газар байгаа мөнгөө өгчих гэхээр нь нотариатаар батлуулах гэхэд ийм зүйл дээр баталгаа гаргахгүй гэхээр нь бид өөрсдөө гараар бичиж гэрээ хийсэн. Би А.Анхбаярын иргэний үнэмлэхийг нь хуулбарлаж аваад 350.000 төгрөг бэлнээр өгсөн. Хохирлоо одоог хүртэл аваагүй байна. Хохирлоо барагдуулбал гомдол саналгүй…” гэв,

 

Хохирогч У.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би гар утас авах гээд интернетээр зар харж байтал айфоне 5 маркийн гар утас зарна гэсэн зарын дагуу яриад маргааш нь уулзахаар болсон. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын машины зогсоол дээр Анхбаяр гээд залуутай уулзсан. Анхбаяр нь би ажлынхантайгаа амралтын газарт очоод утсаар шагнуулсан. Тэгээд мөнгө хэрэг болоод барьцаанд утсаа тавьчихсан байгаа. Чи мөнгөө өгчих би орой амралтын газраас хүн ирнэ тэгээд би утсыг нь аваачаад өгье гээд надаас 350.000 төгрөг авсан. Тэгээд амралтын газраас хүн ирэхгүй байна гэж байсан. Дараа нь янз бүрийн шалтаг хэлж байгаад одоог хүрсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан..." гэсэн мэдүүлэг /1 хх 205 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Бямбацэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2015 оны 9 дүгээр сард Үхрийн ордны цугларалт МУИС-ийн хажуу талд байрлах Гацуурхан гэж пабд болсон. Тэгээд тэр дунд Анхбаяр байсан. Тэгээд анх танилцсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 04-ний орой над руу мессенжэрээр танайх хаана бэ? гэж энгийн зүйлс ярьж байсан би тэр үед би гар утас авах гээд сонирхож байгаа гэсэн чинь Анхбаяр надад зарах гар утас байгаа айфоне 5 гэсэн. Хэдэн төгрөгөнд авах гээд байгаа юм бэ? гэхээр нь би надад 2 ширхэг айфоне 4 маркийн гар утас байгаа энийг зарж байгаад чиний зарах гар утсыг авна гэсэн чинь наад 2 ширхэг айфоне 4 маркийн гар утсыг чинь би авчихая зөрүүг нь тохироод миний зарах голд 5 эсийг ав гэсэн. Тэгээд маргааш нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчим Анхбаяр манай гэрт ирээд... миний таньдаг найз байдаг тэр гар утас авдаг тэрэнд өгчихье хичээл нь 1 цагт тарна гэнээ хамт явж байгаад өгье гэсэн тэр үед би ажилтай байсан болохоор чи миний хоёр гар утсыг авч яваад зараад өгчих зарсан мөнгөн дээр чинь 50.000 төгрөг нэмээд айфоне 5 эс маркийн гар утсыг чинь худалдаж авъя гэсэн. Тэгээд Анхбаяр миний айфоне 4 маркийн 2 гар утсыг аваад явсан. Тэр өдрийнхөө орой 17 цагийн орчим Анхбаяр над руу залгаад нөгөө 50.000 төгрөгөө данс руу хийчих гээд Хаан банкны данс өгсөн. Тэгэхээр нь би тэр өгсөн дансанд нь 50.000 төгрөгийг нь хийчихээд Анхбаяр луу утсаар залгасан чинь нөгөө чамд зарах айфоне 5, 5 эс маркийн гар утас амралтын газар барьцаанд хямдхан тавьчихсан байгаа. Орой амралтын газраас наашаа ирнэ гэсэн... Тэгээд тэрнээс хойш 2015 оны 10 дугаар сарын 18-ны орчим Анхбаяр дахиж над руу утсаар яриад гар утсыг чинь авчрах амралтын машин ирэх гээд байна. 50.000 төгрөг нэмээд явуулчих гэхээр нь би нөгөө өмнө надад өгсөн байсан дансны дугаар руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь дараа нь дахиад надтай утсаар яриад гар утас чинь ирчихсэн байна. Би очиж авах гэсэн юм бензиний мөнгө олдохгүй байна 20.000 төгрөг өгчих гэхээр нь би хорооллын Москва рестораны буудал дээр аваачиж Анхбаярт өгсөн. Түүнээс хойш надтай Анхбаяр янз бүрийн шалтаг заагаад худлаа яриад байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 233-234 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч А.Бат-Оргил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн Бат-Оргил гэсэн фэйс хаягаараа гар утасны наймаа гэсэн группэд гар утас авна гэсэн пост бичсэн чинь Түнтүүнээ гэсэн хаягаас айфоне 5 гар утасны зураг үзүүлээд гар утас байна авах уу гэж захиа ирэхээр нь би тохироод 2015 оны 10 дугаар сарын17-ны өдөр Баянхошууны шинэ эцсийн буудал дээр уулзсан. Тэгтэл өөрийгөө Анхбаяр гэж танилцуулсан залуу 2 ширхэг айфоне гар утас би амралтын газар 350.000 барьцаанд тавьсан байгаа, би гар утасныхаа мөнгийг өгчих юм бол амралтын газар руу мөнгийг чинь дансаар шилжүүлээд өнөө маргаашгүй наашаа явах машинаар захиад авчруулаад өгье гэхээр нь би итгээд 380.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад бичгийн цаасан дээр мөнгө өгсөн баримт үйлдэж өгөөд өөрийн гар утасны дугаар гээд 88123076 дугаарыг өгсөн. Би дугаар руу нь залгахад ах нь удахгүй аваачиж өгнө, нөгөө хүн гар утас авчирч байна гэж хэлж хуурсаар байгаад өдийг хүрсэн. Мөн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Анхбаяр над руу утсаар яриад чиний гар утсыг чинь авчрах гэсэн чинь мөнгөний хэрэг гараад авчирч чадахгүй байна. Тийм болохоор миний данс руу 20.000 төгрөг хийчих гэхээр нь би 10.000 төгрөг өгсөн. Ямар дансанд хийснээ мэдэхгүй байна. Мөн миний самсунг гранд маркийн гар утсыг намайг 380.000 төгрөг бүрдүүлэх гээд утсаа барьцаанд тавьсан чинь Анхбаяр нь надаас 380.000 төгрөг бэлэн авчихаад чиний ломбарданд тавьсан гар утсыг 60.000 төгрөгөөр би аваад түр барьж байгаад өгье гэхээр нь би зөвшөөрөөд ломбарднаас Анхбаярын өгсөн 60.000 төгрөгийг өгөөд авч өгсөн. Анхбаяраас би гар утсаа авсан. Одоо 380.000 дээр нэмээд 10.000 төгрөг авсан нийт би 390.000 төгрөг авахаас би гар утас ломбарднаас авч өгсөн 60.000 төгрөг хасна, мөн ломбардны хүү 6.000 төгрөгийг хасаад 324.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх 34 дүгээр хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Тэргэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк дээр айфоне 5 маркийн гар утас худалдаж авна гэж зар тавьсны дагуу 88123076 гэсэн дугаараас өөрийгөө Амаржаргал гэж танилцуулсан хүн надад айфоне 5 маркийн гар утас байгаа, тэр утсаа Хэнтий аймаг руу явах замд байрлах амралтын газар барьцаанд тавьчихсан юм, чи надад мөнгөө өгчихвөл ах нь амралтын газрын данс руу мөнгө шилжүүлж утсаа аваад өнөө орой юм уу, маргааш утсыг чинь өгье гэж ярихаар нь одоо уулзъя гээд Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо цагаан байрны автобусны буудал дээр уулзахаар болтол мөнгөлөг өнгийн 81-61 УНҮ соната 5 маркийн машинтай ирээд өөрийнхөө машины гэрчилгээг, жолооны үнэмлэхний хамт канондож өгөөд надаас бэлнээр 340.000 төгрөг аваад цаасан дээр Анхбаяр миний бие 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Э.Тэргэлээс 340.000 төгрөг бэлнээр авсан гэж бичиж өгөхөөр нь доор нь би өгсөн гээд гарын үсэг зурсан баримт үйлдсэн юм. Тэгээд орой нь 20:00 цагийн үед сургуулиас гараад явж байтал Анхбаяр над руу утасдаж 10.000 юм уу эсвэл 20.000 төгрөг миний данс руу шилжүүлчих гээд Хаан банкны 5016484873 гэсэн дансны дугаар өгөхөөр нь надад байгаа нь л 8.000 төгрөг гээд шилжүүлсэн. Гэтэл тэрнээс хойш гар утсаа авахгүй алга болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 30-31 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Давааням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Миний бие 2015 оны 10 сарын 20-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа айфоне 5 маркийн гар утас бэлэн мөнгөөр худалдан авна гэх зарлалыг тавьсан. Тэгсэн чинь "Түнтүүнээ байнаа" гэх хуудаснаас над руу чатаар надад зарах айфоне 5, 5 эс маркийн 2 ширхэг утас байна авах уу? гээд зураг явуулсан юм. Тэгэхээр нь би 5 эс маркийн утсыг нь авах сонирхолтой байна, үзье гэсэн юм. Харин тэгтэл би энэ 2 гар утсаа хамтад нь хямдхан зармаар байна, хоёулаа нэг амралтын газар барьцаанд байгаа, чи нийлүүлээд 550.000 төгрөгөөр худалдан авбал ав гэхээр нь би хүлээн зөвшөөрсөн. Тэгээд уулзахаар болсон юм. Тэгээд утсаар ярьж байгаад 2015 оны 10 сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Өргөө-2 кино театрын гадна уулзсан юм. Тэгээд уулзахад нөгөө 2 утас нь амралтын газар 350.000 төгрөгийн барьцаанд байгаа, энэ мөнгийг тэр амралтын газрын эзэн рүү шилжүүлвэл, миний утсыг нааш явуулах юм, тэгэхээр чи надад урьдчилгаа 370.000 төгрөгийг одоо өгчих гэсэн юм. Тэгэхээр нь би хүлээн зөвшөөрөөд хамт Улаанбаатар зочид буудлын зүүн талын Хаан банкны АТМ-ээс би өөрийн данснаас 370.000 төгрөг аваад түүнд өгсөн, тэр дороо бэлнээр нь өгсөн юм. Тэгээд маргааш нь залгахгүй болохоор нь би өөрөө залгаад асуутал "өчигдөр наашаа гарч амжаагүй байна, өнөөдөр гараад маргааш ирэх байх" гэж хэлсэн түүнээс хойш удахгүй утас ирнэ гэж худал хэлсээр өдийг хүртэл надад миний утсыг өгөөгүй, эргүүлж мөнгийг маань өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй намайг залилаад байна...” гэсэн мэдүүлэг /1 хх 89-90 дугаар хуудас/

Хохирогч С.Ихбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фэйсбүүкээр утас авна гэсэн зар би тавьчихсан байсан чинь Түнтүүнээ гэх эрэгтэй хүн ямар утас авах вэ? Надад зарах утас байна шүү сонирхох уу гэсэн. 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх нялхас эрүүл мэндийн төв дээр нөгөө залуутай уулзаж утас авах гэтэл надад иргэний лавлагаагаа өгөөд маргааш өглөө 12 цагт надад утас өгнө, би барьцаанд тавьчихсан байгаа. Амралтын газар утсаа барьцаанд тавьчихсан би таны 250.000 төгрөгийг шилжүүлээд утсаа авчихна гэсэн. Тэгээд би итгээд 250.000 төгрөг өгөөд явсан. Маргааш нь залгатал наашаа утас ирж байгаа гээд худлаа яриад л байсан. Бараг 14 хоног худлаа ярьсан. Тэгээд би цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх-120 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Далайхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2015 оны 11 дүгээр сард өөрийн фэйсбүүк хуудсандаа айфоне 6 маркийн гар утас худалдаж авна гэсэн зар тавьсан байсан. Над руу Анхбаяр гэж өөрийгөө танилцуулж 88123076 дугаараас нэг залуу залгаад би ажлын газраас шинэ утсаар шагнуулсан юм. Ажлын газрынхантайгаа хөдөө явж байгаад мөнгө хүрэхгүй гар утсаа барьцаанд тавьчихсан байгаа, хямдхан худалдаж авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь баталгаа гаргаж өгвөл тэгье гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 12 сарын 01-ний өдөр бид хоёр багшийн дээдийн хажуу талын нотариат ороод баталгаажуулж зээлийн гэрээ хийж, би бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Гар утсаа 7 хоногийн дотор өгөхөөр тохиролцсон. Тэгээд л Анхбаяр түүнээс хойш алга болсон...” гэсэн мэдүүлэг /1 хх 142-143, 2 хх 22 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэг хүн над руу залгаад чи гар утас авах юм уу гэж асуухад авна гэж хэлэхэд хоёулаа уулзаад гар утсаа үзье гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэди худалдааны төвийн гадаа уулзаад надаа айфоне 5 маркийн гар утас барьцаанд байна. Чи 250.000 төгрөг өгчих гэж хэлээд мөнгөө бэлнээр аваад 2-3 өдрийн дараа өгнө гэж хэлээд бэлнээр 250.000 төгрөг авсан. Тэгээд хэд хоногийн дараа гар утсаа авах гэсэн боловч өгөхгүй алга болсон тэгээд би утсаа авахгүй асаахгүй байгаа учраас би цагдаагийн байгууллагад хандсан юм. 175 см орчим өндөртэй, махлагдуу, 25 орчим насны бор царайтай халимаг үстэй эрэгтэй хүнд 250.000 төгрөг өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 181 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Улам-Өсөх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би Хаан банкны 5006615322 дугаарын данстай их удаж байгаа... Том хүргэн болох А.Анхбаяр миний Хаан банкны виза картыг хэд хэдэн удаа авч хүнээс мөнгө шилжүүлж авч байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 24 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Ууганчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Тиймээ энэ данс нь миний эзэмшлийн данс мөн. /Хаан банкны 51001998877/... Манай нөхөр л хааяа авч ашигладаг... Манай нөхрийг Анхбаяр гэдэг... РД:УМ90042294 гэсэн регистрийн дугаартай одоо 88123076 гэсэн дугаар дээр байгаа... Миний гар утсанд мессежээр мэдээлэл нь ирдэг. Анхбаяраас асуусан чинь манай найзаас мөнгө ирж байгаа гээд байсан... Энэ дугаарууд /94421990, 94421989/ манай нөхөр Анхбаяр өмнө нь барьдаг байсан... Энэ хаяг манай нөхрийн фэйсбүүк хаяг нь мөн. Одоо хаягаа сольчихсон байгаа. Одоо өөр хаягтай болчихсон байгаа гэсэн мэдүүлгээр..." /1 хх 35 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ /1хх 116, 145, 244, 2 хх 29 дүгээр хуудас/

 

Мөнгө хураан авсан тэмдэглэл /1 хх 19, 2 хх 64 дугаар хуудас/,

 Мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 20, 65 дугаар хуудас/,

 Гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 43 дугаар хуудас/,

  Хаан банкны 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №5203-235 дугаартай албан бичиг “..."Хаан банкны 5100199877 тоот төгрөгийн хугацаагүй хадгаламжийн дансыг иргэн Ганболд овогтой Ууганчимэг эзэмшдэг...” гэжээ /1 хх 62 дугаар хуудас/,

 У.Бат-Эрдэнээс А.Анхбаярт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 350.000 төгрөг төлсөн баримт /1 хх 199-200 дугаар хуудас/,

 Д.Даваанямын Хаан банкны 5890741980 дугаарын дансны хуулга /1 хх 92 дугаар хуудас/,

Амаржаргал овогтой Анхбаярын жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар дээр “Амаржаргал овогтой Анхбаяр миний бие Д.Даваанямаас 370.000 төгрөгийг авсан үнэн болно” гэсэн бичиг /1 хх 91 дүгээр хуудас/,

 Хохирогч Д.Даваанямын фэйсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /1 хх 93-109 дугаар хуудас/,

С.Ихбаяраас А.Анхбаярт 250.000 төгрөг төлсөн баримт /1хх 138 дугаар хуудас/,

Хохирогч А.Пүрэвсүрэнгээс мөнгө авсан баримт /1 хх 180, 187/,

Хохирогч Э.Тэргэлээс мөнгө авсан баримт /2 хх 24 дүгээр хуудас/

Зээлийн гэрээ /1 хх 144,154/,

 Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 59 дүгээр хуудас/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 60 дугаар хуудас/, оршин суух хаягын хорооны тодорхойлолт /2 хх 78 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /2 хх 85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Анхбаяр нь давтан үйлдлээр 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хан-уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Цэнгэлтэй интернэт зарын дагуу гар утсаар холбогдож, “утас зарна, урьдчилгаа хэрэгтэй” гэж "Хаан банк"-ны 5006615322 дугаарын дансаар 250.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Ленин клубын автобусны буудал дээр иргэн Б.Шинэбаярт “айфоне 5” маркийн гар утас зарна, амралтын газар барьцаанд байгаа” гэж 50.000 төгрөг авсан, маргааш нь буюу 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр утсаар ярьж Дарханд өөр “айфоне 5 эс” маркийн утас байна, 300.000 төгрөг шилжүүлчихвэл аваад ирье гэсний дагуу иргэн Б.Шинэбаяр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Спортын төв ордны “Хаан банк”-ны АТМ-ээс “Хаан банк”-ны 5100199877 тоот дансанд 300.000 төгрөг шилжүүлснийг авч нийт 350.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын машины зогсоол дээр иргэн У.Бат-Эрдэнэтэй фэйсбүүк дээр тавьсан “гар утас зарна” гэсэн зарын дагуу уулзаж, “ажлынхантайгаа амралтын газар очоод мөнгө хэрэг болоод барьцаанд утсаа тавьчихсан байгаа, орой амралтын газраас хүн ирнэ, тэгээд утсаа аваад аваачаад өгье” гэж 350.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

2015 оны 10 дугаар сарын 05-наас 18-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 13-130 тоотод иргэн Н.Бямбацэрэнгээс 2 ширхэг “айфоне-4” маркийн гар утсыг нь өөрийнхөө 1 ширхэг “айфоне 5 эс гоулд” маркийн гар утсаар сольж, зөрүү мөнгийг нь тооцож авна гэж 2 ширхэг гар утас, зөрүү 50.000 төгрөгийн хамт авч залилан мэхлэн авч, улмаар мөн өөрийнх нь “айфоне 5 эс голд” маркийн гар утас нь амралтын газар барьцаанд байгаа амралтын газраас наашаа ирнэ нэмээд 50.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлж 50.000 төгрөг, “нөгөө гар утас чинь ирчихсэн очиж авах гэсэн юм бензиний мөнгө өгчих” гэж 20.000 төгрөгийг тус тус авч хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч нийт 360.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн автобусны буудал дээр иргэн А.Бат-Оргилд “2 ширхэг “айфоне 5” маркийн гар утсыг зарна, энэ утаснууд амралтын газар 350.000 төгрөгийн барьцаанд байгаа, урьдчилгаанд 380.000 төгрөгийг өгвөл 2-3 хоногийн дотор утсыг авчраад өгье” гэж 380.000 төгрөг болон “самсунг гранд” маркийн гар утсыг авсан, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр утсаар ярьж “утсыг чинь авчрах гэсэн чинь мөнгөний хэрэг гараад байна” гэж 10.000 төгрөгийг тус тус авч хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж нийт 490.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, автобусны буудлын орчим иргэн Э.Тэргэлд “айфоне 5 эс” маркийн гар утас зарна, энэ утас нь Хэнтий аймаг явах замд амралтын газар барьцаанд тавьчихсан байгаа, чи надад мөнгө өгвөл амралтын газрын данс руу шилжүүлээд утсаа аваад өнөө орой юм уу маргааш чамд өгье” гэж урьдчилгаанд 340.000 төгрөг авсан, тус өдрийн орой нь 20 цагийн үед утсаар ярьж “10.000 юм уу 20.000 төгрөг шилжүүлчих” гэж 8.000 төгрөгийг “Хаан банк”-ны 5016484873 тоот дансанд шилжүүлэн авч хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч нийт 348.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, Өргөө-2 кинотеатрын урд иргэн Д.Даваанямд “айфоне 5”, “айфоне 5 эс” маркийн 2 ширхэг гар утсыг хамтад нь 550.000 төгрөгөөр зарна, энэ утаснууд амралтын газар 350.000 төгрөгийн барьцаанд байгаа энэ мөнгийг амралтын газрын эзэн рүү шилжүүлчихвэл миний утсыг нааш нь явуулах юм, урьдчилгаанд нь 370.000 төгрөг өгчих” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж 370.000 төгрөгийг авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв дээр иргэн С.Ихбаярт “би амралтын газар гар утсаа барьцаанд тавьчихсан байгаа, маргааш өглөө 12 цагт утсыг чинь өгнө, таны 250.000 төгрөгийг шилжүүлээд утсаа авчихна” гэж 250.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн урд иргэн Э.Далайхүүтэй фэйсбүүкт тавьсан “утас авна” гэсэн зарын дагуу уулзаж, “ажлынхантайгаа хөдөө явж байгаад мөнгө хүрэхгүй утсаа амралтын газрын барьцаанд тавьчихсан байгаа гэж 500.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвийн үүдэнд иргэн А.Пүрэвсүрэнтэй фэйсбүүкт тавьсан “утас авна” гэсэн зарын дагуу уулзаж, “айфоне 5” маркийн гар утас барьцаанд байгаа, 2-3 хоногийн дараа гар утсаа аваарай” гэж 250.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулж,

 

            9 удаагийн давтан үйлдлээр, бусдыг эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсаны улмаас, бусдад нийт 3.518.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Цэнгэл, Б.Шинэбаяр, У.Бат-Эрдэнэ, Н.Бямбацэрэн, А.Бат-Оргил, Э.Тэргэл, Д.Давааням, С.Ихбаяр, Э.Далайхүү, А.Пүрэвсүрэн, гэрч Б.Улам-Өсөх, Г.Ууганчимэг нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Хаан банк”-ны дансны хуулгууд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Анхбаярыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүх шүүгдэгч А.Анхбаярт ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн /шүүгдэгчийн хувийн байдал/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж түүнд хуульд заасан хугацаагаар баривчлах ял оногдуулж, нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Анхбаярт гэр бүлийн эн тэргүүний хэрэгцээг хангахаас бусад түүний хувьд ногдох тодорхой хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Анхбаярын 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 102 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй болохыг дурьдсугай.

 Шүүгдэгч А.Анхбаяр нь зарим хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул хохирлын 3.168.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Шинэбаярт 350.000 төгрөгийг, хохирогч У.Бат-Эрдэнэд 350.000 төгрөгийг, хохирогч Н.Бямбацэрэнд 360.000 төгрөгийг, хохирогч А.Бат-Оргилд 390.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Э.Тэргэлд 348.000 төгрөгийг, хохирогч Д.Даваанямд 370.000 төгрөгийг, хохирогч С.Ихбаярт 250.000 төгрөгийг, хохирогч Э.Далайхүүд 500.000 төгрөгийг, хохирогч А.Пүрэвсүрэнд 250.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Онход овгийн Амаржаргалын Анхбаярыг давтан үйлдлээр  бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж ‎авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Анхбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр, 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар А.Анхбаярт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Анхбаярын цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Анхбаяраас 3.168.000 /гурван сая нэг зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Шинэбаяр /ТА93041804/-т 350.000 төгрөгийг, хохирогч У.Бат-Эрдэнэ /УХ96021138/-д 350.000 төгрөгийг, хохирогч Н.Бямбацэрэн /ДЮ92042729/-д 360.000 төгрөгийг, хохирогч Д.Давааням /РЭ94022012/-д 370.000 төгрөгийг , хохирогч С.Ихбаяр /ИЙ80070617/-т 250.000 төгрөгийг, хохирогч Э.Далайхүү /ЙК95081213/-д 500.000 төгрөгийг, хохирогч А.Пүрэвсүрэн /ЙР96070614/-д 250.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Э.Тэргэл /УХ98090615/-д 348.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч А.Бат-Оргил /ФБ98080757/-д 390.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Анхбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялын хугацааг тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Анхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН